Categories
мэдээ цаг-үе

​Д.Цэрэнжигмэд: Ипотекийн зээлийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай байна

Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэдтэй ярилцлаа.


-Утааны эсрэг Монголын барилгын үндэсний ассоциаци юу хийх вэ?

-Монголын барилгын үндэсний ассоциаци (МБҮА)-н гишүүн компаниуд олон хороолол, олон мянган орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан. Утаанаас гарах цор ганц шийдэл бол гэр хорооллыг орон сууцжуулах, их нүүдлийг зогсоох, хөдөө орон нутгаас дуртай хүн нь ирээд уул, овоо, жалга гээд хаа сайгүй гэр барин суухыг болиулах хэрэгтэй.

Гэр хороололд амьдарч буй иргэдийг орон сууцанд оруулснаар дан ганц утаа, агаарын бохирдлоос гадна хөрсний бохирдлыг цуг шийднэ.

Иргэдийг орон сууцжуулахтай холбогдсон асуудлыг иж бүрнээр нь авч үзэж, цогц бодлого шийдвэр, тодорхой хөтөлбөр төлөвлөгөөтэйгөөр удаан хугацааны туршид системтэйгээр тууштай хэрэгжүүлж байж утааны асуудал шийдэгдэх юм. Үүний тулд УИХ, Засгийн газар, Нийслэл, орон нутгийн удирдлагаас орон сууцны хороолол, хотхоны байршил, дэд бүтэц, газрын асуудлыг шийдэж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг нэн яаралтай хэрэгжүүлбэл барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллага, барилгачид бид орон сууц, хотхон, хороолол, түүний инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг барьж байгуулан утааны асуудлыг шийдэхэд өөрсдийн хөдөлмөр бүтээлээ зориулан идэвхтэй ажиллахад бэлэн байна.

Зах зээлд борлогдоогүй эзнээ хүлээж байгаа 30,000 айлын орон сууцуудыг ипотекийн зээлээр гэр хорооллын айлуудад өгөх, тэнд амьдарч байгаа эмч, багш, цагдаа, онцгой байдлын ажилтнууд зэрэг төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдад цалингаар нь барьцаалан зээл олгох, зээлийн урьдчилгааг төлөх чадваргүй амьжиргааны түвшин доогуур айлуудын газрыг урьдчилгаанд нь тооцож авах санал, санаачилгыг хэрэгжүүлэх, цаашид иргэдийн ипотекийн зээлийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, түүнд олон улсын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрүүдийг чиглүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөт үлдэгдлийн тодорхой хэсгийг ашиглах, ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх шаардлага ч үүсэн гарч байна.

2011 оны хямралын жил энэ удаагийнх шиг зах зээл дээр борлогдоогүй барилгууд их байсан. Үүнийг тухайн үеийн засаг буюу НХХЯам, БХЯамтай хамтарч зах зээл дээр бэлэн байгаа 35м.кв хүртэлх байрыг халамжийн бодлого хэрэгжүүлж ахмад дайчдад үнэгүй өгч байсан. Энэ нь барилгын компаниудыг төр засгаас дэмжиж, хямралаас гарахад нь их хувь нэмэр оруулсан юм. Энэ цаг үед өндөр настан, ахмад дайчид, гавьяаныхаа амралтад байгаа буурлуудад нийгмийн халамжийн бодлогоор зах зээлд байгаа бэлэн байрнуудаас олгох боломжийг судлах хэрэгтэй байгаа. Гэхдээ эдгээр хүмүүс орон сууцаа бусдад шилжүүлж, өөр газар яндан гаргаж, утаа үйлдвэрлэхгүй байх ёстой. Ер нь бол олон улсад төр-хувийн хэвшил хоёр нь хамтран ажиллаж хямралыг давдаг ийм нийтлэг практик бий.

Төр засаг шинээр сургууль, цэцэрлэг, ясли, эмнэлэг, оффисийн зориулалттай барилга барих шаардлагатай бол эхний ээлжинд тэр товлогдсон цэгт баригдсан эзнээ хүлээж байгаа барилгууд байгаа үгүйг судалж, тэр барилга нь шаардлагад нийцэж байвал авах, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд боломж нь олдвол тэргүүний сайн ажилчдаа дэмжиж байрны урьдчилгааг нь байгууллагаасаа төлж өгөх, үлдэгдлийг нь тухайн ажилтан цалингаасаа төлөөд явах боломжтой. Ингэснээр сайн чадварлаг ажилтнаа өөрийнхөө байгууллагад олон жил тогтвор суурьшилтай ажиллуулдгаараа давуу талтай. Хуучин социализмын үед орон сууцанд ороход нэг байгууллагад 30-40 жил ажиллаад ч боломжгүй зүйл байсан. Энэ цаг үед 1-2 жил ажилласан ч орон сууцтай болох боломж нээгдсэн байна.

-Улаанбаатар хоттой Монголын барилгын үндэсний ассоциаци яаж хамтарч ажилладаг вэ?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна. Энэ хүрээнд хамтран ажиллаж байна. Хотын удирдлагууд боломжтой бол нийслэл хотын дүүрэг бүхэнд барууны өндөр хөгжилтэй хотуудын жишгээр цэцэрлэгт хүрээлэн байгуулах ёстой. Ингэхийн тулд байршлуудаа тодорхойлж айл өрхүүдтэй тохирч хэд хэдэн гудамжуудыг Улаанбаатар хотын өмчлөлд авах ёстой. Айл өрхүүдтэй тохиролцохдоо МБҮА-ийн гишүүн компаниудын барьсан байрнуудаас тухайн компаниудтай нь тохирч хашааны төлбөрт өгөх боломжтой.

Хотын ерөнхий төлөвлөгөөнд бүх газруудыг барилгажуулах биш зарим хэсэгт цэцэрлэгт хүрээлэнгүүд барих шаардлагатай байна. Жишээлбэл 32-ын тойргийн зүүн тал, Гандан, Троллейбусны эцэс гэх мэт.

Хотыг гэр хорооллын утаанаас гадна олон мянган машины утаа маш ихээр бохирдуулж байгаа. Хотын төв рүү ордог машинууд ялгаатай татвартай байж болох талтай. Хөдөө орон нутаг болон хотын захын дүүргүүдээс орж ирж байгаа машинуудыг тойрог үүсгэж нэгдсэн том зогсоолуудыг олноор барьж эдгээр машинуудыг нэгдсэн зогсоолд байрлуулан тэндээсээ нийтийн унаагаар явдаг боломжийг бүрдүүлэх ёстой. Мөн нийслэлээс хөдөө орон нутаг руу шилжин очсон иргэдийг ажлын байраар хангах, газар олгох, малжуулах төслүүдэд хамруулах, ахуй амьдралыг нь дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг төр засгаас хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

П.ЧУЛУУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *