ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Баримт, мэдээллийн төвийн эрхлэгч Д.Тодтой ярилцлаа.
-Саяхан та бүхэн Ил хаадын нутгаар яваад ирсэн гэв үү?
-Иран яваад ирсэн. 2012 оны сүүлчээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лалын Бүгд найрамдах Иран улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Тэр үеэрээ Ил хаадын үеийн түүхийн баримт материал, уран барилга, урлагийн бүтээлүүдийг судлах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тэр дагуу бид сая явсан. Ираны архивт байгаа Ил хаадын үеийн бичиг баримтуудын жагсаалт каталоги ном гаргахаар тохирсон. Гадаад явдлын яамны харьяа судалгааны төв гэж байдаг . Тус төвтэй манай академийн зүгээс харьцаж, гэрээ хэлцэл байгуулах төсөл бэлтгэсэн юм. Иранаас Монголын Ил хаадын үеийн түүхийн холбогдолтой баримт бичгүүдийг авах, судалгаа хийх, хоёр орны эрдэмтэд хамтарч ажиллах боллоо. Өмнө нь манайхаас түүхч судлаачид нэг их очиж байгаагүй. Харин Анкарагийн их сургуулийн докторант, түүхч Д.Анхбаярын “Монголын Ил хаант улсын түүх соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйлс” гэж ном бий. Гадаадын түүхчдийн Ил хаадын тухай бичсэн бүтээлүүд нэлээд байдаг. Рашид-ад Дины “Судрын чуулган” Иранд бүтээгдсэн. Энэ бүтээл нь монголчуудын үүсэл гарлаас эхлээд Ил хаант улсын Газан хааныг хүртэлх түүхийг хамруулсан судалгааны чухал эх сурвалж юм. “Судрын чуулган”-ыг Хүлэгү хааны ач Газан хааны зарлигаар 1300-1311 онд бичсэн байна. Уг бүтээлийг туурвихад Хубилай хааны зарлигаар томилогдсон, нэрт түүхч Болд чинсан тэргүүтэй монгол түүхчид гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэ бүтээл гурван хэсгээс бүрддэг. Нэгдүгээр ботийн эхний гурван дэвтэр нь Монголын түүхтэй холбоотой, бүхэлдээ дэлхийн түүхийг багтааж бичсэн анхны ном юм. Дээрхээс гадна Ил хаадын дэмжлэгтэйгээр Персийн түүхч Ата-Малик Жүвейни “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх” гээд Чингэс хааны байлдан дагууллын түүхийг бичсэн. Ираны түүхчдийн бүтээлүүд бий. Эдгээрээс харахад Ил хаадын үед түүхийн судалгаа маш өндөр хөгжсөн нь мэдэгддэг. Тэр байтугай Газан хааны дэргэд Түүхийн хүрээлэн байжээ. Тэр хүрээлэнд олон орны эрдэмтэд ажиллаж байв. Тэрхүү түүхийн хүрээлэнгийн гол хүн нь Болд чинсан байж. Болд чинсан алтан ургийн түүхийг нэвтэрхий мэддэг хүн байж. Газан хааны зарлигаар Болд чинсаны тусламжтайгаар Рашид ад Дин монгол, перс, хятад, энэтхэг эрдэмтэд түүхчидтэй хамтраад “Судрын чуулган”-ыг бүтээжээ. Одоо энэ түүх Монголд орчуулагдаад байгаа. Ц.Сүрэнхорлоо гэдэг эрдэмтэн”Судрын чуулган”-ыг орос хэлнээс орчуулсан. Түүнчлэн нэрт орчуулагч Г.Аким гуай англи хэлнээс орчуулсан. Гуравдугаар дэвтэр нь гарах гэж байгаа. Перс хэлнээс орчуулга хийх бодлого бий. Перс хэлтэй хүн цөөн. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр эртний перс хэлээр монгол судлаач сургах асуудал яригдсан юм билээ. 2014 онд Туркт суугаа Элчин сайд Б.Батхишиг, Ил хаадын түүхийг бичсэн түүхч Д.Анхбаяр нар “Судрын чуулган”-ы эх хувийг Туркийн Үндэсний номын сангаас хуулбарлаж, нэг хувь хэвлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан юм.
-Ил хаадын дипломат харилцааны баримт болж үлдсэн бичиг захидал олон байх?
-Н.Энхбаяр Ерөнхийлөгч Францад, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Ватиканд айлчлах үеэр Ил хаад Аргун, Өлзийт, Газан нараас Ромын пап, Англи, Францын хаадад лалын шашинт мамлюкуудын эсрэг хамтарч байлдах хүсэлт тавьж, холбоотон болохыг санал болгож байсан захидлын эх хувийг авчирсан шүү дээ.
-Монголын хаад шашны асуудалд төвийг сахисан байр суурьтай хандаж ирсэн. Лалын шашинтны эсрэг эвсэл байгуулъя гэдэг нь ямар учиртай юм бол?
-Иракт байсан лалын шашны төвийг монголчууд устгачихсан. Иракт байсан Халифат гээд Ойрхи, Дундад Дорнодын лалын шашинтай орнуудыг хамарсан шашны төв нь Египт рүү шилжчихсэн. Египт мамлюкуудын гарт орчихсон байлаа. Мамлюкууд гэдэг нь Монголд хөөгдсөн түргүүд. Оросын өмнөд нутгаар байсан тал нутгийн хагас нүүдэлчдийг монголчууд барьж аваад Итали, Венецийн худалдаачдад худалддаг байж. Италийн худалдаачид тэднийг Египтэд боол болгож худалддаг. Тэд хөлсний цэрэг мамлюк болж өсжээ. Туркт яничарууд гээд хүүхдийг эцэг эхээс нь хулгайлаад өөрийнхөө шашинд оруулж, өсгөж хүмүүжүүлээд дайн байлдаанаас өөр юм мэддэггүй, хөлсний цэргүүд болгочихдог. Тийм хүмүүсийг монголчууд өөрсдөө бий болгочихсон. Тийм учраас мамлюкууд Монголд хонзонтой байсан. Лалын шашинтны төв Кайрт шилжчихсэн болохоор монголчуудын байлдан дагууллын эсрэг гол төв болчихсон хэрэг. Сүүлд Газан хааны үед Ил хаад лалын шашинд орсон байдаг. Нэгэнт лалын шашинт орныг эзэлж суурьшаад олон жил болсон, хоёрдугаарт нутгийн ард олныг шашнаар нь дамжуулж захирахын тулд лалын шашинд орох хэрэгцээ байсан болов уу. Лалын шашинд орсон ч Монголынхоо ёс заншлыг дагаж байсан нь оршуулгын зан үйл зэргээс нь харагддаг.
-Чингэсийн удмынхан хоорондоо бас зөрчилдөж дайтаж байсан шиг байдаг?
-Алтан ордны улс, Цагаадайн улсууд зөрчилдөж байж. Каспийн тэнгисээс зүүн тийшээ өвс ургамал малын бэлчээр ихтэй сайхан тал нутаг байдаг юм байна. Тэр хэсгийг анх Чингэс хаан Зүчид гэрээсэлж үлдээжээ. Тэгтэл тэр нь Алтан ордны улсаас хол. Сүүлдээ Хүлэгүгийн үед энэ газар нутгийг байлдан эзэлжээ. Гэтэл Алтан ордны улсынхан бэлчээрийн төлөө тэмцэж Ил хаадын улс руу халдах болов. Энэ хоёр улс хэд хэдэн айхавтар дайн хийсэн байдаг. Ил хаадын улсыг дийлэхгүй болохоороо Алтан ордны улс мамлюкуудтай холбоо тогтоосон. Мамлюкуудыг өөртөө татахын тулд Алтан ордны алтан ургийнхан лалын шашинд оржээ. Цагаадайн улс Дундад Азийн орнуудыг хамарсан малын бэлчээр муутай уул хадтай элсэрхэг нутаг. Цагаадайн улс малын бэлчээрийн төлөө Перс, Ираны зүүн нутгаар довтолсон. Ингээд гурван фронтоор дайтаж байж. Сүүлдээ Алтан ордны улсын Узбек гэж хаан гарч ирээд, Алтан ордны бүх монголчуудыг лалын шашинд оруулахын тулд харгис арга хэмжээ авдаг. Зүчийн удмын язгууртнуудыг лалын шашинд хүчээр оруулсан. Эсэргүүцсэн алтан ургийн 70 хүнийг цаазалсан түүхтэй. Тэрнээс болоод Зүчийн удмын олон цэргийн жанжин, язгууртнууд Орос руу зугтаав. Тэд Орост дагаар орж, тэдний армийг бэхжүүлжээ. Оросын цэрэгт шинэчлэл хийж, тэд хожим Куликовын тулалдаанд эргээд Алтан ордны улсын Мамайн цэргүүдийг бут цохисон байдаг.
-Хүлэгүгийн үр удмынхан 80 жил хаанчилсан гэсэн үү?
-Албан ёсоор 88 жил хаанчилсан гэдэг юм. Түүнээс хойш ч Хүлэгүгийн удмынхан дахиад бараг 200 жил байсан. Бутарсан жижиг улсуудын хаад ихэнх нь Хүлэгүгийн удмынхан байсан.
-Ил хаадын урлагийн бүтээл их үлдсэн үү?
-Өлзийт хааны бунхныг үзсэн. Ираны Султания хотод байдаг ордон. Өлзийт хааны ордон Ираны хамгийн эртний бөмбөгөр оройтой, барилгад тооцогддог. Уран зураг, гоёмсог хээ шигтгэмэл чимэглэлээрээ Перс дэх уран барилгын хөгжлийг илтгэдэг хосгүй бүтээл гэж ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн байдаг. Өлзийт хааны бунхан 53 м өндөр, гурван давхар юм билээ. Найман талт ханатай, гэр хэлбэртэй бөмбөгөр оройтой, нуман хэлбэртэй хаалга, цонхтой. Нүүдэлдчийн болоод Персийн соёл хосолсон уран барилга. Өлзийт хаан эцэг Аргуны зарлигаар байгуулсан хотод Ил хааны улсын нийслэлийг байгуулсан. Өлзийт хааныг нас барахад ордонд нь бунхалжээ. Гэхдээ тэнд нь одоо шарил байдаггүй. Сүүлд монголчууд нуусан юм билээ. Сэргээн засварлах ажил хийж байна. Үнэхээр аварга том байгууламж учраас гүйцэд засварлаж чаддаггүй гэсэн.
-Ил хаад Монголын эзэнт гүрэнд юу нийлүүлж байсан бол. Мэдээж худалдаа арилжаа цэцэглэж байсан байх?
-Мэдээж Юань гүрэнтэй холбоотой байсан. Хүлэгү хааны төрсөн ах нь Хубилай шүү дээ. Ах дүүгийн холбооноос гадна эдийн засаг, улстөрийн холбоотой. Ил хааныг хаан ширээнд залахад Ил хаадын хурилдайгаар батлаад, дараа нь Монголын эзэнт гүрний их хаан баталгаажуулдаг. Ил хаадын улсад дэлхийн анхны шахуу Одон орны оргил төв байжээ. Энд Итали, Арабын эрдэмтэд хүртэл байсан гэдэг. Алтан ордны зах зээл дээр Ил хаадын улсын гоёл чимэглэл маш гүйлгээтэй. Персийн нэхмэл алдартай учраас Ил хаадын улсад Алтан ордныхон нэхмэлийн үйлдвэр байгуулж байсан гэдэг.
Зөвхөн Иранд төдийгүй Туркад Монголын түүхийн дурсгал маш их юм билээ. Туркад алтан ургийнхны занданшуулсан шарилыг музейд тавьчихдаг юм байна. Одоогийнхоор бол Туркийн захирагч байсан Жумударийн занданшуулсан шарил өнөөг хүртэл хадгалагдаж үлджээ. Ил хаадын улс гэхээр Иранаас гадна өнөөгийн Афганистан, Пакистан, Турк, Сир, Туркменистан, Армен, Азарбейжан орно. Тэгэхээр Ил хаадын судалгааны талбар үнэхээр өргөн.
Б.ЯНЖМАА