Categories
мэдээ цаг-үе

Д.Сэржмядаг охиныг эрэн хайх үед Замын-Үүд сумын дутуу баригдсан барилгаас хүүхдийн цогцос олдов

-ХЭРГИЙН ТАЛААР МЭДЭЖ БАЙГАА ГЭРЧ ЦАГДААД ХЭРХЭН ХАНДАХ ВЭ-

Талийгаач хүүгийн цогцос дутуу баригдсан энэ барилгаас олджээ

Сэржмядаг охин Замын-Үүд сумаас ор сураггүй алга болоод арав гаруй хонож байна. Охиныг улс даяар эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор дээрх хэрэгтэй холбоотой ямар нэгэн сэжүүр гарч ирээгүй. Мөрдөн шалгах ажил хийгдэж байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолж байв.Д.Сэржмядаг охин сураггүй алга болсон хэргийг хурдан шуурхай илрүүлэхийн тулд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын тушаалаар Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаа, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нараас бүрдсэн ажлын хэсэг Замын-Үүд суманд ажиллаж байгаа билээ. Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон нутгийн зөвлөлөөс энэ хэрэгтэй холбоотой үнэн, бодит мэдээлэл өгсөн хүнд 50 сая төгрөг өгөхөөр болсон. Гэсэн хэдий ч одоогоор тодорхой мэдээлэл өгөх хүн гараагүй байгаа тул онц ноцтой хэргийн талаар бодит мэдээлэл өгсөн гэрч хэрхэн мөнгөө авдаг, мөн түүний амь нас, эрүүл мэндийг хэрхэн хамгаалж, өгсөн мэдээллийн нууцлалыг хэрхэн хангадаг талаар сурвалжиллаа.

Онц ноцтой хэргийг үйлдэгдэж байхыг, үйлдэгдсэн байж болзошгүйг харсан гэрч нарт нийтлэг айдас байдаг гэнэ. Тухайн гэрч цагдаа нар үнэхээр амалсан мөнгөө өгч чадах болов уу. Намайг энэ талаар мэдээлэл өгсөн гээд олон нийтэд зарлачих юм биш байгаа. Мэдээллийг нь хэнд яаж хандаж хэлэх юм бэ. Цагдаа дээр яваад очиход намайг таньдаг,нутгийн цагдаа нар үүдэндээ ярайгаад сууж байдаг. Нэг цагдаад энэ талаар хэллээ гэхэд ойр дотныхоо хүмүүст хэлчихнэ. Амнаас ам дамжиж явсаар гэмт хэрэгтнүүд болон түүний хамсаатангууд намайг цагдаа нарт мэдээлэл өгсөн гэдгийг мэдчихнэ. Үүнээс болоод миний амь нас эрсдэлд орно. Мөн миний ойр дотны хүмүүст ямар нэгэн муу зүйл тохиолдож магадгүй гэх мэтээр айдастай байдаг учраас олонх нь дуугүй өнгөрөх талтай гэнэ. Гэвч амиа алдсан хүний тухай эсвэл өөр бусад онц ноцтой хэргийг мэдсээр атлаа мэдүүлээгүй, хохирогчийг аварч болохоор цаг хугацааг ийн эргэлзэж алдсанаар амиа алдсан зэрэг явдал нь гэрчийг насан туршид нь сэтгэлийн шаналалд автуулдгийг мартаж болохгүй юм.

Алга болсон Д.Сэржмядаг охины гэр

Д.СЭРЖМЯДАГ ОХИНТОЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ 91118388 ГЭСЭН УТСААР АВНА

Тэгвэл хэргийн талаар бодит мэдээллийг хэрхэн худалдаж авдаг. Гэрчтэй ямар замаар яаж уулздаг талаар найман настай охин алга болсон хэргийг шалгаж байгаа ажлын хэсгийн ахлагчтай уулзаж тодруулсан юм. Тэрбээр “Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг охин алга болсон хэргийг шалгаж байна. Алга болсон охины талаар үнэн зөв, бодит, хэрэг илрүүлэхэд томоохон түлхэц болох мэдээлэл өгсөн хүнд 50 сая төгрөг өгөх шийдвэр гарсан байгаа. Дээрх хэрэгтэй холбоотой ямар нэгэн зүйлийг мэдэж байгаа хүн гар утсаар ярихад л хангалттай. Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийг ахалж байгаа миний 91118388 гэсэн утас руу залгаж болно. Бид гэрчийн хүссэн газарт очиж уулзана. Ингэхдээ ямар нэгэн хүн дагуулж явахгүй. Би ганцаараа хэн нэгний анхааралд өртөхөөргүй очиж уулзана. Мөн мөнгөө шууд аваад очиж болно. Бэлэн мөнгө авсан гэж гарын үсэг л зуруулдаг. Хэн гэдэг хүн мэдээлэл өгсөн бэ гэдгийг ганцхан ажлын хэсгийн ахлагч л мэднэ. Өөр хэнд ч хэлэхгүй. Хэрэг илэрч л байвал дарга нартаа ч хэлдэггүй журам, гэрч хамгаалах хууль бий. Тэгэхээр найман настай Д.Сэржмядаг охинтой холбоотой бодит мэдээлэл өгөх хүн дээрх утсаар надтай шууд холбогдож болно” гэв.

ААВ, ЭЭЖТЭЙГЭЭ МУУДАЛЦААД ГЭРЭЭСЭЭ ГАРСАН ХҮҮХЭД ОСГОЖ АМИА АЛДСАН БАЙДАЛТАЙ ОЛДОВ

Охины аав Д.Дашдулам, ээж Б.Хоролмаа нар цагдаа нартай хамтран хөдөөгийн айлуудаар явж охиноо эрэн хайж байна. Харин хэргийг шалгаж байгаа цагдаа нараар ахлуулсан эрлийн баг Замын-Үүд сумын бүх траншейн, айлуудын жорлонгийн нүх, хогийн цэг гээд олон газрыг шалгаж байв. Мөн Замын-Үүд сумаас охин алга болох үед буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс хойш Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийг чиглэн явсан бүх автомашины байршлыг тогтоон шалгаж байгаа гэнэ. БНХАУ-ын Эрээн хотод ч эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа аж. Эрээн хотоор дамжин Бээжин рүү явсан хүмүүсийг ч шалгаж байна. Одоогоор өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн манай улсын хилээр орж ирсэн БНХАУ-ын иргэдийг шалгах ажил үргэлжилж байгааг эх сурвалж онцолж байлаа. Одоогоор Эрээн хотын цагдаа нар охиныг эрэн хайх ажиллагаа хэрхэн хийсэн талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байгаа гэнэ.

Замын-Үүд суманд онц байдал зарлаж, хүчний байгууллага гудамж талбайд явж байгаа сэжигтэй хүн бүрийг шалгаж байгаа энэ үед өөр нэгэн харамсалтай хэрэг гарсан юм. Замын-Үүд сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр хийдийн хашааны хойд талын дутуу баригдсан барилгаас нэгэн хүүхдийн цогцос олдсон юм. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач хүүхэд аав, ээжтэйгээ энэ сарын 9-нд муудалцсан гэнэ. Үүнээс болоод гэрээсээ гарч гүйгээд алга болчихсон юм байна. Цагдаа нарт хүүхдийн аав, ээж хүүгээ гарч гүйгээд гэртээ ирэхгүй алга болоод байгаа талаар мэдээлэл өгсөн гэнэ. Цагдаа нар алга болсон хүүг Замын-Үүд сумаар хайжээ. Гэвч гэрээсээ гараад алга болсон хүүхдийн цогцсыг маргааш нь олсон байна. Сумын хийдийн ард дутуу барьсан таван давхар барилга байдаг. Барилгын нэг давхрын шатан дээр элгээ тэврээд хэвтсэн байдалтайгаар амиа алдсан байжээ. Дээрх хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар хүүд гадны ямар нэгэн ил шарх сорви байгаагүй. Тиймээс осгосон байх хэмээн таамаглаж байна. Удахгүй шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарна гэв. Талийгаач хүү Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын II сургуулийн сурагч гэнэ. Өмнө нь тус суманд кино театрт кино үзсэн ерөнхий боловсролын сургуулийн сурагч амиа егүүтгэсэн хэрэг мөн гарч байсан аж. Амиа хорлосон тэр хүүг кино театрт амиа хорлож байгаа тухай үйл явдалтай кино үзснээс болж сэтгэцийн өөрчлөлтөд орж амиа хорлосон гэх дүгнэлтийг хэргийг шалгаж байгаа цагдаа нар гаргаж байжээ.

ЗАМЫН-ҮҮД СУМЫНХАН АЙДАС, ТҮГШҮҮРТЭЙ БАЙНА

Замын-Үүд сумын иргэд айдас түгшүүртэй байна. “Цагдаагийн ерөнхий газраас хийсэн мэдээллээр 73 хүүхэд ор сураггүй алга болсноос 24 нь олдсон. Үлдсэн 50 гаруй хүүхэд өнөөдрийг хүртэл олдоогүй гэнэ. Монголд хүүхэд худалдаалах гэмт хэрэг гардаг болчихсон юм байна. Хэрэг нь илэрдэггүй гэдэг нь дээрх мэдээллээс харагдаж байна. Өөр нэг зүйл нь Замын-Үүд суманд бага насны хүүхэд хүчирхийлдэг. Амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөдөг гаж донтон байгаа юм биш биз дээ. Хэрэв тийм бол Замын-Үүд суманд дахиад бага насны охин алга болохгүй гэх баталгаа алга. Цагдаа нар найман настай Д.Сэржмядаг охин алга болсон хэргийг илрүүлэхгүй юм бол нутгийн иргэд бид айдас, түгшүүртэй амьдрах нь” хэмээн ярьж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *