Дотоодын цэргийн 809 дүгээр ангид Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 165 дугаар тогтоолоор Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарыг “Анги” болгон өргөтгөсөн зохион байгуулсан нь Улс орны аль ч хэсэгт түргэн шуурхай хүрч, сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн дэг журам сахиулах, гамшиг ослын үед авран хамгаалах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх өндөр чадвартай Дотоодын цэргийн хөдөлгөөнт хүчин байгуулж, бэхжүүлэх үндэс суурийг тавьсан юм.
Ийнхүү Дотоодын цэргийн 809 дүгээр ангид “Байлдааны туг” гардуулах ёслолын арга хэмжээг өнөөдөр /2024.07.17/ Монгол Улсын Цэргийн дүрмийн дагуу зохион байгууллаа.
Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис болон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын тусгай чиг үүрэг бүхий командлал, анги, байгууллагын удирдлага, алба хаагчид оролцов.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “…Сүүлийн жилүүдэд явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт, гамшиг осол, олон улсын терроризм болон гэмт хэргийн нөхцөл байдал, цаг үеийн хэрэгцээ шаардлагаас үүдэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилга, Төр, засгийн шийдвэрээр улс орны аль ч хэсэгт түргэн шуурхай хүрч, сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн дэг журам сахиулах, гамшиг ослын үед авран хамгаалах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх өндөр чадвартай Дотоодын цэргийн хөдөлгөөнт хүчнийг байгуулж, бэхжүүлэх үүрэг чиглэлийг хэрэгжүүлж, Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарыг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны … дугаар тогтоолоор “Дотоодын цэргийн анги” болгон өргөтгөн зохион байгууллаа.
Цаашид та бүхэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийг дээдэлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, өмнөө тавьсан зорилго, зорилтоо бүрэн хангаж ажиллана гэдэгт итгэл төгс байна…” хэмээв.
“Байлдааны туг” нь цэргийн анги, байгууллагын дайчин уламжлал, алдар гавьяаны илэрхийлэл бөгөөд бие бүрэлдэхүүний эрхэмлэн дээдлэх ариун шүтээн, золбоо хийморийн бэлгэдэл билээ.