Categories
мэдээ цаг-үе

Давж гарах рекорд байдаг л юм бол бүгдийг нь үзээд алд гэж билээ

Энэ оны таван сарын башёд 29 дэх удаагийн түрүүгээ авч, түүхэн
их аварга Тайхогийн 32 дахь түрүүнд тун ойрхон ирээд байгаа Хакухо аваргыг Чөлөөт
бөхөөр таван удаа олимпод оролцож, Мексикийн олимпоос эх орондоо анхны олимпийн
мөнгөн медаль авчирсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбатын
хүү гэдгийг хүмүүс андахгүй.

Японы уламжлалт  баярын нэг
“Аавын өдөр”-өөр Ж.Мөнхбат аварга Японд айлчилж, 50 жилийн өмнө дэвжээнд нь барилдаж
байсан Токиогийн Ёоёоги Спортын ордонд хүүтэйгээ зочилжээ. Токио дахь “Сумо” сэтгүүлийн
ажилтан В.Даваагийн тэдэн­тэй хөөрөлд­сөн ярилцлага саяхан тус сэтгүүлд нийтлэгдсэнийг
толилуулъя.

-Өнөөдөр
та хоёр хамт чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээн үзэж ээ дээ.

Ж.М:
Ингэж хамт тэмцээн хавьд үзээгүй юм байна.

Хакухо:
Монгол бөх бол үзэж байсаан. Чөлөөт бөхийн барилдаан үзэж байгаагүй юм байна. Аав
нээрээ Токиогийн олимпод барилдаж байлаа шүү дээ.

Ж.М:
Тэр үеийн тэмцээн Комазава Спортын ордонд болж байсан.

Хакухо:
Өнөөдөр Японд “Аавын өдөр” болохоор энэ биеийг минь төрүүлж өсгөсөн аав ээждээ талархаад
ч баршгүй юм даа. Ачийг нь хариулна гэж байдаггүй юм гэсэн. Гэхдээ өнөөдөр ингээд
явж байгаа нь бас нэг талархлын нэг хэлбэр юм уу даа.

Аав Мексикийн Олимпоос монгол хүнийхээ хувьд анх удаа мөнгөн медаль
хүртэж, Наадмын түрүүг зургаан удаа авч, арваад жил бөхийн дэвжээг шуугиулсан. Бөхчүүд
бужигнасан орчинд бага нас минь өнгөрч дээ. Анх Японд ирээд би заавал ч үгүй Эцэг
хүү хоёр аварга болно доо гэж дотроо мөрөөдөж байсан. Энэ хүсэл маань ч биелэлээ.

-Та
монгол бөхөөр ч юмуу чөлөөтөөр барилдъя гэж бодоогүй юу?

Хакухо:
Аав мөнгө авсан юм бол би алтыг авна гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн арван хоёр настайдаа
чөлөөт бөхөөр хичээллэж, хоёр долоо хоног ч болоогүй байхдаа тэмцээнд дөрөвдүгээр
байранд орж, аавд ч баригдчихав. Бөхөөр хичээллэхэд дэндүү эрт байна. Боль гэсэн.

Ж.М:
Их багаасаа хичээллэвэл нэг, хоёр насаар ах хүүхдүүд хамаагүй унагаж, бэртээх аюултай.
Хүүхдийн нэг хоёр насны ялгаа гэдэг маш их зөрүүтэй. Бас амархан айж хулчийдаг болчихдог
талтай учраас би хориглосон.

Хакухо:
Энэ нь бөхийн арвин туршлагатай хүнээс л гарах үг байх даа.

Ж.М:
Бие бялдар, сэтгэл санааны бүрэн өсөлт хөгжилт нь бүрэлдсэн тохиолдолд бөхөөр хичээллэж
болох байсан л даа. Өөрөө дуртай бөхөөр явъя гэсэн бол зөвшөөрөлгүй яахав.

-Хакухо
та яаж яваад сумод орчихов?

-Зургаан настайдаа анх анхны үеийн Ваканахана аварга Монголд айлчилж
ирэхэд нь уулзаж байлаа. Долоо, найман настай байхад “Сумо” сэтгүүл үзэж, Чиёонофүжи
(Одоогийн Коконуэояагата), Таканосато нарын зургийг нь анх харж байлаа. Хүүхэд байхаасаа
л цасан дээр тойрог зурчихаад л барилддаг байлаа. Багаасаа л сонирхож байж дээ.
Тун удалгүй Хавайн хүчтэнүүд, Таканахана ах дүүсүүд гарч ирж, Кёкүшюүзан барилдаж,
монголд телезизээр башёг шууд үзүүлдэг болсон. Японд ирэхэд Сонирхогчдын сумо маягаар долоо хоногт гурваас дөрвөн
удаа л кэйко хийнэ гэж сонсоод хүрээд ирсэн. Явахдаа сургуулиасаа хоёр сарын чөлөө
авч ирсэн юм даг. (Инээв) Тэгээд л гэнэт дэвжээ олдож, сумогийн ертөнц рүү хөл тавьсан
даа.

Ж.М: Арван сарын дундуур яваад арван хоёр сарын
сүүлээр буцах уу үгүй юу гэдэг  яриа гарсан
юм. За чи өөрөө л мэд дээ гэсэн. Хүүгийнхээ хүслийг мохоогоод яахав гэж бодсон.
Яг үнэндээ бол энэ дэрчгэр, туранхай биетэй яаж сумог барах вэ дээ. Удахгүй орхиод
ирэхээс хойш одоо олон юм яриад яахав гэж бодсон л доо.

Хакухо: Нээрэн тийм шүү. Тэр үед анх дэвжээнд
орж байхын 62 кг байсан зургийг одоо энэ залуу хүүхдүүдэд үзүүлбэл зүйтэй юм байна.
Ийм жаахан биетэй ч Ёкозуна болж болдог юм байна гэдгийг ойлгуулж, урам зоригийг
нь өдөөмөөр байна.

-Сумод орсноос хойш та хоёр хэзээ уулзалдсан
бэ?

Хакухо: Бараг хоёр жил хариагүй байж байгаад очтол
аав гудамжинд тааралдвал чамайг танихгүй юм байна гэж хэлэхийн дайтай том болсон
юм. 2004 онд сэкитори болж, аав ээжийг анх удаа Японд урьж байлаа. Аав олимпоос
хойш Японд дөчин жилийн дараа ирж байгаа нь тэр байсан.

Ж.М: Тэр үед янз янзын л юм толгойд орж ирж
байсан. Гэхдээ юутай ч гэсэн хүн дуртай юмандаа бүхнээ зориулж, үхэн хатан тэмцвэл
ямар ч юмыг өөрчилж, агуу хүн болох боломжтой байдаг юм байна гэдгийг мэдэрч байсан
юм. Хүний зүрх сэтгэл гэдэг ийм чухал юм даа.

Хакухо: Сумод дуртай гэж хэлдэг хүн олон л доо.
Сумод дурласан хүн гэвэл би л байгаа байх даа. (Инээв) Ёкозуна болчихсон болохоор
л ингэж хэлж байгаа болов уу?. Сэкиторид орох хүртэлх хэцүүхэн гурван жил их ч цус,
хөлс, нулимс асгаруулсан даа. Гэлээ ч башёд давж байх үед тэр их зовлон хөнгөрч
байх шиг санагддаг байсан. Юутай ч сумод дурлаж ирсэн болохоор өдий зэрэгт хүрлээ.
Сумогийн түүх ярьдаг сумоч одоо надаас өөр байна уу? Яагаад өмнөх үеийн бөхчүүд
тэр гайхалтай Футабаяма аваргын тухай ярьдаггүй байсанд сонин санагдаад байдаг юм.
Тэр гайхалтай сумогийн амьдралыг үзэх гүн ухаан, ур чадвар нь цогцолсон дархан аварга
хүн байсан байхад. Харь орноос ирсэн надаас тэр гайхалтай бөхийн тухай сонсож авч
мэдэж байгаа нь хачин байгаа биз?

-Эхний үед аавтайгаа хэр их ярьдаг байсан?

Хакухо: Тэр үед утсаар ярих их үнэтэй. Нийтийн
телефон утаснаас ярихад нэг зоос хийгээд л сайн байна уу гэж хэлэхийн хооронд л
тасарчихдаг байсан. Хэцүү байсан ч аав ээжийнхээ санааг нь зовоохгүй гээд тэр болгон
ярьдаггүй байлаа. Захиа бол бичдэг байсаан.

-Энэ зуны башёг та үзэж, хүүгийнхээ түрүү
авч байгааг харсан сэтгэгдэл.

Ж.М: Хүн ер нь хийж бүтээж, чармайж зүтгэж
байсан зүйлээ яг эгзэгтэй хэрэгтэй цаг мөчид 
харуулж чадаж байвал тэр бөх хүний хувьд хүч чадал, сэтгэлийн хатан зориг
тэвчээр тэгширч гэж үнэлж болно. Хүү маань бие сэтгэлийн бяр тэнхээ нь бүрэлдэж
ээ гэдгийг нүдээрээ батлан харлаа. Ур чадвар, ухаан зориг, бие бялдар нь эн тэнцүү
болжээ гэсэн үг юмуу даа.

-Бид дараа нь мэдсэн барилдааны 13 дахь
өдрийн талаар ….

Хакухо: Янз янзын юм болоод өнгөрсөн. Башёгийн
дундуур байсан учраас тэр үү даваад гарсан. Сүүлд нь болсон бол одоо ч сэхээгүй
байж магадгүй. Тэр үед хайртай гэр бүл маань байна. Давж туулаад, хийх ёстой ажил
маань байна гэж бодсон.

-Башёгийн сүүлийн өдөр Кисеносатотой үзүүр
түрүүний барилдаан болох болтугай гэж хүсч байсан хүн их байсан. Харумафүжиг дэмжин
уухайлан хашгирах үзэгч дунд та барилдсан.

Хакухо: Түрүү жилийн 11 сард Кисеносатод унасан.
Хүмүүс янз янзаар л боддог байх. Ер нь монгол ч бай япон ч бай маге (сумогийн гэзэгтэй)
үстэй хүн болгон л самурайн зүрх сэтгэл, хатан зоригийг сэтгэлдээ тээж явах ёстой
гэж боддог. Фүтабаяма багшийн хэлсэн “Түрүүлээд (олныг) шуугиулах бус ялагдаад шуугиулах
бөх нь болоорой гэсэн үгийг нь байнга бодож явдаг болохоор сэтгэл санаа тэгтлээ
үймэрч, сандраагүй юм.

Ж.М: Надад юу ч бодогдоогүй. Ухаантай, ул суурьтай,
үнэн сэтгэлээсээ л байвал ялах нь гарцаагүй. Үнэхээр даян аварга л юм бол тэр зэргийн
зовлонг туулаад гарах чадалтай байх байлгүй дээ. Ялагдвал тэр л чинээний бөх байх
болно.

-Өнгөрсөн башёд 29 дэх түрүүгээ авч,
30 дахь, Тайхогийн 32 дахь түрүү ч сэтгэлд багтаж байгаа даа.

Хакухо: Өмнө нь 63 тасралтгүй давж, Футабаямагийн
тасралтгүй 69 давсан рекордод ойртож очих үед энэ их аваргын рекордыг эвдэж болохгүй,
дээр үед жилд хоёр башё л болж байсан. Нэг жил ч хүрэхгүй хугацаанд ийм амархан
рекорд эвдэж болох юм уу зэрэг элдвийн үг яриа гарсан. Эвдэхийн төлөө рекорд байдаг
гэж хэлсэн хүн ч байсан. Тэр үед (агсан)Тайхо багш “Давж гарах рекорд байдаг юм
бол бүгдийг нь үзээд алд” гэж хэлсэн үг нь намайг их зоригжуулж байсан юм. Тайхо
багш намайг 32 дахь түрүүний рекордыг эвдэх байлгүй гэж бодож байсан ч байх. Одоо
ингээд бодоход рекорд эвдэх, тэдэн удаагийн гэсэн тоонд баригдахдаа биш юм. Сүүлийн
хэдэн жил Тайхо багшаас янз янзын зөвлөгөө авч, хайрлуулж, эрхэлж байжээ. Сумогийн
ертөнцөд хэлдэгчлэн багшийнхаа ачийг нь хариулахад л гол нь оршдог юмуу даа. Зөвхөн
тоон рекордод баригдалгүй ачит багш нарынхаа заалгаж, сурч авч мэдсэн зүйлээ бодитоор
хэрэгжүүлж, сумогийн замналаар хүн шиг явах нь хамгийн чухал бол уу.

-Тооны хойноос хөөцөлдөлгүй хүн шиг яв
гэсэн үг байх нь ээ.

Хакухо: Тайхо багшийн өмнө Чиёонуфүжи аврага
/Одоогийн Коконуэояагата/-ийн 31 түрүү байна. Тиймээс ч зуны башё эхлэхээс өмнө
Коконуэ дэвжээнд очиж кэйко бэлтгэл хийсэн юм. Өөрөөсөө өмнөх ахмад хүнийг хүндэлж,
тэднийд очих ёстой. Тэр гавьяатай хүнийг үл хайхарна гэдэг миний хувьд байж болшгүй
зүйл. Чиёонофүжи аварга кейко бэлтгэлийг минь нүдээрээ харж, ийм бөх болсон юм бол
миний рекордыг эвдсэн ч яахав ээ гэж бодуулахгүй бол болохгүй.

Ж. М: Тайхо аваргын  тухай бол барилдаж байсан үеийнх нь байдлыг сайн
мэдэхгүй. Гайхалтай мундаг хүн байсан гэдгийг нь сонсож байсан. Хүүд минь үнэтэй
зөвлөгөө, сургамжаа айлдаж байсан гэсэн. Нас залуу, хугацаа байна. Хүү маань 32
түрүүг давчих байлгүй дээ.

