Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал доктор профессор Д.Уламбаяртай ярилцлаа.
-НҮБ–ын аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг шинэ хоригийг өнгөрсөн долоо хоногт тавьсан. ингэснээр тус улсын эдийн засаг яаж хумигдах вэ?
-НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2375 дугаар тогтоолыг санал нэгтэй баталлаа. Хойд Солонгос жилд 4.5 сая баррель нефть импортоор авдаг юм байна. Зөвхөн Хятадаас өдөрт зургаан мянган баррель авч байгаа. Шинэ хоригоор 2.2 сая баррель буюу 50 хувиар танахаар боллоо. Нэхмэл, оёмол бүтээгдэхүүний экспортыг бүрэн хориглолоо. 2016 онд 752.5 сая ам. долларын бэлэн бүтээгдэхүүн үүнээс Хятадад 2.3 тэрбум, Энэтхэг 108 сая, Орос 79 сая, Тайланд 74 сая, Пакистан 43 сая, Филиппин 53 сая, Африкийн Буркина Фасо 33 сая ам. долларын хувцас экспортлосон байх жишээтэй. Гадаад дахь Хойд Солонгосын 93 мянган иргэдийн мөнгөн шилжүүлгийг бүрэн хориглосон байна. Энэ нь ойролцоогоор 500 сая ам. доллар болж байна. Энэ бол маш том хориг. АНУ-ын анхны санал газрын тосны импортыг 100 хувь зогсоох байсан. АНУ, Орос, Хятад нэлээд зөвшилцөж тохиролцоонд хүрсэн байна.
–АНУ, Солонгосын хойгийн асуудлыг шийдэхэд Хятадын оролцоог нэмэгдүүлэх саналтай байгаа биз дээ. Хятад зуучлагч болж чадах уу?
-Хятад, Хойд Солонгост нөлөө үзүүлж чадахуйц гол түнш орон. Хятад өөрийн хэмжээнд нэлээд хориг арга хэмжээ авч байна. Д.Трамп ирэх арваннэгдүгээр сард Вьетнамын өмнөд хэсгийн Дананг хотод зохиогдох АПЕК-ийн эдийн засгийн дээд уулзалтад оролцох арга хэмжээний хүрээнд БНСУ, БНХАУ, Японд төрийн айлчлал хийхээр боллоо. Үүгээр асуудлууд улам тодорхой болно.
–ОХУ яг ямар байр суурьтай байна вэ?
-ОХУ, БНХАУ-ын байр суурь маш тодорхой. АНУ, БНАСАУ хоёр шууд яриа хэлэлцээ явуулах, хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоох, THAAD системийг татан буулгахыг санал болгож байгаа.
–АНУ–ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон ОХУ–ын Гадаад хэргийн сайд С.Лавровтай уулзсан байна лээ. Үүнийг юу гэж харж байна. Тэд ямар тохиролцоонд хүрсэн юм бол?
-Өнгөрсөн ням гаригт Нью-Йоркт тэд уулзсан байна. Удахгүй ажлаа эхлэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн өмнө Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр, Сирийн асуудлаарх Женевийн хэлэлцээг урагшлуулах, Хойд Солонгосын асуудлаар байр сууриа уялдуулахаар санал солилцсон байна.
–БНАСАУ устөрөгчийн бөмбөг туршлаа гээд мэдээлээд байдаг. Мөн түүнийг тээгч баллистик пуужингийн туршилт ч амжилтанд хүрээд байгаа бололтой. Тэгвэл Японы хэвлэл дээр пуужин тээгч шумбагч хөлөг онгоцтой болж байгаа талаар бичжээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?
-Тус улс 2006 оны аравдугаар сарын 6-нд анх удаагийн цөмийн туршилт хийсэн. Харин саяхан есдүгээр сарын 3-нд устөрөгчийн бөмбөгийн туршилт буюу зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийлээ. Ингэснээр “де факто” цөмийн зэвсэгтэй, мөн түүнийг алсын зайнд хүргэх баллистик пуужинтай улс боллоо гэж үзэхэд хүргээд байна. Хойд Солонгос 2016 оны нэгдүгээр сарын 6-нд “устөрөгчийн бөмбөг” хэмээх цөмийн төхөөрөмж буюу дөрөв дэх туршилт хийснээ мэдэгдэж байсан ч шинжээчдийн онцолж байснаар тэр нь устөрөгчийн бөмбөгийн гол үзүүлэлтүүдийн шалгуурыг бүрэн илэрхийлж чадаагүй байсан. Харин 2016 оны тавдугаар сард хуралдсан Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын VII их хурал тус улсыг цөмийн зэвсэгтэй гүрэн хэмээн албан ёсоор зарласан. Сүүлчийн туршилтын эхний чичиргээнээс хойш найман минутын дараа дахин 4.6 магнитудын хүчтэй хоёр дахь чичиргээ бүртгэгджээ. Туршилтын хүч 60-120 килотон орчим буюу Хирошимад хаясан атомын бөмбөгнөөс гурав дахин хүчтэй байж магадгүй гэж үзэж байх шиг байна. Энэ удаагийн туршилтын улмаас хиймэл дагуулаас авсан зураглалаар хөрсний томоохон нуралт буй болж, Пүнге-ри туршилтын хонгилд нурах аюул үүссэн байх магадлалтай байгаа юм байна. Устөрөгчийн бөмбөг гэдэг нь атомын бөмбөгнөөс үлэмж хүчтэй, халуун цөмийн урвал явагдаж, нүд сохлом гэрэл гарна гэсэн үг. Хойд Солонгос наймдугаар сарын 29, есдүгээр сарын 15-нд Японы Хоккайдо арлыг давуулан баллистик пуужингийн туршилт хийлээ. Сүүлчийн пуужингийн туршилт НҮБ-ын шинэ тогтоолын дараа хийгдсэн. Одоогийн байдлыг ажиглахад Хойд Солонгосын пуужингийн алсын тусгал Гуам аралд хүрэх боломжтой хэмээн үзэхэд хүргэж байна. Ер нь бол технологийн хувьд сайжруулсаар л байна. Хойдуулын саяхны тэмдэглэж буйгаар цөмийн болон пуужингийн хүчээр АНУ-тай стратегийн тэнцвэр барих зорилготой гэж мэдэгдлээ. Шуудхан хэлэхэд АНУ-ын баримталж байсан цөмийн зэвсгээр “тогтоон барих” номлолыг өөрсдийнх нь эсрэг баримталж эхэллээ. Гайхмаар зүйл нь агаарын орон зайг нь хоёр ч удаа зөрчөөд байхад Япончууд түүнийг устгахгүй байх юм.
–Хойд Солонгосыг эзлэн түрэмгийлэхээр заналхийлж буй гүрэн, хоёр Солонгосыг хүчээр нэгтгэхээр завдаж буй улс ер нь байна уу?
-Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгосын тоглоомын дэглэм, АНУ-ын империализмтэй хамтран тус улсыг хэзээ мөдгүй эзлэхээр бэлтгэж байна гэж сурталддаг, иргэд нь ч ийм итгэл үнэмшилтэй байдаг бололтой. Өмнөд Солонгос нь АНУ-тай хамтран Хойд Солонгосын болзошгүй түрэмгийллээс хамгаалахын тулд хавар, намар “Foal Eagle”, “Key Resolve”, “Max Thunder”, “Ulchi – Freedom Guardian” хамтарсан цэргийн сургуулилт хийдэг. Солонгосын хойгийн status quo хүйтэн дайн дууссанаас хойш шийдвэрлэгдэж чадалгүй тунаж үлдсэн цорын ганц цэг, дайн, зэвсэгт мөргөлдөөн гарах магадлал буй.
Дэлхийн хамтын нийгэмлэг, олон улсын зүгээс ноцтой болгоомжилж буй зүйл нь Хойд Солонгосын удирдлага тун хариуцлагагүй, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлдэггүй явдал гэж үздэг. Хойд Солонгос “чүчэ” буюу өөрийн хүчинд тулгуурлах үзэл баримталж, тус орныг дэлхийн хамтын нийгэмлэгээс тусгаарлах бодлого явуулж байгаа нь тун хүнд байдалд оруулаад байна. Хойд Солонгос цөмийн хөтөлбөртөө дулдуйдсан бодлого явуулж буй нь одоогийн дэглэм өөрийгөө удаан хугацаанд хадгалж үлдэх гэсэн бодлоготой шууд холбоотой нь тодорхой. Ирантай найман жил дайтаж, Кувейтийг түрэмгийлж байсан Садам Хусейнаар толгойлуулсан Иракийн армийг АНУ бараг хоёрхон долоо хоногийн дотор л бут ниргэсэн. Ливи, Сирийн асуудлын дараагийн ээлж нь Хойд Солонгос гэж үзсэн байх.
–Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн технологи өнөөгийн түвшинд хүрэхэд нөлөөсөн хүчин зүйл нь юу байв?
-Хойд Солонгосын Ёньбоны цөмийн судалгааны төвийн барилгын ажил зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар 1965 оноос эхэлж 1974 онд 2 мВ-ын хүчин чадалтай судалгааны реакторыг ашиглалтад оруулсан. Харин 1979 онд найман мВ-ын хоёр дахь реакторын ажил эхэлсэн байдаг. Хойд Солонгос зөвхөн 2013 онд 400 мянга, 2014 онд 470 мянга, 2015 онд 530 мянган ам. долларын татвар Дубна дахь Цөмийн нэгдсэн институтэд төлсөн байх юм. ЗХУ задарсны дараа Украин, Оросын хар зах дээрээс цөмийн болон пуужингийн технологи, мэргэжилтнүүд олж авсан бололтой. 1974 онд МАГАТЭ-д элссэн. 1985 онд Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдэж, 1993 онд гарч, 1994 онд буцаж нэгдэн, 1995 онд Солонгосын хойгийн эрчим хүчний хөгжлийн байгууллага КЕDO байгууллагдаж, эрчим хүчний гүн хямралд байсан үед Хойд Солонгосын зөвлөлтийн үеийн бал чулууны цөмийн эрчим хүчний реакторыг хөнгөн усны реактораар шинэчлэх ажил АНУ, Япон, БНСУ болон ЕХ-ны дэмжлэгтэйгээр эхэлсэн. Гэвч энэ ажил мөн л бүтэлгүйтсэн. 2003 онд үл дэлгэрүүлэх гэрээнээс дахин гарсан. 2007 онд зургаан талт хэлэлцээнээс гарч, 2009 онд МАГАТЭ-гийн шинжээчдийг нутгаасаа гаргасан.
–Ингэхэд асар өндөр зардалтай бүтдэг пуужингийн туршилтуудын санхүүжилтийн эх үүсвэр нь хаанаас гардаг юм бэ?
-2005 онд Өмнөд Солонгос, АНУ-ын тагнуулын байгууллага одоогийн залуу удирдагчийн эцэг Ким Чен Ирийн Макаогийн оффшор дахь Banco Delta Asia банкны 50 дансанд тараан байрлуулсан 25 сая ам. долларыг илрүүлэн тэдгээр дансыг хаахыг БНХАУ-д шаардаж байсан. Удалгүй тэрхүү мөнгийг царцаасан. Үүний хариуд Умард Солонгос холын тусгалтай пуужин хөөргөж, 2006 онд анхны цөмийн туршилтаа хийсэн байдаг. 2008 оны хоёрдугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Мён-пак үүрэгт ажилдаа орсны дараа АНУ, БНСУ-ын тусгай албадын хамтран явуулсан эрчимтэй ажиллагааны үр дүнд гол нь оффшор бүс болох Макао, Лихтенштейн, Люксембүрг, Австри, Швейцарь, Сингапур, Карибын тэнгисийн банкуудад гадаадын иргэний болон гадаадын компанийн өөр өөр нэрээр 200 гаруй дансанд байршуулсан. Эх сурвалж нь галт зэвсэг, мансууруулах бодис, хар тамхины хууль бус наймаа, хуурамч мөнгө солилуулах, тамхи, ликёрын худалдаанаас олсон дөрөв орчим тэрбум ам.долларыг илрүүлсэн байдаг. Тэдгээр нууц дансуудын ард одоогийн удирдагч Ким Жон Үн байгаа нь тодорхой болсон бөгөөд зарим данс нь түүний эцэг Ким Чен Ирийг амьд сэрүүн байх үед нээжээ. Ким Чен Ирийн хамгийн ойрын итгэлтэй туслах, түүний далайн чанад дахь хууль бус ажиллагааг санхүүжүүлдэг нууц сангийн ерөнхий менежерээр олон жил ажилласан Жонь Ил Чун Хойд Солонгосоос дүрвэсэн бөгөөд тэрбээр мэдэгдэхдээ, ОХУ дахь Хойд Солонгосын ЭСЯ-нд их хэмжээний хуурамч мөнгийг шилжүүлж байсан хийгээд 2008 онд Орост 30 сая ам.доллартай тэнцэх хуурамч мөнгийг эргэлтэд оруулж угаасан тухай нотолсон байдаг. Мэдээж, нүүрс болон бусад барааны экспортын орлого, гадаад дахь иргэдийн шилжүүлэг зэргийг хэлэх хэрэгтэй. Хойд Солонгос 2000 онд зохиогдсон хоёр Солонгосын анх удаагийн дээд уулзалтын болзолд Өмнөдөөс 400 сая ам. доллар авч тэр нь цөмийн хөтөлбөрт зориулагдсан хэрэг тодорхой болж 2005 онд ноцтой шуугиан дэгдэж байсан.
-Xойд Солонгосыг энэхүү хурцадмал байдлаас гаргах ямар арга зам байна вэ?
-Ким Жон Үнийг хэлэлцээний ширээнд суулгахад туслах нэг арга нь түүний хийж буй үйлдлийн үр дагаврыг түүнд тодорхой харуулах явдал гэж АНУ үзэж байна. Д.Трамп Хойд Солонгос дайтахыг “гуйгаад” байна, стратегийн тэвчээр барагдлаа гэсэн. БХ-ын сайд Жеймс Мэттис маш тодорхой хэлсэн: “том хохирол гарна, ганцхан зүйл өөрчлөгдөх нь тодорхой. Одоогийн дэглэм нуран унана” гэсэн байна.
Зургаан талт хэлэлцээний хэлэлцэх үндсэн асуудал нь юун дээр төвлөрөх вэ гэдэг нь өнөөдөр хүртэл тун ойлгомжгүй байна. Хэлэлцээ сэргэсэн тохиолдолд хэлэлцэх хэргийн төлөвлөгөө нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудал лав биш болов уу. В.Путины хэлсэнчлэн хар ус ууж, хагд өвс идсэн ч цөмийн хөтөлбөрөөсөө ухрахгүй бололтой. Урагштай байж болохуйц гарц бол хоёр Солонгосын өндөр дээд төлөөлөгчид эхний ээлжинд, дараа нь Хойд Солонгос-АНУ хоёр vis-a-vis-ийн зарчмаар асуудлыг хэлэлцвэл энэ нь боломжтой гарц байх магадлалтай. БНХАУ, ОХУ хоёр АНУ, БНАСАУ шууд яриа хэлэлцээ явуулах, хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоох, THAAD системийг татан буулгахыг санал болгож байна. АНУ энхийн гэрээ байгуулах, шууд яриа хэлэлцээ хийхийн тулд БНАСАУ эхлээд цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсоох шаардлага тавьдаг.
Саяхан ХБНГУ-ын канцлер А. Меркель 2015 онд Ирантай байгуулсан цөмийн хөтөлбөрийг нь царцаах P5+1 хэлэлцээрийн механизмыг санал болгосон нь анхаарч болох асуудал.
Хэрэв Хойд Солонгос Гуамд цохилт хийхэд хүрвэл Их Британийн Ерөнхий сайд Терезе Мэй саяхан Японд айлчлах үеэрээ мэдэгдэхдээ “АНУ НАТО-гийн гишүүн. Умард Атлантын гэрээний 5 дахь зүйлд “гишүүн оронд нь довтолбол гишүүн бүх оронд довтолсон гэж үзнэ” гэсэн заалтыг онцолж Атлантын болон Номхон далайн зааг хязгаар байхгүйг тэмдэглэсэн. 1990-ээд оны дундуур Б.Клинтоны Засаг захиргааны үед БХЯ-ны сайд Уильям Перри Ёньбён дахь цөмийн төвд цохилт өгөх асуудлыг хэлэлцэж байсан байдаг. Ширээний ард суутал нилээд зай байна. Гол нь итгэлцлийг буй болгох хэрэгтэй.
–Хоёр Солонгос ирээдүйд нэгдэх болов уу?
-Судалгаагаар Өмнөд Солонгост, Хойд Солонгостой энхтайвнаар нэгдэх хүсэлтэй иргэдийн тоо зогсолтгүй буурч тодруулбал, хойд нутагт төрсөн, ах дүү, садан төрлийн хэлхээ холбоотой бүхэл бүтэн үе нэгэнт дуусч байгаа ажээ. Өөрөөр хэлбэл тэдгээрийг нэгтгэж байсан гол хэлхээс үгүй болов. Эдүгээ хоёр Солонгосыг бүх талаараа хоёр өөр улс, үндэстэн гэж хэлж болно. Солонгосын нэгдлийг Германы нэгдэлтэй харьцуулшгүй. Ер нь нэгдэх үйл явцын яриа хэлцэл XXI зууны туршид үргэлжилж магадгүй.