Европ тивийн ноён оргил Кавказын нурууны Эльбрус уулын 5642 м өндөртэй баруун оргилд гарах “X international Elbrus race 2015” уулын гүйлтийн олон улсын тэмцээн болох гэж байна. Энэ сарын 19-нөөс 27-ны өдрүүдэд болох уг тэмцээнд манай уулчин Д.Отгонхүү оролцохоор ОХУ-ыг зорьсон.
Энэхүү тэмцээнд ОХУ, АНУ, Казакстан, Беларусь, Франц, Анголь, Польш зэрэг 10 гаруй орны тамирчид оролцож байгаа бөгөөд гүйлтийн тэмцээний сонгон шалгаруулалт энэ сарын 22-нд болж өнгөрлөө.
Сонгон шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчин Д.Отгонхүү 01 цаг 05 минутын хугацаанд гарч түрүүлсэн бол хоёрдугаар байранд Польш улсын тамирчин Марсин Ржезотко, гуравдугаар байранд ОХУ-ын тамирчин Артем Хвостов удааллаа.
Тус сонгон шалгаруулах тэмцээнд тэнцсэн 13 тамирчин үндсэн тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Харин манай тамирчин үндсэн тэмцээний үеэр гараанаас гарч түрүүнд явж байсан ч 4800м зам туулсны дараа өвдөгний бэртэл нь сэдэрч тэмцээнийг орхисон байна.
Уулчин Д.Отгонхүүгийн хувьд Монгол улсаас ганцаараа оролцож байгаа бөгөөд Эльбрус уулын 5642 м өндөрт дөрөв дэх удаагаа зорчиж байна. Тэрээр өнгөрсөн зургадугаар сарын 11-нээс 14-ний хооронд Ховд аймгийн нутагт болсон МУГТ Уулын спортын ОУХМ Т.Гүррагчаагийн нэрэмжит Цамбагарав -2015 өндөр уулын улсын аварга шалгаруулах тэмцээний соло хурдны авиралтад 2:07:00 цаг авирч, шинэ рекорд тогтоосон билээ.