Categories
мэдээ цаг-үе

Д.Оюунхорол: Зөвшилцөж, ойлголцож хамтран ажиллах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.


-Танай намын дотоод хэрүүл тэмцэл төрийн үйл ажиллагааг гацаахад хүргэлээ. Чуулган хуралдахгүй сар шахам болж байна. Энэ янзаараа үргэлжлээд байх юм уу. Ямар гарц байж болох вэ?

-Парламентад 65 суудал авч гарч ирсэн МАН эв эеийг олж хамтран ажиллах ёстой. Ард түмэн манай намыг төр барих туршлагатай хэмээн итгэж хариуцлага үүрүүлсэн. Энэ хариуцлагаа ухамсарлаж өнөөгийн Монголын төрд үүссэн алдаа завхарлыг нэн даруй засч залруулах шаардлагатай байна. Хариуцлагыг эзэнтэй болгоод, шударга ёсоо тогтоож, хэн хэнээ хүндэтгэн ойлголцоод, зарчим дээр суурилсан улс төрийн зөв бодлогоо тодорхойлоод урагшаа хараад алхмаар байна. Өнөөдөр Монголын улс төр хямарснаас хөгжлөө зогсонгишуулж, нийгэм, эдийн засгийн байдлыг гүн хямрал руу татан оруулах нь. Энэ талаар би эрэгтэй гишүүддээ өчнөөн олон удаа хэлж байгаа. УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт рүү далдуур хөтлөх буруу мессэжүүд явуулж байгаад анхааралтай хандах ёстой. Өнөөдөр валютын ханш, нефть шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, Улаанбаатар хотын агаар орчны бохирдол, утааны асуудал, иргэдийн амьдрал ахуй, эрүүл мэндтэй холбоотой тулгамдаж буй олон асуудлууд шийдэгдэхгүй байгаад дүгнэлт хийх хэрэгтэй. Инфляцитай уялдуулаад цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ нэмэх шаардлагатай. Засгийн газар эдийн засгийн өсөлт 6.4 хувь хүрсэн тухай мэдээллийг хийж байгаа. Харамсалтай нь энэ үр өгөөж иргэдийн амьдралд мэдрэгдэж нөлөөлөхгүй байна. Иргэдийн зүгээс орон сууцны зээлийн хөтөлбөрт хамруулж өгөөч, амьдрах орчны маань нөхцөлийг сайжруулахад дэмжлэг болж дэд бүтцийн шугам татаж өгөөч, шахмал түлш, халаагуур олгооч, гэрийнхээ ойр орчим хүүхдээ сургууль, цэцэрлэгт өгөх боломжийг бүрдүүлж өгөөч гэж хүсч, уламжилж байна. Үүний тулд Засгийн газар маш хариуцлагатай ажиллах ёстой. Гэтэл Засгийн газрын 15 сайд УИХ-ын нэгдсэн чуулгандаа суухгүй байна. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил. Цаашид Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг дан болгох нь Монголын төрд ч, улсын хөгжилд ч зайлшгүй шаардлагатай юм байна. Энэ мэтчилэн асуудлуудаа Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтөөрөө хэлэлцье гээд мөн ч олон удаа хэлж, уриалж байгаа боловч сонсохгүй юм байна шүү дээ.

-Уг нь МАН-ын хоёр бүлэглэл зөвшилцөх гэж хэд хэдэн удаа оролдоод амжилттай болж чадаагүй. Үр дүнд хүрч чадах нь уу?

-Хоёр тийшээ харж зүтгэснээр хэн нь ч сайхан харагдахгүй байгааг харж байгаа биз дээ. Хамтдаа нэг ширээний ард сууж ярилцаж, ойлголцож эв эеэ олж, хамтран ажиллаж байж нийгмийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлууддаа гарц шийдлийг олно. Уг нь дөрөв, дөрвөн гишүүнтэй зөвшилцлийн ажлын хэсэг байгуулагдсан. Гурван удаагийн уулзалт хийсэн. Улстөрчид маань эрх ашгаа зөв эрэмбэлээд улс орноо, ард түмнээ гэсэн том эрх ашгаа өмнөө тавиад аль аль талаасаа хичээл зүтгэл, сэтгэл гаргах хэрэгтэй л дээ.

-Ерөөсөө танай нам М.Энхболд, У.Хүрэлсүх гэсэн хоёр хүнээсээ салбал энэ тулаан зогсохгүй юу?

-Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг ардын мэргэн үгээ санаж ухаанаа уралдуулахыг гишүүдээсээ хүсч байна. Парламентын ардчиллаа зөв төгөлдөржүүлж, арчилж, хөгжүүлж авч явах нь бидэнд хамгийн чухлаар тавигдаж байна. Ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон сонгуулийн тогтолцоо маань ганхаасай гэж ард түмэн огт хүсэхгүй байгаа. Үүнийг мартах хэрэггүй.

Гучин жилийн алдаа завхарлыг ганцхан хүн дээр овоолох гэсэн увайгүй явуулга явлаа. Намаа болон өөрсдийгөө муухай харагдуулж байна. Гэхдээ энэ их хэрүүл тэмцэл зогсоно гэдэгт найдаж байна. Бидэнд ч, удирдлагуудад маань ч гэр орон дотроо учраа олох, эвлэрэх, намынхаа эв нэгдлийг хангаад явах орон зай бий. Хэзээ болтол гадны шидсэн чулуу болгонд цохигдож, өнхөрөх юм бэ. Хоёулаа ухаантай, хүчтэй, жудагтай хүмүүс шүү дээ. Нэг зүйл ажиглагдаж байгааг энд хэлчихмээр байна. Өчүүхэн эрх ашиг харж, өс хонзон өвөрлөж, дундаас нь улс төрийн ашиг хонжоо хайж, хутгаж байгаа хоёр гурван хүн байна. Тэд мөн ч муухай харагдаж байна даа.

-МАН-ын тулхтай гишүүд намдаа ассан галыг намжаахын оронд энэ хэрүүл тэмцлийг нь улам оройлон манлайлах юм. Тэд сиймхийгээр нь төрийн өндөр сэнтийд санаархаж байна уу даа гэж харагдаад байгаа?

-Үнэндээ тэр, энэ гэж нэр цохож яримааргүй байна. Монголын ард түмний нүдэнд бүгд ил тод байгаа. Ер нь бол манай улстөрчдийн наад захын ёс зүй байх ёстой хэмжээнээсээ хальж үсрээд даваад явчихлаа. Олон түмэн бидний хэн нь ямар үг үйлдэл хийж байгааг харж, дүгнэж цэгнэж байгаа шүү дээ. Улстөрчдийн замбараагүй хийж байгаа мэдэгдэл, улс төрөөс үүдэлтэй энэ олон хөл толгой нь мэдэгдэхгүй байдал Монголын нийгмийг асар их бухимдуулж байна. Энэ бүхэнд олонхын бүлгийн 64 гишүүн дүгнэлт хийх цаг нь болсон. Улстөрчид маань хариуцлагаа ухамсарлаж, нийгмийг зөв чиглүүлж, улс орныхоо хөгжлийн асуудлаар улстөржиж, намчирхалгүй зөвшилцөлд хүрч, ард түмнээ хүндэтгээд, төрийн хүний ёс жудаг гаргаж, нийгмээ айх айдасгүй байлгаж, төрийн тогтвортой байдлыг хангах ёстой. Өнөөдөр Монголын улс төрд холыг харж хөдөлдөг, хувь хүнийхээ хувьд нуруутай, аливаад зарчим барьж асуудлыг шийддэг лидерүүд, төрийн зүтгэлтнүүд хомсджээ. Улс төрийнхөө дотоод нөхцөл байдлыг намжааж чадахгүй, мэдрэмжгүй улс төр хийж, төрийн хямралаасаа гарч чадахгүй байгаадаа Монголын төр дүгнэлт хийх цаг ирээд байна. Улс төрийн намууд ч өөрсдийн хийсэн боловсон хүчний томилгоо, бодлогын алдаагаа залруулах зайлшгүй шаардлага тулгарч байна.

-Төрийн түшээд маань нэг нэгийгээ 60 тэрбумчин, ЖДҮ-чин гээд л зарлаад байх юм. УИХ-ын даргыг огцортол нэр бүхий гишүүд жагсаал цуглаан хийнэ гэж мэдэгдчихлээ…

