Categories
мэдээ цаг-үе

Д.Өлзийбаатар: Дэлхийн газрын зургаас арчигдсан монголчууд түүхээ бичээд босоод ирсэн

Түүхийн ухааны доктор Дэмбэрэлийн Өлзийбаатартай уулзаж хөөрөлдлөө.

-Таны уншсан “Монголчууд” цахим түүхийн сонсдог ном “Hi Fi” рекордсын бестселлэрийг олон долоон хоног тэргүүлж байна. Монголчууд маань сүүлийн үед эх түүхээ их сонирхдог болсных уу, нууц нь юунд байна?

-Цомог маань борлуулалтаараа тэргүүлж байна гэсэн сургийг саяхан сонссон. Үүнд би их баярлаад байгаа. Хамгийн гол нь цомгийн борлуулалт сайн байгаад баярлаж байгаа юм биш. Хүмүүс түүхээ сонсож, сонирхож байгаад би баярлаад байгаа. Энэ цомог тийм ч хямдхан биш, нийт дөчин цагийн төгс лекцийн хэмжээний зүйл багтсан. Анх энэ цомгоо 1980 оноос хойш төрсөн, завсрын үеийн залууст Монголын түүхийн ерөнхий мэдлэг өгье гэж бодож санаачилсан юм. Яагаад гэвэл наяад оны хүүхэд залуусын сурч боловсрох үе нь нийгмийн ороо бусгаа үед таарчихсан. Яг л ид түүхээ сурдаг, бага, дунд, дээд боловсролтой болох үед нь хувьсгал таараад сургалтын чанар муудаж, боловсролын тогтолцоо өөрчлөгдсөн. Энэ үед түүхийн хичээл хаягдсан. Монголчууд нийтээрээ түүхээ сонирхохоо ч байсан үе. Түүх их уйтгартай болчихсон байсан. Тиймээс түүхийг ойлгуулъя гэж хийсэн. Аль ч орны иргэн бай түүхээ мэдэхгүй бол эх оронч гэсэн бодол хэзээ ч төрөхгүй. Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд эх орноороо бахархах, эх түүхээ дээдлэн шүтэхийн их гал дүрэлзэн бадарч байдаг. Энэ галд л би нэгэн цучил нэмэхийг хүссэн. Монголчууд шиг түүх нь дэлхийн хэмжээгээр яригддаг байсан ард түмний үр сад түүхээ маш сайн мэдэж байх ёстой.

-Их байсан Монгол минь цагийн эрхээр бутран жижгэрч талд цацсан шагай шиг болж. Гэхдээ таны түүхийн цомог монгол хүн бүрийн сэтгэлд агуу их бахархлыг төрүүлж байгаа шүү…

-Сэтгэлийн бах, бахархлын сэдлийг өдөөх зорилготой энэ сонсдог номыг гаргасан. Тэрнээс түүхийн ямар нэг онолын зүйлийг оруулахыг чухалчлаагүй. “Хаашаа явж буйгаа мэдэхийн тулд хаанаас эхэлснээ мэд” гэсэн үг байдаг. Ядрахын цагт агуу түүх маань хань болж, босохын цагт эх түүхээ тулж өндийдөг ард түмэн дээ бид. Энэ түгээмэл түүхийн номыг минь сонсоод цаашид түүхийн мэдлэгээ өөрсдөө баяжуулаарай гэсэн санаатай хийсэн. Цомгийг хийгээд хоёр гурван жил өнгөрлөө. Эл хугацаанд зөвхөн залуучууд гэлтгүй нас насныхан сонсож байгаа нь надад анзаарагдаж байна. Цахимаар надад талархлын захидал маш олон ирдэг. “Монголчууд” сонсдог номондоо Монголын эртний болоод дунд үеийн түүх, хорьдугаар зууны түүхийг өгүүлсэн. Хорьдугаар зууныг яагаад сонгов гэхээр Монголын түүхэнд XIII-XIV зуун, XX зуунууд маш их нөлөө үзүүлсэн.

-XIII-XIV зуун ч монголчуудын ид мандан бадарсан үе л дээ, тийм ээ?

-Тэгэлгүй яахав. Бидний өвөг дээдэс Ази-Европыг холбосон их гүрэн байгуулж, дэлхийг нэг дэг журамд оруулж, хүн төрөлхтөн нэгэн дээвэр дор нэг санаа зорилготой ажиллаж, амьдарч болох юм байна гэдгийг анх удаа харуулсан. Дэлхийн ард түмэн яагаад нэгэн дээвэр дор байж болохгүй гэж гэсэн үзэл одоо ч явж л байна шүү дээ. Хүн төрөлхтөн тэгш эрхтэй, нэг зорилготой болох уу, үгүй юу гэсэн өнөөгийн даяаршил чинь тэр үеийн монголчуудаас эхтэй. Мөнгө, эрх мэдлийг гартаа оруулсан хэсэг бүлэг хүмүүс дэлхийг атгандаа хураах гэж байна гэсэн үг яриа байдгийг үгүйсгэх аргагүй. Хүн төрөлхтөн одоо хүртэл баян, ядуугийн ялгаа арилаагүй байна. Улс орнуудын хувьд ч хүчтэй, сул гэсэн зааг байсаар л байна. Тэр үе бол монголчуудын түүхийг тодотгосон, дэлхийн анхаарлыг татсан том үе. Үүнийг тодруулж бүрэн түүхийн хэмжээнд ярьсан. Хорьдугаар зуунд монголчууд сэргэн мандаж, өнөөгийн монголчууд бий болсон онцлог зуун. Харааж муушаагаад байсан социализмын үед бидний ахмад үе яаж ажиллаж, аж төрж байсныг өгүүлсэн.

-Одоогоос зуун жилийн өмнө монголчууд угсаатны хувьд бүрэн устаж мөхөхийн ирмэг дээр ирсэн байсан гэдэг байх аа?

-Хорьдугаар зууны эхэн үе гэхэд монголчууд түүхийн хуудас, дэлхийн газрын зургаас алга болчихсон байлаа. 1600-гаад оноос монголчууд Манж гэдэг гүрний эрхшээлд ороод тусгаар улсын хувьд оршин тогтнож байсан байдлаа алдсан. Өмнө нь олсон асар их нэр хүнд мартагдчихсан байсан үе. Түүхийн хуудаснаас арчигдсанаа, дэлхийн газрын зургаас алга болсноо эргэж бичсэн үе нь хорьдугаар зуун. Энэ зуунд монголчууд зовлон ч туулсан, жаргал ч амссан. Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын үрээр сөнөж мөхөж байгаа гэсэн үнэлгээтэй байсан ард түмэн чинь түүхээ бичээд босоод ирсэн. Өмнөхөөсөө маш их жижгэрсэн.

-Жижгэрэхдээ бид хэдий хэрийн газар нутгаа алдсан байв?

-Манжид дагаар орох үеийн Монголын үндсэн газар нутгийн хэмжээ Умар зүгт Байгаль нуураас урагш Цагаан хэрэм, зүүн зүгт Хянганы нуруунаас барууншаа Ил Тарвагатай, Балхаш нуур хүртэл өргөн уудам нутаг бол монголчуудын үндсэн газар нутаг байсан. Нийтдээ долоон сая дөрвөн зуун мянган метр квадрат талбайтай нутаг байлаа. Энэ газар нутаг дээр аж төрж байсан монголчууд мөхлийнхөө ирмэг дээр хоёр зуу гаруй жилийн дараа тусгаар тогтноод босож ирэхдээ нэг сая таван зуун мянган квадрат газар нутгийг авч үлдэж чадсан. Бусад газар нутгаа өмнөд, хойд хөршийн улс төрийн том бодлого, дипломат ажиллагааны үр дүнд бид алдсан. Одоо бидний Монгол Улсын эргэн тойронд дан монголчууд л байгаа. Умар зүгт буриад, урд зүгт Өмнөд монголчуудтайгаа л бид хиллэж байгаа шүү дээ. Өөрөө өөрсөдтэйгөө л хиллэж байна.

-Гунигтай ч гэмээр түүхэн хувь заяа юм даа?

-Гэхдээ Монгол гэдэг том ард түмний үр сад өнөөдөр дэлхийн газрын зураг дээр зурагдсан явдал хорьдугаар зууны хамгийн том ололт шүү. 1918 онд Монголд судалгаа хийж “Орчин цагийн Монгол” ном бичсэн Орос-Зөвлөлтийн томоохон судлаач Майский тухайн үеийн Монголын нийгэм-эдийн засгийн байдал, хүн ам, малын тооллого бүхнийг судлаад “Энэ ард түмэн одоогийнхоо байдлаар үлдвэл хүн төрөлхтний түүхээс үндэстний хувьд алга болох гунигт хувь тавилан руу гулсах байдалтай байна” гэж дүгнэж бичсэн байдаг. Тэр үед Монголын хүн ам Буриад Монгол, Өмнөд Монголыг оролцуулахгүйгээр таван зуухан мянга болсон байсан. Халхын дөрвөн аймгийг шавьтай нь хамт Ар Монгол гэж ярьдаг даа. Арван найман онд ингэж бичигдэж байсан ард түмэн тавин жилийн дараа цоо шинэ ард түмэн болоод босоод ирсэн. Хүн ам нь өсөж байгаа, эрүүл чийрэг, дээр нь нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан шинэ Монгол бий болсон. Энэ бол манай түүхэнд тод томруун эерэгээр бичигдэх зуун. Ерөнхийд нь би энэ зууны түүхийг “Тусгаар тогтнолын төлөө” гэж нэрлэсэн. Хорьдугаар зууны монголчуудын хамгийн гол үнэт зүйл бол тусгаар тогтнол. ОХУ ч юм уу, БНХАУ-ын хувьд тусгаар тогтнолын асуудал биднийх шиг үнэт зүйл болж тавигдахгүй. Орос, Хятадын тухайд тусгаар тогтнол алдагдах аюул нэг хэсэгтээ л тун бага. Манай тусгаар тогтнол байнга сэрж, харж хамгаалж явахгүй бол эмзэг хэврэг байгаа. Монголчуудын үндэсний язгуур эрх ашиг бол тусгаар тогтнол. Ийм хоёр том гүрний дунд бид тусгаар оршиж байж л монгол хэл, соёлтойгоо, монгол зан заншилтайгаа байж чадна. Монгол Улс гэдэг утгаараа дэлхий нийттэй монгол хэлээрээ харьцаж байна.

-Тусгаар тогтнол ч асар их үнэ цэнээр олдсон байх шүү?

-Монголчууд тусгаар тогтнолоо асар их үнэ цэнэ, гарз хохирол амсаж байж олж авсан. Өмнөх хүчирхэг байдал, газар нутгаа алдсан. Тусгаар оршихын төлөө монголчууд өөрийнхөө хүчтэй байсан олон соёл, үнэт зүйлүүдийг алдсан. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үеэр Монголын алтан ургийн хэлхээ тасарсан. Нийгмийн томоохон соёлт давхарга болж байсан лам нараа аймаглан устгуулсан. Үндэсний соёл мартагдсан. Бичиг үсгээ солиулсан. Олон хүнд сорилтуудтай тулгарсан. Энэ сорилтуудыг даван туулж байж Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг байгуулсан. Бид нэг хэсэг социализмыг “Аймшигтай нийгэм. Монгол бол дээвэргүй шорон” гэж ерээд оны эхээр бичсэн шүү дээ. Аливаа нэг хувьсгал болоход өмнөх нийгэм, төрийн зүтгэлтнээ муулдаг, алдаг, хороодог жамтай байна л даа. Ганцхан Монголд ч биш хувьсгал гарсан улс орон болгонд ийм зүйл тохиолддог. 1921 оны хувьсгалын дараа баахан хүнээ хөнөөсөн чинь үүнтэй л холбоотой. Энэ чинь хувьсгалын л долгио. Феодалын бурангуй ёсыг хална, шинэ засаг төрийг тогтооно гэдэг нэрийн доор үндэснийхээ үнэт зүйл рүү халдаж довтолсон нь гунигтай шүү. Яг түүнтэй адилхан зүйл ерээд онд давтагдсан. Өмнөх нийгмийн үнэт зүйлс рүүгээ бид бас довтолсон.

-Социализмыг одооны хүүхэд залуус сайн мэдэхгүй байх аа?

-Социализмын үед төрд зүтгэж байсан зүтгэлтнүүдээ доромжилж буруушаасан. Жанжин Сүхбаатар, маршал Чойбалсан, Ю.Цэдэнбал нарыг дарангуйлагчид гэж үзэж нулимсан. Цаг үе ийм бурангуй явдлыг төрүүлж өөгшүүлдэг юм байна л даа. Гэтэл социализм гэдэг чинь Монголыг их өөрчилж шинэ үнэт зүйлтэй болгосон тогтолцоо байж. Зүүн Европын пост социалист орнууд хөгжлийн хувьд хойшоо ухарч хоцорсон байж болно. Тэдэнд бол энэ яах аргагүй алдаатай зүйл байсан байж болно. Монгол Улсын хувьд социализм боломж, давуу тал, хожил байсан гэж хэлж болохоор байгаа. Монголчууд л социализмаас хожсон ард түмэн гэж би боддог юм. Энэ үед л хүн ам өсөж, эрүүлжиж, боловсорсон. Шинэ монгол хүн төрсөн. Тиймээс би сонсдог номондоо “Социализм системийн хувьд нэлэнхүйдээ саарал өнгөөр харагдаж байсан бол зөвхөн Монголд л өнгө өнгийн цэцэгтэй социализм байсан юм” гэж ярьсан. 1930 оноос өмнө Монголд ямар ч үйлдвэр байгаагүй. 1926 онд анхны Төмрийн завод гэдэг жижигхэн үйлдвэр Германы тусламжтайгаар одоогийн Бөхийн өргөөний тэнд байгуулагдсан. Аж үйлдвэрийн комбинатын суурь 1930 онд тавигдаад анхны цахилгаан станц баригдсан. Үүнээс хойш л Монгол орон бүтээн байгуулалтын замаар хөгжих суурь тавигдсан шүү дээ. Хөгжлийн энэ үеийг гучаад оны хэлмэгдүүлэлт, дөчөөд оны дэлхийн дайн тасалдуулсан. 1946-1990 он хүртэлх дөчөөд жилд ганц мал шүтэж аж төрдөг байсан Монгол хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болж хувирсан. Эрүүл мэнд, боловсрол үнэ төлбөргүй байлаа. Энэ боломжийг монголчууд өнгөрөгч зуунд олж авсан учраас түүхээ зөв харах хэрэгтэй юм.

-Социализмыг чинь гажуудсан нийгэм байсан гэж дэлхий нийтээрээ яриад байдаггүй бил үү?

-Систем болж тогтсон социализм хуарангийн социализм байсан нь үнэн. Гажуудсан социализм байсныг наяад оны сүүлчээр дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Тогтолцоо ч бүхэлдээ нурж унасан. Монголд л ганцхан социализм нурж унаад бид ардчилсан хувьсгал хийчихсэн юм биш. Нэг гол анхаарах зүйл бол Монголд тогтож байсан социалист дэглэм өнөөгийн Хойд Солонгосынхоос шал ондоо зүйл шүү дээ. Энд тэнд хүмүүсийн бичсэн зүйлсийг харж байхад социализм гэдэг чинь одоогийн Куба, Хойд Солонгост байгаа социализмтай адилхан гэсэн байх юм. Энэ бол тийм биш гэдгийг залууст үнэн зөвөөр ойлгуулах учиртай. Хоёр систем оршиж байсан учраас хүний эрхийг хаан боогдуулах, үзэл суртлаар боомилох, капиталист системийн соёлыг хөрөнгөтнийх гэж өөртөө дэлгэрүүлэхгүй байх зэргээр хавчиж байсан нь үнэн. Би социалист тогтолцоонд гучин жил амьдарсан хүн. Одоо капиталист дэглэмд хориод жил аж төрлөө. Капитализмд амьдарч байгаа залуу үеийнхэнд тэгэхээр социализмыг үнэн бодитоор л ярьж өгөх учиртай юм.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *