Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Сарангэрэл: Олон жил алдаатай явж ирсэн тэтгэврийн зөрүүг зөв шийдвэрлэх цаг болсон

УИХ-ын гишүүн, МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Сарангэрэлтэй ярилцлаа.


-УИХ-ын ээлжит нэгэн намрын чуулган өндөрлөлөө. Гол шийдсэн асуудал юу байв. Таны оролцсон хууль, тогтоомжийн талаар яриагаа эхлэх үү?

-УИХ-ын чуулган Үндсэн хуульд заасны дагуу 75 өдөр хуралдаж завсарласан. Нийт 243 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Бүх л шийдвэр хамтынх байдаг. Харин асуудал нь олон учраас гишүүд харьяалагдах байнгын хороо, эзэмшсэн мэргэжил, голлон ажилладаг сэдвээрээ нэгдэн баг, ажлын хэсэг болж хуваагдан хууль, тогтоомжийн төсөл дээр ажиллан чуулганаар хэлэлцүүлж батлуулдаг. Тухайлбал, би Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүний хувьд энэ чиглэлийн үйл ажиллагаанд түлхүү оролцох үүрэгтэй. Манай байнгын хороо намрын ээлжит чуулганы хуралдаанд 14 хууль, тогтоолын нэг төсөл батлуулсан байна. Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоол нь хойч үе маань эрүүл саруул байх боломжийг бүрдүүлэх суурь болно гэж бид үзэж байгаа. Тухайлбал, жирэмсний үед ургийн эмгэгийг тодорхойлох молекул, генетикийн үндэсний лаборатори байгуулж, генийн сантай болох юм. Хүн судлалын талаарх төрийн бодлого орхигдсоныг тогтоол хэлэлцэх үеэр мэргэжлийн хүмүүс нь хүлээн зөвшөөрч, энэ чиглэлийн бие даасан бүтэц, үндэсний хөтөлбөр, хууль бий болгохоор тогтоолд тусгалаа. Мөн угийн бичиг хөтлөх, ургийн овог хэрэглэх, хүн амын хөдөлгөөнийг тэтгэх замаар цус ойртолтоос сэргийлж удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, оюуны чадавхыг хөгжүүлэх замаар үндэсний дархлааг бэхжүүлэх зорилготой ийм л чухал тогтоол. Олон гишүүн энэ тогтоолд үнэтэй санал хэлсэн. Миний хувьд асуудалд прагматик хандаж, үндэсний молекул-генетикийн лабораторитой болж, эрүүл саруул үр хүүхэдтэй, аз жаргалтай айл өрх байхад үр нөлөөгөө өгөх чиглэлд тууштай ажиллах бодолтой явдаг. Ер нь эмэгтэйчүүдийн үргүйдэх явдал ч асуудал болж байна. Түүний шалтгааныг тогтоох, улмаар үр шилжүүлэн суулгах боломжийг бүрдүүлж асуудлыг цогцоор нь шийдвэл олон хүнд тустай ажил болно. Харьяалагдах байнгын хорооноос хальж ажиллах боломж ч бий. Тиймээс боловсролын болон төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдтэйгээ хамтран Боловсролын багц хуулиудын төсөл, Улс төрийн намын тухай хуулийн төсөл зэрэг хэд хэдэн хууль, тогтоолын төслийн ажлын хэсэгт ажиллаж байна.

-УИХ Шинэ сэргэлтийн бодлогын талаар тогтоол баталсан. Үүнийг дэмжих нэг хэсэг ч байна, шүүмжлэл ч байна. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Шүүмжлэх амархан. Харин хийх хэцүү. “Ковид-19” цар тахал дэлхийн бүх улс орны эдийн засагт хүндээр тусаж байна. Улс орон бүр хэрхэн эдийн засгаа сэргээх үү, сөрөг нөлөөллийг яаж бууруулах уу гэж эрэл хайгуул болсоор. Монгол Улсын Засгийн газар зургаан зүйл бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг УИХ-д оруулж ирлээ. Эдийн засагт гол нөлөөтэй салбарыг сэргээх, хөгжилд саад бэрхшээл болж байгаа хүчин зүйлсийг засч залруулах, урт хугацаандаа хөгжлийн бодлогын суурь болоход чиглэсэн хөтөлбөр боловсруулсан байна. Хэлэлцүүлгийн үеэр дээрх зургаан асуудал манай улсын эдийн засагт шууд нөлөөтэй, хөгжлийн суурь болсон асуудал болохыг гишүүдийн олонх үзэж байсан.

-УИХ-ын гишүүний хувьд Засгийн газраас оруулж ирсэн энэхүү бодлогыг тал талаас нь шинжин үзсэн байх. Улмаар УИХ-аар уг бодлоготой холбоотойгоор тогтоол батлагдлаа. Ер нь зургаан зүйл бүхий шинэ сэргэлтийн бодлогыг эдийн засгаа хөгжүүлэх зорилго гэж ойлгож болох уу?

-Бид тэгж л харж байгаа. Эн тэргүүнд боомтуудаа сэргээж , ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлж эдийн засгаа тэтгэх хэрэгтэй. Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбож, ачаа тээврийн урсгалыг сайжруулах зорилт Засгийн газар тавьж байна. Боомт дээр ачаа барааны эргэлт удааширч, энэ нь үнийн өсөлтөд хэрхэн нөлөөлж буйг та бид мэднэ. Засгийн газрын шууд оролцоотойгоор зарим гацаа нь гарч ачаа, чингэлэг орж ирж байна. Оны эхний сараас дотоодын цэргийн албан хаагчид хилийн тэг бүсээс гаалийн хяналтын терминал хүртэл тээвэр хийж, төр энэ асуудлыг хяналтдаа авснаар тээврийн үнийг хямд байлгах зарим боломжууд бий болж байна. Ер нь нүүрсний экпспортоос эдийн засаг ихээхэн хамааралтай. Нүүрс гаргалт зогсоход л олон хүндрэл бий болж байна шүү дээ.

-Тодорхойлж яривал…

-Тухайлбал, Гашуунсухайтын боомтоор машинаар нүүрс гаргаж чадахгүй болоход Өмнөговийн Цогтцэцийгээс Дорноговийн Чойр хүртэл автомашинаар, тэндээс төмөр замаар Замын-Үүд-Эрээн рүү нүүрсээ зөөсөн. Засгийн газар Гашуунсухайтад жилдээ 10 сая тоннын хүчин чадалтай чингэлэг тээврийн терминал ашиглалтад оруулчихлаа. Үүний үр дүнд нүүрс олон дахин ачиж буулгах шаардлагагүй болж байна. Их зардал, цаг хугацаа хэмнэнэ. Дээр нь орчны бохирдол буурч, хорогдол алдагдал багасаж байгаа юм билээ. Хамгийн гол нь хилээр нэвтрэх хурд нэмэгдэж байна. Шивээхүрэнгийн боомтод мөн ижил терминал байгуулаад эхэлж. Таван толгой-Гашуунсухайтын 233.6 км төмөр замыг барьж дуусгасан байна. Ачаа тээвэрлэлт, бараа эргэлтэд мэдэгдэхүйц үр дүн гарна гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна лээ. Ирэх хагас жилдээ багтааж Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын ажил бүрэн дуусна. Энэ мэт боомтоо сэргээх бодлого бодитоор ажил хэрэг болж байна. Авто замын хувьд Ханги, Цагаандэл, Бургастай, Бичигт зэрэг 14 боомтыг авто замаар үе шаттай холбож, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 км хурдын зам барих зорилтыг Засгийн газар боомтын сэргэлтийн бодлогоороо тодорхойллоо. Энэ нь цаашдаа “Транзит улс” болох суурь болно гэж Засгийн газар зорьж байна. Засаг хийж байгаа ажлаа бага сурталчлаад байх шиг. Энд ажиллах төмөр замчид, уурхайчдын орон сууцны асуудлаа ч давхар шийдэж байгаа юм билээ.

-Аялал жуулчлалтай холбоотой агаарын тээврийн асуудлыг мөн хэлэлцэж байсан. Энэ талаар яривал?

-Манай улсаар дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттай үргэлжлүүлж аялал жуулчлалын салбараа дэмжихээр тогтоолд тусгасан. Эрдэмтэн судлаачдын хэлж байгаагаар цар цахал омикроноор хумигдах юм бол агаарын тээврийн либералчлал аялал жуулчдад тун таатай нөлөөлнө. Өнгөрсөн онд баталсан Гадаадын иргэн, харъяатын эрхзүйн байдлын тухай хууль хил, гааль, визийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгож өгсөн. Аялал, жуулчдад зориулсан цогц үйлчилгээний байгууллагууд олноор баригдахаар төлөвлөгдсөн байгаа. Түүнчлэн боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн чөлөөт бүсийг нээн ажиллуулж худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Энэ ажил эхнээсээ үр дүнгээ өгч Замын-Үүдийн чөлөөт бүс үйл ажиллагааны хувьд ч, хууль эрх зүйн хүрээнд ч дэвшилттэй явна.

-Шинэ сэргэлтийн бодлогын амин сүнс нь эрчим хүч байх. Эрчим хүчгүйгээр эдийн засаг, улс орон, бүхий л салбарын хөгжлийн талаар ярих боломжгүй. Тэгэхээр эрчим хүчний асуудлыг яаж зохицуулахаар байгаа юм бэ?

-Засгийн газар эрчим хүчний эх үүсвэр, хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлогоо боловсрууллаа. Сэргээгдэх эрчим хүч, түүний дотор усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад засаг ач холбогдол өгч байна. Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Таван толгой, Багануур, Чойбалсангийн дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг томоохон ажлыг дуусгаж ашиглалтад оруулах нь энэ бодлогын гол зорилт болж байна.

-Манай улсаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудал бидэнд яг ямар ашигтай юм бэ?

-ОХУ-аас БНХАУ руу манай газар нутгаар байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх заалт туссан байсан. Саяхан уг төслийн текник, эдийн засгийн үндэслэлээ баталгаажуулан Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Оросын талтай гарын үсэг зурлаа. Цаг хугацаа орох байх, гэхдээ бодит ажил болох суурь тавигдлаа гэж ойлгож байгаа. Зургаан аймаг, 20 сумаар дамжин өнгөрөх энэ хоолой Алтанбулагаас Замын-Үүд хүртэл 975 км үргэлжилж , эрчим хүчээ хийн хангамжаар нэмэгдүүлж, багадаа 1500 ажлын байр бий болгоно гэсэн мэдээлэл засаг өгч байсан л даа. Үүнийг бид нэг боломж л гэж харж байгаа.

-Шинэ сэргэлтийн бодлогын гуравт нь аж үйлдвэрээ сэргээх бодлого орж байсан. Энэ талаар мэдээлэл өгвөл…

-Гол нь нэмүү өртөг шингэсэн, өөрөөр хэлбэл түүхийгээр нь бус боловсруулалт хийсэн уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортыг нэмэгдүүлэхээр Засгийн газар төлөвлөж байна. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт гайгүй сайн явж байгаа. Энэ бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын дарга байхад эхэлсэн бүтээн байгуулалт. Ерөнхий сайд ажлын явцыг сайн мэдэж байгаа. Тиймээс энэ том бүтээн байгуулалтыг шахаж шаардаж яаралтай ашиглалтад оруулах шинэ сэргэлтийн бодлогод оруулсныг оновчтой шийдвэр гэж бодож байна. Монгол төгрөгөөрөө монгол бензин авдаг болж үнийн хөөрөгдөлд нэрвэгдэхгүй гэсэн их хүлээлттэй байгаа ажил. Энэ бодлогын хүрээнд арьс шир боловсруулах үйлдвэр, үнэгүй хаягдаад байгаа малын дагалдах түүхий эд татан авах төвүүд байгуулж, Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн, Эрдэнэтэд зэсийн баяжмал боловсруулах, Таван толгойд нүүрс баяжуулах үйлдвэр барих төлөвлөгөө аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогод орсон. Эдгээрийг дагаад ажлын байр бий болох, орон нутаг хөгжих гээд давуу талууд бий.

-Сэргэлтийн бодлого гэдэг бол эрх баригч намын гол бодлого. Тиймээс тодруулж асуух зүйл их байна. Тухайлбал, нэг чухал хэсэг нь хот, хөдөөд хөгжил авчрах тодорхой шийдлүүд орсон. Энэ талаар ярихгүй юу?

-Хот, хөдөөгийнхөө хөгжлийг ойртуулах, ялгааг багасах зорилготой бодлого гэж энгийнээр ойлгож болно. Зам, сүлжээгээ өргөтгөж, багтаамжтай шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих замаар нийслэлийн түгжрэлийг бууруулахаар төлөвлөсөн байна лээ. Ингэхдээ шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлж төвлөрлийг сааруулах зорилт тавьсныг УИХ дэмжсэн. Тухайлбал, эртний нийслэл Хархорум хотыг түшиглэн шинэ суурьшлын бүс байгуулах судалгаа хийх, Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах бүтээн байгуулалтыг энэ ондоо эхэлнэ. Аймгийн төвүүдийг бие даасан хот болгох, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлээ дэмжиж, хүнсний дотоодын хэрэгцээг хангаж, улмаар экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь ч мөн энэ бодлогын нэг хэсэг юм.

-Ногоон хөгжлийн бодлого аль ч оронд чухлаар тавигддаг. Үүнд бас Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн чухал нөлөөллөө үзүүлнэ гэж бодож байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Бүтээн байгуулалтын зэрэгцээ байгаль орчноо хамгаалах, хот, хөдөөгүй тулгамдаад байгаа хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдийг Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт бүсчлэн байгуулахаар төлөвлөж, зарим ажил эхлээд явж байна. Манай улс уурын амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны тоонд орсон. Нийт газар нутгийн маань 80 шахам хувь нь цөлжилтөд их, бага хэмжээгээр өртсөнийг байгаль орчны нөхцөл байдлын тайланд дурдсан байдаг. Дэлхийн дулаарлын хувь хэмжээг авч үзвэл сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд агаарын хэм нэгээр нэмэгдсэн байхад манайд 2.4 хэмээр нэмэгдсэн байна. Нэг хэмээс дээш гарвал гамшиг гэж үздэг. Тиймээс бид амар амгалан суух аргагүй. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөн энэ үед маш чухал. Модны ач холбогдлыг мэдэхгүй хүн үгүй. Бидний амьсгалдаг цэвэр агаарыг бий болгож, хүчилтөрөгч ялгаруулдаг. Хүний тархины хүчилтөрөгчийн хангамж буюу сатураци 90-ээс буухад л бие организм хэвийн бус болдог. Ногоон хөгжлийн сэргэлтийн бодлогод мод тарих хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр тусгасан нь зөв. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт,хөрсний доройтолтой тэмцэх ажил энд орсон байна. Манай улс бас л усны нөөцийн хомсдолтой орны бүртгэлд байдаг. Ногоон хөгжлийн сэргэлтийн бодлогод бэлчээр усжуулах, говийг усаар хангах, саарал ус дахин боловсруулах, нуур цөөрөм үүсгэх, ширгэсэн гол мөрөн, булаг шандыг сэргээх ажлууд бас хийгдэнэ.

-Төрийн үйлчилгээтэй холбоотой асуудал нийгэмд их бухимдал дагуулдаг. Үүнд бас шийдэл болж Шинэ сэргэлтийн бодлогод зангигдаж өгсөн байлгүй?

-УИХ баталсан шинэ сэргэлтийн бодлогоор төрийн бүтээмжийг дээшлүүлэх буюу иргэдийг ихээхэн бухимдуулж байгаа төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд суртлыг бууруулна. Ер нь бүх үйлчилгээг засаг өөрөө хариуцах гээд байхын оронд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэхээр болж байна. 2024 он гэхэд бизнес эрхлэхэд төрийн байгууллагаас шаарддаг 1000 гаруй зөвшөөрөл, техникийн нөхцөл, гарын үсэг, гэрээний тоог 50 хувиар бууруулж, хүний хүчин зүйлийг багасгана гэж тооцож байна. Одоо иргэд төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол системээс 512 төрлийн үйлчилгээ авч байгаа юм. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгжүүд хяналт, шалгалтын давхардлыг арилгаж, төлөвлөгөөт шалгалтыг түр хугацаанд зогсоохоор болж байна. Гэхдээ энэ нь огт шалгалт байхгүй гэсэн үг хараахан биш. Иргэдийн санал гомдолд үндэслэж шалгана. Ингэхдээ хааж боох, торгож шийтгэх бус харин мэргэжлийн зөвлөгөө өгч тусалж дэмжих юм байна гэж ойлгосон. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах хууль батлахаар шинэ сэргэлтийн бодлогод туссан байгаа. Мөн Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд боомтын хүчин чадал гурав дахин, экспорт хоёр дахин өсч, эрчим хүчний чадал 2,5 дахин нэмэгдэх тооцоо гарсан байна. Ажлын байр нэмэгдэх, нийслэлийг зорьсон нүүдэл буурах, эдийн засаг тэлэх зураглал гарчээ. Эдийн засаг томрохын хэрээр эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжрах зэрэг ард иргэдийн ахуй амьдралд өөрчлөлт гарах, олон жил ярьж буй ажил, орлоготой дундаж давхарга бий болгох зорилт хангагдана. Энэ зорилт, энэхүү бодлогод хүн бүрийн хүчин чармайлт, хичээл зүтгэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагаа чухал байх нь ойлгомжтой.

-Саяхан танай намын их хурлаар авлигатай идэвхтэй тэмцэх тухай тодорхой бодлого гарган ажиллахаа зарласан. Үүнийг олон нийт дэмжиж хүлээн авч байна. Яаж авлигатай тэмцэх юм бэ?

-Олон нийт илт дургүйцэж байгаа цөөнгүй асуудал байна. Төрийн албаны хүнд суртал, авлига, хариуцлагагүй байдал, хүний эрхийн зөрчлүүд иргэдийг бухимдуулж байна. Манай улс НҮБ-ын Авлигын эсрэг олон улсын конвенцид 2005 онд нэгдэн орсон. Авлигатай тэмцэх олон төсөл, хөтөлбөр манайд хэрэгжсэн. Гэвч үр дүн нь хангалтгүй байгааг манай улс авлигын индексээр улс орнуудын дундаас 111-т явна. НҮБ энэ жил “Авлигад үгүй гэж хэлье! Таны эрх, таны оролцоо” гэсэн уриа дэвшүүлээд байгаа. Намын XXX Их хурлаар авлига, ёс зүй, хүний эрхийг хамгаалах асуудлыг хөндөж, намын дүрэмдээ авлигын хэрэгт холбогдсон нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон хүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, ажил албанд томилохгүй, намын удирдлагад сонгохгүй, бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар заасан анхны улс төрийн нам боллоо. Дүрмийн дөрөв дэх зүйлд илтэд ёс зүйн зөрчил гаргасан, ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан, авлигын гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд намын гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ тухайн хүн өөрөө 30 хоногт багтаан гаргах заалт орсон байгаа.

Мөн хууль эрх зүйн орчны шинэчлэл хийж, тухайлбал “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль” гаргаж, “Улс төрийн намын тухай” зэрэг хэд хэдэн хуульд өөрчлөлт хийхээр холбогдох яам, байнгын хороо ажиллаж байна.

-Их хурлаар хэлэлцсэн гол асуудлын нэг нь хүний эрхийн асуудал байсан. Одоо энэ ажил хэр явж байна вэ?

-Манай нам Их хурлаараа шударга ёс, эв нэгдлийн зарчимд суурилсан социал демократ хөтөлбөрөө баталж, хүний эрх, эрх чөлөөг хуульчлан хамгаалахаа мэдэгдсэн. Хүний эрхийн асуудлаар нэг зүгт хамтдаа алхахыг парламентад суудалтай, суудалгүй бүх улс төрийн намд уриалсан. Энэ үйл ажиллагааг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан манлайлж, есөн сарын турш хүний эрхийн хуульчид, иргэний нийгмийн байгууллага зэрэг холбогдох талуудыг оролцуулан уулзалт хэлэлцүүлэг, судалгаа шинжилгээ, үнэлэлт дүгнэлт хийж ажилласан. 40 гаруй хуульч, судлаачтай баг нийгмийн харилцааг зохицуулж байгаа 318 хуулийн 11900 заалтад шинжилгээ хийж хүний эрх зөрчсөн, хязгаарласан, цаг хугацааны хувьд хоцрогдсон 800 гаруй заалт байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Олон улсын байгууллага, манай улсад ажиллаж буй Элчин сайдын яамдын төлөөллийн 90 гаруй хувьтай нь уулзаж хүний эрхийн асуудлаар туршлага судалж, санал бодол солилцсон. МАН хүний эрхийн асуудлыг өнөөдөр гарч буй зөрчлийн тохиолдлыг ярихаасаа илүүтэй сууриар нь авч үзэж, хууль эрх зүйн орчин нөхцөлийг сайжруулж, иргэдийнхээ эрхийг хамгаалах зорилго тавиад байна. УИХ-ын хаврын чуулганаас эхлээд шат дараатай хүний эрхийг хамгаалах чиглэлд дэвшилттэй хуулийн төслүүдийг хэлэлцүүлж эхлэхээс гадна хуулийн өөрчлөлт хүлээлгүй хүний эрхийн зөрчлийг төрийн зүгээс гаргахгүй байхыг албан тушаалтнуудад үүрэг чиглэл болгоод байгаа. Хүний эрхийн зөрчил хариуцлага тооцох нэг үндэслэл болсон. Түүнчлэн МАН хүний эрхийн боловсролын хөтөлбөрийг сайжруулах ажлыг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Та НАМЭХ-ны ерөнхийлөгч. Та бүхэн ямар асуудалд түлхүү анхаарч байгаа вэ?

-Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо улс орон даяар үйл ажиллагаа явуулдаг. Нийгэмд үйлчилдэг, ашгийн бус үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн байгууллага. Бид шинэчилсэн бүртгэл хийхэд нийт 96.668 гишүүнтэй байна. Ер нь зөвхөн НАМЭХ-ны гишүүн гэлтгүй Монголын эмэгтэйчүүд бүх салбар чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг илрэл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэг сая гаруй хүн санал өгснөөс долоон зуун мянга орчим буюу 62.83 хувь нь эмэгтэйчүүд байна лээ. НАМЭХ-ны удирдах зөвлөлд УИХ-ын салбар салбарын төлөөллөөс гадна эмэгтэй гишүүд бас ордог. Эмэгтэй гишүүд нийгэмд тулгамдсан асуудал, тэр дундаа ядуурал, архидалт, хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүдийн эрх, тэднийг хамгаалах, бизнес эрхлэх боломж, боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжлийн цогц бодлого, залуучуудын хөгжлийг дэмжих зэрэг арван чиглэлээр ажилладаг.

-УИХ-ын эмэгтэй гишүүд орж ажилладаг гэлээ. Тухайлбал, ямар ямар гишүүн юуг хийж байна вэ?

-За, Б.Баярсайхан гишүүн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх лобби бүлэг УИХ-д байгуулан ажиллахын зэрэгцээ, орон нутгийн эрүүл мэнд, боловсролын байгууллагад модон жорлонг халах томоохон ажлыг ахалж эмэгтэй гишүүдтэйгээ хамтран тодорхой үр дүнд хүрч байна. П.Анужин гишүүн төрөх эмнэлгийн шинэчлэл, тав тух, тоног төхөөрөмжийг сайжруулах, үдийн хоол хөтөлбөрийг чанаржуулах чиглэлд ажиллаж байна. Б.Жаргалмаа гишүүн архидан согтуурахтай тэмцэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрчүүдийн эрүүл мэнд, ахмад настан , хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд анхаарч байна. М.Оюунчимэг гишүүн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, Ч.Ундрам гишүүн боловсролын шинэчлэл, Д.Өнөрболор гишүүн эмэгтэйчүүд, залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар, Х.Булгантуяа хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэх чиглэлд ажиллаж байна. Харин Б.Саранчимэг гишүүн Байгаль орчин,ногоон хөгжлийн бодлого, багц хуулийн өөрчлөлт хийх ажлын хэсгийг ахалж байгаа. Г.Мөнхцэцэг гишүүн өв соёл, уламжлалын чиглэлд, Ц.Мөнхцэцэг цахим орчин дахь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буй асуудалд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Бид “Хүүхэд хамгаалалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан.

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ өнгөрсөн намрын чуулганаар баталлаа. Энэ хууль батлагдах гэж олон парламент дамжигдсан байх шүү…

– 2009 оноос хойш гурван парламент, таван Засгийн газар дамжсан “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлахад М.Оюунчимэг даргатай Байнгын хорооны эмэгтэй гишүүд ихээхэн үүрэгтэй оролцсон. Уг хуулийг энэ оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхэлсэн байгаа шүү дээ. Хөдөлмөрийн тухай хуульд анх удаа Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд хүүхэд хамгааллын бодлоготой байх тухай заалт орлоо. Ингэснээр байгууллага, ажил олгогчид ажилтныхаа ар гэрийг анхаарах үүрэг хүлээж байна. Мөн 0-3 настай хүүхэдтэй ээжүүдийг илүү цагаар ажиллуулах, томилолтоор хөдөө, гадаа явуулахыг энэ хуулиар хориглолоо. Шинээр хүүхэд төрөхөд аавуудад 10 хоногийн цалинтай чөлөө олгох заалтыг бид суулгаж чадсан. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод, нэгдсэн форумаас 21 санал ирүүлсний 95 хувь нь Хөдөлмөрийн хуульд туссан. Хүүхдээ байнга асрах шаардлагатай эцэг, эхэд тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжийг олгосон. Ажлын цаг багасгах, цалин хасахгүй байх зэрэг амьдралд ойр 20 гаруй заалтыг эмэгтэй гишүүд хамтран хуульд орууллаа. НАМЭ-ийн Холбоо умайн хүзүүний хорт хавдаргүй улс болоход манлайлж ажиллах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны бэлгийн дарамтыг бууруулах хууль эрх зүйн орчныг өөрчлөх, байгууллагын соёл, дүрэмд энэ чиглэлийн заалт тусгах чиглэлд шинэ онд төвлөрч ажиллахаар зорьж байна.

-Хөдөлмөрийн хуулийн анхаарал татсан нэг зүйл бол ажлын байрны бэлгийн дарамтын асуудал байгаа. Энэ талаар тодруулбал?

-Ажлын байрны бэлгийн дарамтын тухайд хууль чангалахыг гол шийдэл гэж бид үздэг. Бусад орны туршлагаас харахад нийгмийн ёс зүйн хэм хэмжээг тогтоох, өөрөөр хэлбэл ажлын байрны бэлгийн дарамт гэдэг тодорхойлолтоо чангалах нь илүү үр дүнтэй байж. Байгууллагын дотоод дүрэмдээ тусгах, ажилтнууддаа танилцуулж гарын үсэг зурж баталгаажуулснаар хэм хэмжээ дагадаг хандлагын өөрчлөлт бий болгодог Америк, Японы туршлага байна. Манайд Эрүүгийн хуулийн 22.5-д байсан “Албаны эрх чөлөөний тухай” зүйл ангийг хассан нь бэлгийн дарамтыг өөгшүүлсэн гэж иргэний нийгмийн төлөөллүүд үзэж үүнийг буцаж сэргээх асуудлыг тавьж байгаа.

-Саяхан Ерөнхийлөгч Засгийн газарт ахмадын тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг судалж үзэхийг чиглэл болгосон. Нэмэгдэх эсэх нь тодорхойгүй байна л даа. Энэ асуудлаар таны байр суурь ямар байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 358 мянган ахмад настан тэтгэвэр авч байгаагийн 60 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 350 мянган төгрөг байна. Сүүлийн хоёр жил тэтгэвэр нэмэгдээгүй. Энэ хугацаанд хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөнийг бид бүгд харж байгаа. Ер нь тэтгэвэр нэмэгдүүлэх талаар УИХ, Засгийн газрын түвшинд байнга хөндөж ярьсаар ирсэн. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу НХХ яам тэтгэвэр нэмэх тооцоо судалгаа хийж, эх үүсвэр бүрдүүлэхээр ажилласан. Монгол Улсын Ерөнхийлөгч ахмад настны тэтгэвэр нэмэгдүүлэх ажлыг шуурхайлах Засгийн газарт мөн өглөө. Түүнчлэн хаврын чуулганаар “Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөл, “Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байгаа. Олон жил алдаатай явж ирсэн тэтгэврийн зөрүүг одоо бид зөв болгож шийдвэрлэх цаг болсон. Чуулган завсарлахын өмнө УИХ-ын эмэгтэй гишүүд, намын дэргэдэх эмэгтэйчүүд, ахмадын холбооны төлөөллүүд Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-д ажиллаж нөхцөл байдалтай танилцан, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байна. Цаашид бид тэтгэврээс гадна ахмад настны нийгмийн хамгаалал, асаргаа сувилгаа, эмчилгээний чанар хүртээмжийг сайжруулах боломжийг бүрдүүлэх чиглэлээр мөн ажиллана.

-Цагаан сарын дараа ковидын халдварын тоо улам нэмэгдэнэ гэж Эрүүл мэндийн яам мэдэгдлээ. Цагаан сар хийх нь зөв, буруу гээд уламжлалт баяр маань сошиал орчинд маргаан дагуулж байна. Цар тахлын үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд санал бодлоо хуваалцахгүй юу?

-Юуны өмнө Монгол Улсад эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг салбарын 56 мянган эмч мэргэжилтэн, нийт ажилтнууддаа хүргэе. Одоогоос 100 жилийн өмнө манай улсын хүн ам 600 мянга хүрэхтэй үгүйтэй, дундаж наслалт дөнгөж 40 гарантай, жилдээ төрж байсан 10 мянган хүүхдийн тал нь энддэг байсан тоо баримт бий. Тэгвэл одоо хүн ам 3.4 сая, дундаж наслалт 71, жилдээ 80 гаруй мянган хүүхэд эрүүл саруул төрдөг болсон гавъяаны дийлэнх нь эрүүл мэндийн салбарынханд хаяглагдана. Дэлхий дахиныг донсолгосон цар тахлын халдварыг хүн амын дунд алдалгүй 10 сар барьж, 40 гаруй мянган болзошгүй нас баралтаас сэргийлж, олон тэрбумын эдийн засгийн хохирлоос хамгаалж,цар тахлын эхэн үед цаг алдалгүй оновчтой шийдвэрүүд гаргаж вакцинтай золгуулсан манай баг, манай салбар.Үүнд сэтгэл тайван явдаг даа. Монголчууд бид цагаан нөмрөгт баатрууддаа үргэлж хүндэтгэл үзүүлж байх учиртай. Одоо энэ хүмүүст төр, иргэд, хэвлэл, гэр бүл гээд бүх талын урам, дэмжлэг,халамж хэрэгтэй. Энэ үгийг хэлье гэж бодож явсан. Он гарсаар анхны сонины ярилцлагаа “Өдрийн сонин”-доо өгч байна. Халдварын тоо хэд ч болсон, байгаа боломжоороо эрүүл мэндийн салбарынхан хүн ардаа хамгаална. Үүнийгээ бүтэн хоёр жил харуулсан шүү дээ. Ер нь ковидоос өмнө ч шинэ жил, цагаан сарын дараа ханиад томуу, амьсгалын замын өвчлөл нэмэгддэг. Тиймээс хүн бүр өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдварт цар тахлаас хамгаалах хэрэгтэй. Халдвар авсан хүний тоо хэт олон болбол ямар ч өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй. Италийн жишээг бид мэднэ. Гадаа ор дэлгэж өвчтөнөө авахаас аргагүй байдалд хүрсэн байсан. Одоо манай монголчууд маскаа зүүж, гараа угааж, зайгаа барьдаг болсон байна. Түүгээр ч зогсохгүй халдвар авахгүйн тулд нийгмийн харилцаанд яаж орохоо заалгахгүй хэмжээнд очсон доо. Харин шинэ вирус гарахад шинж тэмдэг, эмчилгээний талаарх мэдээлэл чухал. Өнгөрсөн хугацаанд олон мянган хүн ковидоор өвдөж, бид дотны хүмүүсээ ч алдсан. Ирж буй “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилдээ цар тахлыг ялан дийлж, хүн бүхэн өвчин зовлонгүй эрүүл энх, ажил төрөл нь бүтэмжтэй, амар амгалан, аз жаргалтай байгаасай гэж хүсч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *