Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:
Тавдугаар сарын 27-ны өдөр дөрвөн лабораторид нийт 517 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 504 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Шинжилгээний дүнг задалж танилцуулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 40, ажиглах байранд байгаа 352, тандалтын зорилгоор цуглуулсан 19, ажиглах байранд байгаа 7 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн вируслогийн лабораторид 30 жолооч, аймгийн ажиглалтын байранд тусгаарлагдсан 69 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Харин 13 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Үүнийг тодруулж хэлбэл, тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг оюутны давтан шинжилгээнээс, Алтанбулаг боомтоор 27-нд орж ирсэн 340 хүний 12-оос коронавирус илэрлээ. Тэдний 10 нь оюутан.
Оюутнууд маань маш их халдвар авсан нь харагдаж байна. Хүний нутагт голдуу нэгдүгээр курсийн 17-20 насны хүүхдүүд маань байгаа. Сургуулийн үйл ажиллагаа зогсоод, дотуур байрнаасаа гарсан нөхцөлд хүүхдүүд байсан. ОХУ-аас ирсэн хүмүүсийн дийлэнх нь оюутнууд байгаа бөгөөд байгаа онож хүнээ зөв сонгож татаж авсан байна гэж үзэж байгаа. Хүүхдүүдээ эцэг эх, ах дүү нарынх нь дэргэд, эх оронд нь эмчилж байгаа нь маш сайхан хэрэг боллоо.
Нийт батлагдсан тохиолдол 161 болсноос 43 нь эдгэрсэн. Одоогийн байдлаар эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн 107-ын биеийн байдал хөнгөн, 11 нь хүндэвтэр гэж үнэлэгдлээ.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 165 хүн байгаа. Бид 250 хүн хүлээж авч ажиллах боломжтой
ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
–Иргэдийн зүгээс зах, худалдааны төвийн худалдагчид амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол мэдээлэл ирж байна. Энэ бүлгийн хүмүүс бусад хүмүүст халдвар тараах, халдвар авах эрсдэлтэй. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийнэ.
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.ЯНЖМАА:
АНУ
АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээллээр өчигдөр тус улсад 16 мянга гаруй халдвар шинээр бүртгэгдэж, 770 хүн нас баржээ.
Тус байгууллагын бүртгэл мэдээллээр тавдугаар сарын 27-ны өдрийн байдлаар АНУ-д 99 мянга гаруй хүн халдварын улмаас нас барсан байна.
Харин Жонс Хопкинсийн их сургуулийн бүртгэл мэдээллээр дээрх тоо аль хэдийн 100 мянгыг даваад байна.
Бүртгэгдсэн тохиолдлын тоогоор АНУ-ын Нью-Йорк, Нью Жерси, Калифорни зэрэг мужууд эхэнд бичигдэж байгаа юм.
Бразил
Халдварын тохиолдлын тоогоор дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа нь Бразил улс байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус улсад 20,599 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 411 мянгыг даваад байна.
Үүнээс эдгэрсэн хүний тоо 166 гаруй болсон бол идэвхтэй халдвартай хүний тоо одоогоор 219 мянга орчим байгаа юм.
Мөн өдөр нас баралтын тохиолдол 1,086-аар нэмэгдэж, халдварын улмаас нас барсан хүний тоо 25,200-д хүрчээ.
ОХУ
ОХУ-ын хувьд өмнөх өдрүүдийн нэгэн адил тогтвортойгоор шинэ халдварын тоо нэмэгдэж, 8,000 гаруй шинэ халдвар бүртгэгджээ.
Ингээд тус улсын нийт халдвар авсан хүний тоо 370,600 гаруй болсон байна.
Өчигдөр тус улсын Эрүүлийг хамгаалах яамнаас гаргасан тушаал шийдвэрийн дагуу шинж тэмдэггүй халдварын тохиолдлуудыг шинэ тохиолдлын тоонд оруулан бүртгэхээ больж байгаа аж.
ОХУ-д COVID-19 халдвар оргил үедээ хүрсэн гэж эрх баригчид үзэж байгаа тул зургаадугаар сарын 1-нээс эхлэн Москва хотод мөрдөгдөж буй хязгаарлалтын арга хэмжээнүүдийг үе шаттайгаар цуцалж эхлэхээр шийдвэрлэжээ.
Харин тус улсын Умард Кавказ бүс нутаг дахь Дагестаны бүгд найрамдах улсад халдварыг хяналтдаа авч чадаагүй бөгөөд нөхцөл байдал нь хүнд хэвээр байгаа учир цэргийн хээрийн эмнэлэг дэлгэхээр болсон байна.
БНСУ
Номхон далайн баруун бүсийн БНСУ-д Лхагва гарагт 79 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Шинэ тохиолдлуудын 68 нь дотоодынх нь халдвар байгаа юм.
Өчигдөр мэдээлж байсан цахим худалдааны компанийн агуулахаас эх уурхайтай халдварын голомтоос Лхагва гарагийн байдлаар 69 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
Дээрх голомт нь шөнийн клубийн голомтод халдвартай тархвар зүйн хувьд холбоотой эсэхийг судалж байгаа бөгөөд хараахан тогтоогоогүй байна гэж тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлсэн байна.