Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар: Хөрөнгө оруулагчид жижиг албан тушаалтнуудын далд дарамтад нүд үзүүрлэгдээд байвал хууль өөрчилсний үр дүн гарахгүй

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.

 -Та
ойрд гадагшаа яваад завгүй байх шиг байна. Ямар ажил амжуулж явна даа?

-Багагүй л ажилтай байна. Гадагш ойр ойр явах хэрэг гарах л юм. Суусан
цэцэн хоолгүй үлдэж, явсан нохой яс зуудаг гэдэг дээ. Тэгэхээр гадаадын хөрөнгө
оруулалт хомсдсоор буй энэ үед хөдөлж суухгүй бол бизнес урагшлуулах нь амаргүй
болж. Төрөл бүрийн бизнесүүдэд зөвлөгөө өгч, хөрөнгө босгоход нь тусалж байна. Технологийн
чиглэлийн, ялангуяа, цэвэр технологийн чиглэлийн бизнесүүд байвал дуртайяа хамтран
ажиллахыг эрмэлзэж байна. 

-Гадаадын
хөрөнгө оруулагчдыг татахын тулд яах ёстой вэ. Намрын чуулганаар хэд хэдэн хууль
баталж, хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлсэн. Гэвч манайхыг
чиглэх хөрөнгө оруулагчдын урсгал зогсонги хэвээр байна. Гацаа нь юунд байна вэ?

-Бүх нийтийг хамарсан хийрхлээсээ салах хэрэгтэй. Одоо нүүр засал
хийгээд гадны хөрөнгө оруулагчдыг хуурах боломжгүй. Бид нэг л зүйлийг ойлгож газардангүй
зөв сэтгэлгээтэй болох ёстой. 70-80 их наяд ам.долларын дэлхийн эдийн засгийн дэргэд
10 тэрбум ам.долларын эдийн засагтай бид 7-8 мянга дахин жижиг тоглогч юм. Дэлхийн
бүх өнцөгт мөнгө, мэдлэг, технологи хэрэгтэй. Эдгээрийг эзэмшигч хөрөнгө оруулагчид
сонголтоо хийнэ, бид биш. Эдний төлөө Америк, Хятад хоёр өрсөлдөөд байгаа юм шүү
дээ. Гэтэл бид тэдгээрийг нүд үзүүрлэж хөөх гээд байдаг. Манай эдийн засаг хөрөнгө
оруулагчдын нүдэнд өртөхөө байчихад тэд анзаарах ч үгүй, биднээр дутах ч үгүй. Харин
манайд хөрөнгө оруулалт зогсчихвол бид мөнгө, мэдлэг, технологийн шууд хомсдолд
орно. Бид өөрийн шөлөндөө л буцалж агшина. Тэгэхээр эндээс хэн нь хэндээ хэрэгтэй
байгаад байна вэ гэдэг асуулт ургана. Ганц хоёр хуулиа өөрчилсөн ч гадны хүмүүс
нь төрийн захиргааны бүх түвшинд жижиг албан тушаалтнуудын далд дарамтыг амсаж,
гудамжинд нь нүд үзүүрлэгдээд байвал хууль өөрчилсний үр дүн гарахгүй.

Гэхдээ нэг зүйлийг энд хэлмээр байна. Би гадныхны өмнө нялганаж,
бөхөлз гээгүй. Тэд буруу авирлаж байвал ажил хэрэгчээр түүнийг таслан зогсоож, арга
хэмжээ авч байх хэрэгтэй. Хууль хяналтын байгууллагууд нь шударга, цэгц, мэргэжлийн
түвшинд тэдгээртэй хандаж байх нь чухал. Манай төрийнхний зүгээс тавьж буй шаардлагууд
нь хэдэн төгрөг айлгаж салгах зорилготой биш, харин үндэслэлтэй, шударга ёсонд нийцсэн
байвал байдал их өөр байна. Түүнээс нэг асуудлыг ярих гэж даяан дэлхийгээр хар
PR цацаж, ард түмнээрээ нийлэн үзэн ядах уур амьсгалыг бүрдүүлчихээд тэднийг Монгол
руу татна гээд байхаар чинь утга, авцалдаа байхгүй болчихоод байгаа биз дээ.

Гадаад бодлогын салбарт олон жил ажилласан хүний хувьд нэг зүйлийг
хэлэхэд шударга, сайн боловсруулсан үндэслэлтэй шаардлагыг мэргэжлийн түвшинд тавихад
гадныхан нэг их хэдэрлээд байдаггүй л юм даа.

-Улс
орны эдийн засаг хүндэрлээ гэж МАН-аас салбарын сайд нарыг огцруулахыг шаардаад
байгаа. Таны хувьд сайд огцорсноор эдийн засаг сэргэнэ гэж бодож байна уу?

-Бид чинь сөрөг хүчин юм чинь болохгүй байгаа зүйлсийг онцолж сануулж
байх л үүрэгтэй. Тэр үүднээсээ эдийн засаг чинь болохгүй байна гэдэг цочроог сайд
нарынх нь албан тушаалтай зууралдаж өгөхөөс өөр аргагүй. Харин эндээс цочроо аваад
цааш шаардлагатай байгаа цогц арга хэмжээг урт хугацаанд тогтвортойгоор авч явуулбал
сайдыг огцруулах нэг алхам үр дүнд хөтлөх эхлэл болж болно. Түүнээс “за, унагахыг
хүсээд буй хүнийг нь унагаад өглөө, одоо боллоо” гээд цааш өөр арга хэмжээ авахгүй
юм бол, үнэхээр сайдыг унагаснаар юу ч өөрчлөгдөхгүй. Өөрөөр хэлбэл сөрөг хүчин
чадахаа л хийж байгаа юм. Харин үр дүн гарах эсэх нь эрх баригчид манай эл үйлдлээс
ямар сургамж авахаас л шалтгаална.   

Яг үнэнийг хэлэхэд эрх баригчдын хувьд өнөөдөр анхаарах зүйл бол
бид улс үндэстнээрээ аливаа асуудалд хүлээцтэй, эрүүл, тооцоо судалгаан дээр тулгуурлан
ханддаг болсон цагт л хөгжлийн салхи бидэн рүү буцаж эргэнэ. Хийрхэж, хөөрч, харанхуй
цээжээ дэлдэж байгаа цагт нэг хоёр сайд солигдлоо гээд эдийн засаг сайжрахгүй. Одоо
хийрхэх өвчин бүх нийтийнх болсон. Нэг хүнээр туг тахилаа гээд “халдвар” татрахгүй.
Бусад буруу зөв болохгүй. Харин хүн бүр дор дороо хичээж, монгол хүний уужуу саруул
ухаанаар юманд хандаж эхэлвэл сая эдийн засагчдын санал болгоод байгаа бодлогууд
аажмаар хэрэгжиж эхэлнэ. Буруу зүйлс нь олширчихсон ийм үед ганц таталтаар бүхнийг
цэгцэлнэ гэж байхгүй. Өргөс авчихсан юм шиг эдгэдэг босгыг бид аль хэдийнээ давчихсан.
Сүгсэлзүүр, харанхуй сайд нар байгаад байгаа бол тэд ард түмэн бидний толинд туссан
тусгал л гэж хүлээн авах хэрэгтэй.

-“Эдийн
засгийг идэвхжүүлэх 100” хоног хөтөлбөрийн тоолуур гүйснээс хойш талдаа орж байна.
Энэ хөтөлбөрийн хэрэгжилт болоод үр дүнгийн талаар ямар төсөөлөлтэй байна вэ?

-Ганц далайлтаар бүхнийг шийдэх боломжгүй байдалд бид нэгэнт орсон
гэж өөрийн бодлыг дээр хэлсэн. 100 хоног байтугай 100 долоо хоногт ч асуудал шийдэгдчихгүй.
Ийм юм сэдээд яриад байгаа чинь бид нөгөө хийрхэх өвчиндөө л дарлагдаад байгаагийн
шинж юм даа.

Тэгэхээр ийм дэмий юмны талаар санал бодлоо хэлж цаг алдмааргүй байна.
Гэхдээ үүний хор уршгийг харин бодолцох хэрэгтэй. 100 хоног гэсэн хугацаа заангуут
зах зээл өөрийн эрхгүй үүнийг ажиглаж эхэлнэ. Мэдээж үр дүнгээ өгөхгүй. Тэгэхээр
“За, энэ засгийн хүчин чармайлт үр дүн өгөхгүй нь байна” гэдэг дохио хөрөнгө оруулагч,
бизнесүүдийн санаанд бууна. Энэ нь эдийн засгийн өсөлтийн амин судас болсон итгэлийг
унагана. Тэгээд агшилт эрчимжинэ. Тэгэхээр ийм эгзэгтэй үед хариуцлагатай албаны
улсууд юу ярьж, санаачлахаа бодож байх хэрэгтэй. Одоо нэг алдаа хоёр алхам ухраасаар
байх болно гэдгийг л мартаж болохгүй.

-Манай
улс энэ байдлаараа явбал Украйн шиг болоход ойрхон байна гэж гишүүд чуулганы танхимаас
хэдэнтээ дуугарсан. Та судлаач хүний хувьд Украйнд өрнөж буй үйл явдлыг бүхэлд нь
хэрхэн ажиглаж байна вэ?

-Украинд болж байгаа бусад завхрал, дотоод эвдрэл бол манайхаас хол
ялгаатай биш. Иймээс энд өрнөж буй үйл явдлуудаас сургамж авах нь зөв. Бусдын алдааг
давтахгүй байвал ухаалаг л байна гэсэн үг.

Украинд өрнөж буй үйл явдлуудыг дүгнэхдээ нэг зүйлийг анхаарах нь
зөв болов уу. Түүх, улс төрийн соёл ойролцоо улс орнуудад ижил үйл явдлууд адилхан
үр дагавар дагуулах магадлалтай. Тэгэхээр манайд болон Украинд өрнөж буй үйл явдлууд
ойролцоо. Харин аз болоход үр дагаврууд нь өөр өөр байгаад байгаа. Үүнийг бодолцож
урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байхгүй бол үр дагавраараа ижилсэж болзошгүй.
Тэгвэл аюултай.

Ер нь Монгол Украин ямар төсөрхүү байх магадлалтайг нэг л жишээн
дээр хэлье. Украины Ерөнхийлөгч Кучма бүрэн эрхийнхээ хугацааг дуусахын өмнөхөн
Монголд айлчилсан.

 

Айлчлалын үеэр манай Үндсэн хуулийн тогтолцоог сонирхож, Ерөнхийлөгчөөс
зарим ачааллыг авч Ерөнхий сайддаа өгөх нь эрх мэдлийн зөв хуваарилалт юм байна
гэж дүгнэж байсан. Тэднийх ерөнхийлөгчийн, манайх парламентын засаглалтайг тэрээр
мэдээгүй байх учиргүй. Тэгэхээр энэ ялгааг мэдэж байсан ч эрх мэдлийг задлах нь
зөв гэж дүгнэсэн юм болов уу гэж би боддог. Ингээд Ерөнхийлөгч Юшенког гарч ирэхэд
Украины Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдэж, харьцангуй хараат бус өөрчлөлтүүд орсон
байсан. Үүнээс хойш Юшенко, Тимошенкогийн тэмцэл дуусашгүй байдалд орж, яг манай
парламентад өрнөдөг талцал, “савангийн дуурь” өдөр тутмын шинжтэй болсон. Үүнээс
улбаатай тэмцэл даамжирсаар өнөөгийн байдалд хүргээд
байгаа. Социализмын үед нэг нь тусгаар тогтносон нөгөөх нь өөр орны бүрэлдэхүүнд
байсан ч гэсэн 90-ээд онд шинэ тогтолцоо руу хөдөлсөн гарааны нийгэм, улс төрийн
нөхцөлүүд их төсөрхүү тул болж буй түүхэн үйл явцууд далд холбоотой байгааг анхаарах
хэрэгтэй. Иймд манайд өрнөж буй талцал, олигархиудын төр хэмээх хурц үзүүртэй жадыг
барьсан мөнгө, нөлөөлөл, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнийг зогсоохгүй бол үр дагавар
ойролцоо л гарна.

Бас өөр нэг сургамж байна. Жижиг
улс том хөрштэйгээ мартахгүй байх. Ухаанаар ярихаас бяраар ярих гээд барахгүй гэдгээ
бодолцох. Тиймээс хэт үндэсэрхэг, “хэт эх орончдоосоо” өөр бодлого, бодолтойгоо
төр илэрхийлж байх хэрэгтэй. Нэгэнт эрх чөлөөг эрхэмлэж байгаа юм бол тэд үзэл бодлоо
илэрхийлнэ л биз, харин төр бас эрх чөлөөгөө эдэлж өөрийн өөр, XXI зуунд нийцсэн
үзэл бодлоо тунхаглаж л байх хэрэгтэй. Тэгэхгүй бол халдаагүй, хээрийн сургууль
хийхэд л хамаг байдгаа тавиад туучихдагийг бид харлаа шүү дээ. Ер нь бол өөрсдийнхөө
сулыг хүнээр дохиулан байж яс махан дээрээ гарцаагүй мэдрэх хэрэггүй ш дээ. Эвийг
нь олоод амьдарвал ихийг бүтээдэг ертөнцөд бид амьдарч байна. Сингапур, Австри,
Швейцарь, Монако гээд олон орон нэр хүндтэй, хэлсэн үг байр суур нь жинтэй байж
болоод л байгаа юм даа. Манайх ч хаа очиход тийм бодлоготой явж ирсэн шүү. Үүнийгээ
лавшруулахгүй бол алдах ч тун амархан.   

-Манай улс хоёр хөрштэйгээ харилцаагаа шинэ шатанд ахиулж,
найрсаг уулзалт, албан айлчлалууд ч ойр ойрхон боллоо. Монгол Улсын гадаад харилцаа
ямар түвшинд байна гэж хэлэх вэ?

-Сүүлийн 20 жилийн түүхтэйгээ харьцуулбал нилээд салхилах янзтай
болсон байсан нь үнэн. Одоо буцаагаад Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан хэлбэрт
авчрах гэж оролдож байгаа нь зөв. Тэнд харилцах хэмжээ, зайг нь заагаад өгсөн байгаа.
Түүнийгээ л бариад ажиллахад алзахгүй.

Манай гадаад харилцаа уг нь их дажгүй шүү дээ. Харин сүүлийн үед
дипломатуудынхаа дуу хоолойг сонсохгүй байх шиг байна. Уг нь гадаад бодлого дээр
мэргэжлийнхээ хүмүүсийн дууг хоолойг гололгүй сонсож л байх хэрэгтэй юм даа.

-Сүүлийн
үед хоёр хөрштэй холбоотой асуудлаар хүмүүс их дуугарах боллоо. Хэрэв Орос Хятадын
харилцаа сайжирч, бат бэх болбол манай улсын тусгаар тогтнолд халтай ч гэх шиг.
Энэ талаар дипломатууд ч тоймтой мэдээлэл өгдөггүй. Ер нь бид яаж хандах ёстой юм
бэ?

-Юу гэмээр юм бэ дээ. Ийнхүү яриад буй нь бид асуудлыг өөрөөсөө огт
томдсон онцгоос хараад байгааг илэрхийлээд байгаа юм. Энэ хоёр орон сайндах муудахаа
биднээс асуухгүй. Тэгэхээр манайд ашиггүй байлаа гээд яах вэ. Бид яаж ч чадахгүй
биз дээ. Иймд ашиггүй байлаа гээд үүнийг бид өөрчилж чадахгүйгээс хойш асуудалд
огт өөр өнцгөөс хандах хэрэгтэй биз дээ. Нар гарах, бороо ороход бид ашигтай ашиггүй
талаас харалгүй, харин түүндээ зохицдог шиг, бид дэлхийн улс төр, эдийн засгийн
нөхцөл байдал өөрчлөгдөхөд түүнд дасан зохицож, өөрийн байр суурийг ашигтай өнцөг
рүү нь эргүүлж байх учиртай.

Манай хоёр том хөрш сайндсаны дүнд л бид чинь Орос, Хятадын хооронд
наймаа өрнүүлж, эхний хуримтлалаа бий болгосон. Бид ч аль нэг талыг барих ацан шалаанд
орохгүй амар жимэр байгаа. Иймээс хэт хардах сэтгэлгээгээ орхиж урьд урьдах ажлаа
хийцгээдэг баймаар байна. Тэгэхгүй бол ГХЯ, БХЯ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,
тагнуул зэрэг байгууллагууд дуугүй байхад л урдуур нь орж ирж аюулгүй байдлын талаар
ам булаалдан ярьдаг болсон нь харин аюул дагуулаад байх шиг санагддаг.

-Танай
намын амьдрал руу яриагаа чиглүүлье. МАН сөрөг хүчин шиг ажиллаж чадахгүй байна.
Уг нь эрх баригчдад ташуур болох ёстой атал аливаа үйл явдлыг хэт дэвэргэж, хов
живээр жийргэлж, ажил хийхэд саад боллоо гэж эрх баригчид үзэх юм. Үүнтэй та санал
нийлэх үү?

-Санал нийлэхгүй. Эрх баригчид сөрөг хүчин байхдаа адилхан л өчүүхэн
гэхгүй бүх зүйлийг барьж шүүмжилдэг байсан. Бүр зөв юмыг ч улаан цайм буруу гэдэг
л байсан. Гэхдээ эд нар тэгдэг байсан гээд яг түүнийг нь дуурайгаад байвал явуургүй,
тулхгүй зүйл л дээ. Манайх хамгийн төгс сөрөг хүчин байж чадахгүй байгаа нь үнэн.
Гэхдээ буруутай нь эвлэрэх хүсэлгүй байгаа нь чухал. Бид одоо байгаагаасаа дээр
сөрөг хүчин байхын тулд өөрсдөө хүний итгэл даахуйц байдал руу шинэчлэлээ хийх хэрэгтэй.
Нэгэнт хүмүүсийн итгэлийг алдсан аргаараа, бахь байдгаараа зүтгээд байвал итгэлийг
буцааж олж чадахгүй л дээ.

-МАН-ын
гадаад харилцаа гишүүдэд болон олон нийтэд ил тод биш байна гэдэг. Танай нам гадаад
харилцаагаа өргөжүүлэн тэлэхийн тулд ямар ажил хийж байна. Намдаа хөрөнгө босгох
ажлыг хэр зохион байгуулж байгаа вэ?

-Миний л мэдэхээр манай гадаад харилцаа лав далд биш. Юуг нь ил болгох
гэсэн юм бол. Харин манай намын шийдвэрүүд, дотоод улс төр бол үнэхээр далд. Тиймээс
би ил тод нийгэмд хаалттай нам зохихгүй гэж байнга хэлдэг. Хөрөнгө мөнгөний хувьд
бол тун амаргүй л байгаа байх.

-Аль
ч нам дотор фракц бий. Таныг Сү.Батболдын фракцийн хүн гэдэг. М.Энхболд намын болсноор
Сү.Батболдын фракцийн рейтинг доошилсон юм шиг анзаарагддаг. Энэ тухай таны бодлыг
хуваалцмаар байна л даа…

-Би урьд өмнө нь олон удаа хэлж байсан. Би хэний ч хүн биш. Толгойгоо
хүнээр мэдүүлэх дургүй. Харин үзэл бодол ойрхон хүмүүс гэж яривал Сү.Батболд даргаас
эхлээд олон сайхан найз нар энэ намд бий. Үүнийгээ ч нуудаггүй.

-Намынхаа
шинэчлэлийн талаар та ямар бодолтой явдаг вэ. Ер нь МАН яавал шинэчлэгдэх бол?

-Яривал дуусашгүй олон юм бий. Том нам болохоор болж буй нь ч бий,
болохгүй байгаа нь ч бий. Харин би нэг зарчим барьж ажиллахыг боддог.

Муу зүйл багаддаггүй, сайн зүйл ихэддэггүй. Тогоотой сүүнд дусал
хор хийхэд сүү хор болно. Харин тогоотой хоронд дусал сүү хийхэд хор сүү болдоггүй.
Тэгэхээр манайд буй сул талуудаа шударгаар яриад ойлголцоод арилгах л хэрэгтэй.
Тэгэхгүй, өөрөө өөртөө шударга хандахгүй бол, ард түмэн бидэнд шударгаар хандана,
саналаа өгөхгүй. Иймд олон юм хиймээр байгаа. Эн тэргүүнд ёс суртахуун, шударга
ёс, хөдөлмөр, мэдлэг боловсролыг дээдэлдэг болох хэрэгтэй байгаа юм.

-Та
МАН-ын генсект нэрээ дэвшүүлж байснаа буцаагаад татсан. Яагаад нэрээ буцааж татсан
юм бэ?

-Өнгөрснийг яримгүй байна. Шинэ генсекээ харин шууд дэмжиж байгаа
шүү.

-Хэрэв
та МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан бол юу хийх байсан бэ. Одоогийн удирдлагуудын
үйл ажиллагаанд хэрхэн дүгнэлт өгч байна?

-Болоогүйгээс хойш одоо юу ярих вэ дээ.

-Та
бизнес эрхэлдэг хүн. Эдийн засгийн өнөөгийн байдал бизнесийн салбарынханд хэрхэн
нөлөөлж байна вэ. Юу нь болохгүй, яавал сэргэх юм шиг байна вэ?

-Одоо болоод өнгөрсөн зүйлсийг засахад багагүй хугацаа, олон багц
арга хэмжээ, нөр их хөдөлмөр хэрэгтэй. Туйлшралаас зайлсхийх шаардлагатай. Гол нь
эрдэмтэн мэргэдээ сонсох нь зөв. Манайх шиг ийм байдалд орсон улс орон түүхэнд зөндөө.
Иймд үүнээс гарах жор ч зөндөө.

 

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *