Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга, АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Уламбаяртай ярилцлаа.
-Ардчилсан нам эмхэндээ орлоо. Одоо энэ намд ямар шинэчлэл хийвэл зүйтэй гэж харж байна вэ?
-Манай нам сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд зарим гишүүд, дэмжигчдэд ойлгомжгүй явж ирсэн нь үнэн. Гол шалтгаан нь Үндсэн дүрмээ дагаж мөрдөөгүйгээс болсон. Тиймээс бид үүнээс тодорхой хэмжээний сургамж авч цаашдын үйл ажиллагаандаа шингээх нь зүйтэй.
Ер нь Ардчилсан нам анхнаасаа хүн төвтэй нам байсан. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд шинэ үзэл санааны салхийг авч ирсэн нам шүү дээ. Тиймээс ч ардчилал, хүний эрхийн гол хамгаалагч, дархлаа хэмээн Ардчилсан нам цоллогддог. Энэ бүхнээр би юу хэлэх гээд байна гэхээр бидний явах зам мөр тодорхой. Өөрөөр хэлбэл, үнэт зүйл, үзэл баримтлал маань тодорхой хэмээн танд хариулъя. Харин бид энэ суурь дээрээ тулгуурлаж цаг үетэйгээ нийцэж шинэчлэгдэх хэрэгтэй. Өнөөгийн яригдаж байгаа нам бодлогын, мөн шилэн болох, намын санхүүжилтээ ил тод болгох нь манай намд төдийгүй улс төрийн бүх намд чухал байна. Энэ мэтээр намын хөгжил, шинэчлэлттэй холбоотой тогтолцооны олон асуудлыг ярьж болно. Гэхдээ энд ганцхан зүйлийг онцолж хэлмээр байна. Ардчилсан намыг бүдгэрүүлсэн, орон зайг нь хумьсан долоон жилийн хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн байдал хэрхэн өөрчлөгдөв гэдгийг олон нийт бодох хэрэгтэй. Үнийн өсөлт, иргэдийн амьжиргаа, цалин тэтгэвэр, төгрөгийн ханш, хүний эрх чөлөө ямар хэмжээнд очив гэдгийг бодоосой хэмээн хүсч байна.
-Та Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч хүн. Тиймээс өнөөдрийн эрх баригчдын үйл ажиллагаанд ямар дүгнэлттэй байгаа талаар дэлгэрүүлж яриулмаар байна?
-Эрх баригчдын өнөөгийн байдлыг ард иргэд биеэрээ мэдэрч байгаа учраас улсын хэмжээний бодлого, шийдвэрийг энд нурших нь илүүц болов уу. Нөгөө талаас би дээрх асуултын хариултад дурдлаа шүү дээ.
Харин дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд, дүүргийн аж байдалд хамгийн ойр байгаагийн хувьд дүүргээрээ жишээ авч ярья. Баянзүрх дүүрэгт МАН олонх болж, засаглаж байна. Иргэдийн хувьд МАН-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй байгаа. Учир нь намын бодлого, мөрийн хөтөлбөр нь хангалтгүй байна. Бодит хөрсөн дээр буусан ажил нэгээхэн ч байхгүй хэмээх шүүмжлэл их байдаг. Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй байна хэмээн үзэж дүүргийн АН-ын бүлгээс Засаг даргыг огцруулахаар хэлэлцүүлсэн. Гэвч МАН олонхоороо хүч түрж авч үлдсэн. Баянзүрх дүүрэгт ч тэр Монгол Улсын хэмжээнд ч тэр МАН-ын мөрийн хөтөлбөр туйлын хангалтгүй байгааг та бид бүгдээрээ мэдэрч, харж байна. Нэг тоо баримтаар жишээ авч ярья. Баянзүрх дүүргийн төсөв 2020 онд 30 тэрбум байсан бол өнөөдөр 220 тэрбум болж өссөн. Өөрөөр хэлбэл, дүүргийн иргэдийн нийгмийн асуудал, ая тухтай байдлыг хангах боломж энэ хэрээр их байна гэсэн үг. Гэтэл төсөв тав дахин нэмэгдчихээд байхад иргэдийн нийгмийн асуудал, дүүргийн асуудал огт өөрчлөгдсөнгүй. Харин ч дордсоор байна. Үүний илрэл нь дүүрэгт шаардлагатай бүтээн байгуулалт огт хийгдэхгүй байна хэмээх иргэдийн шүүмжлэл.
Үүнээс гадна хоёр жилийн өмнө Баянзүрх дүүргийн 28 хороог 43 болгох шийдвэр гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл хороодын өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа эхлээгүй байна. Харин хороодын засаг дарга, үүрэг гүйцэтгэгчдийг нь аль хэдийнэ томилчихсон, төсвөөс санхүүжүүлээд сууж байх жишээний. Хороодын дарга нэртэй хэдэн хүнийг татвар төлөгчдийн мөнгөөр хоолтой нь залгуулах гэж тийм шийдвэр гаргав уу, эсвэл иргэдэд нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох гэж тийн шийдэв үү. Хэрвээ зорилго нь иргэдийн талд байсан бол ард түмний нэн тулгамдсан асуудал болох эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг цаг алдалгүй эхлүүлэх ёстой биз дээ. Гэтэл тэр нь хаана байна вэ. Энэ бол дүүргийн ч гэдэг юм уу, эсвэл аар шаархан жижиг асуудал биш. МАН-ын хандлагыг үүнээс л дүгнэх боломжтой учраас ярьж байгаа юм.
-Энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт олон нийтийн анхаарлын төвд байна. Та ҮХНӨ-д ямар байр суурьтай байна?
-Саяхан Үндэсний бодлогын хороо хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар намын даргад зөвлөмж хүргүүлсэн. Манай намын зүгээс холимог тогтолцоог дэмжиж байгаа. Учир нь мажоритар тогтолцоо бол иргэдийн саналыг их орхигдуулдаг л даа. Жишээ хэлбэл, 2020 оны сонгуулиар иргэдийн 40 гаруй хувийн дэмжлэгийг авсан Ардчилсан нам өнөөдөр УИХ-д 11 суудалтай байна. Дүүрэг, аймгийн түвшинд ч ялгаагүй байдалтай байна.
-УИХ-ын гишүүдийн тоо 152 байх ҮХНӨ-ийн заалтад та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв гэж харж байна. Гэхдээ 152 байх эсэхэд шинжлэх ухааны үндэстэй тооцоолол, судалгаа хэрэгтэй. 1992 оны Үндсэн хууль батлагдаж байхад Монгол Улс хоёр сая 200 мянган иргэнтэй байсан. Өнөөдөр Монгол Улсын хүн амын тоо 3 сая 400 мянга гаруй болчихлоо. Тиймээс нэгдүгээрт хүн амынхаа энэ өсөлттэй уях хэрэгтэй. Хоёрдугаарт, шийдвэр гаргах түвшинд 76 гишүүний тоо хэрхэн нөлөөлж байгааг анхаарч харах нь зүйтэй. Жишээлбэл, өнөөдөр 30 гаруйхан гишүүн сууж байгаад хууль баталж байна. Тухайн хуулийг хэлэлцүүлэх үү, эсвэл гацаах уу гэдгийг байнгын хорооны зургаан гишүүн шийдэж байна. Тиймээс УИХ-ын гишүүн гадна, дотны ямар нэгэн нөлөөлөлд автах вий гэсэн болгоомжлол бодитоор үүссэн. Ямар нэгэн бизнес эрхлэгч, хэн нэгэн хүн эсвэл бүлэглэл УИХ-ын тодорхой хэдэн гишүүнд нөлөөлөхгүй байх хамгаалалтыг УИХ-ын гишүүдийн тоог нэмэх замаар хийх нь зөв. Нөгөө талаас парламентын чадавх, УИХ-аар батлагдаж байгаа хуулийн чанарт гишүүдийн тоо их нөлөөлж байна. Өнөөдөр нэг гишүүн гурван байнгын хороонд харьяалагдаж байна. Зарим байнгын хороод нь нэг өдөр хуралдаж байна. Өөр өөр салбарын хууль хэлэлцэж байна. Гишүүд супер хүчтэй биш шүү дээ. Тодорхой нэг мэргэжлээр л мэргэшсэн байгаа. Гэтэл өөр өөр салбарын тэр олон хуульд яаж нухацтай хандах вэ. Тиймээс гишүүдийн тоог нэмэх нь туйлын зөв.
-Эцэст нь асуухад, та саяхан Баянзүрх дүүргийн намын даргаар томилогдсон. Томилогдсон процессынхоо талаар ярихгүй юу?
-Баянзүрх дүүрэг 2020 оны орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн. Тиймээс намын дүрмийн дагуу намын удирдлага ажлаа хүлээлгэж өгөх заалттай. Намын дүрмийн дагуу дунд шатны намын аливаа шийдвэр гаргах эрх бүхий байгууллага нь дүүргийн намын хороо байдаг. Дүүргийн намын хорооны олонх нь хуралдаж дүрмийн дагуу намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон.