Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​ДАРХАН ХОТЫН ИРГЭД ЯРЬЖ БАЙНА


Дархан-Уул аймагт коронавирусын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн даруйд Аймгийн удирдлагууд хатуу хөл хорио буюу тэг зогсолтыг хийх замаар түргэн шуурхай арга хэмжээ авсан. Энэ хүрээнд арван мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулж, эрт илрүүлгийн ажлыг хийснээр халдварыг хумьж чадсан.

Үүссэн нөхцөл байдлын талаар Дархан-Уул аймгийн иргэдээс тодрууллаа.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 17-Р БАЙГИЙН ИРГЭН Ц.АЛТАНГЭРЭЛ: ГАДУУР ЯВЖ БАЙГАА НЭГ Ч ХҮН ХАРАГДААГҮЙ
-Дархан-Уул аймаг дотоодоо алдсан цар тахлыг хумих тал дээр сайн ажиллалаа гэцгээж байна. Харин таны бодол?
-Аймгийн удирдлагууд тодорхой хэмжээгээр сайн ажилласных гэж бодож байна. Цагийн нөхцөл байдлыг зөв үнэлсэний үндсэн дээр дараагийн арга хэмжээнүүдийг шуурхай авч, бодитой үр дүнд хүрч байна. Ерөнхий сайдын зөвлөх Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайд байсан гэдэг утгаараа Онцгой комиссыг оновчтой удирдаж, тактикийг сайн боловсруулж ажиллаж байгаа юм болов уу гэж харж байна.
-Тэг зогсолтын дэглэмийн үед нөхцөл байдал ямар байсан бэ?
-Тэг зогсолтын үед гадагшаа хэн ч гарч болохгүй. Хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн захиалгаар авдаг байсан. Аймгийн хэмжээнд 7 блок болгон хуваагаад, блок дотроо зөвхөн нэрлэсэн хүнсний дэлгүүр, эмийн сангууд ажиллана. Тэг зогсолтын эхний өдөр учраа олохгүй зарим хүмүүс бухимдаж байсан ч хоёр дахь өдрөөс иргэд эерэгээр хүлээн авч, заавар зөвлөгөөг дагах болсон.


-Тэгвэл иргэд дэглэмийг сайн сахиж чаджээ?
-Хэн ч гарч болохгүй, цагдаа нарын байнгын хяналттай, явганаар зорчихыг ч хатуу хорьсон. Иргэд ч үүргээ ухамсарлаж, гадуур явж байгаа нэг ч хүн харагдаагүй. Хот тэр аяараа тэг зогссон.
– Тэг зогсолтын дэглэм цуцлагдсан ч, хөл хорио үргэлжилсэн хэвээр байгаа?
-Тэг зогсолтыг болиулсан ч гэсэн одоогоор хотыг 4 хэсэгт хувааж, амьдарч буй хэсэг дотроо л зорчихыг зөвшөөрч байгаа. Хэрвээ Шинэ Дарханы хэсэгт оршин суудаг бол Хуучин дархан руу явах хориотой гэсэн үг. Мөн автомашины хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан. Хүнсний дэлгүүрүүд 12-18 цагийн хооронд ажиллаж байгаа. Дэлгүүрээр үйлчлүүлэхдээ 1.5 метрийн зай барих, маск зүүх, халдвар хамгаалалтын дүрмийг иргэд маш сайн мөрдөж байгаа. Хэсэг хооронд зорчих хөдөлгөөн хориотой болохоор замын цаана 200 метрийн зайд айлд тавьсан махаа авч чадахгүй тийм л хатуу чанд хөл хорионы дэглэмд манай хотын иргэд амьдарч байна. Дотооддоо халдвар тархсан аюултай үед энэ нь ч зөв гэж бодож байна.
-Ковидын шинжилгээг өрх бүрийн нэг гишүүнээс авах шийдвэр гарчээ. Одоогоор танай гэр бүлийнхэн шинжилгээнд хамрагдсан уу?
-Дарханы төмөр замын нийт ажилчид болон гэр бүлийнхнийг нь шинжилгээнд хамруулах үед манай гэр бүлийн бүх гишүүд коронавирусын шинжилгээ өгсөн. Хэрвээ өгөхгүй бол 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авахыг мэдэгдсэн.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 4-Р БАГИЙН ИРГЭН Б.БАЯНЗУЛ: ДЭЛГҮҮР ОНГОЙХОД ХООРОНДЫН ЗАЙГАА БАРЬЖ, ЭМХ ЦЭГЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙГАА

-Тэг зогсолтын дэглэмийн үед нөхцөл байдал ямархуу байсан бэ?
– Цагдаагийн эргүүлүүд хянаж, гарах хөдөлгөөнийг чанд мөрдүүлж байсан. Аймгийн иргэд ч ухамсартай байж, гаргасан шийдвэр заавар зөвлөгөөг сайн мөрдсөн.
-Дархан хотын иргэд худалдааны төвөөр зай барьж үйлчлүүлж зургийг хүмүүс ихэд онцолж, танай хотынхныг магтаж байна?
-Дэлгүүр онгойход хоорондын зайгаа барьж, эмх цэгц, зохион байгуулалттай үйлчлүүлж байгаа. Бөөндөө чихэж орохгүй, нэг нь гарахаар зөрж орох маягаар дэглэм, журмаа маш сайн мөрдөж байгаа.
-Хүнсний хомсдол үүссэн үү?
-Хүргэлтээр хүнсээ захиад авчруулж байсан болохоор ямар нэг хүндрэл үүсээгүй.

Ч.БИНДЭРЪЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *