Цэргийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам” амжилттай сайхан болж өндөрлөлөө. 33 дахь удаагийн “Бүх цэргийн наадам”-д хүчний спорт хороодод харьяалагддаг аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөх хүч сорьсноос Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, “Шинэ Анагаах Ухааны их сургууль”, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Дэлгэрийн Цэрэнням түрүүлж ЦЭРГИЙН АРСЛАН цол хүртсэн бол Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Бадамлах Нар” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэж, “хичээнгүй” чимэг нэмэв.
Маргааш буюу зургаадугаар сарын 01-ний 09:00 цагаас Монгол Улсад Биеийн тамир спортын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Ирээдүйн аваргууд” өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан, 02-нд 13:00 цагаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Чойжамцын Пүрэвсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.