Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Уламбаяр: Дипломат боловсон хүчнээ дотооддоо бэлтгэх нь үндэсний аюулгүй байдалтай холбогддог

Монгол Улсад гадаад харилцаа, дипломат албаны үндэсний боловсон хүчин бэлтгэж эхэлсэн болоод МУИС-ийн бүрэлдэхүүнд ОУХДС байгуулагдсаны 30 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Тус сургуулийн үндэс суурийг тавихад гар бие оролцсон профессор. Д.Уламбаяртай ярилцлаа.


-Энэ жил орчин цагийн дипломат алба байгуулагдсаны 110 жил, Монгол Улсад гадаад харилцаа, дипломат албаны үндэсний боловсон хүчин бэлтгэж эхэлсний 30 жилийн ой зэрэг тохиож байна. Эхлээд МУИС-ийн бүрэлдэхүүнд ОУХДС байгуулагдсан түүхээс хуваалцахгүй юу?

-1990-ээд оны эхээр ЗХУзадарч, социализм системийн хувьд нуран унаж, хүйтэн дайн төгсгөл болж, тус улсын геополитикийн орчин өөрчлөгдөж, Монгол Улсын гадаад бодлого үзэл суртлын хүлээснээс чөлөөлөгдөж эхэлсэн. Тийнхүү олон улсын тавцанд үндэсний эрх ашгийг дээдэлсэн, нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан гадаад бодлого явуулах болсон нь гадаад харилцаа, дипломат албаны үндэсний боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх шаардлага гарч ирсэн явдалд оршсон болов уу. Ер нь дипломат боловсон хүчнээ бакалаврын түвшинд дотооддоо бэлтгэхийг үндэсний аюулгүй байдалтай холбож үздэг. Харин улс гүрнүүд ахисан түвшний боловсролыг гадаад улсад бэлтгэх чиглэл баримталдаг юм билээ. Монгол Улс 1990 оноос өмнө дипломат албаны хүний нөөцийг ЗХУбусад социалист орнуудад бэлтгэж байсан. Би энд баримт харж байна л даа. 1991 оны дөрөвдүгээр сард МУИС-ийн бүтэц, зохион байгуулалтын талаар Боловсролын сайд Н.Уртнасангийн 162 дугаар тушаал гарч, мөнхүү тушаалыг хэрэгжүүлэх МУИС-ийн ректор профессор Д.Доржийн 1991 оны тавдугаар сарын 343 дугаар тушаалаар МУИС-ийн Гадаад хэлний факультетын Өрнө, Дорно дахин болон Орос хэлний тэнхимүүдийг түшиглэн ОУХСбайгуулахаар шийдвэр гарсан байдаг. Улмаар 1991 оны арванхоёрдугаар сарын 5-нд Боловсролын сайд Н.Уртнасан, Гадаад хэргийн сайд Ц.Гомбосүрэн, Үйлдвэр, худалдааны сайд С.Баярбаатар нарын хамтарсан тушаалаар МУИС-ийн бүрэлдэхүүнд ОУХС-ийг ОУХДСболгон өргөжүүлэн байгуулахаар шийдвэрлэжээ.

Тус сургуулийг байгуулах үйл хэрэгт профессор Ж.Баясах идэвх чармайлт гаргасан. Мөн сургуулийг олон улсын нийтлэг жишигт хүргэх чиглэлээр зөвлөхөөр ажиллаж байсан Гадаад явдлын сайд агсан, Элчин сайд М.Дүгэрсүрэн ихээхэн хувь нэмэр оруулсан байдаг. Тэрбээр оюутнуудад “НҮБ ба Монгол Улс” цуврал тойм лекцийн хичээлийг орж эхэлсэн юм. 1993-1994 оны хичээлийн жилд ОУХДС-д Олон улсын харилцааны мэргэжлийн тэнхимийг шинээр эмхлэн байгуулагдсанаар тус сургууль жинхэнэ ёсоор дүр төрхөө олсон. Москвад Дипломатын академийг төгсөж ирээд удаагүй байсан Д.Баярхүү “Олон улсын харилцааны түүх”, ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Бор “Монголын дипломатын түүх”, Өмнөд Солонгосоос ирээд удаагүй байсан Д.Уламбаяр миний бие “Олон улсын эдийн засгийн харилцаа”, “Эдийн засгийн дипломат ажиллагаа”, Элчин сайд О.Хосбаяр “Дипломат ажиллагаа, дипломат албаны үндэс”, “Олон улсын эрх зүй” хичээлийг тус тус анхлан зааж эхэлсэн байдаг. Сүүлд Элчин сайд Б.Буд “Консулын албаны үндэс”, ГХЯ-ны ажилтан О.Оч “Олон улсын хувийн эрх зүй”, элчин сайд Г.Луузан “Дипломат ёс, ёслол, дипломат баримт бичиг”, ГХЯ-ны дипломат ажилтан эдүгээ УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Д.Цогтбаатар “Олон улсын эрх зүй” хичээлийг тус тус орж эхэлсэн санагдана. ОУХДС-ийн Гадаад албаны ажилтан, орон судлалын бакалаврын зэргийн дөрвөн жилийн бүрэн хөтөлбөрийн анхны төгсөлт 1996 онд тохиосон. Тухайн үед англи, франц, герман, япон, хятад солонгос, слав судлалаар төгсгөж байлаа. 1995-1996 оны хичээлийн жилд ОУХДС-д “Олон улсын эдийн засгийн харилцаа”-ны мэргэжлийн бакалаврын дөрвөн жилийн бүрэн хөтөлбөрийг миний бие Бизнес хөгжлийн агентлагтай хамтран Европын холбооны төслийн хүрээнд боловсруулж, анх удаа элсэлт авч, 1999 онд анхны төгсөлтөө хийж байв.

Эдүгээ Гадаад харилцааны яамны нийт дипломат ажилтны хүний нөөцийн 40 илүү хувийг МУИС-ийн ОУХС-ийг төгсөгчид бүрдүүлж буй статистик байдаг. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус сургуулийн 1996 оны анхны төгсөгч бөгөөд төгсөгчдөөс УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар олноор төрсөөр байна.

ОУХС-ийг зөвхөн дипломатч бэлтгэдэг гэж ойлгох тал байдаг. Энэ нь тийм биш юм. Нийгэм-эдийн засгийн бүх салбар төр, хувийн хэвшил, ТББ-ын гадаад харилцааны салбарын мэргэжилтэн бэлтгэдэг гэж ойлгох хэрэгтэй. Нөгөө талаар энэ нь хөрвөх чадвартай мэргэжил юм.

-Хөдөлмөрийн зах зээлд энэ чиглэлийн мэргэжлийн ойрын ирээдүйн эрэлт хэрэгцээ ямархуу байгаа вэ?

-Улс үндэстэн, төр засаг, хувийн хэвшил, хувь хүн ч тэр ялгаа байхгүй хэн илүү их интернациональчлагдаж, глобальчлагдаж, дижиталчлагдаж байна тэр улс, хувийн хэвшил, хувь хүн хөгжин дэвшиж байгааг бид маш тодорхой харж байна. Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаагүйгээр аль ч салбар урагшлах, амжилтад хүрэх ямар ч боломж байхгүй болсон нь өнөөгийн онцлог юм. Дижитал үйл явц өөрөө өөртөө ажлын байр буй болгох өргөн боломжийг ч олгож байна.

-Дипломатчийг их олон янзаар тодорхойлоод байдаг л даа. Тэгэхээр дипломатч гэж яг ямар хүнийг хэлдэг юм бэ?

-Дипломат алба, дипломат ажиллагаа гэдэг нь харьцангуй тусдаа ойлголт. Гадаад бодлого, гадаад харилцааг эрхлэн шийтгэх төрийн захиргааны төв байгууллагыг дипломат алба гэдэг. Энэ нь ГХЯ, хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газруудаас бүрддэг. Сонгодог утгаараа дипломат ажиллагаа гэдэг нь энхтайвны арга хэрэгслээр төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэхээр олон улсын яриа хэлэлцээ явуулах ур чадвар, урлаг, шинжлэх ухаан гэж тодорхойлсон байдаг. Харин дипломатч гэдэг нь түүнийг эрхлэн явуулж буй хүнийг хэлнэ. Гэхдээ их сургууль төгсөөд шууд дипломатч болчихгүй нь мэдээж. Нэжгээд жилийн ажлын дадал туршлага, ахисан түвшний хийгээд мэргэжил дээшлүүлэх, давтан сургалт дүүргэж байж дипломатч гэж өөрийгөө хэлэх эрхтэй болох болов уу. Дипломат албаны ажилтан өөриийн орны болон суугаа орныхоо түүх, хэл, соёл, үндэсний ёс заншлыг гүнзгий мэддэг, эрх оронч үндэсний үзэлтэй байх ёстой. Дипломат алба гэлтгүй ер нь төрийн бүх шатны байгууллагад өндөр ёс зүйтэй байх, хууль дээдлэх гэдэг маш чухал. АУДС төгсөөд шууд мэс засалч болчихгүй, ШУТИС-ийн геологийн анги төгсөөд гүний уурхайд шууд ажилчихгүй, ОУХС төгсөөд шууд Элчин сайд болчихгүй. Бизнесийн удирдлагаар төгсөөд корпорацийн захирал болчихгүй. Ажлын туршлага, ахисан түвшний болон давтан сургалт нэн чухал. Дижитал үйл явцын үе шатанд программ хангамжийн мэргэжлээр төгссөн ч давтан болон ахисан түвшний сургалт зайлшгүй чухал болсоор байна.

-Дипломат ажиллагаанд гарч буй өөрчлөлтийн талаар та юу хэлэх вэ?

-Сонгодог дипломатын эрин үед хэлэлцэх хэрэг, шийдвэрлэх гол асуудал нь дайн, энхийн асуудал байжээ. Оролцогч субьект нь арваадхан их гүрнүүд байлаа. Тухайлбал, Британийн эзэнт гүрэн, Франц, Герман, Испани, Хаант Орос, Манж Чин гүрэн, Япон, Австри-Унгарын Хаант улс, АНУ, Нидерланд гээд гарын арван хуруунд багтах цөөхөн гүрнүүд хүн төрөлхтний хувь заяаг шийдэж байж. Эдүгээ олон улсын эрх зүйн анхдагч субьект болох 200 гаруй төрт улсууд олон улсын харилцаанд оролцож, үүсмэл субьект болох НҮБ, түүний системийн болон төрөлжсөн, бусад олон улсын байгууллагууд, интеграцийн байгууллагууд, үндэстэн дамнасан корпорациуд, олон улсын ТББ-ууд, хувь хүн чухал оролцогч бөгөөд тоглогчид болжээ. Үүнээс гадна шийдвэрлэх асуудлууд ч үлэмж олшров. Зөвхөн дайн, энхийн болон аюулгүй байдлын асуудал төдийгүй, хөгжлийн асуудал тэргүүн зэрэгт гарч ирсэн. Тиймээс ч гадаад харилцаа, аюулгүй байдлыг эдийн засагжуулах, эдийн засгийн дипломатын тухай ярих болсон. Тухайлбал, Монгол Улсыг “Нүүрсний дипломаси” явуулж буй тухай гадаадын хэвлэлд бичсэн нь бий. Түүнчлэн нийт хүн төрөлхтөнд нийтлэг нүүрлэж буй глобал сорилтууд тулгарч байна. Хэдэн мянган жилийн хугацаанд гарч байсан өөрчлөлтүүд хэдхэн жилийн дотор явагдах боллоо. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг дипломат алба дангаараа зохицуулах боломжгүй. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны үүрэг нэн чухал. Дэлхий дахиныг хамарсан “Ковид-19” цар тахал байна. Үүнийг ГХЯ дангаараа зохицуулах, шийдвэрлэх боломжгүй. ЭМЯ-ны оролцоо нэн чухал. Мянганы хөгжлийн гол зорилт ядуурлыг бууруулах асуудал байна. Үүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамны оролцоо нэн чухал. Гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа, экспортын бодлогод Худалдаа, аж үйлдвэрийн танхимын оролцоо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яамны үүрэг нэн чухал. Тиймээс яамд хоорондын inter-connectiv­ity дижитал холболт чухал болж байх жишээтэй. Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй бүсийн статус бол рreventive diplomacy буюу урдчилан сэргийлэх дипломат ажиллагааны тод жишээ гэж би хувьдаа боддог. Дижитал үйл явц дипломат ажиллагаанд чухал нөлөө үзүүлсээр байна. 2021 оны есдүгээр сарын 10-нд Монгол Улс, БНСУ-ын төрийн тэргүүн нарын хооронд цахим саммит болж, хоёр улс стратегийн түншлэл хөгжүүлэх Тунхаглал баталсан. Энэ бол дипломатын практикт гарч буй шинэ үзэгдэл гэж хэлж болохоор байна. Twitter diplo­macy хэдийнэ хэвшээд байна. Өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий Ассемблей, 75 жилийн ойн арга хэмжээ анх удаа online болсон, APEC, АСЕМ-ын энэ жилийн дээд түвшний чуулга уулзалт онлайнаар зохион байгуулагдлаа шүү дээ.

-Элчин сайд нарын томилгоо нэлээд шүүмжлэл дагуулдаг сэдэв. Энэ тал дээр судлаачийн хувьд ямар бодолтой байдаг вэ?

-Дипломат алба хуулиараа төрийн тусгай алба болсон. Иймд улс төрөөс ангид байх учиртай. Өнгөрсөн жилүүдэд суугаа орныхоо төрийн тэргүүнд Итгэмжлэх жуух бичгээ өргөн бариад ажилдаа ороод удаагүй байхад нь Стокхольм, Лондонд суугаа Элчин сайд нарыг улс төрийн шалтгаанаар, мөн Вашингтонд суугаа Элчин сайдыг хувийн шалтгаанаар эгүүлэн татаж байсан. Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1-д, “Ерөнхийлөгч дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заагаад түүний тавд, “Монгол Улсаас гадаад улсад суух Бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” хэмээн тодотгосон байгаа. УИХ Ерөнхийлөгчөөс Элчин сайдыг эгүүлэн татахаар ирүүлсэн саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн олонхын саналаар “эгүүлэн татах шаардлагагүй” гэж үзсэн байдаг. Гэтэл ерөнхийлөгч Элчин сайдыг эгүүлэн татах зарлиг гаргаж байх жишээтэй. Агреманы хариу нь ирчихээд байхад элчин сайдад нь Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж өгөхгүй удаах тохиолдол өнгөрсөн хугацаанд гарч байсан. Энэ бол дипломатын практикт бараг тохиож байгаагүй үйл явдал болов уу. УИХ хаалттай хуралдаж элчин сайдад нэр дэвшиж буй хүнийг томилохыг дэмжиж байх үед нэгэн зэрэг “Нийтийн сонсголын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу түүнийг элчин сайдаар томилохтой холбогдуулан “Томилгооны сонсгол” хийх санал гаргаж, нэр дэвшиж буй хүний хууль зөрчсөн үйлдлүүдийг хэлэлцэж байв. Ийм нөхцөл байдал бүрдчихсэн үед агреман асууна гэдэг нь ихээхэн асуудалтай байсан. Энэ нь тухайн улсыг үл хүндэтгэж буй үйлдэл болж харагддаг. Тухайн үед процедур, эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлага байгаа нь харагдаж байсан. Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалах нь маш чухал. 2015 оны есдүгээр сард тухайн үеийн Ерөнхийлөгчөөс Байнга төвийг сахих санаачилга дэвшүүлсэн нь дээр зүйлд харшилсан бөгөөд мөн гадаад бодлогын шийдвэр гаргах процессын дэг, заншлыг зөрчсөн үйлдэл болсон. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар нэгдмэл байр суурьтайгаар гадаад бодлогоо явуулж байна” гэж мэдэгдсэн нь нэн сайшаалтай.

-Хоёр хөршөөс Монгол Улсыг ШХАБ-д элсэх талаар шахалт ирж байгаа тухай байнга ярих юм. Үүнд та байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Хоёр хөрш Монгол Улсыг ШХАБ-д гишүүнээр элсэх тухайд байнга уриалж, элсэх шийдвэрээ гаргавал баяртайгаар угтан авна гэдгээ илэрхийлсээр ирсэн. Шахалт үзүүлээд байсан зүйл байхгүй. ШХАБ Монгол Улсыг элсүүлж чадахгүйгээсээ болоод цаашдын хөгжил нь гацчихсан зүйл ч байхгүй. Би Монгол Улсын ШХАБ дахь статусын асуудлаарх судалгааны багт орж ажиллаж байсан. Одоогийн ажиглагчийн статусаа хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн санал гарсан байдаг. Өнгөрсөн наймдугаар сард талибанчууд ШХАБ-ын ажиглагч гишүүн Афганистанд хяналтаа бүрэн тогтоосон. Америкчуудын үлдээсэн 85 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хамгийн сүүлийн үеийн зэвсэг, бусад техник хэрэгслээ авч хангагдсан армитай, шинээр эмхлэн байгуулагдсан түр засгийн газрын 33 гишүүдийн 14 нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “терроризмын хар жагсаалт”-д орсон хүмүүс болов.

Италийн Ромд зохиогдсон “Их 20”-ийн дээд түвшний уулзалтаар Афганистаны Түр Засгийн газрыг бүрдүүлж буй Талибан бүлэглэл олон улсад хүлээн зөвшөөрөгдөх тодорхой нөхцөлийг хангах ёстой хэмээн мэдэгдсэн. Францын ерөнхийлөгч Э.Макрон хэлэхдээ “Талибан олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд тодорхой үнэ төлөх ёстой. Би үүнийг Афган эмэгтэйчүүдийн нэр төр, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх гэж харж байна” гэсэн юм. Өнгөрсөн есдүгээр сард Душанбе хотноо зохиогдсон ШХАБ-ын 25 жилийн ойн дээд түвшний чуулган Ираныг жинхэнэ гишүүнээр элсүүлэх үйл явцыг эхлүүлэв. Ирантай ноцтой сөргөлддөг Саудын Араб болон Египет, Катар “Яриа хэлэлцээний түнш” боллоо. ШХАБ-ын “яриа хэлэлцээний түнш”, НАТО-гийн гишүүн Турк гишүүнээр элсэх чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байна.

ШХАБ-д гишүүнээр элсээгүйгээсээ болоод Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учраад байгаа зүйл байхгүй байна. Тийнхүү Ойрхи Дорнод, Төв Азид геополитикийн шинэ нөхцөл байдал бий болсон. Тиймээс ч бид ШХАБ-ын судалгааг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна.

-Афганистан дахь хазаар монголчуудаа хүлээн авах хэрэгтэй гэсэн санал гарч байсан?

-Миний ойлгож байгаагаар афганистаны цөөнх хазаар үндэстэн бол түрэг угсаатан юм билээ. Монгол Улс хоёр их гүрний дунд оршдог, цөөн хүн амтай, эдийн засгийн боломж хязгаарлагдмал улс. Тиймээс ч Монгол Улс өнөөг хүртэл 1951 оны Дүрвэгсдийн статусын тухай НҮБ-ын конвецид нэгдэж ороогүй нь туйлын зөв зүйтэй бодлого гэж боддог. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.2-т ч гадны дүрвэгсэд олноор орж ирэх, гэнэтийн хяналтгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх бэлэн байдлын тогтолцоог бүрдүүлж, эрх зүй, улс төр, дипломатын цогц арга хэмжээ авахаар заасан байдаг л даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *