Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2021” судалгааны үр дүнг танилцуулжээ. Бизнесийн үр ашиг, үзүүлэлтээр Дархан-Уул, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгууд тэргүүлжээ. Харин Булган, Говь-Алтай, Завхан аймгууд сүүл мушгисан байна. Өмнөх оны үр дүнтэй харьцуулахад Хөвсгөл, Дундговь, Баянхонгор аймгуудад бизнесийн үр ашиг сайжирсан бол Өвөрхангай, Орхон, Увс аймгуудад бизнесийн үр ашиг буурсан аж.
Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ: Эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгийн хүрээнд 175 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог байна.
Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг анх боловсруулж эхэлсэн цагаас хойш жил болгон ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг тэргүүлдэг байсан бол энэ жилийн хувьд Дорноговь аймаг нэгдүгээрт эрэмбэлэгджээ.
Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд 2, 3, 4, 5-рт эрэмбэлэгджээ. Харин Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Булган аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна.
Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон аймаг, Засаглалын үр ашгаар Сүхбаатар аймаг, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг, Дэд бүтцээр Дорноговь аймаг нэгдүгээрт тус тус эрэмбэлэгджээ. Увс, Завхан, Орхон аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий оноо 3 оноогоор буурчээ. Харин үлдсэн 18 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн онтой харьцуулахад 8 оноогоор ахисан байна.
Дархан-Уул аймаг эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн оноогоо 12-оор ахиулж ерөнхий үнэлгээгээр 3-рт эрэмбэлэгдэж өмнөх оны эрэмбэд өөрчлөлт гараагүй ч засаглалын үр ашгаар 6 эрэмбэ ухарч 11-рт эрэмбэлэгдсэн байна.
Засаглалын үзүүлэлтээр Сүхбаатар, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгууд эхний байруудад жагсжээ. Харин Ховд, Завхан, Баян-Өлгий аймгууд сүүл мушгисан байна. Өмнөх оны үр дүнтэй харьцуулахад Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймгуудын засаглал хамгийн их нэмэгдсэн бол Өвөрхангай, Дархан-Уул, Ховд, Орхон аймгуудын хувьд засаглал суларсан байна.
Дэд бүтцийн хувьд Дорноговь, Дархан-Уул, Ховд аймгууд тэргүүлжээ. Харин Баянхонгор, Булган, Төв аймгууд сүүл мушгисан байна. Өмнөх оны үр дүнтэй харьцуулахад Өвөрхангай, Дорноговь, Архангай аймгуудад дэд бүтэц сайжирсан бол Баянхонгор, Увс, Говьсүмбэр, Орхон аймгуудад дэд бүтэц буурсан байна