Categories
мэдээ нийгэм

Дарханы ахмадууд орон сууцтай болоход Засгийн газрын батлан даалт хэрэгтэй байна

Дархан-Уул аймагт ахмадын орон сууц барина
хэмээн зүтгэж яваа Т.Энхболд захиралтай Сөгнөгөр хайрхан компани Засгийн
газраас баталгаа гаргаж өгөхийг хүсч байна. Учир нь тус компани зах зээлийн
ханшаас хамаагүй хямд буюу нэг метр кв-ын үнэ нь 1 сая 100 мянган төгрөгөөр
Дархан-Уул аймгийн ахмадуудыг орон сууцаар хангахын тулд 85 айлын орон сууцны
барилгын ажлыг эхлүүлээд байгаа аж. Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа явуулж
буй Сөгнөгөр хайрхан компани 2013 онд уг барилгынхаа зөвшөөрлийг авсан юм
байна. Одоогоор санхүүжилтгүй байгаа тул барилгын ажил 30 хувьдаа хүрээд
зогсчээ. Нийт ахмадуудаас урьдчилгаа төлбөр болох 10 хувь болох 360 сая
төгрөгөөр өнгөрөгч онд ажлаа эхэлжээ. Дархан-Уул аймгийн ахмадуудын зүгээс уг
барилгын ажил явахад санхүүгийн дэмжлэг үзүүлээчээ гэдгээ хэлж байна. УИХ,
Засгийн газрын гишүүдэд хүсэлт илгээсэн ч нааштай хариу өгөхгүй байгаа аж. Уг
орон сууц ашиглалтад бүрэн ороход 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай
байгаа гэнэ. Засгийн газраас баталгаа гаргавал банкууд зээл өгөх боломжтой
гэжээ. Санхүүжилтээ шийдэж чадвал энэ оны арванхоёрдугаар сард ахмадуудаа орон
сууцанд оруулах юм байна.

Монголын банкууд зээл өгөхөөс татгалзсан тул Унгарын
Эгзим банкнаас хөрөнгө татахаар болжээ. Ямартаа ч Сөгнөгөр хайрхан компани тус
банкны шаардлагыг хангаад байгаа бөгөөд одоо тус компанид төрөөс банкны
баталгаа гаргаад өгөхөд л мөнгийг нь өгөх боломжтой гэдгийг Эгзим банкнаас
албан бичгээр мэдүүлжээ. Тус банкны зүгээс тухайн компани нь 15-20 хувийн
хөрөнгө оруулалтаа өөрсдөө хийсэн байх шаардлагатай гэж байгаа бол Сөгнөгөр
хайрхан компани хэдийнэ 30 хувийн хөрөнгө оруулалт хийчихээд байгаа юм билээ.
Тус компани мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл хотод 198 айлын орон
сууцыг барих ажлыг эхлүүлээд байгаа аж. Эл барилгыг барихад дөрвөн тэрбум төгрөг
шаардлагатай байгаа юм билээ. Дархан-Уул аймгийн ахмадын 85 айлын орон сууцыг
барихад тулгарсан асуудал тулгараад байгаа аж. Тиймээс Унгарын Эгзим банкнаас
хөрөнгө татах зам байна гэдгээ хэлж байсан юм. Гадны банкуудад баталгаа гаргаж
өгөхгүй гэж байгаа бол дотоодын банкуудад Засгийн газрын баталгаа гаргаад
өгчихвөл эхэлсэн ажлаа дуусгачихмаар байна хэмээн Сөгнөгөр хайрхан компанийн
захирал Т.Энхболд хэлж байлаа.

Унгарын Эгзим банкны шаардлага нь тавантэрбум
төгрөгөөс дээш зээл хүссэн нөхцөлд уг байгууламжтай нь танилцан зээл өгөх
эсэхээ шийдвэрлэдэг байна. Ямартаа ч Сөгнөгөр хайрхан компанид одоо 7.5 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа тул үүнийг дэмжиж Засгийн
газраас баталгаа гаргачихад Дархан-Уул аймаг, Хөтөл хотод баригдаж буй барилгууд
бүрэн дуусч эзэндээ очих боломжтой болно. Зээл авахад дотоодын банкууд сарын
1.5 хувийн хүүтэй өгөх бол Эгзим банкны зүгээс жилийн 2.5 хувийн хүүтэй зээлээ
өгөх юм байна. Барилгын ажлыг эхлүүлсэн гүйцэтгэгч компани нь өнгөрсөн
хугацаанд хөрөнгө татаж санхүүжилт босгохын тулд хэд, хэдэн арилжааны банкинд
хандсан ч эхэндээ нааштай хариу сонсгож байгаад сүүлдээ “уучлаарай, Засгийн
газар хэцүү байна. Баталгаагаа гаргаад ир” хэмээн итгэл найдвар тээж явсан
компанийн ажилчид болон ахмадуудаас нүүр буруулаад байгаа юм. Энэ нь Засгийн
газар солигдсон, эдийн засгийн хямрал даамжирсан нь банкны хувьд зээлд тавих
шалгуураа өндөрсгөсөнтэй нь холбоотой бололтой. Дархан-Уул аймгийн ахмадын орон
сууцны 60 айлынх нь сууцны хоёр давхар нь баригдсан, харин 25 айлынх нь орон
сууцны барилгын материалыг татсанаар хөрөнгөгүй зогсчихоод байгаа юм байна. Энэ
тухай Дархан-Уул аймгийн Ахмадын хорооны дарга Д.Энхтайван “”Сөгнөгөр хайрхан”
компани нь 2013 онд Дархан-Уул аймагт 85 айлын орон сууц барихаар болж,
ахмадуудтайгаа хамтарч ажиллах санал тавьсан. Орон нутагт ахмадын орон сууц 1.1
сая төгрөгөөр үнэлэгдсэн учраас бид баяртайгаар хүлээн авсан. Нийт 83 ахмадтай
дөрвөлсөн гэрээ байгуулсан. Аймгийн ахмадын хороо, “Сөгнөгөр хайрхан” компани,
гурав дахь нь захиалга өгсөн ахмад настан, дөрөв дэх нь өв залгамжлах буюу
санхүүжилтийг нь хариуцах үр хүүхдээр нь батлан даалт гаргаад ажиллаж эхэлсэн.
Ингээд гэрээнийхээ үндсэн дээр захиалга өгсөн ахмадууд байрны урьдчилгаа болгож
10 хувиа төлсөн. Төр засагтаа хандахад санхүүжилт дээр нь тусламж дэмжлэг
үзүүлээч ээ” гэдгийг хэлье гэсэн юм. Санхүүжилт нь шийдэгдчихвэл барилга руу
гурван бригад оруулаад ажиллах боломжтой гэдгээ гүйцэтгэгч компанийн зүгээс
хэлж байгаа. Санхүүжилтээ даруйхан шийдээд өгчихвөл энэ ондоо дулаан байранд
өвөлжинө” хэмээн ярьцгааж байсан юм. Харин “Сөгнөгөр хайрхан” компанийн захирал
Т.Энхболд “Ахмад настнууд маань Ахмадын орон сууц барих хүсэлтийг их гаргадаг
байсан. 10 хувиа өгье, чи барилга барьдаг хүн байна даа, ажиллаад үзээч ээ”
гээд. Төр засаг ч бас ахмадуудад зориулж түрээсийн орон сууц бариад эхэлсэн
болохоор хөдлөөд үзье гэж шийдсэн. Эхний ээлжинд барилгын ажлынхаа 30 хувийг
гүйцэтгэчихэд цаашдаа банкны барьцаанд тавиад үргэлжлүүлээд зээл аваад барилгаа
дуусгачих боломжтой хэмээн найдсан. “Хаан” банк 30 хувиа гүйцэтгэчихвэл зээл
олгоё гэсэн ч сүүлдээ “Төр засаг эвгүй болчихлоо, зээл олгож чадахгүй” гэсэн.
Дараа нь бид Унгарын Экзим банкинд хандсан, тус банкны 100 хувийн шаардлага
хангаж байгаа. Гол нь Засгийн газраараа баталгаа гаргаад ирэх юм бол зээл
олгоно гэсэн. Тийм учраас Засгийн газар энэ асуудалд анхаарлаа хандуулж,
дэмжээсэй л гэж хүсэж байна. Хэрвээ гадаадын банкинд баталгаа гаргахад хүнд
байгаа бол Монголынхоо банкинд батлан даалт гаргаад өгчих боломж бий. Барилга
ашиглалтад ороход гэрээ байгуулсан ахмадууд үлдэгдэл хувиа ипотекийн зээлд
хамрагдаад төлчих юм. Гэрээндээ бид ахмадуудынхаа ар тал болгож, хүүхдүүдтэй нь
давхар гэрээ байгуулсан. Асуудал үүсэхэд зээлийг нь баталгаа гаргасан хүүхэд нь
төлнө” гэлээ. Аргаа барахдаа Дархан-Уул аймгаас өөрсдийг нь төлөөлөн Их хуралд
сонгогдсон гишүүдтэй уулзсан боловч “Юун ахмадын барилга. Тийм юм гэж байхгүй”
хэмээн халгаагаагүй аж. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болчихоод яваа
Сөгнөгөр хайрхан компанийнхан болон ахмадууддаа итгээд зээлийн батлан даалт гаргаж
өгнө гэдэгт итгэсээр байгаа шүү гэдгээ хэлсээр байсан юм.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *