1990 оны Цагаан Сарын Шинийн 1-ний өглөө МоАХ-ны төлөөлөл Дамдины Сүхбаатарт “золгож” байгаа нь
Монголын ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Дарь.Сүхбаатартай ярилцлаа.
-Тэртээ 1989 оны Хүний эрхийн өдрөөр МоАХ-ын залуус анхны цуглаанаа хийж байсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Ардчилсан хувьсгал өрнөснөөс хойш 31 жил болжээ. Нийгмийн бурангуй тогтолцоог өөрчилсөн ардчилсан хувьсгалын үйл хэргийг одоогийн залуусын зарим мэдэхтэй үгүйтэй, мартагнаж байна. Үүнийг та юу гэж харж байна?
-Юуны өмнө үндэсний язгуур эрх ашиг, тусгаар тогтнолын төлөө дуу хоолойгоо хүргэдэг, миний залуудаа ажиллаж байсан “Өдрийн сонин”-оор дамжуулж монголчууддаа ардчилсан хувьсгалын өдрийн мэнд дэвшүүлье. Ардчилсан хувьсгалыг монголчууд мартагнаж байгаа нь хоёр талтай. Нэгдүгээрт, энэ бол Монгол Улсын түүхээс хэзээ ч арилахгүй түүхэн үйл хэрэг л дээ.
Ардчилсан хувьсгалын үйл хэргийг хэн ч, хэзээ ч мартаж болохгүй. Урьдах нийгмээ муулахаасаа илүү ямар нийгмийг халав, ямар нийгэм рүү зорив гэдгийг Монголчууд битгий хэл хүний язгуур эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг хүн төрөлхтөн хүртэл санаж байх ёстой хувьсгал л даа. Учир нь Монгол Улс хүн төрөлхтөнд асар их дэвшлийг авч ирсэн. Энд ганцхан жишээ хэлье, бид төр ёсны маш том сургуулийг бий болгосон агуу үндэстэн. Харамсалтай нь мартагнаж буй нь залуу үеийн гэхээсээ илүү бидний өөрсдийн буруу. Учир нь бид өнгөрсөн 31 жил асар их алдаа гаргасан. Ардчилал, ардчилсан хувьсгалын нэрийг барьж ард түмний нуруун дээр гарсан нөхөд минь ноход болж, нийтийн эрх ашгийг хөсөрдүүлж түмний итгэлийг алдсан. Энэ үүднээс мартагнах, мартах битгий хэл заримдаа үзэн ядах, эргээд ардчилалд оролцсон хүмүүсийг буруушаах асар том давлагаа явж байна. Нөгөө талаас төрийн бодлогоор түүхэнд үнэн зөвөөр, хэн нэгнийг илүүчилж дээш нь таталгүй, хэн нэгнийг буруутгалгүй жам ёсны үйл явц байсан гэдгийг дунд сургууль болон бүх шатны сургуулиуд, маргаашийн сэхээтэн, өнөөдрийн оюутнуудад түүхийг нь зааж өвлүүлж байх ёстой юм. Энэ бодлого алдагдсан.
Товчхон хэлэхэд, нэгдүгээрт, бидний өөрсдийн алдаа байсан. Хоёрдугаарт, түүхийг зөв зүйтэй бичих, зөв өвлүүлэх бодлого алдагдсан.
-“Бид ч олон алдаа гаргалаа, нөхөд маань ч урваж шарвалаа” гэж та хэллээ. Үүнийг тодруулахгүй юу. Ямар алдаа гаргав, ямар үйл хэргийг хэлээд байна вэ?
-31 жилийн өмнө бид тангараг өргөсөн.
1989 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Монголын ардчилсан холбоо гэж нэрлээд эхлүүлсэн гол эгнээнд нь босож зогссон арвангурван хүн нийлж тангараг өргөсөн. Ний нуугүй хэлэхэд, миний өөрийн эхлүүлж, санаачилсан миний гараар бичсэн тангаргийг өргөсөн л дөө. Гэхдээ өргөсөн тангаргаасаа тал нь няцсан. Бид нэг л их гэгээн мөрөөдөлтэй залуус байлаа. Жишээ нь, миний хувьд л гэхэд сайн багш нар, сайхан аав ээж, сайн удам судрын буянаар өвөг дээдсийн үлдээсэн тусгаар тогтнол, хэл соёлын төлөө дуугарах, тэмцэх ёстой гэсэн бодол суучихсан байсан. Нөхдийгөө ч адилхан юм болов уу гэж бодож байсан ч харамсалтай нь 13 нөхдийн талаас илүү хувь нь буцсан. Энэ няцалт юунаас үүдсэн юм бэ гэхээр асар их эрх чөлөө, эрх мэдэл рүү гэнэтхэн оронгуут тэр эрх мэдэлдээ ташуурч, өргөсөн тангаргаа умартаж, тусгай хангамж, нөгөө их эрх мэдэл, албан тушаалыг эсэргүүцэж боссон улс чинь түүндээ зарим нь орж, магадгүй шунан дурлаж, нэг нь ч ганзагын наймаа хийж, гахай зөөгөөгүй хэрнээ ихээр баяжсан. Үүнийг түмэн мэдэж байгаа. Энэ нь эргээд тэр үед тэмцэж явсан, гэрч болсон нийт иргэд төдийгүй 1990 оноос хойших залуу үеийнхэн үүнийг буруугаар ойлгож “Та нар анхнаасаа л худлаа хэлж, хулгай хийх гэж гарсан юм байна шүү дээ” хэмээн хэлэх, хэмлэх, чулуу нүүлгэж ч байгаа шүү дээ.
-Тухайн үед амиараа дэнчин тавьж байсан хувьсгалчдыг шорон орон руу татаад эхэллээ. Хувьсгалчдыг буруутгаж нэр хүндийг нь шороотой хутгаж байгаа үйл явцыг та юу гэж дүгнэж байна вэ?
-Тэдэн дунд амиараа дэнчин, тангараг өргөсөн нэг ч хүн байхгүй шүү. Нэгдүгээрт, шударга ёсны баталгаа нь шударга шүүх байх ёстой. Шударга шүүхийн суурь нь чухамхүү Монголын нийгэмд, монгол хүнд тохирсон хууль байх ёстой. УИХ-д зөв хүмүүс гарч ирж зөв хууль баталсан байх ёстой. Мөн эргээд хоёр тал зарим нь өөрсдийн эрх ашигт нийцүүлж, магадгүй гадна дотны нөлөөгөөр зарим хуулийг өөрчилсөн байна. Хууль шүүх алдсан байх магадлал байж болох л доо.
-Та бүхэн ардчилсан хувьсгалыг хийхдээ цус асгаруулалгүй хийсэн. энэ бол маш том амжилт шүү дээ…?
-Цус битгий хэл нэг ч байшингийн цонх хагараагүй. Яаж тэгж хийсэн юм бэ гэхээр бидэнд сэтгэл, ухаан байсан юм. Тухайн үед төр барьж байсан нам төрийн удирдлага, НАХЯ-ны сайд, Дээд шүүхийн даргатай нь хүртэл уулзаж энэ бүхэндээ хамгаалалт хийж явсан юм. Бидний эсрэг ойлголтгүйгээр, эсвэл буруу ойлголт, турхиралтаар, эсвэл өс хонзонгоор төр босч хоорондоо дайн дажин болчих вий хэмээн бид сэргийлж чадаж байсан. Үүний ч мөн төр засаг, нам, НАХЯ-ны зарим хүмүүс цаагуураа дэмжиж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Үнэхээр ч энэ ганц Монголд болсон үйл явц биш. Ардчилсан Германы Берлин хот дахь Берлиний хананаас эхлээд Хятадын цагаан хэрэм хүртэлх энэ уудам зайд социалист систем байлаа. Энэ системд алдаа ч бий оноо ч бий. Социалист системийг задлахад АНУ асар их үүрэг гүйцэтгэсэн. Бид энэ задралыг ухамсартайгаар хүлээн авч, өөрийн орны тусгаар тогтнол, бие даасан байдлыг сэргээн бэхжүүлэхийн төлөө аминдаа боссон ухаантай юм.
-Та бүхэн тухайн үеийн зорилгодоо бүрэн хүрч чадсан уу?
-Харамсалтай нь чадаагүй байна. Монголын ардчилсан холбооны цагаан дээр хараар бичсэн зорилго хэвээрээ байгаа. Хайран сайхан 30 жил. 30 жил гэдэг бол жарнаар тоолоход хүний амьдралын тал хугацаа. Ухамсарт амьдралын бүтэн хугацаа шүү дээ. Энэ 30 жилд олсон ололт бий. Үүнийг түмэн мэдэж байгаа учраас би яримааргүй байна. Хамгийн харамсалтай нь алдсан алдаа нь ололтоосоо давчихаад байна л даа. Аймшигтай нь буруутан ерөөсөө хэргээ хүлээхээ байчихсан. Хүн алдаж болно. “Би буруу санаагүй юм аа. Ингээд алдчихжээ. Үүнд гарын үүсэг зурахдаа үүнийг нягталсангүй” гэж гэмээ хүлээх хэрэгтэй. Төрийн хүн өргөсөн тангарагтаа үнэнч байж хулгай хийх боломжоос өөрийгөө сугалж авч гарах хэрэгтэй. Ер нь хүн төгс амьтан биш учраас боломж гарвал илүү авчих юмсан гэдэг сэдэл ямар ч хүнд байх боломжтой. Төрд яах гэж зүтгэдэг юм бэ гэхээр өөрийгөө цэгнэж, илүү биш дутуу амьдрах сэтгэлтэй, зоригтой байх ёстой. Нэг ёсондоо өөрийгөө золиосолдог хүн төрд ажиллах ёстой.
-Монголын өнөөгийн нөхцөл байдлыг хараад танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Коронавирусээс болж дан ганц Монгол Улс ч биш дэлхий нийтээрээ маш уналтад байна. Үүнийг зөвөөр залж байгаа улс орнууд байна. Тухайлбал, Дани, Норвеги, Швед, Япон, Хятад эдийн засгийн уналт руу орчихгүй яаж байгаад байна гэхээр төр нь төр шиг байна. Төрд нь төрийн хүн шиг хүмүүс байна шүү дээ. Манай улсад харамсалтай нь төрийн эрх барьдаг АН, МАН хоёр дээгүүрээ нийлж байгаад хулгай хийдэг боллоо. Үүнд ард түмэн цөхрөхгүй яах вэ. Хууль нь эрх мэдэлтэн, энгийн ардад ялгамжгүй үйлчилбэл Монголын ард түмний итгэл сэргэж энэ улс өндийнө. Хэрвээ энэ байдал хэвээр үргэлжилбэл тун удахгүй 2008 оны долдугаар сарын 1 давтагдана. Ийм байдлыг хэн ч хүсэхгүй. Ийм байдал руу яагаад түлхэж байгаа юм бэ. Цөхөрсөн ард түмний хилэн нэг асвал хэцүү шүү. Б.Лхагвасүрэн “Ард түмний хилэнг та нар дараа нь цусаар ч унтрааж чадахгүй шүү” хэмээн хэлсэн байдаг.
-Та ОБЕГ-ын дэд дарга байсан хүн. одоогийн УОК, НОК-ын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна?
-Онцгойгийн дайчид үнэхээр сайн ажиллаж байна. Цагдаа, эмнэлгийн ажилтнууд даарч хөрсөн, ядарч стресстсэнээсээ болж ямар их суурь өвчин олоо бол. Үүнийг төр л хариуцах ёстой. Төр засаг, үүнийг толгойлж байгаа хүмүүсийн алдаа байна. Төрийг толгойлж байгаа зарим хүмүүст сэтгэл, чадвар дутаж байна. Ийм нөхцөл байдлыг урьдчилж таамаглаад, урьдчилж сэргийлэх арга хэмжээний бүхэл бүтэн төлөвлөгөө, хууль нь ч байдаг. Дахин тодотгож хэлэхэд аливаа үйл хэргийг бүтээхэд тохирсон, зориулагдсан хүн хийдэг. Нам дагасан, цүнх барьсан хүмүүс хийдэггүй юм. Цаг зуурын хүмүүс төрд орчихоод байна шүү дээ.
-1990 оноос өмнө ардчилал, ил тод байдлын төлөө хүмүүс нэгдэж, энд тэнд олон бүлэг байгуулж байсан гэдэг?
-1988 оны намар тухайн үеийн Улсын багшийн дээд сургуулийн оюутнууд “Цагийн толь” нэртэй анхны чөлөөт хэвлэл гаргасан. Эрхлэгчээр нь би ажиллаж байлаа. Гурван дугаар гаргаад Төв хорооны даалгавраар НАХЯ-аас хаасан. Сонины зөвлөлд Ч.Дашдамба, П.Бөхбат, С.Бүрнээ, О.Сундуй, Б.Одгэрэл, н.Дашцэвэг, Ж.Олзвой нарын оюутнууд байсан. Монголын ардчилсан хөдөлгөөний оч дөл нь Улсын багшийн дээд сургуульд бүрэлдсэн юм. Б.Баабарын бичсэн “Бүү март, мартвал сөнөнө” гэдэг гар бичвэл, товхимол гарсан. Үүний дараа 1989 оны нэгдүгээр сэтгүүлч С.Цогтсайхан тэргүүтэй хэдэн залуу хотын гудамжнаа ухуулах хуудас наасан. 1989 оны Монголын оюутны хоёрдугаар чуулганы үеэр нэр бүхий зарим оюутнууд хурц үг хэлсэн. Ингээд 1989 оны арваннэгдүгээр сарын сүүлээр гарсан залуу уран бүтээлчдийн Улсын хоёрдугаар зөвлөгөөний үеэр ардчилсан хөдөлгөөний суурь бүрэлдсэн. Энэ түүхийг огт мартаж болохгүй. Үүнд оройлон оролцсон хүмүүсийг түүх мартаж учиргүй. Нэр нь түүхэнд хэзээ ч үлдэхгүй мянга мянган дэмжигчид, партизануудыг ч мартах учиргүй. Хэдийгээр алдаа оноотой ч гэсэн өнгөрсөн 30 гаруй жил бидний түүх юм. Монгол Улсыг бид өөрсдөө л өөд нь татна. Тиймээс шударга ёсны дор үр хойчийнхоо төлөө хүн шиг амьдарвал яасан юм бэ. Ялангуяа ардчиллын нэрээр дээшээ гарч, хагартлаа баяжсан зарим нөхөд минь ээ. Коронавирусээр нэг ч Монгол хүн эндэлгүй цар тахлын ард гараасай. Ирэх 2021 онд монголчуудын зөв үйлсээр бие биенийгээ дэмжиж амь амьдрал нь дээшлээсэй гэж хүсье.
Р.ХИШИГЖАРГАЛ