-Та, Монгол бөхийг хөгжүүлэхэд их хувь
нэмэр оруулж, үүрэг хариуцлагыг нь үүрэлцэж явсныхаа хувьд бөх хүний манлайд явах
зүрх сэтгэлийг сайн ойлгож байгаа байх. Ер нь бие сэтгэлийн хаттай явна гэдгийн
талаар?

Ж.М: Үндэсний спорт болтлоо хөгжиж, олныг баясгасан,
ард түмний баяр наадам болтлоо хөгжсөн нь Монгол, Япон хоёр л байх. Би ч ялгаагүй
монгол бөхийн их аварга Ёкозуна болсон. Үүнд бат итгэл найдвар, цөхрөлтгүй хичээл
зүтгэлтэй байж л хүрнэ.

Хакухо: Хүчтэй болно, цөхрөлтгүй зүтгэнэ гэсэн
чин сэтгэл байх ёстой бол уу.

Ж.М: Монгол, Япон аль нь ч бай, ард түмний дэмжин
уухайлж байгаа зүрх сэтгэлд нь хариулахын тулд, итгэл найдварыг нь алдахгүйн төлөө
хариуцлагаа ухамсарлаж, хичээж зүтгэх нь хамгийн чухал юм.

Хакухо: Оозэки байхад “Аваргын сэтгэлийг аварга
болсон хүнээс өөр хүн мэдэхгүй” гэсэн үгийг их сонсдог байлаа. Ойлгодог ч үгүй байв.
Банцүкед гэхэд нэг л зиндаагаар ялгаатай. Юуг нь ойлгохгүй гэж боддог байлаа. Ёкозуна
болоод ямар их ялгаатайг нь ой тойндоо ортол ойлгосон юм. Бяр чадлын хувьд тийм
их зааг байхгүй байж мэднэ. Сэтгэл санаа, хариуцлагын хувьд тэнгэр газар шиг ялгаатай.
Одоо би Оозэки байсан бол Ёкозуна гэж дайрахгүй ээ.(Инээв) Яг одоо аавын хэлж байгаа
үгээр би аваргынхаа нэр төрийг өндөрт өргөж явахын төлөө хичээнэ. Сүүлийн үед их
бодогдож, баримталж байгаа зүйл гэвэл “Мөрөөдөл”, “Хувь заяа”, “Зүрх сэтгэл” гэсэн
гурван үг ханз дүрс бичиг юм. Уужим зүрх сэтгэлээр бүх хүчээ дайчлан хувь заяаныхаа
эзэн нь болж, мөрөөдөлдөө хүр гэсэн утгатай.

-Аваргаа та, цаашид ер нь хүүгээсээ юу
хүлээж байна вэ?

Ж.М: Монгол, Япон ялгаагүй нилээд жил хүү маань
зөвхөн хүчтэй бөх гэдгээрээ гайхагдах бус олон хүнд сэтгэлийнхээ сайхнаар нөлөөлж
яваа гэж бодож байна. Тиймээс зодог тайлсан ч тэр сайхан хүндлэл, хайрыг дааж яваасай
гэж хүсч байна.

-Зодог тайлаад ояагата болно гэсэн бодол
бий юу?

Хакухо: Сүүлийн үед сэтгэлд байнга орж ирээд байдаг
зүйл гэвэл  Монголын уудам их талд төрж мэндлээд
Японы Сумогийн буянаар өсч өндийж, өдий зэрэгт хүрсэн болохоор хоёр улсыг холбох
гүүр нь болох ёстой гэж бодогдоод байгаа. 1300 жилийн түүхтэй сумогийн ертөнцөд
нэрээ мөнхөлж, өсөж, эрийн цээнд хүрсэн болохоор амьдрал минь салшгүй холбоотой
явах бол уу. Сумогийн ирээдүйн хөгжил дэвшилд ч өөрийн хувь нэмрээ оруулах нь гарцаагүй
болох л байх. Одоогоор ийм л юм хэлнэ дээ.

Ж.М: Одоо хүү маань сумогоор барилдаж байна.
Монголд ч бөх бий. Бөхийг хайрлаж, түүнд бүхнээ зориулаж яваасай гэж хүсч байна.
Бөх хүний алдар нэрийг өндөрт өргөж явах хариуцлага бидэнд бий гэдгийг байнга санаж
явах ёстой. Нүдний өмнө байгаа хариуцлагаа юун түрүүнд нэр төртэй биелүүлж, бүх
хүчээ дайчилж яваарай. Чин сэтгэлээсээ хайрлах зүрх сэтгэлийг огтхон ч мартаж болохгүй.
Тэгсэн цагт үр өгөөж нь аяндаа ирнэ.

  Ярилцсан
В.ДАВАА

Орчуулсан Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *