1990 оны Цагаан сарын өглөө. Дамдины Сүхбаатарт золгож байгаа нь
МоАХ-ны үндэслэгч, анхны тэргүүн Дарь.Сүхбаатартай ярилцлаа.
-Таныг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүсэлт ирсэн гэж сонслоо…?
-Монголын оюун ухаан, төр нийгмийн салбарын нэр бүхий хүмүүс намайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал гаргасан байсан. Би ардчилсан хувьсгалын анхны цуглааны үеийн зургаа тавьж байгаад, эрхэм нөхдийн тавьсан саналын доор нүүр номд, Ерөнхийлөгчид нэр дэвшиж болох юм гэдгээ илэрхийлсэн. Одоогоос 20 гаруй жилийн өмнө “Хөх тэнгэр” сонинд миний нэг ярилцлага гарсан байдаг. 2006 оноос хойш Монгол Улсын төрийн тэргүүн болох хүн нь Дарь.Сүхбаатар гэсэн гарчигтай ярилцлага. Тэр үед залуу байсан даа.
Хуулийн нас, төрийн хүний шалгуурт хүрч тэнцсэн үедээ болно биз дээ гэсэн утга бүхий хариултыг тухайн үед өгч байсан. Яг өнөөдрийн Монголын нөхцөл байдал төрийн тэргүүн хэн байхаас маш их шалтгаалж байна. Монголчууд “Төрийн сүлд минь” гэж төрөө хүндэтгэж, төрийн тэргүүнээрээ бахархаж ирсэн уламжлалтай ард түмэн учраас Монголын нийгэмд чухам нөлөөтэй хэм хэмжээ, дүр төрх бол Ерөнхийлөгч юм. Одоогоор Ерөнхийлөгчид нэр дэвшихээ албан ёсоор зарласан АН-ын нэр бүхий 10-аад хүн байна. Миний хувьд ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцсон он цаг 30 шахам жилийг туулж байна.
-1989-1990 оны ардчилсан хувьсгалын анхдагч 13-ын нэг гэдгийг тань хүмүүс мэднэ. Өнгөрсөн хугацаанд та АН-ын үйл хэрэгт ямар байдлаар оролцож ирэв. Ер нь таны улс төрийн товч намтрыг сонирхъё?
-1984 онд Германд оюутан байсан намайг зуны амралттай байхад хөөсөн байв. Монгол оюутны Эвлэлийн үүрийн даргаар сонгогдсон надад тэнд сурдаг оюутан, аспирантуудыг тагнаж мэдээлэх үүрэг өгснийг би эсэргүүцсэн хэргээр л дээ. Ингээд МАХН-ын Төв хорооны заалтаар хөдөө барилгад шаварчнаар томилогдож, гурван жил янз бүрийн ажил хийхэд улс төрийн тодорхой үзэл санаа төлөвшиж эхэлнэ биз дээ. 1987 онд буцааж явуулалгүй дотоодод сур гээд, тэр үеийн ПДС, одоогийн ШУТИС-д дулааны автоматик инженерийн ангид хагас жил сураад УБДС-д шилжсэн. Учир нь нэг ч гэсэн жил хожих гэж. 1988 оны намар Багшийн дээд сургууль дээр анхны чөлөөт хэвлэл болох “Цагийн толь” сонин гаргаж гурван дугаар гараад МАХН-ын даалгавраар НАХЯ-наас хаагдаж байлаа. 1989 оны намар Залуу уран бүтээлчдийн Улсын II зөвлөгөөний өмнө МоАХ-ны анхны суурь болох Дэвшилтэт залуучуудын эвслийг нэр бүхий уран бүтээлч нөхдийн хамт байгуулж, анхны тэргүүнээр оюутан намайг сонгож байлаа. Тиймээс намайг МоАХ-г үндэслэгч гэж түүхчид хэлдэг нь ийм учиртай. Тухайн үед цөөхөн хүмүүс өөрчлөлт шинэчлэлтийг хүсч санаа сэтгэл шулуудаж байсан цаг. Ил тод зарлаж чаддаггүй байх үед Баабарын “Бүү март. Мартвал сөнөнө” гэсэн нийтлэл гар бичмэлээр тарсан нь маш их нөлөө үзүүлж байсан. Сэтгүүлч С.Цогтсайханы дуу, үг Монголын нийгэмд хонх болсон. Монгол Улсын ардчилсан үйл хэрэгт Монгол Улсын баатар цол өгөх ёстой юм бол тэр хүний нэг бол С.Цогтсайхан юм гэдгийг энд дахин давтан хэлчихье. 1989 оны арванхоёрдугаар сарын 7-нд Ардчилсан холбооны тэргүүнээр Шинжлэх ухааны коммунизмын онолын багш С.Зоригийг бид сонгосон. Түүхэн үйл хэрэгт өөрсдөө оролцсон хүмүүс түүхийг зохиогоод эхлэх юм бол түүхэнд гажуудал гардаг. Тийм учраас тухайн үеийн үнэн түүхийг үнэнээр ярих нь бидний үүрэг мөн. МоАХ 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр анхны цуглаанаа хийсэн. Зар нэгэнт тарсан байсан учраас тэр үеийн нам засаг нийслэлд байсан бүх оюутнуудыг албаар Хандгайт руу явуулж ердөө 300-гаад хүн цугласны гуравны нэг нь НАХЯ-ныхан байлаа. Гурван өдрийн өмнө Ховд аймагт анхны цуглааныг дээрх арваннэгдүгээр сарын Зөвлөгөөнөөс зориг хүч авсан уран бүтээлчдийн нөлөөгөөр Ховдын БДС-ийн оюутан багш нар хийсэн юм. МоАХ-ны анхны дэд зохицуулагчаар МалышЭнхтүвшинг сонгосон. Тэр маш сайн илтгэгч байсан. За ингээд 1990 оны зун анхны ардчилсан сонгууль боллоо. Тэнд АИХ-ын төлөөлөгчийн хоёр шаттай сонгуульд би нэр дэвшээд, МАХН-ын дарга Г.Очирбаттай өрсөлдөж эхний шатны сонгуульд ялсан. Хоёр дахь шатны сонгуульд будлиан орж би ялагдсан. Эрдэнэт хотын 430 тойрог дээр дахин сонгууль явагдахаар болсон. МоАХ-ны удирдлага хуралдаж намайгтомилон өрсөлд гэсэн. Би санал тавьж Ц.Элбэгдоржийг явуулмаар байна гэдгээ хэлсэн. Ц.Элбэгдорж Эрдэнэтэд дунд сургууль төгссөн, ГОК-д нэг жил ажилласан. Ах дүү садан нь Эрдэнэтэд байдаг. Ийм шалтгааны улмаас би Ц.Элбэгдорж боломжтой гэж үзэж байна гэдгээ хэлтэл, шийдвэр нэгэнт гарчихсан чи яв гэхээр нь хоёр давхрын шатан дээр Ц.Элбэгдоржийг ятгаад чи л яв гэж зөвшөөрүүлсэн. Ц.Элбэгдорж сонгуульд ялаад ирсэн юмдаг. Дараа нь Улсын Бага Хурлын гишүүнээр яригдахад зарим нэг хүмүүс, дөнгөж сая оюутан байсан, чи чинь дарга болох болоогүй гэж ярьдаг биз дээ гэх мэтээр хандаж байсан нь цаанаа учиртай байсан л юм билээ. АИХ-ын депутатын сонгууль Д.Дорлигжавын оронд дахин болоход би бас татгалзаж С.Амарсанааг дэвшүүлж байлаа. Д.Бямбасүрэн гуайн Засгийн газар байгуулагдахад намайг дуудаад “Боловсрол, соёл, шинжлэх ухаан эрхэлсэн шадар сайд хий” гэхэд нь “Би сарын өмнө оюутны ширээнээсирсэн. Надад тийм хэмжээний мэдлэг боловсрол туршлага байхгүй” гэхэд та нар өөрсдөө ухраад байх юм бол хэн энэ засгийг удирдах юм, хүнээ нэрлэ гэхээр нь “Э.Бат-Үүл намайг бодвол насаар ахмад, Ардчилсан намын дарга, туршлагын хувьд дээр байх” гэсэн. Тэгээд Э.Бат-Үүлийг дуудаж оруултал, би чадахгүй ээ, тэгээд ч намын даргын хувьд намаа бэхжүүлэх хэрэгтэй байна гээд. Тэгвэл та хоёр хүнээ нэрлэ гэхээр нь бид хоёр Д.Дорлигжавыг хэлсэн, цэргийн алба хаасан, хуульч мэргэжилтэй, ажлын туршлагатай гэх мэт. Бид хоёр Д.Дорлигжавыг чи татгалзаж болохгүй шүү гэж хэлээд оруулж, ингээд Шадар сайд болж байсан түүхтэй юм. Би тухайн үед өөрийгөө нас залуу гэж чамлаж байсан. Төрийн алба хашиж сайд хийхэд миний ажлын туршлага, нас балчирдана гэж үзэж байсан. Намайг гэхдээ тухайн үед дахиад Боловсролын сайдад санал болгож байсан ч миний өмнө УБХ-д хэлэлцэгдсэн МАХН-ын Уртнасан гуай тэнцсэн юм. 1998 онд Ж.Наранцацралт Ерөнхий сайд гурван ч салбарт сайд болох санал оруулсан ч намын дарга маань дэмжээгүй. Одоо харамсалтай нь цөөнгүй нөхөд албан тушаал эрх мэдэлд бялуурч, өнөөдөр ард түмний амьдрал ямар байгааг бид бэлхнээ харж байна.
-Таныг шүлэг яруу найраг бичдэг, хэл уран зохиолын салбарынхантай ойр байдаг гэдгээр нь уншигчид мэднэ байх. Та нэгэн ярилцлагадаа 20 жил ажилгүй явсантухайгаа хэлсэн байдаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Сэтгүүлч Б.Ганчимэг ярилцлага авахдаа, та хэдэн жил ажилгүй байсан бэ гэж асуухад нь, 20-хон жил гэхэд нулимс унагаж байсан юмдаг. Миний аав С.Дарьсүрэн гэж ноён нуруутай, насаараа жолоо барьсан сайхан хүн байлаа. Миний ээж Т.Жавзмаа гэж үйлэнд уран оёдолчин хүн байлаа. Хүнд эцэг, эхийн хүмүүжил маш чухал нөлөөтэй байдаг юм билээ. Манайх тайж гаралтай. Удмаараа эх оронч. Аав маань нутаг орондоо нэр хүндтэй, шударгаараа алдаршсан хүн байлаа. Намайг хүн байлгадаг эрхэм зүйлийн нэг бол дуу, шүлэг яруу найраг. Би “Ардын эрх” сонинд сурвалжлагчаар ажиллаж байлаа. 1988 онд анхны чөлөөт хэвлэл гаргасан, багаасаа шүлэг оролддог, ном соёлд элэгтэй хүн. МоАХ-ны дэд зохицуулагч байлаа. 1990 оноос С.Баасан ламын хамт Монголын сүсэгтний холбоо байгуулж, шүтэх бишрэх эрх чөлөөг сэргээх, Ц.Ганхуягийн хамт Монголын Ардын Аж Ахуйтны холбоо байгуулж малыг малчдад буцаан хувьчилах, Ц.Дашдондов гуай нарын нөхдийн хамт Монголын ардчилсан чөлөөт сэтгүүлчдийн эвлэл байгуулж хэвлэн нийтлэх эрх чөлөөг бий болгох, Жияндорж нарын нөхдийн хамт Монголын Ногоонтны хөдөлгөөнийг үүсгэж байгаль дэлхийгээ эрхэмлэх уламжлалт үйл хэрэгт, Чой.Лувсанжав багштан нарын эрдэмтэн мэргэдийн хамт Монголын Нүүдлийн Соёл-иргэншлийн олон улсын нийгэмлэг байгуулж олон мянганы түүхтэй төр ёсоо сэргээх үйл хэрэгт бие сэтгэлээ зориулж ирлээ. Харин миний ардчилалд дагуулж ирсэн зарим нөхөд маань намайг улс төрөөс хяхан хавчиж, улс төрийн ямар ч албанд дэмжилгүй 20-иод жил болж дээ. Би ч гуйж гоншигонож явсангүй. Миний өөрийн араншин, миний баримталдаг зарчим өөр.
-Та 2009 оноос одоо хүртэл ямар ажил эрхэлж байна. Та бас Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, цэргийн цолтой, боксын спортын зүтгэлтэн бил үү?
-Газрын харилцаа, барилга, геодези, зурагзүйн газар, Орон сууцны ёанхүүжилтийн корпораци, Онцгой байдлын ерөнхий газарт, одоо Стандарт, хэмжил зүйн газрын дэд даргаар ажиллаж байна. МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр 2009-2013 онд, Монголын боксын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгчөөр 1998 оноос ажиллаж байна. Хурандаа цолтой.
-Ардчилсан намыг анх байгуулалцаж явсан үеэс хойш 27 жилийн хугацаа өнгөрчээ. АН ямар замыг туулж ирсэн байна вэ?
-Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө ухамсартайгаар дуугарсан он жилүүд миний хувьд 29 оныг үдэж байна. Ардчилсан намыг байгуулалцсан хүний нэг яах аргагүй мөн. Үе үеийн буурал дээдэс, эх орончдын үйл хэргийг үргэлжлүүлж, үр хойчдоо хүлээлгэж өгөх нь миний үүрэг. 1989-1990 онд өглөө гэрээсээ гарахдаа орой гэртээ ирэхгүй байх шүү гэж хэлээд гарч байсан хатан зориг цөөхөн хүнд байсан юм шүү. Өвлийн тэсгим хүйтэнд явган нүцгэн, ачааны тэрэгний дээр осгон алдаж хувьсгал хийж явсан цөөн хэдэн нөхдийн минь ихэнх нь одоо алга. Одоо харин цээжээ дэлдэж ярьдаг нь олон болсон байна. Өнгөрсөн хугацаанд сайн, саар олон зүйл болон өнгөрсөн байна. АН-ын гавьяатнаас илүүтэй гайтныг ярихгүй дуугүй өнгөрч чадахгүй нь. Тэр үед хүнийг таньдаггүй байж. Ард түмэн одоо хууртахгүй ээ. Би яагаад нэрээ дэвшүүлэхийг зөвшөөрөх учиртай вэ гэвэл, би өөрийгөө цаг хугацааны шалгуурт хангалттай танигдсан гэж үзэж болох юм. Би ард түмний өмнө ил байлаа. Намайг албан тушаал авч, тендер авч, худлаа ярьж хулгай хийсэн үү үгүй юү гэдгийг цөм мэднэ. Албан тушаалд шунаж яваагүйг бас таньж авсан байх. Өнөөдөр Монгол Улсын төр үнэхээр эзэнгүй байна. Төрийн хүн байх шалгуурт нийцэхгүй хүмүүс төрд шургалснаас болж Монголын төр эзэнгүйдлээ. Бүх юм луйвар, хуйвалдаан, дээрмээр явдаг болсон нь даан ч харамсалтай. Би ард түмнээс уучлалт гуйсан.
-Та намын гишүүнчлэлтэй хэвээрээ биз дээ. сая АН-ын сунгаанд өрсөлдсөн үү?
-Би төрийн албан хаагч учраас намын гишүүнчлэлгүй байгаа. АН өөрөө ардчилагдах ёстой гэж би 1990 оноос л хэлж байсан. Ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг зөвхөн парламентад суудалтай намаас гэж хуульчилсан нь маш буруу. Монголын чадалтай хүмүүс зөвхөн намд байдаг гэвэл тэрэн шиг худлаа зүйл үгүй. Нам бол хуйвалдааны үүр уурхай болж хувирсан. Уг нь нам бол нийгмийн тархи зүрх, гол чиглүүлэгч гэж томьёолдог. Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох субьект нь зөв байх юм бол зөв хүн гарна. Сая дөрөвдүгээр сарын 13-ны Оффшорчдын эсрэг цуглаан дээр би үг хэлэхдээ “Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, бүх нам, хөдөлгөөнөөс нэр дэвшүүлэх, мөн бие дааж нэр дэвших эрхтэй байх боломжийг тавьж өгөх ёстой” тухай ярьж хэлсэн.
-Та Ерөнхийлөгч болоод юу хийх юм?
-Эх орон ганц заяасанд эцэг дээдсээсээ бахдан дээдэлж ирсэн эх оронч удмын хүү билээ би. Эр цэрэг нь болсондоо харин эрдэж явсан халуун залуу нас надад бас бий. Эх орондоо эзэн нь байх эрх зөвхөн хүү нь байж чадсан монгол хүнд л заяах ёстойг амьдрал тэмцлээрээ ухаарсан энэ цаг дор би Монгол төрийнхөө тэргүүн болох үнэн хүнд, хариуцлагатай, хатуу чанга албаны төлөөх сонгуульд тодорхой хүмүүс нэр дэвшүүлж буйг бодож тунгаан, эрхэм мэргэн өтгөс залуустай зөвлөсний дүнд хүлээн авч байна. Миний хөтөлбөр тодорхой. Зөвийг зан үйл, хэв ёсоор дээдэлж, бурууг их ёс ба хууль цаазаар шийтгэнэ. Улсаа бат босгож, хөршөө ямагт хүндэлнэ. Тэнгэр дээдсийн бүтээсэн төр ёс их түүхээс үргэлжид суралцаж, ертөнц байгалийн эрхшээсэн нүүдэлчин соёл иргэншил, хэл бичиг соёлоон үеийн үедээ сэргээн өвлүүлнэ.
Б.ОДМАА