Categories
мэдээ цаг-үе

Дагуул хот бол утаанаас салах гол зам мөн

Улаанбаатарын утааны асуудлыг сүүлийн арваад жил идэвхтэй ярьж байна. Бид агаарын бохирдлоосоо бүрмөсөн салъя гэвэл 9.8 их наяд төгрөг хэрэгтэй юм гэнэ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед эрдэмтэн судлаачид ийм тооцоо судалгааг хийж байв. Энэ бол тэнгэрийн тоо. Манай улсын жилийн төсвийн нийт орлогоос давсан хөрөнгө. Тэгээд ч өнгөрсөн жилүүдэд утаатай тэмцэхэд улсын төсвөөс хангалттай их мөнгө гаргасан ч үр дүн нь хүн бүрийн нүдэнд бэлхнээ ил байна. Гэрийн дулаалга, сайжруулсан түлш, хямд нүүрс, зуух гээд бүгдийг тараалаа. Сүүлдээ цахилгааны шөнийн тарифыг тэглэж, хөдөөнөөс нийслэлд шилжин ирэгсдийг хүртэл хориглож үзлээ. Энэ мэтчилэн утаатай тэмцэх зөндөө оролдлогыг хийсэн. 2008 оноос хойш улс нийтдээ 170 орчим тэрбум төгрөгийг агаарын бохирдолд зориулжээ. Олон ч хүн улаанбаатарчуудын зовлонгоос ашиг олсоор ирсэн дээ. Одоо тэдэнд уурлах гээд яах ч юм билээ. Бүгд л утаатай тэмцэх гэж хичээсэн шүү дээ. Энэ янзаараа явбал бид 100 жилийн дараа ч бахь байдгаараа байх биз. Өнгөрсөн жилүүдэд манай төрийн түшээд Улаанбаатарыг хэрхэн утаагүй болгох тухай үлгэр ярьж суух зуур жинхэнэ гамшгийн дүр зурагтай байсан Бээжин хот хичнээн сайхан цэлмээд ирэв. Тавхан жилийн дотор дэлхийд бохирдлоороо тэргүүлдэг байсан урд хөршийн маань агаар тунгалаг болж байна. Ерөөсөө зөв, шударга бодлого явуулбал ямар үр дүнд хүрдгийн тод жишээ энэ юм.

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэв. Гишүүд өөр өөрсдийнхөө саналыг хэлж байгаа харагдсан. Зарим нь утаа гаргадаг гэр хорооллынхонд татвар ногдуулах нь зүйтэй ч гэх шиг. Үнэндээ татвар нэмж, иргэдийгээ дарамталж байж дээрээс нь гал түлж болохгүй гэж хориглох болж байна уу. Ямартай ч агаарын бохирдлыг бууруулахад авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг өнөөдрийн чуулганаар батлах бололтой. Утаанаас болж Улаанбаатар гамшгийн хэмжээнд хүрсэн учраас юун түрүүнд онц байдал зарлуулчих сонирхолтой бүлэг бий. Гэвч энэ нь ашиг муутай арга хэмжээ. Онц байдал зарлалаа гээд ямар гэртээ даараад суугаад байлтай биш. Иргэд галаа түлж л таарна. Харин сүүлийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын яриад байгаа дагуул хот байгуулах санаа үнэхээр зөв шийдэл юм.

Дагуул хотыг байгуулах гурван чиглэл байна. Нэг нь хотоос зүүн тийш Налайхын урд талын тэр уудам хөндий. Нөгөөх нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг буюу нийслэлээс 50 км зайд орших Майдар цогцолборын өмнөх нүд алдам газар. Богд уулын өвөр хэсэгт Төв аймгийн Зуунмод чиглэлийг багтаагаад дагуул хотоо байгуулах бүрэн боломжтой. Гурав дахь хувилбар нь хотоос хойш чиглэсэн “61-ийн гарам-аас Батсүмбэр хүртэлх газарт байж болно. Одоо энэ чиглэл рүү автозам болон төмөр зам нь бэлэн байна. Бас Гүнтээр даваад хүрчихэж болдог. Дахиад Толгойтоор товчлоод очдог зам гаргачих хэрэгтэй. Тэнд нүсэр үйлдвэр, барилга байгууламж, бүтээн байгуулалт өрнүүлж асар их хөрөнгө хүч зараад байх ч шаардлагагүй. Дээрх чиглэлүүдэд бага мөнгөөр нийслэлээ тэлье гэвэл эхний ээлжинд хурдны зам тавьж болно. Хоёр талдаа тус бүр гурван эгнээтэй хурдны замтай болбол дагуул хот амархан хөгжөөд ирнэ. Дараа нь дэд бүтцээ шийдэх ёстой. Цахилгаан, дулаанаас гадна цэвэрлэх байгууламжийн асуудлыг хүртэл шийдээд өгчих юм бол иргэд очихоос огтхон ч цааргалахгүй. Дагуул хотынхоо зураг төслийг анхнаасаа чамбай төлөвлөж чадвал ирээдүйд цэгцтэй байна. Барууны орнуудын жишгээр цомхон, цомхон хотхон байгуулж гааз, цахилгаанаар халаадаг байвал Улаанбаатарын алдааг давтахгүй. Хотхон болгон нь дундаа нэг цэвэрлэх байгууламжтай байх юм бол хөрсний бохирдлын асуудалд санаа амар байж болно. “Эрэл” компанийн байшин үйлдвэрлэх комбинат бэлээхэн байж байна. Улс тус компанийг дэмжих замаар утаанаасаа салах бүрэн боломжтой. Дагуул хотдоо иргэдийн амьдрах орон зайг нь хангасан хангалттай сайхан талбайг төлөвлөж, тэнд нь дэд бүтцэд холбосон 8х8 харьцаатай хаусуудыг босгох юм бол хотын хойд талын уулан дээрх айлууд дуртайяа нүүж очно. Яг л АНУ-ын хотууд шиг анхнаас нь гудамж талбай нь шоо дөрвөлжилж эмх замбараатай зохион байгуулах хэрэгтэй. Хамгийн гол нь дагуул хотууддаа нэг ширхэг ч яндан гаргахгүй байх бодлогыг хатуу баримтлаад явбал нийслэлчүүдийн өнөөдрийн зовлонг амсахгүй.

Тусгаар тогтносон улсын нийт хүн амын талаас илүү нь амьдардаг нийслэл хот дөрвөн уулын хонхорт төвлөрсөн байгааг аюулгүй байдал талаасаа бодох л асуудал. Нөхцөл байдал бишидлээ гэхэд манай хотод ганц бөмбөг хаяхад гүйцээ. Зарим төрийн түшээд сэтгэлийн хөөрлөөр Улаанбаатарыг нүүлгэн шилжүүлэх тухай асуудлыг тавьдаг. Хэрэв тэгэх юм бол Улаанбаатар ч үгүй, шинэ хот нь ч балгас болно. Хотоо нүүлгэе гэсэн бодолтой хүмүүсийг тооцоо судалгаагүй ярьжээ гэж эерэгээр харъя л даа. Гэхдээ л тэднээс Монгол Улсын нийслэл хотыг үгүй хийх гэсэн харийн бодлого үнэртдэг. Иймд хотоо задалж, тэлэх зайлшгүй шаардлагатай байна.

Дагуул хот байгуулах дээрх гурван чиглэлээс гадна нисэх буудал баригдсан Хөшигийн хөндийг дагаж бас томрох боломж бий. Тийшээ зам хүрчихсэн байгаа. Одоо цахилгаан, дулаан гээд дэд бүтцийн асуудлыг нь давхар шийдээд ялгаагүй “Эрэл”-ийн байшингаар хангаад өгөх юм бол тэр чиглэлд хот түвэггүй тэлнэ. Гэхдээ Өлзийт, Хөшигийн хөндий орчимд хагалбар ихтэй гэгддэг. Тиймээс газрын хагалбарыг нь сайтар судалж байж хотоо байгуулах асуудал шийдэгдэх байх. Ер нь дагуул хотууд байгуулж Улаанбаатартай дөт замаар холбоё гэвэл Богд уулыг нүхэлж хэд хэдэн гарцууд бий болгох хэрэгтэй. Дээрээс нь Багануурт баригдахаар төлөвлөгдсөн тавдугаар цахилгаан станцыг Налайх руу ойртуулбал тэр хэсэгт баригдах дагуул хотын дулаан хангамжийг шийдэхэд дөхөмтэй. Хамгийн гол нь хөрөнгө зардал бага гарна.

Өнөөдөр Улаанбаатарыг тал тал тийш нь тэлж, дагуул хот байгуулах бүх нөхцөл боломж, хэрэгцээ, шаардлага нь бүрдчихээд байна. Байшин үйлдвэрлэл нь бэлэн байна. Байгаа хэдэн төгрөгөөрөө зам барихад л болчих гээд байна. Яваандаа төмөр зам тойруулж, метрогоор холбосон чамбай хотуудаа одооноос байгуулъя. Тэндээ засаг захиргаа, төрийн үйлчилгээнүүдийг иргэддээ ойртуулаад ажлын байрыг нэмэгдүүлбэл хүмүүсийн амьдрал ч эрс сайжирна. Ингэж бид дагуул хот байгуулж чадах юм бол улсынхаа тусгаар тогтнолтой холбоотой нэг том асуудлыг шийдлээ гэсэн үг. Энэ бол нүүдэлчин монголчуудын хувьд түүхэндээ бий болгосон нийслэл хотоо авч үлдэх цорын ганц арга мөн.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *