Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Цогтбаатар: Өмч хувьчлал улстөрчдийн тоглоом болох ёсгүй

Засгийн газраас ирэх онд ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн нээлттэй хяналтад шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж зарласан. Энэ асуудлаар Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатартай ярилцлаа.


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы индэр дээрээс төрийн өмчит 339 аж ахуйн нэгж дотор алдагдалтай ажилладаг компаниудыг хувьчилна гэлээ. Энэ шийдвэр ер нь хэр бодитой хэрэгжих бол. Үе үеийн Засгийн газрын тэргүүний хэлдэг үг шүү дээ. Ээлжит попрол болоод дуусах юм биш биз дээ. Ер нь өмч хувьчлалыг ямар замаар, яаж явуулах ёстой вэ?

-Өмч хувьчлалд бид тун болгоомжтой хандах ёстой. Өмнө нь алдаж, оносон зүйл их бий. Тухайн компанийг үнэгүйдүүлж байгаад хувьчилдаг буруу сэтгэлгээгээр явж ирсэн туршлагатай шүү дээ, манай улс. Засгийн газар ийм замаар төрийн өмчийг хувьчлах гэж байгаа бол муу үр дүн, асуудал дагуулна. Аливаа төрийн өмчит компанийн техник, технологи, удирдлагын менежмэнтийг нь оновчтой болгож, сайжруулж уг компани цаашид биеэ даагаад явчих боломжтой юм байна гэж үзсэний үндсэн дээр хувьчилбал илүү үнэ цэнэтэй болно. Ингэх юм бол улс оронд маань хэрэгтэй.

-Төрийн өмчит компаниуд ашиггүй ажиллаж байна, ер нь хувьд очиж байж хөгжиж чадна. Нөгөөтэйгүүр төрийн ачааллыг хөнгөвчлөх ёстой ч гэж яриад байдаг шүү дээ?

-Манай улстөрчдөд ийм синдром яваад байдаг. Энэ бол маш буруу гаж сэтгэлгээ. Ер нь төр, хувийн хэвшлийн харьцаа хамгийн чухал. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт аж ахуйн нэгжийн 30 хувь нь төрд, 70 нь хувийн хэвшилд очсон байгаа юм. Энэ харьцаа 20:80 байж болно.

Тэрнээс бүгдийг хувьчлах шаардлагагүй. Одоогийн эрх баригчид хэтэрхий нүд нь улаанаараа эргэлдээд төрийн өмчийг хэн нэгэндээ хямдхан авч өгөх гээд чичирч болзошгүй. Тийм замаар хувьчлал хийх нь улс оронд ашиггүй, хувь хүнд бол ашигтай. Тэрнээс “төрийн нуруунаас ачаа авч байна” гэсэн малгайн дор өмч хувьчлалаар далимдуулж ашиг хонжоо хараад байгааг үгүйсгэх аргагүй. Төрийн наймаа, төсвийн хулгай хийж буйгаа төрийн нуруунаас ачаа авч хаяж байна гээд байгаа юм уу… гэдгийг бодох хэрэгтэй.

-Ерөөсөө л төрд байгаа хүмүүс хоноцын сэтгэлээр хандаж, тэнд тендер, элдэв зөвшөөрлөөр мөнгө угаадаг бүхэл бүтэн сүлжээ бий болсон. Тийм болохоор төрийн үйлчилгээг хувьд шилжүүлэх нь зүйтэй юм биш үү?

-Тендер, концессыг нэг талаас хатуу хэлэх юм бол зохион байгуулалттай төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаа тогтолцооны нэг хэлбэр. Хэл ам дагуулдаг ЖДҮ, концесс, тендерийн хулгайгаар төрд очсон хүмүүс баяжих үндсийг нь хуульчлаад өгчихөөр аргагүй шүү дээ. Монголын нийгэмд салбар бүхэнд хулгай нүүрлэсэн.

Төрийн наймаа төсвийн хулгай хавтгайрчихсан. Концесс, тендер зэргээр төрийн наймаа хийж, төсөвт бүтээн байгуулалтуудыг царцаах замаар хөрөнгө хулгайлдаг болсон нь гашуун үнэн. Жишээлбэл, нэг сургуулийн барилгын ажлыг 500 сая төгрөгөөр барихаар төсөвт нь оруулаад шийдчихдэг. Тэрийг зориуд нэг жил дуусгахгүйгээр царцаачихаад, дараагийн жил нь дахиад 500 саяыг нэмж тусгуулаад төсвөөс хумслаад байгаа хэрэг. Үүнд яамдын дэд сайд нар хамгийн сайн оролцдог.

Бялдуучдын хамгийн том албан тушаал бол дэд сайд, газар, хэлтсийн орлогч дарга нар байна. Эдгээр орон тоо Монголын төрд хамгийн хэрэггүй орон тоо. Тэд намдаа үйлчилж, намынхаа эрх ашигт тохируулж шийдвэр гаргуулахын төлөө ажилладаг. Төрийн ажил гэхээсээ илүү намынхаа ажлыг хийгээд байдаг. Хатуухан хэлбэл, Төрийн том тогооноос хулгай хийх гэж очдог албан тушаал гэсэн үг.

-Төрийн алба улс төрийн наймаа болсон. Сонгуульд ажилласан хүмүүсээ урамшуулахын тулд төрд аваачиж тавьдаг жишиг тогтсон. Төрийн өмчийг хувьчилснаар данхар бүтэц багасаж, албан тушаалын наймаа арилна гэж харж байгаа?

-Төрийн зардлыг хэрхэн, яаж хэмнэхээ Ерөнхий сайдад анхааруулж хэлж өгөхгүй бол залуу, туршлагагүй хүн болохоор мэдэхгүй байна. Ажлаа дандаа пиараар хийгээд байгаа нь сүүлийн үеийн арга хэмжээнүүдээс харагдах боллоо. Үүндээ дүгнэлт хийх ёстой болов уу. Хүн алдаж болно. Харин түүнийгээ маш түргэн засаад явах нь чухал. Том, том төсөл хөтөлбөр, макро хэмжээний ажлууд яриад байна. Ний нуугүй хэлэхэд, том тогооноос их хөрөнгө л хусах гээд байгаа хэрэг.

Намайг Төрийн өмчийн хорооны дарга байх үед 140-өөд мянган төрийн албан хаагч байсан. Харин одоо 198 мянган албан хаагчтай болчихоод байна. Ингэж бялдууч нараа ажилд оруулахаар төрөөс хулгай л ихсээд байна гэсэн үг. МАН дөрвөн удаагийн сонгуульд үнэмлэхүй яллаа. Үнэмлэхүй мөртлөө дандаа ойролцоо тоо хэмжээтэй ялалт байгуулаад байгаа нь анхаарал татаж байгаа юм. Ардчилсан нийгэмд нэг улс төрийн хүчин дараалан ялдаг тогтолцоо явагдаж байгаа нь учир шалтгаантай. Энд нэгдүгээрт, хар машины кодын эзэмшил, хугацаа, мөн модемоор зөөж байгаад хамаг учир байна. Луйврын сүлжээ явж байж болзошгүй гэж хардах үндэслэлтэй. Хоёрдугаарт, төрийн албан хаагчдаа, ялангуяа анхан шатанд ажиллаж байгаа хорооны Засаг даргын дор маш олон хүмүүсийг зохион байгуулалттайгаар ажиллуулдаг болсон явдал. Хуучин хэсгийн ахлагч цөөхөн тоотой байсан, одоо маш олууллаа болжээ. Тэд хариуцсан хэсгийнхээ гэр бүл, айл өрхүүдийг бүгдийг нь командлаад хүчээр санал өгүүлчихэж байгаа юм. Нэг хэсгийн ахлагч 200 айл, өрх бүрд нөлөөлж нэг гэр бүл таван ам бүлтэй байлаа гэхэд тэр хэмжээний сонгогчийг татаж байна гэсэн үг. Чамд төрийн үйлчилгээ үзүүлэхгүй, бизнесийг чинь хаана, хүнсний талон олгохгүй гэх зэргээр айлгаж, сүрдүүлж саналыг нь аваад багцалчихаж байгаа юм.

Өмч хувьчлал үүнтэй ялгаагүй. Хулгайн замаар явуулах гээд байна уу, үнэхээр сэтгэл гаргаад хувьчлах гээд байна уу гэдэг нь хоёр өөр асуудал.

-Төрийн өмчит компаниудын дарга нар хэл аманд орж, шалгагдаж, хоригдох нь элбэг. Жишээлбэл, МИАТ байна. Монросцветметийн захирлыг хүртэл барьж хорилоо л гээд байсан. Тэгэхээр таны хувьд зайлшгүй хувьчлах шаардлагатай ямар байгууллагууд байна вэ?

– МИАТ-ийн хувьд хоёр талтай. Төр өөрийн онгоц худалдан авчихаад хувьчлах нь эргэлзээтэй л байна. Тухайн үед Шинэчлэлийн Засгийн газрын зоригтой хийсэн ажил бол Монгол Улс өөрийн онгоцтой болсон явдал. Аливаа хувьчлал хийхдээ сайн л тооцоо, судалгаа, үндэслэл гаргаж байж хийх хэрэгтэй.

Нэн түрүүн хувьчлах шаардлагатай төрийн өмч гэвэл яамдуудын дэргэдэх хөгжлийн төв, аж ахуйн байгууллагууд. Эдгээр байгууллага олон байх тусам төрийн хулгай хөгжиж байна гэсэн үг. Мөн автобус компаниуд байна. Өөрөөр хэлбэл, төрд дарамт болж байгаа зарим төрийн өмчит компаниудыг хувьчилна уу гэхээс биш бэлэн байгаа нийгмийн хариуцлага хүлээж байгаа компаниудыг хувьчлах нь өнөөгийн хувьд шаардлагагүй.

-Тухайлбал?

-Эрчим хүчний компаниудыг яаралтай хувьчлах ёстой гээд байна. Цаг нь болоогүй ээ.

Тиймээс зайлшгүй эрчим хүч, цахилгаан холбоо зэрэг төрийн өмчүүдээ хувьчлах гэж яараад хэрэггүй. Норвеги Улс зэрэг европын улсууд цахилгаан холбоогоо хувьчилчихаад төр нь 2013 онд буцаагаад худалдаж авсан түүх саяхных. Үндэсний тусгаар тогтнол, стратегийн ач холбогдолтой үйлдвэрээ хувьчлахдаа тун болгоомжтой хандах ёстой. Бензин шатахууны төрийн өмчит компаниудаа хувьчилчихаад одоо тэднийхээ аманд уначихаад байна шүү дээ. Тэгэхээр стратегийн ач холбогдолтой үйлдвэрүүдээ хувьчлах цаг нь болоогүй. Аливаа зүйлд цаг хугацаа их нөлөөтэй.

Төр зарим үед ард түмнийхээ төлөө өөрөө алдагдал хүлээдэг нь улс орнуудад явагддаг хэвийн үзэгдэл. Энэ бол нийгмийн хариуцлагаа үүрээд явж байгаа асуудал. Ингэж байж ард түмнээ дулаан, цахилгаан, усны болон зарим үйлчилгээгээр тасралтгүй хангаж, улмаар үнийн асуудалгүй авч явж байна гэсэн үг.

-Төрийн өмчит компаниудаас хамгийн ашигтай ажиллаж байгаа тод жишээ бол “Эрдэнэт” үйлдвэр байна. Ер нь 49 хувийг төр авсанд та ямар бодолтой байдаг вэ?

-“Эрдэнэт” үйлдвэр яах аргагүй ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит компани. Энэхүү үйлдвэр нийгмийн хариуцлагаа хүлээж бүхэл бүтэн Эрдэнэт хотын нийгэм, эдийн засгийг бүрэн хариуцаад явж байна шүү дээ. “Эрдэнэт” үйлдвэрийг зөв менежмэнтээр удирдаж авч явбал ногдол ашиг нь нэг их наяд, хоёр их наядаар яригдана. Энд маш их шахааны бизнес явагддаг. Дандаа эрх мэдэлтэй хүмүүсийн бизнес эргэлдэнэ. Миний хувьд Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа заримаас нь зогсоож байсныг Монголын ард иргэд санаж л байгаа байх. Тусгай гэрээг зогсоосон. Мөн Ган бөмбөлгийн бэлдэцийг дотооддоо хийлгэж, “Белаз” том оврын хүнд машин механизмын дугуйг хямд авах, боломжийг нээн өгч, үхмэл хөрөнгийг зогсоож байлаа. Ган бөмбөлгийг хоёр хөршөөс арав, арван мянган тонноор авдаг байсан. Төрийн иймэрхүү наймаа явагддаг тогтолцоо бий болсон байсан. Хажууд нь байгаа Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт бэлдэцээ хийлгэх, нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээг төрийн өмчит компаниуд бие биеэ дэмжиж шууд байгуулж тэндээс сайн чанартай бүтээгдэхүүн нийлүүлж чадах юм бол тэрхүү хамтын гэрээ, ганцхан энэ бизнесээс нэг жилдээ дөрвөн сая ам.долларыг улсын төсөвт оруулаад байх байсан юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 120 сая ам.долларыг нэг худалдан авалтаас гадагшаа алдчихаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн энэ мэт худалдан авалтыг зогсоох юм бол улам ашигтай ажиллах боломж байсаар байна. Одоогийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн бол тэнд юм хийхгүй хүн. Хулгайг л хөгжүүлж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний тухай олон нийтлэлүүд бичигдэж байгаагаар харагдаж байна.

Энд зоригтой сайн менежер, өөрийн бодолтой, дарга нартаа “үгүй” гэж хэлж чадах хүнийг л тавих ёстой. Иймэрхүү байдал улс төрийн аль, аль намд нь дутаад байгаа юм. Төрийн дээд удирдлагууд, тухайлбал Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нар зөв, сайн менежерүүдийг томоохон стратегийн ач холбогдолтой компаниудад тавихгүй, харин өөртөө долигоносон бялдууч улсуудыг тавиад байгаа нь хувийн эрх ашгаа өндөрт тавьж байгаагийн илрэл. Тэр бялдууч нар нь даргадаа долигонож бизнесийг нь хийж өгөөд байна шүү дээ. Энэ мэтээс болж төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажиллаад байна.

-Ашигтай ажиллаж байсан төрийн өмчийг үнэгүйдүүлж, хулгайн замаар хувьчлал явуулдаг гэж та дээр хэллээ. Тэгэхээр ийм жишээ гэвэл алийг нэрлэх вэ?

-“Оргил” рашаан сувилал ашигтай ажиллаж байхад нь хямд үнээр хувьчилчихсан. Тэдгээр хүмүүст газар нь чухал байсан байх. Менежмэнт нь сайн яваа аж ахуйн нэгжийг хувьчилмаар байгаа бол өндөр үнээр үнэлэх ёстой.

-Төр муу менежер, дандаа алдагдалтай ажилладаг гээд л чичлүүлдэг. Харин та албаар ийм яриа гаргаж, төрийн өмчийг хувьдаа завшдаг гэх гээд байна уу?

-“Төр муу менежер” гэдэг бол төрөөс хулгай хийх гэсэн цэцэн үг. Өөрөөр хэлбэл, пиар шүү дээ. Тэгэнгүүт төр муу менежер байна, хоноцын сэтгэлээр хандаж байна гээд хувьчлах тал руугаа ордог. Миний хувьд “төр сайн менежер” байх ёстой. Албаар муу менежер болгоод байгааг эсэргүүцдэг хүн л дээ. Өмч хувьчлалыг амаар донгодож ярьдаг зүйл биш.

-Таны үед өмч хувьчлал хэрхэн явагдаж байв?

-Намайг 2013 онд Төрийн өмчийн хороог хүлээж авахад төрийн өмчит компаниуд нийт 64 тэрбум төгрөгийн өртэй байсан. Энэ өрийг 2013 онд 15 хувь, 2014 онд 17 хувь бууруулсан. Төрийн өмчит компаниуд аливаа шүүх дээр очоод дандаа ялагддаг уламжлал тогтсон байсан. Шалтгаан нь тухайн компаниуд сайн хуулийн баггүй болоод ялагддаг байв. Ингээд заавал төрийн өмчит компани хуулийн сайн багтай болох шаардлага тавиад ирэнгүүт ялж эхэлсэн. Хуучин үеийн компанийн захирлууд зориуд ялагддаг байхгүй юу.

Дээрх зохицуулалтаар төрийн өмчийн компаниуд ашигтай ажиллаж эхэлсэн түүхтэй. Надтай хамтарч ажиллаж байсан төрийн өмчит компанийн захирлууд сайн мэдэж байгаа даа. Миний үед ганцхан дуудлага худалдаа болсон. Тэр нь Тагнуулын ерөнхий гарын шинэ барилгыг 11 тэрбум төгрөгөөр хувьчилж байлаа. Хүмүүсээ ямар нэгэн хэлбэрээр оролцох юм бол хариуцлага тооцно шүү гэж анхааруулсан учраас дунд нь ямар нэг зуучлал явагдаагүй юм даа.

-Өмч хувьчлалтай холбоотой олон улсын туршлагаас сонирхуулахгүй юу?

-Франц улс 1825 онд өмчөө тоолж, 1960 онд төрийн өмчүүдээ хувьчилсан байдаг. Франц Улс тэрхүү өмч хувьчлалын алдаа оноондоо зарчмын дүгнэлт хийж, ер нь төрийн өмчийг бүгдийг нь хувьчлах нь буруу юм байна гэж үзээд аливаа улс оронд төрийн өмч, хувийн өмчийн зохистой харьцаа байх нь зөв юм байна гэсэн ойлголт төрсөн учраас 2013 оноос зарим улс орнуудын төрийн өмчийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй өмч хувьчлалын асуудлаар чуулга уулзалт хийж, харилцан ярилцах, хэлэлцэж байх боломжийг бүрдүүлж ирсэн байдаг.

Түүнд анх удаа Монгол Улсын Төрийн өмчийн хороо оролцсон юмдаг. Одоо энэ уулзалтад Монгол Улс оролцохоо больсонд харамсаж явдаг даа.

Иймд Монголын төр яарч, улсын төсөвт мөнгө төвлөрүүлэх нэрийдлээр олноор нь бөөндөх бодлогоор хувьчлах төрийн ээлжит алдаатай бодлого явуулах вий гэдэгт эмзэглэж явдгаа нуух юун. Онцгой анхаарах ёстой асуудал. Тэгэхээр манай улс өмч хувьчлалыг тун болгоомжтой явуулах хэрэгтэй (1990 оны зах зээлийн харилцаанд шилжиж байгаа үе биш шүү дээ) гэдгийг дахин хэлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *