Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, доктор профессор Д.Уламбаяртай ярилцлаа.
-Украины асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна. Мягмар гаригт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдлаа. Ямар шийдэлд хүрэв?
-ОХУ Луганск, Донецкийн АБНУ-уудыг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсний дараа Украины хүсэлтээр хэдхэн цагийн дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдсан. НҮБ-ын Улс төрийн асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Розмари ДиКарло анхны илтгэгчээр “Бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд үр дагавар авчрах эрсдэлтэй энэ шийдвэрт бид маш их харамсаж байна” гэж хэлсэн байна. Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал болон Украины зүүн нутгийн мөргөлдөөнийг зохицуулах гол оролцогчдын санал зөрөлдөөнийг шийдвэрлэх цорын ганц арга зам бол яриа хэлэлцээний ач холбогдол гэдгийг ДиКарло хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. НҮБ-д суугаа АНУ-ын элч Линда Томас-Гринфилд В.Путиныг “Дэлхийн цаг хугацааг буцаах, НҮБ-ын өмнөх үе рүү, эзэнт гүрнүүд дэлхийг захирч байсан цаг үе рүү эргүүлэхийг хүсч байна” гэж буруутгаад “Олон улсын хууль тогтоомж, Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг илт зөрчсөнийхөө төлөө ОХУ-д хариуцлага тооцохын тулд АНУ цаашид арга хэмжээ авна” гэжээ. “Ерөнхийлөгч В.Путин манай олон улсын тогтолцоог туршиж байна. Тэрбээр бидний шийдэмгий байдлыг шалгаж, биднийг хэр хол түрж чадахыг харж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ. Д
НҮБ-д суугаа Францын элчин сайд Николас Де Ривьер ОХУ Донбасст цэргээ илгээсэн нь Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүдүүлгээр зөрчсөн бас нэг хэрэг болж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлж, “Бид Оросыг тогтворгүй болгох бусад аливаа үйлдлээс, ялангуяа энгийн иргэдийн аюулгүй байдал, аюулгүй байдлыг алдагдуулж, аюулд оруулж болзошгүй үйлдлээс зайлсхийхийг уриалж байна” гэж тэр нэмж хэлэв. НҮБ-д суугаа Их Британийн байнгын төлөөлөгч Дэйм Барбара Вудворд хэлэхдээ, Оросын үйлдлүүд нь маш хүнд бөгөөд өргөн хүрээтэй үр дагаварт хүргэх болно. “Өнөөдөр хийж буй үйлдлүүд нь Аюулгүйн зөвлөлийн 2202 тоот тогтоолоор батлагдсан Будапештийн меморандум болон Минскийн хэлэлцээрт Оросын талаас хүлээсэн амлалтуудыг уландаа гишгэж байна” гэж тэр хэлэв. Энэтхэг, Бразил, Мексик, Ирланд, Арабын Нэгдсэн Эмират, Кени, Гана, Габон, Норвеги, Хятад, Орос, Украин зэрэг бусад хэлээр ярьдаг улс орнууд байв.
Энэтхэгийн НҮБ-д суугаа элчин сайд Т.С.Тирумурти хэлэхдээ, Энэтхэг улс Украинтай холбоотой үйл явдлууд, тэр дундаа зүүн хилийн дагуух үйл явдлууд болон Москвагийн мэдэгдлийг “хянан ажиглаж” байна. “Украины ОХУ-ын хилийн дагуух хурцадмал байдал гүн түгшүүр төрүүлж байна. Эдгээр үйл явдал нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй” гэж тэр хэлсэн. “Бид бүх талаас тэвчээртэй байхыг уриалж байна. Яаралтай нэн тэргүүний зорилт бол бүх улс орны аюулгүй байдлын хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан хурцадмал байдлыг намжааж, бүс нутаг болон цаашлаад урт хугацааны энхтайван, тогтвортой байдлыг хангахад чиглэх явдал юм” гэжээ. Хятадын Элчин сайд Жан Жүн товч үг хэлэхдээ, талууд бие биенийхээ асуудалд хүлээцтэй хандаж, “боломжийн шийдэл” хайхыг уриалсан байна. НҮБ-ын АЗ-ийн бусад гишүүд болох Бразил, Мексик, Ирланд, Арабын Нэгдсэн Эмират, Кени, Гана, Габон, Норвеги, Албани ойролцоо агуулгатай үг хэлжээ.
Украины Элчин сайд мэдэгдэхдээ “Кремлийн тархаасан “вирус” газар авч НҮБ-ыг ч нэрвэлээ” гэжээ. Ер нь бол Аюулгүйн зөвлөл тодорхой, үр дүнтэй шийдэл гаргаж чадахгүй. Учир нь ОХУ “veto” буюу хориг тавина.
-Барууны орнууд ОХУ-д хориг арга хэмжээ авахаа зарлаж байна. Орос ямар хариу үйлдэл үзүүлэх бол?
-АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байдан ОХУ-ын эсрэг эдийн засгийн нэмэлт хоригийн эхний арга хэмжээг зарласан. Үүнд, ВЭБбуюу Внешэкономбанк, Промсвязбанк зэрэг батлан хамгаалахыг санхүүжүүлдэг банкууд, Оросын төрийн өрийн эсрэг цогц хориг арга хэмжээ авч байна. Энэ нь бид Оросын засгийн газрыг барууны санхүүжилтээс хассан гэсэн үг. Өрнөдөөс мөнгө босгож чадахгүй, АНУ зах зээл дээр ч, Европын зах зээл дээр ч шинэ өрөө арилжиж чадахгүй. Ойрын өдрүүдэд Оросын элитүүд болон тэдний гэр бүлийн гишүүдийн эсрэг хориг арга хэмжээ авах юм байна. Бүтээн байгуулалтын ажил нь 2021 оны есдүгээр сарын 10-нд дууссан 11 тэрбум ам. долларын өртөгтэй “Хойд урсгал 2”-ыг зогсоолоо. Германы канцлер Олаф Шольц ч мөн ингэж мэдэгдлээ. Орос улс дараагийн алхмаа хийх гэж байгаа тул бид бас дараагийн алхмаа бэлдсэн. Хэрэв Орос түрэмгийллээ үргэлжлүүлбэл, тэр дундаа нэмэлт хориг арга хэмжээ авах юм бол үүнээс ч илүү үнэ төлөх болно. Харин Дэлхийн банк хоорондын санхүүгийн харилцаа холбооны нийгэмлэг буюу SWIFT системээс ОХУ-ыг одоогоор шууд хасаагүй байна. Их Британи, Канад, Япон хатуу хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Европын холбоо Украины салан тусгаарлагчдыг дэмжсэн ОХУ-ын Төрийн Думын 351 гишүүд, 27 субьектийн эсрэг хориг зарлаа. Дээрхүүд бүгд эдийн засгийн хоригийн эхний арга хэмжээ гэж мэдэгдэж байна.
Хориг арга хэмжээтэй холбоотойгоор ам.доллартай харьцах рублийн ханш огцом унаж 80 рублийг давлаа. ОХУ-ын ҮАБЗ-ийн орлогч Д.Медведев ЕХ-ны эсрэг байгалийн хийн үнээ нэмнэ гэж сүрдүүлсэн байна лээ. Европ дахь 1000 шоо метр хийн үнэ 1000 ам.долларт тулж ирж байна. Мягмар гаригт болсон “Хий экспортлогч орнуудын форумын (GECF) VI саммит дээр В.Путин онлайн оролцож үг хэлэхдээ “Хий нийлүүлэлтээ тасралтгүй үргэлжлүүлнэ” гэжээ. ОХУ-ын Зэвсэгт хүчнийг хилийн чанадад ашиглах В.Путины хүсэлтийг парламентын доод дээд танхим ёсоор болголоо.
-Орос, Украины дайны дараа дэлхий ертөнцөд ямар өөрчлөлт гарах вэ. Ямар сөрөг үр дагавар бий болох вэ?
-Олон улсын харилцаа, геополитикийн орчинд урьдчилан таамаглаж болохуйц нөхцөл байдал, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн дүрмээр тоглодог олон улсын дэг журам үндсэндээ алдагдаж эхэллээ. Урьд өмнө байгаагүй цөмийн зэвсгийн сүрдүүлэгийн аюул шинээр гарч ирлээ. Их гүрнүүдийн геополитикийн сөргөлдөөн жижиг дунд орнуудыг “хөлдөө чирж”, тэдгээрийг тодорхойгүй төлөв байдалд оруулсаар байна. Төв, Зүүн Европ, хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтын тэнгисийн улсууд НАТО-д элссэн нь аюулгүй байдлын хувьд ямар их чухал ач холбогдолтой болохыг Оросын заналхийлэл харуулж байх шиг.
-Украины эрх баригчид ямар арга хэмжээ авч чадах бол?
-Украины эрх баригчид тоймтой томоохон ямар ч арга хэмжээ авч чадахгүй болов уу. ОХУ-тай дипломат харилцаагаа таслах асуудлыг хэлэлцэж байх шиг байна.
-В.Путин украинчуудыг хагалан буталж байна шүү дээ. Ингэхдээ түүх ярьж, Лениний нэрийг хүртэл онцлох боллоо. Түүхээрээ авч үзвэл Украин Оросын мэдэлд байх ёстой гэж байна. Ингээд түүх яриад эзэлж болдог юм уу?
-В.Путин 2021 оны долдугаар сарын 12-нд “Об историческом единстве русских и украинцев” гэсэн томоохон хэмжээний судалгааны өгүүллээ нийтлүүлж байсан. В.Путин түүнийгээ л давтсан байна лээ. Ер нь Бүрэн эрхт тусгаар улсын түүхийг хөрш орных нь төрийн тэргүүн нь өөрийн үзэмжээр тайлбарлаж, түрэмгий үйлдлээ зөвтгөж байсан дипломатын түүх дэлхийн II дайны өмнө болж байсан. Энэ бол НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнүүдэд илт харш үйлдэл л дээ.
-Ер нь В.Путин дэлхийг донсолгосон буруу хандлагыг тогтоох гэж байна. Судлаачийн хувьд та энэ үйлдлийг хэрхэн харж байна вэ?
-ОХУ-ын үйлдэл нь “precedent” буюу “уруу татах, муу жишиг” тогтоож байгаа. Ийм жишиг бүр 2014 оноос л ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины орос хүн бүрийн зүрх сэтгэлд үргэлж “Крым бол Оросын салшгүй хэсэг байсан” гэж хэлсэн нь Крымийг Орос булаан авахыг зөвтгөхгүй гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама шүүмжилж байсан. Энэ нь хойд бүсүүдэд нь оросууд суурьшдаг Казахстан, Тайванийн тусгаар тогтнол, Хонконг, Шинжаан-Уйгурын салан тусгаарлагчдын томоохон асуудалтай Хятадыг хүндхэн байдалд оруулж байна.
Өрнөдийн судлаачид Крымийн хойгийг цагаандаа гарсан дээрэм “2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас дутуугүй, бүр илүү нөлөө бүхий ноцтой үр дагавартай үйл явц гэж дүгнэж, “сүйрлийн уршиг тарьж мэдэх” хэмээн америк эрдэмтэн Роберт Легволд бичсэн байна. Лалын ертөнц олон улсын харилцааг нэг айхавтар түйвээгээд араас нь Украин залгалаа гэж тэрбээр бичиж байсан. Тэр үйлдэл дахин давтагдлаа.
-ОХУ Донецк, Луганск руу танк, хуягт тээвэрлэгчид гээд сүүлийн үеийн техник, технологиудаа оруулчихлаа. Тэгэхээр газ, шатахууны хомсдол үүсэх үү. Яагаад гэвэл тэр тоног төхөөрөмжүүдийг хөдөлгөхөд асар их шатахууны хэрэгцээ гарна гэсэн мэдээлэл байх юм. Монголд бензин шатахуун доголдох уу?
-Зүүн Украины салан тусгаарлагчдыг “тусгаар улс” хэмээн хүлээн зөвшөөрч, “холбоотны гэрээ” байгуулснаар цэрэг техникийн хүчээ “энхийг сахиулах” хэмээн тус бүс нутагт орууллаа. Угаасаа томоохон хэмжээний дайны бэлтгэл сургуулилт асар их хэмжээний зардал гарч байгаа нь тодорхой. Түлш шатахууны доголдол гарахгүй болов уу. Харин нэг баррель газрын тосны үнэ 100 ам.долларт дөхөж ирсэн нь таатай мэдээ биш юм.
-Хоёр улсын мөргөлдөөний улмаас хичнээн хүний нас, эд хөрөнгө сүйдэв. Хохирлын хэмжээг сонирхуулахгүй юу?
-Тус бүс нутагт нөхцөл байдал хүндэрч нүүлгэн шилжүүлсэн Донбассын оршин суугчдын тоо 500 мянган хүнд хүрч болзошгүй гэж Онцгой байдлын сайдын үүрэг гүйцэтгэгч Александр Чуприян мэдэгдсэн байна лээ. Цөөн хэдэн байшин их бууны суманд өртөж, таван энгийн иргэн амь үрэгдсэн тухай мэдээлж байна.