Монгол Улсын СГЗ, Дархан хотын “100 эрхэм”-ийн нэг, Говь-Алтай аймгийн Цогт сумын “Хүндэт иргэн” хөгжмийн зохиолч Маамуугийн Хунлиузын бүтээл “Босоо заяатай Монгол” дууны хөшөө Дархан хотын төвд сүндэрлэлээ.
Зохиолч, яруу найрагч, хөгжмийн зохиолч М.Хунлиуз гуай энэ жил 70 нас хүрч байгаа юм. Түүний бүтээл төрийн хүндэтгэлийн дуу болох “Босоо заяатай Монгол” дуу мэндэлсэнээс хойш 20 жил болж буй бөгөөд түүхэн ойн босгон дээр ард түмний хандив тусламжаар гэрэлт хөшөөг босгосон нь энэ аж.
Дуундаа зориулж хөшөө босгох санаачилгыг МУСГЗ М.Хунзлиуз гаргаж Дархан-Уул аймгийн зураач, урчуудын эвлэлийн хэсэг нөхдөд зураг, дизайн гаргах хүсэлт тавьсанаар дөрвөөс таван төрлийн хөшөөний загвар зураг, дизайныг гаргасан бөгөөд энэхүү сүндэрлэн боссон хөшөөний загвар зохиолчид таалагдаж бүтээл болох эхлэл тавигджээ.
“Босоо заяатай Монгол” дууны хөшөөг Дархан-Уул аймгийн зураач, урчуудын эвлэлийн гишүүн В.Энхболдын загвараар 45 хоногийн хугацаанд В.Энхболд, Д.Энхболд Ц.Намдаг нар барьж байгуулжээ. Хөшөөний загварын агуулга нь энгийн ард морин дээр алтан соёмбоо баруун гартаа барьж өөдөө тэмүүлж буйг дүрсэлсэн аж.