-Ер нь нэлээд олон гишүүд болон тэдний хамаарал бүхий этгээд ЖДҮДС-гаас зээл авсан асуудал яригдаж байгаа. Өнөөдөр зарим УИХ-ын гишүүд маань ЖДҮ жижиг асуудал, том том асуудлуудаа ярья гэж өөрсдөө холбогдсон асуудлуудаа бүдгэрүүлэх оролдлого хийгээд байх шиг. Хууль зөрчсөн хүмүүс хуулийнхаа дагуу хариуцлагаа хүлээх ёстой. Ард түмнийхээ төлөө ажиллаж, амьдралыг нь сайжруулна гэж гарч ирчихээд зөвхөн өөрсдийгөө бодсон явуургүй үйлдэл гаргаж, иргэдийнхээ хоолны мөнгөнөөс хороож, хоосон хоноход хүргэж байгаа хүмүүс зохих ёсны хариуцлагаа хүлээх нь зөв. Бодвол хууль хяналтын байгууллага 2-3 янзаар авч үзэх байх. Үнэхээр ББСБ-аар дамжуулж мөнгө угаасан, мөнгө хүүлж ард түмнээ шулсан, ийм үйлдэл хийсэн УИХ-ын гишүүд байгаа бол хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Ингэж чадахгүй бол шударга ёсны төлөө сэдвийг бид нар яриад хэрэггүй.

Хэдэн оноос, хэний үеэс бодлогын алдаа завхрал явж эхэлсэн юм. Тэгээд одоо яаж шинэчилж, цэвэрлэж авах юм. Хэзээ үеийн ямар баримтууд батлагдаж нотлогдсон юм. Тэрийгээ тэгээд яаж шийдвэрлэцгээх юм гээд нээлттэй, хоёр үзүүргүй, хутган үймүүлэлтгүй хэлэлцье л дээ. Тэгэхгүй бол одоо бүлгийн 65 гишүүн бүгд л тэр 60 тэрбумтай холбоотой гэж үзээд байгаа юм байна. МАН-ын боловсон хүчний бодлогод гарсан алдаа завхралд олон түмэн бухимдаж байна. Энэ бол бодит зүйл. Тийм учаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байсан шиг тэр ургийн мод гээчийг нь зураад, УИХ-ын гишүүд ямар ажил албан тушаал дээр ямар хүмүүсийг яаж томилсон байна. Үнэхээр мөнгө төгрөг авсан юм уу, аваагүй юм уу гэдгээ ил тод ярих хэрэгтэй.

-Та нэр бүхий гурван гишүүний хамтаар Засгийн газрыг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн. Цэц Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзвэл огцрох ёстой. Ер нь засаг солигдох нь ард түмэнд болоод эдийн засагт хохиролтой. Унасан хүмүүс нь шинэ засгаа огцруулах гээд дахиад л бужигнах байх даа?

-УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй явах хуультай. Гэвч доголдож байгааг бүгд мэднэ. УИХ-ын өмнө Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй Ерөнхий сайд, Засгийн газрын давхар дээлтэй 15 гишүүн УИХ-ын үйл ажиллагааг хууль бусаар хойшлуулж байна.

Энэ бол дахин хэлэхэд Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх үүрэгтэй. Мөн хуульд зааснаар Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнах ёстой байдаг. Түүнчлэн Засгийн газраас санаачилсан хууль, бусад асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд оролцох ёстой.

Чуулганы Дэгийн тухай хуульд зааснаар УИХ, Засгийн газрын гишүүн буюу давхар дээлтэй гишүүд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы хуралдааныг таслах эрхгүй байдаг. Одоо манай Засгийн газрын гишүүд нь дөрвөн хуулийн заалтыг тус тус зөрчөөд яваад байна. Үндсэн хуулийн хоёр заалтын гурван зүйлийг зөрчсөн байна. Тиймээс бид Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Хэрвээ Үндсэн хуулийн Цэц Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзвэл Засгийн газар тарах хамгийн том үндэслэл болно.

-Та ярилцлагынхаа эхэнд Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг ярих хэрэгтэй гэсэн. Улс төрийн намуудын тухай хууль гэж гацаанд орсон төсөл байна. Эхлээд энэ хуулиа тодорхой болгоод Үндсэн хуулиа барьж авах ёстой гэж эрдэмтэн, судлаачид ярьж байгаа. Харин таны бодлыг сонсъё?

-Улс төрийн намуудын тухай хууль дээр ажлын хэсэг ажиллаж л байна. Сүүлийн үед улс төрийн намууд маань үзэл сурталд тулгуурласан үнэт зүйл байхгүйгээс болж улс орны хөгжлийг дэмжихүйц бодлого үйл ажиллагаа явуулж чадахгүй болчихсон байгаа нь л хамгийн харамсалтай юм даа. Намын дотоод ардчилал хумигдаж, санхүүжилт, эрх зүйн орчны талаарх бодлогууд хаалттай, гаргаж байгаа шийдвэрүүд нь нээлттэй биш байна. Дорвитой шинэчлэлүүдийг хийхгүй бол улс төрийн намын ч, улсын ч хөгжил явахгүй нь. Тийм учраас улс төрийн нам нээлттэй, хариуцлагатай дотоод ардчилалтай байхыг бид шаардаж байгаа. Хүмүүсийн улс төрийн намд итгэх итгэл алдарч, залхаж, намын нэр хүнд унаж байгаа энэ цаг үед эрс шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлагатай байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гол асуудлуудын нэг нь мэдээж давхар дээлийг тайлах. Удаах нь УИХ-ын гишүүдтэй сахилга хариуцлагын асуудлыг ярьдаг, тооцдог болох хэрэгтэй. Парламентын баталсан хууль тогтоомжоо зөрчвөл эгүүлэн татдаг байх заалтыг ч оруулж өгөх шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүдээ томилдог, хариуцлагаа тооцдог байх, Засгийн газар тогтвортой ажиллах боломжийг олгох асуудлыг хуульчлах ёстой. Дараагийн нэг чухал асуудал бол орон нутагт зохих эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай.

-Ингэхэд намрын чуулганы хугацаанд та ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ?

-2019 улсын төсвийг УИХ-ын нэгдсэн чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Цаг хугацаатай, хариуцлагатай том ажлын ард гарсан. Мөн Тендерийн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Үүнээс гадна Улс төрийн намын тухай, сонгуулийн тухай хуулийг өөрчлөн шинэчлэх ажлын хэсэгт ажиллаж байна. 1990-1995 онд олон хүүхэдтэй гэх үндэслэлээр 35-45 насандаа хөдөлмөрлөх эрхээ хасуулж тэтгэвэрт гарсан 18,6 мянган ээж бий. Өнөөдөр тэтгэврийн нас нь хүрсэн боловч ажилласан жил нь хүрээгүй гэдэг шалтгаанаар эдгээр ээж хувь тэнцүүлсэн буюу 280 орчим мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа юм. Энэ ээжүүдийнхээ тэтгэврийг улсын дундаж тэтгэвэрт хүргэж 340 мянга төгрөг болгуулах хуулийн төслийг эмэгтэй гишүүдийнхээ хамт өргөн барьсан. Түүнчлэн Олон хүүхэд төрүүлж, өндөр насны тэтгэвэрт гарсан эхчүүдэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. 1990-1997 онд дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн гэдэг шалтгаанаар хөдөлмөрлөх эрхээ хасуулан наснаасаа эрт тэтгэвэрт гарч, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байсан ээжүүдэд Монголын төр нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох ёстой гэж энэ хуулийн төслийг боловсруулсан юм. Уг хуулийн төслийг өөрийн цахим хуудсандаа байршуулж, иргэдээс санал хүсэлт нээлттэй авч байгааг энэ дашрамд дуулгая.

-Таныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхдаа шонхор шувууны бизнест гаршсан мэтээр бичээд байдаг. Та үнэхээр 750 идлэг шонхорыг арабуудад зарсан юм уу?

-Нөгөө эцэс төгсгөлгүй сөрөг пиарын нэг жишээ энэ л дээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа “Арабуудад 750 шонхор шувуу зарж 75 сая долларын авлига авсан гэдгийг Авлигатай тэмцэх газар шалгаж тогтоосон” мэтээр зарим мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр зохион байгуулалттайгаар түгээсээр байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 101 дүгээр тогтоолоор шонхор шувууг “Үндэсний бахархалт шувуу”-гаар зарлаж, 2013 оны 15 дугаар тогтоолоор идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг таван жилийн хугацаагаар хориглосон. Холбогдох хууль, тогтоомжоор энэ шувууг соёлын зориулалтаар экспортолж болох бөгөөд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоог тогтоосон Засгийн газрын тогтоол бий. Үүнийг үндэслэн төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалын үед Засгийн газрын шийдвэрээр зөвшөөрөл олгодог хуулийн зохицуулалттай. Ийм байтал намайг албан тушаалаа урвуулан ашиглаж, шонхор шувуу зарж хувьдаа их хэмжээний ашиг олсон мэтээр гүтгэж, гүжирдэх явдал хэрээс хэтэрч байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *