Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.
-Та сая Японд айлчлаад ирлээ. Айлчлалын үеэр хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагааны талаар нэлээд яриа өрнөсөн бололтой. Ямар ахиц дэвшил гарав?
-Энэ сарын 21-25-нд Гадаад харилцааны сайдын хувиар Япон Улсад албан ёсны айлчлал хийлээ. Япон Улс манай “гуравдагч хөрш”, стратегийн түнш орон. Энэ удаагийн айлчлал Япон Улстай тогтоосон улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлж, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг тэлэх чиглэлд идэвхтэй яриа хэлэлцээ өрнүүлсэн айлчлал боллоо. Стратегийн түншийн харилцаатай улс орнуудын хувьд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа төдийгүй олон улс, бүс нутгийн өргөн хүрээтэй асуудлуудаар японы талтай санал солилцлоо.
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, худалдааг өсгөх, чингэхдээ манай экспортын бараа бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах талаар Японы Засгийн газар, худалдаа, хөрөнгө оруулалтын байгууллагуудтай нэлээд нухацтай ярилцлаа. Мөн манай ЖДҮ-үүдийг дэмжих, хоёр улсын ЖДҮ-үүдийг холбох, зөвхөн манай ЖДҮ-үүд төдийгүй бидэнтэй хамтран ажиллаж буй Японы ЖДҮ-үүдийг Монголоос бараа, үйлчилгээ худалдан авахад нь дэмжих зэргээр хамтын ажиллагааны шинэлэг хэлбэрүүдийг эрэлхийлэх санал тавьсан.
Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Конотой албан ёсны хэлэлцээ хийж, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Х.Сэкотой уулзсан. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК)-ны Гүйцэтгэх захирал, Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэд ерөнхийлөгч нартай уулзсан. Эдгээр уулзалтаар дээрх саналуудыг японы тал дэмжиж, тодорхой, бүтээлч хариу саналууд дэвшүүллээ. Тухайлбал, ЖАЙКА байгууллага Монгол, Японы хүний нөөцийг хөгжүүлэх төвөөр дамжуулж хоёр улсын бизнес эрхлэгчид, тэр дотроо ЖДҮ-үүдийг холбох тал дээр туслахаа илэрхийлсэн бол Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхим бараа бүтээгдэхүүний хамтарсан үзэсгэлэн, яармаг зохион байгуулах, гарал үүслийн гэрчилгээг шуурхай гаргах зэргээр манай саналуудад анхаарал тавьж ажиллахаа илэрхийлсэн. Мөн Гадаад хэргийн сайд Т.Конотой хийсэн хэлэлцээний үеэр ЖАЙКА байгууллагын шугамаар энэ оны дөрөвдүгээр сараас Монголын хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөгийн сүлжээг бий болгох Мастер төлөвлөгөө боловсруулахаар шийдвэрлэснээ японы тал мэдэгдлээ. Бид айлчлалын үеэр “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай иенийн зээлийн төсөл”-ийн III ээлжийг хэрэгжүүлэх санал тавьсан. Мөн Японы туршлагаас суралцах зорилгоор Японы ахмад зөвлөхүүдийг Монголын бизнес, хувийн хэвшлийнхэн олноор нь авч ажиллуулах практикийг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах саналыг айлын талд тавьлаа.
-Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулаад хэрэгжүүлж байна. Үр өгөөж нь ямар байна вэ. Манайхаас хичнээн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дээр тарифын хөнгөлөлт авсан бэ?
-Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Хэлэлцээрээр японы тал манай 9300 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг импортын гаалийн тарифаас шууд болон үе шаттайгаар чөлөөлсөн. Үүнд, Япон Улс манай экспортын 8004 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гаалийн татвараас шууд чөлөөлөөд байна.
Япон Улсаас импортоор орж ирж буй гол нэрийн бүтээгдэхүүнийг суудлын автомашин, уул уурхайн тоног төхөөрөмж эзэлж байгаа бол манай талаас мал амьтны нарийн ширхэгт сэмэлсэн үс, ноосон даавуу, сүлжмэл болон ХАА-н гаралтай жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт зонхилж байгаа. Худалдаа нэмэгдэж байгаа хэдий ч манай экспорт санасан хэмжээнд хүрч өсөхгүй байна. Энэ ч үүднээс би айлчлалынхаа үеэр энэ асуудлыг онцгойлон хөндөж, Монгол, Японы бизнес уулзалтад оролцсон Японы 200 гаруй хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчээр дамжуулан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр шимийг хамтдаа хүртэхийг япончуудад уриалсан юм.
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг дээшлүүлэхэд хоёр улсын Засгийн газар илүү анхаарч ажиллах шаардлагатай. Би Японы Гадаад харилцааны яам болон Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яаманд хандаж Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Хамтарсан хороог шуурхай хуралдуулах санал тавьж, нааштай хариу авлаа. Хэлэлцэж тохирсон асуудлуудаа ажил хэрэг болгох чиглэлээр илүү идэвхтэй ажиллах шаардлага бий. Манайхаас бараа, үйлчилгээ худалдаж авах Японы ЖДҮ-дээ Япон Улсын Засгийн газар тусгайлсан бодлого явуулж дэмжих санал тавьсан.
-Та айлчлалынхаа үеэр Японы Олимпийн сайдтай уулзсан байна лээ. 2020 оны Токиогийн олимпийн үеэр хоёр тал хэрхэн хамтран ажиллах вэ?
-Соёл, спортын хамтын ажиллагаа хоёр орны ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэх нэгэн чухал суваг юм. Айлчлалынхаа хүрээнд Японд ажиллаж буй долоон Соёлын элчтэй уулзаж, цаашдын төлөвлөж буй ажлынх нь талаар санал солилцлоо. Мөн Токиогийн олимп, Паралимпийн асуудал эрхэлсэн сайд Ш.Сүзүкитэй уулзаж, 2020 оны Токиогийн олимп, Паралимпийн үеэр хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа. Япон Улс 2020 оны Олимпийн наадмыг зохион байгуулахтай холбогдуулан “Хүлээн авагч хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн үндсэн зорилго нь олимпийн наадамд оролцох баг тамирчдыг бэлтгэл сургуулилт хийхэд нь дэмжлэг үзүүлэх, улс эх орноо сурталчлах боломжийг нээж өгөх явдал юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд жүдо бөх, туялзуур сэлэм, бокс, чөлөөт бөх, буудлага, байт харваа зэрэг спортын төрөлд манай баг тамирчид Япон Улсын 14 хотод бэлтгэл, дасгал сургуулилтаа эхлүүлээд байна. “Хүлээн авагч хот” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахын сацуу Монгол орныг таниулах, нэн ялангуяа манай бараа бүтээгдэхүүнийг сурталчлах тал дээр хамтран ажиллах боломж байгаа талаар ярилцсан. Токиогийн олимпийн наадмын үеэр зохион байгуулагч улсаас нэлээдгүй дэмжлэг авч болох нь ээ гэж ойлгож болно.
-Манай улс БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Та хоёрдугаар сарын эхээр БНАСАУ-д айлчилсан. Энэ үеэр яригдсан гол асуудлууд юу байв?
-Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-гийн урилгаар хоёрдугаар сарын 3-5-нд БНАСАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам, Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв хорооны орлогч дарга, Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ён нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той албан ёсны хэлэлцээр хийсэн.
Энэ онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Уламжлалт, найрамдалт энэхүү харилцааны ойг тэмдэглэж өнгөрүүлэх нь зүйн хэрэг юм. Манай хоёр улсын хамтын ажиллагаа соёл, урлаг, спортын салбарын хүрээнд чамлалтгүй хөгжиж байна. Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн улс байх байр сууриа тууштай баримтлан Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтооход өөрийн хувь нэмрийг оруулах ёстой хэмээн үздэг. Нөгөөтэйгүүр, Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоол шийдвэрүүдийг дагаж мөрдөх үүрэгтэй. Цаашид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчихгүйгээр хамтын ажиллагаагаа хөгжүүлье гэж ярилцаж байгаа. БНАСАУ манай Зүүн хойд Азийн Аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлцээ” санаачилгыг дэмжиж байгаагаа мөн энэ айлчлалын үеэр илэрхийлсэн.
-Таныг Японд айлчилж байх үеэр бүс нутаг, Солонгосын хойгийн асуудал яригдсан уу?
-Монгол, Японы хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны сацуу олон улс, бүс нутгийн асуудлуудаар японы талтай санал солилцсон. Монгол Улс Зүүн хойд Азид оршдог. Солонгосын хойгийн асуудал нь эл бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд шууд хамаатай тул айлчлалуудын үеэр энэ сэдэв хөндөгддөг. НҮБ-ын холбогдох тогтоолуудыг хэрэгжүүлэх асуудал энэ удаа бас яригдсан. Олон улсын хамтын нийгэмлэг эдгээр тогтоолыг заавал хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Бид зөвхөн Япон Улстай төдийгүй бусад улс орнуудтай, түүний дотор БНАСАУ-тай ч энэ талаар ярьж байгаа, айлчлалын үеэр ч яригдсан. Эл асуудалд хариуцлагагүй хандах нь эргээд Монгол Улс олон улсын хоригт өртөх эрсдэлийг дагуулна. Өнөөдөр манай орны эдийн засгийн нөхцөл байдал ямар байгааг бид мэдэж байгаа. Ийм цаг үед бид гадаад бодлого, харилцаандаа ихээхэн анхааралтай, мэдрэмжтэй хандах шаардлагатай бөгөөд манай гадаад таатай орчинд ямарваа нэгэн саад тотгор учрах ёсгүй юм.
-Та жүдогийн хар бүс авсан гэл үү. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?
-Тийм ээ. Хувь хүний хувьд надад дурсамжтай үйл явдал болсон. Жүдо бол социализмын үед буюу манай хоёр улс нийгмийн өөр тогтолцоотой үед ЗХУ-аар дамжин орж ирсэн спорт юм. Энэхүү спорт хүйтэн дайны төмөр хөшгийг ч нэвтлэн орж, манай хоёр ард түмнийг танилцан ойртож, нөхөрлөхөд дэм болж ирсэн. Би бага байхдаа Кодокан ордонд очиж үзэх юмсан гэж мөрөөддөг, магадгүй энэ нь үлгэр домогт гардаг ордон юм болов уу гэж хүртэл боддог байсан. Кодоканд зочлон жүдогийн дүрэм журам, нарийн дэг жаягаар нь шалгалт өгч, тэнцсэндээ баяртай байна. Айлчлалын үеэр ийнхүү Кодоканы ордонд очсон маань Монголын ард түмэн Японы ард түмэн, гайхамшигт соёлыг хэлбэр төдий бус жинхэнэ сэтгэлээр хүндэлж байдгийн илэрхийлэл юм.