Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

D.Parliament.mn буюу бүгдээрээ УИХ-ын гишүүн болох боломж бүрдлээ DNN.mn

Монголд D.Parliament.mn вебсайт болон D-Parliament апп өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтээ хийгээд удаагүй байна. Энэхүү цахим систем төр дэх иргэдийн оролцоог үнэмлэхүй өндөр түвшинд авчирлаа. Ер нь бол иргэд бодит утгаараа төрийн эрхийг барилцах боломж бүрдэв. Одоо ганцхан иргэн бүр идэвхтэйгээр ашиглах л чухал байна. Ямар учиртай цахим систем бэ гэвэл УИХ-аас шинээр батлагдах хуулийн төслүүдийг бүрэн эхээр нь эдгээр сайтад нийтэлж байгаа юм. Хууль санаачлах эрхтэй Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, бусад субъектууд нь санаачлан боловсруулсан хуулийн төслүүдээ тэр чигээр нь энэхүү цахим системд байршуулж, үүнд нь иргэн бүр нээлттэй саналаа өгнө. Дэмжих, эсэргүүцэх, саналаа бичих гурван үйлдэлтэй. Хууль, дүрэм журмын дагуу хуулийн төслийн зүйл, заалт бүгдэд иргэдийн өгсөн санал хүсэлтэд тухайн хуулийг боловсруулж байгаа Ажлын хэсгийнхэн заавал хариулт өгөх үүрэгтэй. Тэр бүү хэл иргэдийн тодорхой саналууд протоколын байдлаар УИХ-ын архивт хадгалагдана. Тухайн хуулийн төсөл дээр иргэдийн үнэмлэхүй олонх нэгдмэл байр суурьтай санал өгсөн бол түүнд нь зориулсан тухайлсан Ажлын хэсэг байгуулах, хэлэлцэх юм байна. Жишээ нь, 25 мянган иргэн хуулийн нэг заалт дээр санал нэгдсэн бол УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ гэх мэт.

Ерөөсөө энэ нь л Монголын ард түмнийг УИХ-ын гишүүдтэй нэг статустай болгож байгаа үйл явц юм. Онцгой дэвшил хөгжил билээ. Ардчилсан нийгэмд жинхэнэ утгаараа ард иргэд төр засгаа барьж эхэллээ гэсэн үг. Энэ боломжоо л ард түмэн ашиглах цаг иржээ. Тухайлбал НӨАТ-ыг таван хувь болгоё гэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард иргэдийн зүгээс энэхүү d.parliament.mn цахим сайтад санал болгож, үүнийгээ хэдэн мянгаараа дэмжин давалгаалж болно. Ингэж чадвал тухайн хуулийг хэлэлцэхээс өөр замгүй болно. Эсвэл НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувь биш, таван хувь болгоё гэж ч иргэд санаачилж болно. Иргэдийн энэ мэт ашигтай санал үр дүнд хүрэх боломжийг энэхүү d.parliament.mn сайт нийгэмд олгож байна.

Ард иргэд засгийн эрхийг барих боломж улам их нээгдлээ гэдгийг л уншигчдадаа хүргэж байгаа хэрэг шүү дээ. Өнөөдөр иргэдийн амьдралд хэрэгтэй, нэн даруй засч сайжруулах шаардлагатай олон хууль бий. Ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь руу шилжүүлэх Шадар сайд С.Амарсайханы санаачилсан хууль бол ард түмний хүсэн хүлээж байгаа хууль. Дээрх цахим системд иргэд хэдэн мянгаараа ипотекийн зээлийг зургаан хувьд шилжүүлье гэсэн санал өгөхөд хуульд өөрчлөлт орох боломжтой. Энэ мэтээр банк санхүү, татварын хөнгөлөлт дээр иргэд хуулиа онцгойлон судалж, санал нэгтэйгээр өөрчлөлт хийе гэцгээвэл цаана чинь d.parliament.mn гэсэн хууль тогтоох засаглалд оролцох боломж бий болсон шүү.

Тухайлбал СӨХ-ны эрх зүйн байдлын тухай хууль, Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль… гэх мэтчилэн ард иргэдийн амьдралд өдөр тутамд хэрэглэгдэж байгаа, гэхдээ үр дүн нь сөргөөр туссан олон арван хууль бий. Эдгээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, засч сайжруулах цаг болсныг нийгэм даяараа шуугиж өнөөдөрт ирлээ. Тэгээд өөрчлөхөд яагаад байгаа юм бэ. Амьдралд нийцэхгүй байна гэдгийг бид алхам тутамдаа харж, шүүмжилж байгаа учир эдгээр хуулиудад нэмэлт өөрчлөлт орох нь гарцаагүй юм. Тэр цаг нь ирэхээр d.parliament.mn сайтад хуулиудын нэмэл

өөрчлөлт, тэдгээрийн төслүүд тавигдаж, ард иргэдээс санал авах нь тодорхой. Энэ хугацаа ирсэн учраас Монголын иргэн бүр хамгийн түрүүнд

гар утсандаа энэхүү сайтыг татаж, энэхүү аппликейшнийг суулгаж өдөр бүхэн ухаж төнхөж, харж байх зайлшгүй шаардлагатай боллоо. Ард иргэд маань шүүмжлээд байгаа төр засгаа хянах, улмаар эрх мэдлээс нь хуваалцах боломжийг өнөөдөртөө энэхүү цахим систем бий болгож байгаа юм. Та бүхэн энэ боломжийг ашиглаж, иргэнийхээ эрхийг эдэлнэ үү.

Ер нь бол ардчилсан нийгмийн үндсэн хоёр зүйл бол хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө хоёр юм. Энэ хоёр том агуулгаар монголчууд бид нийгмээ харж, эрх зүйт төрөө барих ёстой. Бид хэр эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байна вэ гэдэгт л парламентын засаглалын сайн, муу мөн чанар оршино. Жижиг дэлгүүрийн эзэн бол татварын дарамт болон элдэв хяналт шалгалтын дарамтыг өдөр бүр мэдэрч байдаг. Тэгвэл тэр дэлгүүрийн эзэн татварын хууль болон төрийн хяналтын тогтолцооны хуулиудыг сайн судалж, улмаар d.parliament.mn сайттай “найзалж явахад” өөрийнхөө эрхийг эдэлж чадна гэсэн үг.

УИХ-д “Хуулийн лобби”-г тодорхой бүлэглэл, том компани группүүд, бүр гадны хөрөнгө оруулагчид хийж чадаж байна гэсэн шүүмжлэл нийгэмд их байдаг. Аль ч улс оронд “Хуулийн лобби” гэдэг нэршил асар хүчтэй нэр томьёо юм. Үүнийг хийж чадна гэдэг бол үндсэндээ тэр улс орон, ард түмнийг захирч байна гэсэн үг. Хуулийн дор л хүн төрөлхтөн амьдардаг. Монголчууд үүнийг өөрөөс нь маш хол, их дээгүүр хийгддэг үйл явц гэж ойлгож ирсэн. Тэгвэл тийм биш болжээ, монголчууд аа. Тэрхүү хуулийн лобби гэдэг зүйлийг ард иргэд та бид өдөр тутам хийх боломжтой боллоо. Тэр нь энэхүү d.parliament.mn сайт гэдгийг дахин давтан хэлье.

Басчиг өнөөдрийн Монголын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аас ард түмэндээ төрийн жолоог хамтдаа атгалцах боломжийг олгож байна гэж ойлгож байна. Одоо ганцхан та бидний идэвх, технологийн дэвшлийг ашиглах чадвар, ардчилсан нийгэмд амьдарч буй иргэн гэдгээ ойлгох ухамсар, утасныхаа цаанаас уур хилэнгээ гаргах биш, утсаа ашиглаж улс орноо удирдалцах ухаан шаардсан цаг үедээ ирлээ. Монгол Улсын иргэн та D.Parliament.mn вебсайт болон D-Par­liament апп-ийг өдөр бүр ашигла, энэ нь таны төрийн эрх мэдлээс барилцаж буй хэлбэр юм.

Б.Нямаа

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *