Categories
мэдээ цаг-үе

Д.Үүрцайх: Хөөсрүүлж хийсэн төсвийн үр дагаварт хөрөнгө оруулалтын ажлууд үр ашиггүй болно

Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн, Үндсэн хуулийн эрх зүй судлаач Д.Үүрцайхтай ярилцлаа.


-УИХ-аар 2020 оны төсвийн хуулийг батлахаар хэлэлцэж эхлээд байна. Ер нь төсөв гэж юу вэ?

-Улсын төсөв гэдэг нь Монгол Улс тухайн жилдээ хэр хэмжээний орлого олж, зарлага зарж, хөгжлийн ямар бодлого хэрэгжүүлэх эсэхийг тусгасан баримт бичиг байх ёстой. Иргэд, сонгогчид улсын төсвийн хуулийн төслөөс Монгол Улсын өнөөгийн төр, Засгийн газар хөгжлийн ямар бодлого барьж байна вэ, ирээдүй хойч үеийнхээ төлөө юу хийж бүтээх нь вэ гэдгийг харах ёстой. Ийм л агуулгатай баримт бичиг юм.

-Төсвийг микро эдийн засгийн тохируулга хийхэд зориулагдсан зүйл ч гэдэг. Энэ утгаараа төсөв зөв зүйтэй байх боломжийг хэрхэн олгох юм бэ?

-Төсөв өөрөө бизнесийн салбарт тун чухал нөлөөтэй.

Үүнээс гадна Монгол Улсын эдийн засаг төрийн оролцоо маш өндөртэйд тооцогддог. Тэр утгаараа төсвийн бодлого зөв байвал бизнесийн орчин сайжрах, тус салбарынхан амжилттай байх тэр нөхцөлийг бүрдүүлнэ. Ийм нөлөөтэй гэдэг нь ойлгомжтой. Манай төсвийн хөрөнгө оруулалтын 80-иад хувь нь урсгал зардалдаа зориулагддаг бүтэцтэй. Харин үлдэх 20 хувийн багахан хөрөнгө оруулалтын зардлаа маш үр ашигтай, ирээдүй хойч үеэ бодож зарцуулах ёстой юм. 100 гаруй хүүхдэд зориулаад 300 хүүхдийн сургууль барих, хүн явдаггүй сум руу хар зам татах нь зөв үү гэдгийг бодох хэрэгтэй л дээ. Сүүлдээ бүр утгаа алдаад тойргийнхоо оюутнуудад зориулж Улаанбаатарт дотуур байр барина гэж байх жишээтэй. Энэ бүхэн ичгэвтэр явдал. Улс орноо бодохгүй, зөвхөн албан тушаал, эрх ашгийн төлөө улс төрийн авлига хийж байгаа үйлдэл. Энэ мэт алдаа завхралаа арилгаж нэгдсэн бодлогоор хөгжлийн бодлогод хэрэгцээ шаардлагатай хөрөнгө оруулалт юу байна вэ гэдгийг тооцоо судалгааны үндсэн дээр гаргаж ирэх нь чухал юм.

-Мөн Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд нарыг өөрсдийн нутаг руугаа их хэмжээний төсөв татаж, тойргоо усалж байна гэх юм.

-Аялал жуулчлал манай улсын хөгжилд нөлөөтэй гол салбар гэдэгтэй хэн ч маргахгүй.

Тэр утгаараа Хэнтий чиг рүү төвлөрүүлэн хөрөнгө оруулж байгаа нь зөв байж болно. Гэхдээ нэн тэргүүнд тооцоо судалгаан дээр үндэслэсэн эсэхийг харах ёстой юм. Жишээ нь, Бэрхийн уурхайд далд уурхайн музей байгуулна гэж байна. Бэрхийн уурхай руу тэрхүү музейг үзэхээр хэдэн хүн, хэрхэн зорьж очих вэ. Тэр музей хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж чадах уу. Хэнтий аймагт хэдэн шавар баримал барьснаар тийш зорих аялал, жуулчлал хөгжих үү гэдгийг ч бодож үзэх ёстой юм. Харин эсэргээрээ аялал жуулчлал хөгжих боломжтой авто болон төмөр зам дагуух газрууддаа жуулчны үйлчилгээний боломжуудыг нээж, дэд бүтцийг нь бүрдүүлж өгвөл илүү үр дүнтэй байх юм биш үү. Энэ мэтчилэн тооцоо судалгаа, үр ашгийг үргэлж нэн тэргүүнд тавих ёстой юм. Ингэж байж улсын төсвийн хууль, бодлого зөв гарч, зөв явна. Хөгжлийн бодлого энэ хэрээр сайжирна.

Ерөнхийдөө 2020 оны төсөв сонгуулийн жилийн төсөв гэдэг нь үндсэндээ илт харагдаж байна. МАН энэ жилийн төсвийн төсөлдөө орлогыг зохиомлоор маш ихээр нэмэгдүүлсэн. Өмнөх жилүүдийн орлогын бодит өсөлт 3-4 хувьтай байсан бол энэ жил 22 хувьтай байх жишээтэй. Тэр ч утгаараа энэ төсөв хэрэгжих боломжгүй, хийсвэр. Орлогоо ингэж өсгөх зорилго нь зарлагаа нэмэгдүүлэх арга. Тойрогтоо хуваарилдаг хөрөнгө, мөнгөө нэмэгдүүлэх зорилгоор төсвийн орлогыг нэмэгдүүлчихэж байгаа юм. Ингээд зардлаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заагдсан төсвийн тусгай шаардлагын дээд хязгааруудад тултал нэмсэн байна билээ.

-Манай улсын нүүрс гаргах потенциаль хамгийн дээд хэмжээндээ хүрч ажиллаад 30 сая тонн байхад энэ жилийн төсвийн төсөлд 40 сая тонн гэж тусгасан нь ийм учиртай байх нь.

-Тийм. Улмаар таны асуусанчлан нам, засагтаа нэр, нөлөөтэй улстөрчид нь сонгуулийн тойргууд руугаа хавьгүй их хөрөнгө орлогын зардлуудыг тусгуулсан байгаа юм. Үүний суурь шалтгаан нь манай сонгуулийн тогтолцооны гажигтай холбоотой. Бид 30-иад жил дийлэнх, олонхийн тогтолцоотой явж ирсэн. Түүний уршигаар Монгол Улс өнөөдрийг хүртэл хөгжлийн тогтвортой бодлогогүй, хөрөнгө оруулалт нь үр ашиггүй, жижиг тойргуудад хувааж цацсан байдалтай, улсын төсвөөр хийгдсэн бодитой, том хөрөнгө оруулалтгүй байна. Том хөрөнгө оруулалтуудын дийлэнх нь гадны орнуудын зээл, тусламжаар хийгджээ. Энэ мэтчилэнгээр улс орны хөгжил саатсан, ухарсан байдалтай байна. Энэ нөхцөл байдал 2020 оны төсвийн төсөл дээр дахин давтагдаж байгаа нь маш харамсалтай.

-Иргэдэд таалагдахын тулд зохиомлоор орлого нэмэгдүүлэн төсөвт мөрөөдлийн тоо тусгаж, алсдаа их хэмжээний мөнгө хэвлэн, эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхийн үндсийг тавьж байгаа юм биш үү?

-Эрх баригч намд Монгол Улсын төсвийг үр ашигтай байлгах, эдийн засаг харьцангуй тогтвортой, өсөлттэй байгаа үед ирээдүйдээ хуримтлал үүсгэх, эсвэл хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг нэмэгдүүлэх сэтгэл зүрх дутаж байна. Нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэж нэмэгдүүлнэ гэдэг зорилт нь хэрэгжих боломжтой юу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй асуудал. Харин эрх баригчдад энэ нь хэрэгжих үгүй нь хамаагүй бололтой. Хамгийн гол нь зарлага тал дээрээ өндөр үнэ тавьж, өөрийнхөө тойрогт ажил хийсэн гэж харагдан, сонгогчдын саналыг авах нь л чухал болоод байна. Ингэж л харагдаж байна. “Надаас хойш дэлхий сөнөсөн ч яахав” гэж XIV Людовик хэлсэн гэдэг. Эрх баригчид яг ийм байдлаар хандаж байна уу гэж харагдахаар байгаа юм. Тэд 2020 оны сонгуульд ялагдана гэдгээ сайн мэдэрч байх шиг байна.

Хөөсрүүлж хийсэн төсвийн үр дагаварт хөрөнгө оруулалтын ажлууд үр ашиггүй болно. Бид Тогтворжуулалтын болон Ирээдүйн өв санд хуримтлал үүсгэх ёстой. Энэ удаагийн төсвийн дүнд бид дээрх сангуудыг улам дордуулна. Дордсон ч байгаа. Дээрээс нь эдийн засгийн ханшийн болоод бусад сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Дараагийн Засгийн газрыг авах улс төрийн хүчин бүрэн эрхийн хугацаандаа маш хүнд байдалтай тулгарна. Ийм л нөхцөл байдлуудыг үүсгэж байна.

-Өнөөдрийн эрх баригчид “2016 оны сонгуулийн дараа бид маш хүнд эдийн засаг хүлээж авсан” хэмээн гомдоллож байсан. Гэтэл эргээд тийм байдлыг үүсгэж байгаа нь ямар учиртай юм бэ. Эсвэл ийм жишиг тогтчихсон хэрэг үү?

-Хамгийн харамсалтай нь Монголын төр өдийг хүртэл ийм байдлаар явж, иргэдээ хуурч ирлээ л дээ. Монголын ард түмнээс авсан татвар, тэдний өмч болох газрын доорх баялгийн үр өгөөжийг ашиглан эргүүлээд өөрсдийг нь авлигадаж байна. Үүнийг улс төрийн авлига гэж ярьдаг. Энэ хоёр нам 30 жилийн турш улс төрийн авлига явуулах байдлаар санал аван халаа, сэлгээгүй сонгогдсон. Авлигач улс төрчид сонгогдож Монгол Улсын хөгжил, дэвшлийг арагш татсан. Ийм нөхцөл байдлыг яаралтай засахгүй бол бид маш эвгүй байдалд орно. Үүнээс цааш ийм байдлаар явах газаргүй боллоо. Улс орны тусгаар тогтнолд эрсдэл учирч, эдийн засаг доройтон саарал жагсаалтад хүртэл орлоо. Ард түмэн үгээгүй ядуу болж, баян хоосны ялгаа асар их боллоо. Энэ улстөрчид туйлд нь хүртэл Монгол Улсыг хорлолоо. Үүний эсрэг ХҮН нам шийдвэртэй тэмцэнэ. 30 жил ужгирсан энэ нөхцөл байдлаас бид мэдлэгтэй, чадвартай, хамгийн гол нь Монголын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй, шунал нь арилсан шинэ улстөрчдийг сонгон гаргаж байж л сална.

Мөн нэн тэргүүнд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай. Үндсэн хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх асуудалд Ардчилсан намын зүгээс гурван асуудлыг хөндөж байгаа. АН-ын хөндсөн нэг асуудал нь холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулах. Манай намын зүгээс ч пропорцианаль элемент буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог тодорхой хэмжээнд заавал оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Болж өгвөл бүрэн пропорцианаль байдлаар сонгуулийн тогтолцоог хийх хэрэгтэй гэж шаардаж байгаа. Гэхдээ эрх баригчид дийлэнх олонхийн тогтолцоо буюу жижиглэсэн 76 тойрогтой сонгуулийн тогтолцоог өөрсдийнх нь оршин тогтнохын үндэс гэж итгэж найдаад байх шиг байна. Ийм байдлаар цааш явах юм бол Монгол Улс мөхлийн ирмэгт тулна. Тиймээс үүнийг яаралтай өөрчлөх хэрэгтэй.

-Таныхаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж чадах болов уу?

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийхээр болж байна. Гэтэл энэ завсар нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын үйл явцын алдаа гаргасан гэдэг шүүмжлэлүүд гарч байна. Анхны төсөлд тусгагдаагүй байсан саналуудыг Зөвшилцлийн гэх ажлын хэсгээр нэмж оруулсан гэдэг асуудал бий. Мөн сая Журмын тухай, Дэгийн тухай хуулийг өөрчлөхдөө хууль тогтоох үйл ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн асуудлууд ч үүсч байгаа.

-Эдгээр нь цаашид хэрхэн шийдэгдэх вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эрх баригчид хүч түрээд баталсан ч гэсэн дээрх асуудлууд нь саад болох, өөрлөлтийг хүчингүй болгох эрсдэлүүдийг дагуулж байна гэж харж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөсөө Монголын ардчиллыг устгах, парламентад ёсыг сулруулах агуулгатай улс төрийн нам байгуулах гишүүнчлэлийн тоог нэмэгдүүлсэн болон баялгийн зохицуулалтаас эрдэс баялгийн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хийх боломжгүй болгох, гацаах заалтаа хасах хэрэгтэй. Дээрээс нь сонгуулийн тогтолцооны өөрчлөлт, Ардчилсан намын гурван саналуудыг тусгаад гаргачихвал боломжийн өөрчлөлт болох болов уу гэж харж байна. Харамсалтай нь процессын алдаануудаа Үндсэн хуулийн шүүхийн өмнө одоогийн эрх баригчид хамгаалж чадах уу үгүй юү гэдэг эрсдэлтэй нөхцөл бас үүссэн. Хувь судлаачийн зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдах магадлал, батлагдлаа гэхэд хүчин төгөлдөр болж хэрэгжих магадлал бага болчихов уу гэж харж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *