Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сарантуяа: Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг олигархиуд нь хүртэж, харин өсөлтийн дарамт ард түмний нуруун дээр ирж байна DNN.mn

“Татварт иргэний хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сарантуяатай ярилцлаа.


-МАН сүүлийн хоёр парламент дамнан эрх барьж байгаа. Энэ хугацаанд татвар хэрхэн нэмэгдэв?

-Энэ нам 2016 онд засгийн эрхэд гарахдаа татвар нэмэхгүй гэсэн. Харамсалтай нь жил ирэх тусам татвар нэмэгдэж, ард түмний нуруун дээр хүнд ачаа болж байна. Жишээлбэл, 2017-2018 оны судалгааг харахад ХХОАТ өмнөх оноосоо 19 хувиар өсчээ. Үл хөдлөх хөрөнгийн татвар 18, онцгой албан татвар 34, авто тээврийн болон өөрөө явагч тээврийн татвар дөрвөн хувиар тус тус нэмэгдсэн байгаа юм. Тэгвэл 2021-2022 онд ХХОАТ 14.6 хувь, хөрөнгийн албан татвар 21.5 хувь, НӨАТ 22.7 хувь, онцгой албан татвар 28.8 хувь, гаалийн албан татвар 15.7 хувь нэмэгдсэн байна. Сүүлийн ганцхан жилийн байдлаар ингэж өссөн дүнтэй байна шүү дээ. Тэгэхээр 2016 оноос хойших татварын нэмэгдэл иргэдийн амьдралд хүнд дарамт болж байгааг бүгд мэднэ.

-Татвар нэмэгдэж байгаа шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ?

-Ерөөсөө татварын орлогыг төвлөрүүлж чадахгүй байна. Татвар төлөгчдийг олж бүртгэхгүй байна гэсэн үг. Олигархиуд өөрсдөдөө зориулсан хууль гаргаж, татвар төлдөггүй. Тэдний төлөх ёстой татвар жирийн бизнес эрхлэгчид болон иргэдийн нуруун дээр ирдэг. Хэд хэдэн кейс бий. Тухайлбал, 2020 оны эхээр Монгол Улсад А болон Х лиценз 3264 байсан байна. Үүнийг 2088 аж ахуйн эзэмшдэг гэжээ. Тэгсэн хэрнээ татварын албанд 534 болоод бүртгүүлчсэн байдаг юм байна. Бусад нь хаана байна. Татвар төлөхгүй гэсэн санаа шүү дээ. Мөн лиценз борлуулсны татвараас зайлсхийсэн явдлууд ч цөөнгүй. ТЕГ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын мэдээллээр 2018-2020 онд нийт 88 аж ахуйн нэгжийн зөрүү гарч, лиценз борлуулсны 30 хувийн татвараас зайлсхийсэн байх жишээтэй. Лиценз дамлан зардаг нэг компани сүүлийн гурван жилд дөрвөн лицензээ зарж, дахин 51-ийг худалдан авсан ноцтой баримт байна. Үүнийг бид АТГ-т өгч шалгуулахаар бэлтгэж байгаа.

2016 оны төсвийн орлого таван их наяд 835.0 тэрбум төгрөг байсан бол зарлага есөн их наяд 495.3 тэрбум төгрөг байв. 2021 оны төсвийн орлого 11.7 их наяд, зарлага 13.9 их наяд байсан. Манай улс 2016 онд долоон их наядын өртэй байсан бол 2021 онд 30 их наядын өртэй болов. 2021 оны өр 26 их наяд 243 тэрбум болж өссөн. Эндээс татварын орлогын төлөвлөгөөг жил бүр үндэслэлгүй доогуур төлөвлөж, татварын алба төлөвлөгөө биелүүлсэн болж улсын эдийн засгийг худал, үндэслэл муутай төлөвлөдөг гэсэн дүгнэлт хийж болохоор байна.

-Та татварын бодлого муу байна гэж хэлэх гээд байна уу?

-Татварын бодлогын шалгуур үзүүлэлтэд үнэлгээ өгөхөд хангалтгүй. НӨАТ-ын баримт огт өгдөггүй татвар төлөгчид бий. Манай улсад үүрлэсэн элдэв төрлийн сүлжээний бизнесийнхнээс татвараа авч чаддаггүй. Мөн том татвар төлөгчид татварын хуульд өөрсдийнхөө төлөх татварыг хөнгөлүүлж,чөлөөлүүлэх заалтыг хуйвалдан оруулдаг. Эдгээр татвараас зайлсхийх явдалд дорвитой ажил хийхгүй байгаа нь иргэдийн нуруун дээр татварын ачаалал ирж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, ядуурал газар авч байна шүү дээ.

-Татварын реформ хийснээр далд эдийн засгийг ил болгоно гэдэг байлаа. Хоёр жилийн өмнөөс мөрдөгдөж байгаа татварын багц хуулийн талаар та байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Татварын багц хуулийн шинэчлэл 2018 онд хоёр жил дуншиж хийгдсэн. Хууль боловсруулагчид нь ярихдаа бизнес эрхлэгчдийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг татна, татвар төлөгчийн тоог ихэсэх зорилготой чухал реформ болсон гэдэг. Монгол Улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр ямаршуу хууль болсныг судалж үзсэн л дээ. Татварын ерөнхий хуульд татвар төлөгчийн үүргийг болон татварын байцаагчийн эрхийг авч хаясан. Ингэж эрх баригчид хуулийг нийтийн эрх ашгийн төлөө биш, өөрсдөдөө ашигтайгаар хийдэг. Хуулийн хийдэл үүсгэж, араа шүдийг нь авч хаядаг.

Уг нь орлого хүлээн зөвшөөрөх олон улсын нягтлан бодох бүртгэлийн зарчмын дагуу зах зээлийн стандартыг энэ хуульд оруулна гэж байсан. Гэтэл УИХ-аар батлуулах болохоороо тэр заалтуудыг авч хаяад мөлийсөн дөрөвхөн хийдэлтэй, тодорхойгүй хууль гаргачихсан. Тэр нь орлогоо тодорхой болгож өгөхгүй гэсэн санааг хийсэн. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл, манай эдийн засгийг бүрдүүлж байгаа уул уурхай, газрын баялгаа үнэн бодитой үнэлүүлж чадахгүйд хүрч байгаа юм. Тухайлбал, А болон Х лицензийг борлуулсны орлогоос 30 хувийн татвар авдаг байсныг 10 хувь болгосон нэртэй. Гэхдээ энэ хувийг авч чадахааргүй болгож, өөрсдийгөө л татвараас хөнгөлж, чөлөөлж байгаа хэрэг. Монгол Улсын 2016-2021 онд лиценз борлуулсны орлогоос улсад маш их төвлөрдөг байсан орлого алга болсон. Жишээ нь, нэг лиценз борлуулахад хоёр сая 450 мянган ам.доллар байдаг. Үүнийг төгрөгт шилжүүлэхэд долоон тэрбум 350 сая төгрөг болно. Үүнээс 30 хувийг нь төсөвт орно гэж тооцоход хоёр тэрбум 205 сая төгрөг байна. Дээрх хугацаанд 90-ээд аж ахуйн нэгж лиценз борлуулсныхаа орлогыг улсад төвлөрүүлээгүй байна. Эндээс томоохон татвар төлөгчид татвараас зайлхийгээд байна шүү дээ. Эрдэмтэн судлаачид хууль батлагдахаас өмнө “2020 оноос хэрэгжих татварын багц хуулийн шинэчлэл бол зардлыг их урамшуулжээ. Орлого нь бас тодорхойгүй болжээ. Тийм учраас ашигтай биш. Яагаад гэвэл хөгжил буурай орнуудын хуулиар боловсруулагдсан байна” гэсэн үнэлэлт өгсөн байдаг. Гэтэл Уул уурхайн яам нь ч үүнд акцент өгөлгүйгээр батлуулчихсан.

