Categories
мэдээ улс-төр

Д.Өнөрболор: Нотолгоонд суурилсан төрийн бодлого чухал DNN.mn

Өнгөрсөн гурван жилийн турш цар тахлын үеэр улс төрч, судлаачид дэлхийн аль ч улсад их ойр холбоотой ажиллаа. Тэд зэрэгцэн сууж шийдвэр гаргаж, онцгой нөхцөл байдлыг эрсдэл багатай туулахын төлөө идэвхитэй хамтарч ажиллаж байсан билээ. Халдварт өвчин, дэлхийн дулаарал, байгаль орчны өөрчлөлт, дайн энэ бүхэнд улс төр шинжлэх ухаан хоёрын холбоо хамаарал улам гүнзгийрч, улс орондоо үүсэх эрсдлийг бууруулахын төлөө харилцан бие биенээ хүлээн зөвшөөрч, зөв шийдлийг олохын тулд улам илүү идэвхитэй хамтарч ажиллах шаардлага дэлхий даяар нэгэнт бий болсныг харуулж байна.

Төрийн бодлогод засаглалын чадамжийг сайжруулж, бодлогын алдаа гаргахгүйн тулд шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэдийн зөвлөмж дүгнэлтийг байнга тусгаж ажиллах нь мэдээжийн хэрэг. Харин ямар механизмаар, ямар шалгуураар, үр дүнг хэрхэн тусгаж ажиллах нь л асуудал. Одоогийн байдлаар Засгийн газрын дэргэд болон яамд, газруудын дэргэд эрдэмтдийн зөвлөл ажилладаг. Мөн тинк танк байгууллага, судалгааны хүрээлэн ч бий.Бодлого боловсруулахад шинжлэх ухааны мэдлэг мэдээллийн үнэ цэнэ улам хүчтэй болж байна.

Шинжлэх ухааны байгууллагууд, судлаачид Засгийн газар чухам юунд зорьж, юуг төлөвлөж хэрэгжүүлэх гэж байгаад анхаарлаа хандуулж, төлөвлөлтөд оролцоод өнгөрөх биш, шийдвэр гаргахад, хэрэгжүүлэх арга механизмийг тодорхой болгох тандалт судалгааг хийхэд хамтарч ажиллах ёстой, энэ үүргээ хэр биелүүлж чадаж байна вэ. Жишээ нь хиймэл оюун ухааны хөгжил нийгмийн амьдралыг амар хялбар, оновчтой, ухаалаг болгож, гарч болзошгүй эрсдлийг нийгэмтэй нүүр тулахаас нь өмнө урьдчилан харж, арга хэмжээ авах боломжтой болж байна. Үүнд судлаачдын үүрэг их байна.

Улаанбаатарчууд бидний эрүүл мэндэд заналхийлдэг хотын утааны эх үүсвэр болсон шахмал түлшний асуудал “давалгаалдаг” цаг ирлээ. Зун мартагнаад, намар сэргээд, өвөл оволзоод, хавар эмнэлэг барааддаг ийм циклээр бид олон жил амьдарч ирлээ. Энэ асуудалд шинжлэх ухааны байгууллагуудын, эрдэмтэд, судлаачдын үүрэг роль ямар байв. Ямар туршилт судалгаа хийв, ямар дүгнэлт гарав, энэ асуудлаар хэдэн төсөл хэрэгжив, гол нь ямар үр дүн гарсан бэ. Олон ажлууд хийгдсэн байх, гэвч үр дүн ямар байна вэ.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулагдаад 5 жил өнгөрчээ. 2019 оноос түүхий нүүр хэрэглэхийг хориглосон шийд гарсан. “Таван толгой түлш”” ХХК нь “Энержи ресурс” ХХК-аас үнэгүй мидлинг, урд хөршөөс барьцалдуулагчаа, бүүр шуудайгаа хүртэл авдаг. Зөвхөн эндээс харахад барьцалдуулагчаа дотооддоо хийх гээд шинжлэх ухааны байгууллагууд оролдов уу, оролдсон бол төр дэмжив үү, дэмжлэг авч чадсан уу, чадаагүй бол яагаад вэ, авсан бол үйлдвэр боссон уу. Зөвхөн эндээс харахад төрийн бодлого дагасан хавсарга шинжлэх ухааны прагматик судалгаа шинжилгээний ажил хаа хаанаа доголдоод байгаа юм биш үү. Хийдэггүй, эсвэл хийснийг нь дэмждэггүй, зөвхөн урд хөршөөс мөнгө хаяж өндөр үнээр бэлэн зүйл авдаг, унацын асуудал хөдөлгөгч хүч нь болдог. Эндээс авилга, завшилт төрж мэндэлдэг, ийм замаар явсаар ирсэн.

Шуудай гэхэд дотооддоо бүрэн хийж болмоор эд. Хийсэн шуудайгаа “Таван толгой түлш” ХХК-д өгөх гээд ядаад чадаагүй бизнес эрхлэгчийн яриа нийгмийн сүлжээнд бий.

Мөн ШУТИС-ын багш доктор Р.Мядагмаагийн усанд тэсвэртэй, бөх бат, маш сайн чанартай даавуу бүтээж гаргаж авсан эрдмийн ажил байдаг. Түүнийг нь Испаны наран шарлагийн газарт авах захиалга олон жилийн өмнө гарч нийлүүлж байсан байна. Гэтэл энэ мэт шинжлэх ухааны ажлууд өөрийн эх орондоо хэрэгтэй цагт нь хэрэгтэй газар нь яагаад ашиглаж болдоггүй билээ, анхаарал татаж байна. Ядаж шуудайгаа өөрсдөө хийж болмоор шүү дээ. Гэтэл “Оюу толгой” компаны баяжмалын уутыг дотооддоо хийж болоод байна. “Таван толгой”-х болохоор болдоггүй.Энэ мэт жишээ олон бий.

Нөгөө талаар улс төрчид болон эрх баригчид өөрсдийн эрх ашгийн дагуу шинжлэх ухааны байгууллага, судлаачдыг ашиглах гэсэн хандлага цөөнгүй байдаг. Судлаачид илүү глобал, урт хугацааны өнцгөөс хувийн болон мэргэжлийн байр сууринд баригдалгүй, аль болох нийгэмд оновчтой, үр ашигтай, хөгжилд хөтлөх, хэрэгжүүлэх боломжтой сонголтуудыг Засгийн газарт өгөх чиглэлээр ажиллах ёстой юм.Дээр нь бөмбөрцгийн эрх ашиг гэж үг бий. Глобал өнцгөөс, улс орноо давсан хэмжээнд хүн төрөлхтөнд хэрэгтэй суурь судалгаанаас гадна улс орны хэмжээний дотоод асуудалд хамгийн түрүүн хэрэг болох оновчтой шийдэл сонголтуудыг гаргаж өгч байх нь эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны байгууллагуудын үүрэг юм.

Засаглалын бодлого шийдвэр, түүний хэрэгжилтэд улс төр, шинжлэх ухаан хоёрын үүрэг роль, хариуцлага, хамтын ажиллагаа, харилцан бие биенээ хүлээн зөвшөөрөх соёл үгүйлэгдэж байна.

Үүнд Шинжлэх ухааны академиийн гүйцэтгэх үүрэг их. Улс төрч, эрдэмтэн судлаач хоёрын хоорондын ойлголцлыг шинэ түвшинд гаргаж, төрийн бодлогод шинжлэх ухааны дүгнэлт зөвлөмжийг тусгаж байхад гүүр болох тийм бүтцийг шинэ шатанд гаргах шаардлагатай байна.

Шинжлэх ухааны академи төрийн бодлогод зөвлөн туслах үүрэгтэй, судалгаа шинжилгээний ажлыг урагшлуулах, төсөл санхүүжүүлэх, эрдэмтэд судлаачдын шагнал урамшуулалд анхаарах төдий биш юм. Зөвлөн туслах үйл ажиллагаа хамгийн чухал.

Манай Улсад шинжлэх ухаанд хандах хандлага сонирхол доогуур байгаа нь шинжлэх ухаан, Засгийн газар хоёрын өөрсдийнх нь хамтын ажиллагаа сул байгаатай холбоотой, иргэдийн сонирхлыг татах хэмжээний шинжлэх ухааны үйл ажиллагаа хийгдэхгүй байна гэсэн үг. Зөвхөн мөнгө нэхдэг, шагналд тодорхойлдог бүтэц байж болохгүй.

Мэргэжлийн яамд мэргэжлийн байхын тулд сайдын зөвлөлдөө танил талаас илүү эрдэм шинжилгээ судалгаа, чадварлаг эрдэмтдийн багийг жинхэнэ ёсоор бүрдүүлж, тэднийхээ үгийг сонсч шийдвэр гаргаж байх нь чухал байна. Мэргэжлийн яам, салбарын эрдэмтдийн хоорондын яриа хөөрөө бие биенээ ойлгох хэмжээний түвшинд байж, хариуцлагын систем бий болгож, үр дүнг тооцож байх нь төрийн бодлогын хэрэгжилтэд л тустай. Төрийн албан хаагчдын шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийн хэрэглээ хэр байдаг, түүнийг сайжруулах боломж бололцоо байна уу.

Хэдийгээр улс төрчид ямар ч цаг үед улс орны эрх ашгийг түрүүнд тавьж байдаг бол эрдэмтэд байгаль нийгмийн үнэнийг таньж мэдэхийн төлөө, урт хугацаанд дэлхийн хэмжээнд асуудлыг нээж, шийдвэрлэхийн төлөө байдаг зүй тогтолтой.Түүний зэрэгцээ хэрэглээний шинжлэх ухааны хөгжил улс орны нүүр царай байж чадах эсэх нь засаглал, шинжлэх ухаан хоёрын хамтын ажиллагаанаас шууд хамаарах юм.

Тэгэхээр улс орны эрх ашиг бөмбөрцгийн эрх ашиг хоёр нийлж нэгдээд явах нь бидний мөрөөдөл мөн ч жишээ нь дэлхийн дулаарал, эдийн засгийн аюулгүй байдал, шинээр гарч ирж буй халдварт өвчний дэлгэрэлтээс гадна, манай улсад нүүрлээд байгаа түмэн асуудлуудад шийдэл нь энэ байна гээд албан ёсоор гаргаж өгөх прагматик, хэрэглээний шинжлэх ухааны бодит судалгаа маш ядмаг байгаад анхаарлаа хандуулах цаг болсон байна.

Нано технологи, био технологи, дата технологи зэрэг шинжлэх ухаан технологи дээр суурилсан эдийн засгийн өрсөлдөөн ид хүчтэй өрнөж байна. Аль ч улс орон судалгаа шинжилгээний ажилд илүү ихээр анхаарч хөрөнгө оруулалт хийж байна. Хөрөнгө оруулалт өндөрсөхийн хэрээр хүлээлт, үр дүн өндөрсөж буй юм.

Засгийн газарт, шийдвэр гаргах төвшинд өгөх шинжлэх ухааны дүгнэлт зөвлөмж ямар байх ёстой талаар АНУ-ын улс төр судлаач Рожер Перки дөрвөн ч модель гаргасан байдаг. Шинэ мэдээллийг бий болгох, асуудалд хариулт өгөх төдий бус төр засгийн бодлогын хэрэгжилтэд хэрэгжих боломжтой олон хувилбарт сонголтуудыг бий болгох нь засаглал, шинжлэх ухаан хоёрын хамтын ажиллагааны хамгийн зүй зохистой хэлбэр болох тухай дурьджээ.

Төрийн бодлогод, ялангуяа гаргаж байгаа шийдвэрүүдэд, түүний хэрэгжилтэд хэрэгцээтэй хэд хэдэн сонголт, түүнтэйгээ холбоотой мэдлэг мэдээллээр Засгийн газрыг шинжлэх ухааны байгууллагууд, судлаачид ил тод нээлттэй хангаж, асуудал дэвшүүлж тавьж байвал улс төрчдийн ялангуяа салбарын яамдын сайд нарын гаргаж байгаа бодлого шийдвэрүүд эзэндээ хүрч хэрэгжихэд их дөхөмтэй байх болов уу.

Төр улсын эрсдлийн менежментэд үнэлгээ дүгнэлтийг шинжлэх ухаан гаргаж, харин менежментийг төр хийх учиртай. Гэвч яг ингэж чадаж байна уу. Тэгэхээр ань хийсэн үед хэрэг болдог, практик хэрэглээг хангах шинжлэх ухаан дорой бол төрийн бодлого үндэслэл муутай, цагийн өнгө аяс давамгайлсан, улс төрчийн өөрийн мэдрэмжид дулдуйдсан байх нь гарцаагүй юм.Тийм бодлого шил дараалж гараад байвал Засгийн газрын нэр хүндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй иргэд төр засагтаа итгэх итгэл алдрахад хүрэх юм.

Салбарын Яамдын бодлого хэр нотолгоонд суурилж байна тэр хэрээр иргэдийн бухимдлыг багасгана.

Тиймээс хэрэг тус болдог шинжлэх ухаантай, хэрэгцээг нь зөв хангадаг төрийн бодлоготой байх нь чухал байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *