УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
– Ирэх сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах асуудлыг эрх баригч намын бүлэг дэмжлээ. Тэгэхээр бүсчилсэн тойргоор явуулна гэдгийг та тодорхой тайлбарлахгүй юу?
– Тойргийг бүсчилж томсгоё гэдэг дээр УИХ-д суудалтай улс төрийн намууд санал нэгдсэн. Улсын хэмжээнд 21 аймаг бий. Үүнээс харвал ерөнхийдөө сонгуулийн долоон бүс буюу долоон тойрог болох боломж бүрдэж байгаа юм. Ингээд л ерөнхийдөө том тойргоор л сонгуулиа явуулна гэсэн үг. Бүсчилсэн тойргоор сонгууль явуулахын гурван том давуу тал байна гэж бид үзэж байгаа.
-Давуу талууд нь уу?
-Тийм. Нэгдүгээрт, УИХ улс орны эдийн засаг, төсөв, хөгжлийн асуудлыг цогцоор нь ярьдаг болно. Улс орны түвшинд гэсэн үг. Ийм парламенттай болох нь бидний хувьд яг өнөөгийн цаг үед маш том давуу талыг бий болгоно. Одоо бол парламентад гишүүд өөр өөрсдийнхөө тойргийг л ярьдаг шүү дээ. УИХ-ын гишүүн атлаа сум, багийн сургууль, цэцэрлэгийн урсгал засварын ажлыг ярьдаг. Үүнийг шат шатандаа буюу доогуураа шийдээд, яриад явах боломжтой. УИХ-ын гишүүн хүн ийм нарийн ажлыг буюу дэндүү цөөнхийн эрх ашгийг ярих ёсгүй. Тиймээс энэ байдал засагдана. УИХ-ын гишүүн хүн улс орны хэмжээний асуудлыг шийдвэрлэх, улс орны хөгжлийн бодлогыг илүү боловсронгуй болгох чиглэлд л гол анхаарлаа хандуулж ажиллана гэсэн үг. Хоёрдугаарт, хот, хөдөөгийн тэнцвэр хангагдаж эхэлнэ. Өнөө цагт хот, хөдөөгийн ялгаа маш өндөр байна. Энэ асуудал дээд түвшиндээ буюу бодлогын түвшинд шийдэгдэнэ гэсэн ү г . Гуравдугаарт, мэргэшсэн парламент бүрдэхэд уг сонгуулийн систем чухал ач холбогдол үзүүлнэ гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл УИХ-ын нэр хүнд өснө.
Энэ байгууллага руу төрийн болон улс төрийн зүтгэлтэн орж ажиллана гэсэн үг. Дээрх гурван том давуу талыг нь харгалзан үзээд гурван намын дарга уг асуудлаарх Тунхаг бичигт гарын үсэг зурсан байгаа. Тиймээс уг асуудал ерөнхий түвшиндээ шийдвэрлэх шатандаа хэдийнэ орсон гэж ойлгож болно.
-Тэгэхээр тэр, тэр аймгуудыг нэг бүс болгоно гэдгээ албан ёсоор тохироод тогтчихсон уу. Мэдээж 78 мандаттай байх нь тодорхой биз?
-Ирэх сонгуулиар бүрдэх парламент 126 гишүүнтэй байна. Үүнээс 78 нь тойргоос сонгогдоно. Тэр утгаараа яг одоо бол энэхүү 78 гишүүний тойрог, мандатыг хувааж байна гэж ойлгох хэрэгтэй. Албажуулж УИХ-аар хараахан хэлэлцүүлээгүй байгаа. Ерөнхий боловсруулагдсан төслөөс харвал 13 тойрог, 78 мандаттай байхаар тусгаж өгсөн байгаа. Орон нутгийн хувьд гэвэл долоон тойрог гарч ирэхээр байна. Үүнээс Баян-Өлгий аймаг дангаараа нэг тойрог болж явах боломжтой гэсэн анхны төсөл гарсан.
-Бүсчлэх асуудлыг яг ямар шалгуураар тогтоон гаргаж ирсэн байх уу?
-Монгол Улсад хэрэгжиж байгаа Бүсчилсэн хөгжлийн хуулиар нийт таван бүс байдаг. Баруун, зүүн, төв, хангай, Улаанбаатарын бүс гэх мэт. Уг гол таван бүсийг дотор нь дэд хэлбэрээр ерөнхийд нь ингэж долоо хувааж болох юм байна гэж үзсэн. Мэдээж энэ бол анхан шатны санал, төсөл. Цаашид УИХ-аар хэлэлцэгдээд явахаараа зарим нэг зүйлд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Мэдээж олонхоороо хэлэлцээд засч сайжруулаад явна гэсэн үг.
-Баян-Өлгий аймгийг тусад нь нэг бүс, тойрог болгож байгаа нь ямар учиртай юм бэ?
-Сонгуулийн тойрог гэдэг бол засаг захиргааны нэгж огт биш шүү. Үүнтэй манайхан жаахан андуураад байх шиг байна. Баян-Өлгийн тухайд гэвэл Үндэсний цөөнх гэдэг агуулгыг нь бид хамгийн түрүүнд авч үзэх шаардлагатай. Монголд ч гэлтгүй бусад улс орнуудад тухайн үндэстэнийг парламентдаа төлөөлөлтэй байлгахын тулд мандат олгодог. Ийм жишигтэй. Тиймээс бид ч гэсэн үндэсний цөөнх гэдэг утгаараа Баян-Өлгийн төлөөлөл парламентад заавал байх ёстой гэсэн зарчимыг барьсан. Тус аймаг одоо гурван мандаттай. Энэ тоог нь бууруулахгүйгээр хадгалж үлдэх нь илүү чухал гэдэг утгаараа дан тойрог болгосон. Хэрэв бусад аймгуудтай нийлүүлчихвэл гурваас илүү ч мандаттай болж магад, эсвэл бүр гурваасаа багасахыг ч үгүйсгэхгүй. Тиймээс төлөөллийг нь найдвартай хангахын тулд л гурван мандаттайгаар нэг бүс болгон өгч байгаа юм. Бусдаар бол илүү дутуу үзсэн зүйл огт байхгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
-Та бол эрх баригч намын бүлгийн дарга. Тэр утгаараа бүсчилсэн тойргоор сонгууль явуулах нь хэнд ашигтай гэж харж байна вэ?
-УИХ-д суудалтай парламентын гишүүд болон улстөрчид, судлаачид энэ асуудлыг дэмжиж байгаа гэдгийг онцлон хэлье. Ямар учраас гэдгийг нь дээрх гурван үндэслэлээр би хэлсэн. Нөгөөтэйгүүр бүсчилсэн тойргоор явуулах нь улс оронд, улс орны хөгжилд нэн чухал ач холбогдолтой гэж харж байгаа. Өмнө нь бид энэ хэв маягаар сонгууль явуулж үзээгүй. Тиймээс алдаа, оноо гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ нэг л зүйл дээр бид итгэл үнэмшилтэй яваа. Тэр нь том тойргоос сонгогдсон парламентын гишүүд дов, жалганы асуудал ярьдаггүй, улс орны хэмжээнд, олон нийтийн эрх ашигт нийцсэн асуудлыг илүү ярьдаг болно л гэж харж байгаа.
-Улстөрчдийн хувьд фракцлах их дуртай хүмүүс. Тэр утгаараа уг хэв маягаар сонгууль явууллаа гэхэд үр дүнд нь бүрэлдсэн парламент бүс бүсээрээ фракц үүсгээд төрийн ажлыг гацаах эрсдэлтэй юу?
-Тийм үзэгдэл гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Бүсийн фракц гэдэг зүйл яагаад ч гарах боломжгүй байх. Одоо нэг аймгаас сонгогдсон гурван гишүүн хоорондоо нэгдэж чаддаг бил үү. Нэгдээд тухайн аймаг, тойргийнхоо асуудлыг шийддэг нь цөөхөн байна. Тиймээс үүнийг зогсоож нийтээрээ нэг зүйлийн төлөө буюу улс орны хөгжлийн төлөө хардаг болгоход энэ хэв маяг чухал л гэж ойлгож байгаа. Цаашид энэ тогтолцоогоор явбал УИХ-ын гишүүн жалга дов ярьдаггүй болно. Сум, аймаг, хороо, дүүрэг ярихгүй. Харин бүс л ярьдаг болно. Монгол Улсын хувьд бүс нутгийн хөгжил хамгийн чухал байгаа шүү дээ.
-Сул тал танд харагдаж байна уу?
-Мэр сэр сул тал байна гэж олон нийт шүүмжилж байгаа. Тэр нь бие даагч яах юм бэ гэж. Энэ том тойрогт бие даагч гарч ирэх боломжгүй юм биш үү гэж байгаа. Би хувьдаа үүнийг харин ч том боломж гэж ойлгож байгаа. Бие даагч гарч ирэх боломжтой. Тухайн бүсдээ нэр хүндтэй хүн бие даагаад гараад ирэхгүй гэх газар үгүй. Тиймээс энэ нь тийм ч сул тал болохгүй болов уу. Гол нь улс орны хөгжил хэлэлцдэг парламенттай болох нь бидний чухал давуу тал болно.
-Бүлэг дээр шатахууны асуудлаар салбарын сайдын мэдээллийг сонссон. Яг одоо гараад харвал нөхцөл байдал тун хүнд байна. Үүнийг яаралтай шийдэхийг иргэд шаардаж байгаа. Бүлгийн даргын хувьд уг асуудлын шийдлийг болоод шалтгааныг нь юу гэж харж байгаа вэ?
-Хэвийн болно гэдгийг салбарын сайд Ж.Ганбаатар байнга л мэдээлэл өгч байгаа. Гол асуудал байна. Шатахуун дээр гэж яривал өнгөрсөн ес, 10 дугаар сард нэлээд хязгаарлалт хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс шатахууны нөөцөө үндсэндээ шавхчихсан. Одоо шавхчихсан нөөцөө буцаагаад бүрдүүлж гүйцэж чадахгүй байгаатай холбоотой л хүндрэлүүд гарч байх шиг байна. ОХУ-ын хувьд шатахууныхаа хэмжээг бууруулаад байгаа зүйл огт байхгүй. Хоёрдугаарт, манай дотоод хэрэглээ маш их хэмжээгээр огцом өсч байна. Сард 90 мянган тонн түлш хэрэглэдэг байснаа 140 мянган тонныг хэрэглэж байна. Энэ бол эдийн засаг өссөн, эскпорт нэмэгдсэнтэй холбоотой хэрэглээний өсөлтүүд гэж ойлгох хэрэгтэй. Бид өмнө нь 30-40 сая тонн нүүрс гаргачихлаа гэхээр маш өндөр экспорт хийлээ гэж ойлгодог байсан. Харин одоо 70-80 сая тонн нүүрс экспортлох урьдчилсан гүйцэтгэл харагдаж байна. Хоёр дахин нэмэгдчихсэн гэсэн үг. Тэгэхээр экспорт, эдийн засгийн өсөлтөө дагаад шатахуун түлшний хэрэглээ нэмэгдчихэж байгаа юм. Үүнээс болоод л нөөцөө шавхчихаж байна гэсэн үг. Уул уурхайн яамнаас энэ оноос өмнө АИ-92 бензиний нийлүүлэлт, борлуулалт хэвийн түвшиндээ орно гэсэн мэдээллийг өгч байгаа. ОХУ-тай манай улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга холбогдох сайд, дарга нь байнгын холбоо харилцаатай байна.
-Ер нь ингэж гаднын улс орныг царайчилж суухаар өөрсдөө дотооддоо энэ асуудлаа шийдэх боломжийг УИХ-ын түвшиндээ хэлэлцэхгүй юм уу. Нефтийн үйлдвэр барина гэж олон жил ярилаа шүү дээ. Энэ асуудал жишээ нь ямар түвшинд яваа юм бэ?
-Монгол Улс нефтийн үйлдвэртэй болох том зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ чиглэлд бид Энэтхэг улстай хамтарч уг том төслийг хэрэгжүүлж байна. Ямартай ч нефтийн үйлдвэрийг бид барьж байгаа. Ковидын болоод хил хаалттай нөхцөл шалтгаанаас үүдээд тус төслийн ажил саатсан нь үнэн. Угтаа 2024 онд нефтийн үйлдвэрийг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байсан.
-Тэгвэл хэзээ яг ашиглалтад орох юм бэ?
-Уул уурхайн яамнаас нефтийн үйлдвэр 2025 оны сүүлээр ашиглалтад орно гэсэн мэдээллийг өгч байгаа. Энэ үйлдвэр ашиглалтад орвол Монгол Улс дотоодынхоо түлш, шатахууны тодорхой хэрэгцээг өөрсдөө хангадаг чиглэл рүүгээ явж байна. Нөгөөтэйгүүр манай иргэд шатахуун бензин хомсдоод ирэхээр ОХУ крантаа хаачихлаа гэж шүүмжилж байна. Угтаа ОХУ-ын талаас ямар ч асуудалгүй нийлүүлэлтээ хийж байгаа юм билээ. Тиймээс цаашид сошиалаар давлагаалж хэт нэг өнцгийг барьсан мэдээлэл түгээхгүй байх дээр анхаарах ёстой байх аа.
-Өнгөрсөн жилийн өдийд иргэд нүүрсний хулгайч нарыг зарлахыг шаардаж жагссан. Тухайн үед та бүлгийн даргын хувьд “Манай намд нүүрсний хулгайд нэр холбогдсон хүн алга байна” гэж хэлж байсан. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлыг та харж байгаа байх. Тэр үед яагаад та ингэж хэлэв. Үнэхээр намынхандаа итгэж байв уу?
-Тэр ийм юм шүү. Яг үнэн бодит асуудлыг нь зарим хүмүүс ингээд гуйвуулчихдаг. Тэгэхээр тухайн үеийн нөхцөл байдлыг та эргээд нэг санаарай. Гадаа ард түмэн жагсчихсан хэн нь нүүрсний хулгайч вэ, Ерөнхий сайд хэний нэрийг зарлах бол, аль намаас нь нүүрсний хулгайч гарч ирэх вэ гэдэг дээр төвлөрчихсөн, хүлээчихсэн үе байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл нүүрсний хулгайч нарыг зарла гэж шаардсан. Иргэдэд нэр гарч ирэх нь чухал байсан. Тэр үед надаас танай бүлгийн гишүүдээс нүүрсний хулгайтай холбогдсон гишүүд байхгүй юм уу гэж олон хүн асууж байсан. Тэгэхээр нь тэр үед “Өнөөдрийн тухайд манай намын бүлгээс энэ хэрэгт нэр холбогдсон хүн гарч ирээгүй байна” гэдэг тайлбарыг л өгч байсан. Түүнээс биш манайд ер нь нүүрсний хулгайч байхгүй шүү гэж хэлээгүй шүү дээ. Тэр өдөр, тэр мөчид л манайд хулгайтай холбогдсон улстөрч байгаагүй. Би байгаагүй зүйлийг байгаа, байж магадгүй гэж хэлж болохгүй биз дээ. Гэтэл үүнийг Д.Тогтохсүрэн ёстой нам дотор нь хулгайч байхгүй гэж хэлж байсан. Ингэж нэгнийгээ өмөөрдөг гэх мэтээр гүтгэсэн, дайрсан л даа. Тэгэхээр асуудал, он цагаа зөв ойлгож байж бусад руу дайрах хэрэгтэй.
-Нүүрсний хулгайтай нэр холбогдсон МАН-ын гишүүдээ та бүхэн 2024 оны сонгуулиар дахиад гаргаж ирэхгүй биз дээ…?
-Тухайн хүнийг нэр дэвшүүлэх эсэхийг бүлэг ч юм уу, би мэдэх асуудал биш. Намын удирдлагуудын түвшинд яригдах асуудал байх. Мэдээж нэр цэвэр хүмүүсээ л нам дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
-Нүүрсний сонсгол ид үргэлжилж байна. Сонин, содон хүмүүсийн нэр ч гарч ирж байх шиг. Зарим хүмүүс ямар учраас очиж байгаагаа ч мэдэхгүй гэж байна. Энэ асуудалд таны нэр ч холбоотой гэх мэдээллийг цахим сүлжээнд нийтлэх болж. Та нүүрсний хулгайтай ямар нэгэн байдлаар холбоотой юм уу?
-Сүүлийн үед их амар юм болж байна. Юм л болбол миний нэрийг хаа хамаагүй хэрэгт гутгах ажил идэвхтэй өрнөж байна. Тэр дундаа нэр, зүсээ нуусан фэйсбүүк хуудас болон пэйжүүдээр миний нэр төрд халдсан үйлдлүүдийг их хийх болж. Тухайлбал, Чалкогийн машин дунд Д.Тогтохсүрэнгийн машин давхар явдаг гэсэн зүйлийг гаргаж ирсэн байна лээ. Мөн Өвөрхангай аймагт болсон хэрэг төвөг, янз бүрийн доголдолтой зүйлд л би буруутан, би хамаарал бүхий этгээд болчихсон явдаг. Ёстой нөгөө муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг. Мэдээж улс төрийн сонирхол цаана нь явагдаж байгаа. Гэхдээ юм гэдэг хэмжээ хязгаартай. Ганц нэг гүтгэлэг, доромжлолыг тэвчиж болно. Түүнээс ихэдвэл энэ нь хууль зөрчсөн хүнд гэмт хэрэг болж хувирна. Тиймээс зарим нэг улаан цагаан гүтгэж, доромжилж байгаа этгээдүүдийг би холбогдох хууль цагдаагийн байгууллагад нь өгнө гэж бодож байгаа. Нүүрсний хэргийн тухайд гэвэл миний нэр битгий хэл сүүдэр ч энэ хэрэгтэй огт хамаагүй. Надад нүүрс болон бусад байдлаар ашиг орлого олъё гэсэн санаа зорилго байх битгий хэл тийм бодол ч толгойд орж ирэхгүй. Би ийм л хүн. Намайг мэдэх хүмүүс олон. Нуулгүй хэлэхэд ЖДҮ, сангуудийн зээл, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг янз бүрийн асуудалд нэр холбогдоогүй гишүүд цөөхөн байх. Түүний нэг нь би. Харин сүүлийн үед Өвөрхангайтай холбоотой асуудал болгоны ард миний нэрийг оруулж байна. Энэ бол улс төрийн цэвэр явуулга. Өөрөөр хэлбэл миний өрсөлдөгчдийн хийж байгаа ажил гэдгийг би тодорхой хэлье.
Э.МӨНХТҮВШИН
2 replies on “Д.Тогтохсүрэн: Том тойргоос сонгогдсон парламентын гишүүд жалга, довны асуудал ярьдаггүй болно DNN.mn”
МАН сонгуулиас өмнө шийдэгдэхгүй байгаа том том гэмт хэргүүд, их наядын хулгайг шийдэж чадахгүй бол 2024 оны сонгуульд ялагдана гэдгээ бүү март, өглөө бүр санаж бай !!!!!
I like the valuable info you provide in your articles.
I will bookmark your weblog and check again here regularly.
I’m quite certain I’ll learn plenty of new stuff right here!
Good luck for the next! https://www.waste-Ndc.pro/community/profile/tressa79906983/