Анх татварын реформыг явуулж эхлэхэд Б.Лхагважав гэдэг хүн 34 их наядын далд эдийн засаг ил болж, Монгол Улс хөгжинө гээд яриад байсан. Одоо тэр нь хаана байна вэ. Олигархиуд өөрсдөдөө тохирсон хөнгөлөлт чөлөөлөлтийг татварын хуулиар хийж өгчихөөд бусад үнэн зөвөөрөө татвараа төлж байсан улсууд нь эдийн засгийн өршөөлд хамрагдаагүй шүү дээ. Намайг байцаагч байхад татвар төлөхгүй улсуудыг шахахаар “Удахгүй өршөөлийн хууль гарна” гээд хүлээлтийн байдалтай гэдийцгээдэг байсан нь үнэхээр зовлонтой. УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий хүмүүс ямар хууль хэзээ гарахыг мэдээд тохируулж байдаг юм билээ. Үүнийгээ одоо болих хэрэгтэй. Ард түмэн юм мэдэхгүй байх нь шийдвэр гаргагчдад олз болдог. Дунд нь тэд авлигаа цэцэглүүлж байдаг. Улс орон хөгжихгүй байх нь эд нарт хүртээлгүй. Бид ядуу байж байх нь л тэдэнд амар байгаа юм.

-Та дээр татвар төлөгчдийг олж бүртгэж чадахгүй байна гэж хэлснээ тодруулахгүй юу?

-Бүртгэл бол эд баялаг. Татвар төлөгчөө олж бүртгэж чадахгүй бол татварын төлөвлөгөө үнэн бодитой гарахгүй шүү дээ. Энэ бол асуудал. Ганцхан жишээ хэлье. Өмнө хил, гаальтай татварын алба холбоотой байв. Гахайгаар бараа зөөж байгаа улсуудыг урьдчилаад татварыг нь төлүүлдэг механизм байсан. Олигархиудын гар хөл үүнийг байхгүй болгосноор татвар төлөх сонирхолгүй болсон.

-Цар тахлын үед татварын нэмэгдэл иргэдэд хүндээр туссан. Өчнөөн компани хаалгаа барьж, дампуурсан шүү дээ…

-Татвараа томчууд нь төлж байна уу, багачууд нь төлж байна уу гэдэгт судалгаа хийж байна л даа. Томчууд нь татвараа төлөхгүй байна гэдэг бол ортой. Үнэхээр НӨАТ өгөөд татвараа төлөөд явж байгаа улсууд татварын дарамтад орж байгаа. Ковидын үед ард түмэн худалдан авах чадваргүй болчихоод байхад аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт ирсээр л байна. Тэгэхэд далд эдийн засгаар орлогоо тодорхой бус гаргачихдаг том компани олон. Жишээлбэл, Таван толгой компани байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар ингэж байхад бид дуугүй байж болохгүй. Таван толгойгоос монголчууд хувьцаа эзэмшдэг, ногдол ашгаа үнэн зөвөөр авмаар байна шүү дээ. Тиймээс тэд орлогоо зөв тодорхойлох ёстой.

-Ингэхэд татварын хөнгөлөлт чөлөөлөлт нь жинхэнэ эзэндээ очиж чадаж байна уу?

-Жинхэнэ олигархиуд нь хөнгөлөлт, чөлөөлөлтийг хүртчихээд хамаг ачааг ядарсануудын нуруун дээр үүрүүлчихээд байна. Өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг бүтээн байгуулалтуудыг өрнүүлэхэд татварын бодлого сайн байх ёстой. Тэгж байж энэ их хөрөнгийг босгоно. Өнөөдөр иргэний нийгмийн оролцоо ус агаар мэт хэрэгтэй.

Татварын хөнгөлөлтийг ядарсан бизнес эрхлэгчдэдээ эдлүүлэх ёстой. Жинхэнэ мөнчгөрөөрөө бизнес хийгээд, татвараа цаг тухайд нь төлдөг хүмүүст зээл нь ч олддоггүй. Тэдэнд очих ёстой бага хувийн хүүтэй зээлийг олигархиуд нь хуваагаад авчихдаг. Сонгуулийн сурталчилгаанд ажилласан цүнх баригч, хэн нэгэн татварын удирдлагад очоод сайн ажиллаж чадахгүй. Татварын бодлогыг удирдлагынх нь чадавхиар л тодорхойлдог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *