Categories
мэдээ цаг-үе

Д.Ундрах-Эрдэнэ: Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж буй этгээд хохирлоо заавал нөхөн төлсөн байх ёстой

Хууль, өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэтэй ярилцлаа.


-ХХАХХҮ сайд Б.Батзориг нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж ЖДҮ сангийн хөнгөлөлттэй зээлийг нэр бүхий улстөрчдийн хамааралт бүхий компаниудад өгсөн хэргээр шалгагдаж байсан. Харин шүүхээс энэ хэрэгт түүнд нийтийн албанд таван жил хорих эрхээ хасуулж, 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийгялы гаргалаа. Хуулийн хүрээнд энэ төрлийн хэргүүдэд буюу авлига, албан тушаалаа ашигласан эл хэрэгт хичнээн жилийн хорих ялыг прокуророос төлөвлөдөг бэ. Ер нь авлига албан тушаалын хэрэгт торгох ял оноож байсан тохиолдол бий юу, шүүхийн тогтолцоонд. Ялангуяа их хэмжээний хохирол учирсан байхад?

-ХХАХХҮ сайд Б.Батзоригийн хувьд шүүхийн мэдээнээс харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн байна.

Дээрх зүйл ангийн ялын хэмжээ, төрлийн хувьд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж 10 саяас 40 сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай.

Хэрэв Б.Батзориг хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргалгүйгээр ердийн журмаар шийдвэрлүүлсэн бол магадгүй хорих ял авах ч эрсдэл байсан байж мэднэ. Энэ эрсдэлийг нь тооцож үзээд Б.Батзориг, түүнийг өмгөөлөгчийн зүгээс хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн болов уу. Нэгэнт хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх нөхцөл болзлыг хангаад ороод ирсэн хэргийн хувьд шүүх хуулийн дагуу хялбаршуулсан журмаар нь шийдвэрлэхээс өөр аргагүй.

Мөн Б.Батзоригийг 40 сая төгрөгөөр торгосон нь тухайн холбогдсон зүйл ангид заасан торгох ялын дээд хэмжээ байна.

Мөн нэг зүйл хэлэхэд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж буй этгээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хохирлоо заавал нөхөн төлсөн байх ёстой.

Тэгэхлээр Б.Батзоригийн хувьд улсад учруулсан хохирлоо нөхөн төлсөн л гэж ойлгож байна. Хэрэв хохирлоо төлөөгүй бол прокурор хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээж авахаас татгалзах ёстой.

Мөн хуульд зааснаар хорих ялын доод хэмжээг 8 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй.

ХХАХХҮ сайдын Б.Батзоригийн холбогдсон Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэргийн үндсэн ял 10 саяаас 40 сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай.Ийнхүү хорих ялын доод хэмжээ нь хоёр жил учраас энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хуулиар хориглоогүй.

-Шүүгдэгч Б.Батзориг гэмт буруугаа хүлээх, хэргээ хялбаршуулсан аргаар шийдвэрлэх хүсэлт гаргасан байна. энэ зүйл заалтыг тайлбарлаж өгөөч. Хуулийн цоорхой байна гэж үзэх хүмүүс их байна?

-2015 онд батлагдаж 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэг онцлог зохицуулалт нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журам байгаа юм.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруугаа хүлээж, тэр нь мөрдөн байцаалтын явцад цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдчихсон, тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж маргахгүй байгаа бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой.

Энэ нь зарчмын хувьд гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хувьд хэргээ түргэн шуурхай шийдвэрлүүлж нэг тийш болох, яллах талын хувьд гэм бурууг нь буруутай этгээдээр хүлээлгэж, хохирлыг нь нөхөн төлүүлж, зохих ял шийтгэлийг нь ногдуулах чиг үүрэгтэй давхацдаг тул тийм ч муу зохицуулалт биш юм. Гадны улсуудад тогтчихсон практик шүү дээ.

Иргэдийн дургүйцэж байгаа зүйл бол ял шийтгэлийн хэмжээ буюу 40 сая төгрөгийн торгуулийн ял хөнгөдсөн гэж үзээд байх шиг байна.

Энэ ялын хэмжээний асуудал бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсний үр дүн биш юм.

Угаасаа Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь өөрөө торгох ялтай учраас хэрэв ял хөнгөдсөн гэж үзвэл энэ хуулийн зохицуулалтаа л эргэж харах ёстой.

-Хэргээ хүлээсэн шүүгдэгч бүр ялаа хөнгөрүүлэх боломжтой юу. Ямар төрлийн хэрэг дээр шүүгдэгч хэргээ хүлээвэл ялыг хөнгөлдөг вэ?

-Хэргийг ердийн журмаар шийдвэрлэж буй тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх гэж ойлголт бий. Хөнгөрүүлэх нөхцөл байдалд гэдэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэх, хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн байх, эсхүл учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх мэт хуульд тухайлан заасан нөхцөл байдлуудыг ойлгоно.Хэрэв эдгээр хөнгөрүүлэх нөхцөл байдал бий бол тухайн зүйл ангид заасан ялын төрөл, түүний хэмжээнээс хамааран хэдий хэмжээгээр ял ногдуулах нь шүүх, шүүгчийн эрх хэмжээний асуудал юм.Гэхдээ мэдээж шүүх улсын яллагчийн гаргасан ялын санал, өмгөөлөгчийн саналыг харгалзана.

Харин хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд 100 хувь прокурорын саналын хүрээнд ял оногдуулна. Уг саналаас өндөр ял оноох, ялын төрлийг хүндрүүлэн өөрчлөх эрх хэмжээ байхгүй. Өөрөөр хэлбэл сайд асан Б.Батзоригийн хувьд прокурорын байгууллагаас 40 саяар торгох санал гаргасан болоод л шүүх уг саналын хүрээнд шийдвэрлэсэн болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *