Categories
мэдээ цаг-үе

Д.Нацагдорж: Энэ бол гадны нөхдүүд Монголын лам нарыг талцуулж, улс төрийн ашиг хонжоо хайх гэсэн явуулга

Манба дацан хийдийн хамба лам Д.Нацагдоржтой ярилцлаа.

Сүм, хийдийн тэргүүн хамба лам нар гаднаас ихээхэн хэмжээний санхүүжилт авсан тухай мэдээлэл гарсан. Энэ тухай тодруулахгүй юу?

-Өнгөрсөн даваа гаригийн сонин дээр “Хийдийн хамба лам нар гадныхнаас их хэмжээний санхүүжилт авсан гэв үү” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Үүнд би өөрийнхөө зүгээс хариулт өгье. Зүв зүгээр ажлаа хийж яваад Монголын нийт ард түмэнд хэвлэл мэдээллийн байгууллагаар гүтгүүлнэ гэдэг тун харамсалтай. Гарчигнаас эхлээд доторх мэдээлэл нь худлаа. Би 1990 оноос эхлэн Монголын бурхны шашин, анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт 25 жил ажиллаж байна. Энэ хугацаанд ард түмнээс, найз нөхдөөсөө нэг ч удаа хандив гуйгаагүй. Гадаадад урилгаар очиж ажиллахдаа нэг доллар, нэг юань гуйж үзээгүй. Өөрийнхөө хөдөлмөр, ухааныхаа хүчинд найддаг. 25 жил хөдөлмөрлөчихөөд ингэж бичүүлж байгаадаа гайхаж байна. Сүүлийн үед “Оточ манрамба” дээд сургуулийн 9 давхар өргөтгөлийн барилга, “Манба дацан” эмнэлгийн 9 давхар өргөтгөл барьж ашиглалтад оруулсан. Ийм томоохон хэмжээний бүтээн байгуулалтын ажил хийгээд эхлэнгүүт гаднаас мөнгө аваад барилга барьж байна гэж ойлгож байгаа бололтой.

Аравдугаар Богдтой холбоотой асуудлыг бас бичсэн байсан?

-Би IX Богдтой 1990 онд анхлан уулзаж байлаа. Бурхны оронд залрах хүртэл нь уулзаж байсан номын шавь нь. Олон зүйл дээр итгэлийг нь дааж явсан болохоор надад итгэл үзүүлдэг байсан. Тэрийгээ хожим бичиж үлдээнэ. Харин Богд багшийг таалал болсноос хойш Гандантэгчинлэн хийд болоод бусад газрынхан дараагийн дүрийнх нь тухай ярьж эхэлсэн. Уг нь би Монголын буддын нийгэмлэгийн ерөнхийлөгчийн албыг хашиж буй. Бас Монголын бурхны шашныг өдий зэрэгтэй болгоход миний оруулсан хувь нэмэр их. Тэр үүднээсээ Богдын дараагийн дүрийг тодруулах асуудалд зүй ёсоор оролцох хүн мөн үү гэвэл мөн. Гэхдээ оролцохгүй, ажиглаад байж байгаа. Гэтэл ямар учраас аравдугаар Богдын асуудалд намайг хутгав. Яг үнэн чанартаа X Богдыг монголчууд өөрсдөө тодруулах боломж бий. Бодит байдал дээр Монголынхоо X богдыг гадны оролцоогүйгээр тодруулах нь уу, үгүй юу гэдгийг харж л бай, аяндаа мэдэгдэнэ. Би монгол хүнийхээ хувьд IX Богдын талаар шашны тэргүүнүүд, үе тэнгийн номын нөхөдтэйгээ уулзаж “Богдыг залж авчраад таалал барихаас нь өмнө дараагийн дүр нь Монголоос төрнө гэсэн өөрийнх нь аман зарлигайлдварыг сонсох харах хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Богд маань бидэнд тийм боломж хайрласан. Гэтэл үүний цаана өөр том хүч байна. Хэрвээ хэрэгтэй болбол асуудлыг маш нарийн ярина. Мөрөөрөө явж байхад иймэрхүү асуудал ярьж байгаа нь буруу. Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ гэсэн үг бий.

Яагаад ийм мэдээлэл гарсан гэж та бодож байна вэ?

– Далай ламын тодруулсан Банчин богд үнэн, өнөөдрийн Банчин богд худлаа гэсэн яриа лам нарын дунд гардаг юм билээ. Энэ бол гадны нөхдүүд Монголын лам нарыг хооронд нь талцуулж, улс төрийн ашиг хонжоо хайх гэсэн бодит явуулга гэж бодож байна. Далай ламын хүмүүс Хятадын ард түмэнтэй улс төрийн ямар асуудалтай байдаг нь надад болоод монголчуудад тийм сонин биш. Бид үүнээс ангид байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр гадны нөхөд биднийг дотор нь үймүүлж байна. Тэдгээр хүмүүсийг даган баясдаг нөхөд Монголынхоо лам нартай асуудал үүсгэх гэж байгаа бол арай өөрөөр ярина. Би Монголын төлөө зүрх сэтгэлтэйгээр энэ яваа насаа дуусгана. Танай сонинд хандсан нөхдийг гадны хүмүүсийн гар хөл болж хямрах хэрэггүй гэдгийг хэлмээр байна. Хүний араас гүтгэж өөр хоорондоо муугаар хэлж доромжлох гэж байгаа бол ил тод гарч ирээд ярьж болно. Сонин хэвлэлээр тоглоом хийгээд хэрэггүй. Гэхдээ энэ нийтлэлийг хараад байхад харин ч дуугүй явах нь буруу байсан юм гэдэг сэдлийг өгчихлөө. Надад нэг талаас сайн тус болчихов уу гэж ойлгож байна. Би их олон зүйлийг мэдэж байгаа хүн шүү дээ. Номын ухаанаар л тэвчиж хорих сэтгэл үүсчявж байна.

Дараагийн нэг асуудал нь Банчин богд түвд хүн. Лхас юм уу, Түвдүүдээс тодруулсан байдаг. Банчин богд гэлүгвагийн шашны нэлээн том төлөөл мөн үү гэвэл мөн. Түүхэнд монголчууд Банчин богдтой холбоотой байсан нь тэмдэглэгдэж үлдсэн. Монголын анхдугаар Богдоос эхлээд олон хутагт хувилгаадыг үе, үеийн Банчин богд тодруулж ирсэн түүхтэй. Бас олон үеийн Банчин богдын гаргасан зохиол бүтээлийг монголчууд уншаад гүн ухаан, зурхай, анагаах ухааны номуудыг үзээд, судлаад явж байгаа хүмүүс шүү дээ. Гэтэл өнөөдөр яагаад гэнэтхэн энэ хүнд дургүй болчихов. Банчин богдыг тодруулах нь бидний ажил биш. Тэгсэн мөртлөө яагаад дургүйлхээд байна вэ гэдэг нь гадны нөхдийн гүн явуулга улам газар авч байгаа хэрэг. Монголын лам нарыг дээрэлхэж болдог юм байна гэж бодож байвал тийм биш.Бид Монголын төлөө зүрх сэтгэлтэй, эх орондоо буяны ажлаа чадах хэмжээгээр хийж яваа. Ганцхан Түвдийн лам нар ном үздэг юм биш. Монголд эрдэмтэй, номтой хүмүүс байгаа гэдгийг хэлье.

Нөгөө талаар анхдугаар Богд Банчин богдод бараалхаж Монголынхоо ард түмний тусын тулд Чогдон жалва манал Богд өндөр гэгээн гэдэг номыг айлдуулж байсан түүхтэй. Өнөөдөр бүх хийдүүд, бүх лам нар дээрх номыг уншиж байгаа.

Би Монголын буддын нийгэмлэгийн ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа. Нэлээд олон хийд энэ байгууллагын гишүүн. Дэлхий дээр буддын нийгэмлэгийн байр суурь өндөр байдаг юм билээ. Харин манайд шашны байгууллагад тулгамдаж буй олон асуудал байна. Лам нар маань асуудал тавиад байхаар нь хот, хөдөөгийнхөө лам нартай уулзаж ярилцахаар урьсан юм.

Хэзээ тэр вэ?

-Өнгөрөгч арванхоёр­дугаар сард болсон хурал.

Ямар учиртай хурал байв?

-Хурал хурна гэж огт хэлээгүй. Хуралдъя, өөрсдөдөө тохиолдоод байгаас асуудлыг хэлэлцье гэсэн байдаг. Цуглаад цөөхөн хэдэн асуудлаар хуралдсан. Лам хуврагуудын сургалт, эрдэм номын ажил юу болж байна вэ, шашны байгууллагын санхүү мөнгөний асуудал ямархуу байна вэ, яаж хөгжих вэ, юу хийх вэ гэдгээ ярилцсан. Бурхны шашныг яаж хөгжүүлэх вэ гэхээр өөрсдийн санхүүгийн боломж бололцоо муу. Тэгэхээр энд тэнд явж байхдаа “Бидэнд тусалчих хүн байдаг болов уу. Санхүүгийн дэмжлэг авахад ямар хүмүүстэй уулзах вэ” гэж бодно. Харин манай нийгэмлэгт зөвхөн Хятад биш олон улсын сүм хийдтэй соёлын харилцаатай. Ном буяныхаа ажлаар холбоотой. Хийд орноо яаж ийм гоё тансаг, сайхан авч явж байна вэ гэдгийг асууж, зөвлөгөө авдаг. Олон хийдийн лам нар “Сүүлийн үед Монгол Улсад БНХАУ-аас манай улсад санхүүгийн тусламж үзүүлж байгаа юм байна. Бидшашнаа хөгжүүлэхээр тусламж дэмжлэг авч болдоггүй юм уу” гэж ярьсан. Гэтэл “Тийм бол ямар сувгаар холбогдох уу” гэсэн санал гарсан. Тэгэхээр нь Хятадын элчин сайдын яамнаас хүн уриад мэдээлэл авахаар урьсан юм.

Хятадын элчингээс хүн ирсэн үү?

-Хүсэлт тавьсны дагуу элчингээс хүн ирсэн. Ирэхээр нь цугласан бүх лам нар өөрсдийнхөө асуудлыг ярилаа. Гэтэл та бүхэн их сайхан зүйл ярьж байна. Та нарын тавьж байгаа асуудал бурхны шашинд чинь тулгамдаж байгаа юм байна гэдгийг ойлголоо. Гэхдээ та бүхэн тодорхой хэмжээний төсөл хөтөлбөр боловсруулаад Монгол улсынхаа Засгийн газарт хүсэлтээ тавиарай. Монгол Улсын Засгийн газар энэ асуудлыг авч үзээд шаардлагатай гэвэл бид анхаарал хандуулж болох талтай гэсэн. Гэтэл манайд төр, шашин тусдаа байна гээд заачихсан байгаа. Тэгэхээр Засгийн газраар дэмжигдэнэ гэдэг боломжгүй болчихож байгаа юм.

Хуралд хэдэн хийдийн төлөөлөл ирсэн бэ?

-Хорь гаруй хийдийн жар орчим лам хуврага цугласан. Дашчойлин хийдийн хамба лам ирээгүй, өөр хэдэн лам ирсэн байсныг харсан. Бид цуглаад бурхан шашнаа яаж хөгжүүлэх вэ л гэж ярьсан байгаа. Бид цаашдаа буддын шашинтай улс үндэстэн, хувь хүмүүстэй ямар нэгэн соёлын болоод анд нөхдийн, бурхан номын холбоотой байх эрх нээлттэй. Сонинд нийтлэл гарсны дараа би маш их ичлээ. Хятадын талын хүмүүс энэ нийтлэлийг уншсан л байлгүй. Нацагдорж хамба болоод бусад лам нар биднээс мөнгө авсан гээд ярьдаг юм байх даа гэж бодох вий гэж эмзэглэсэн. Монголын бурхны шашныг, монгол лам нарын нэр хүндийг гадныхантай нийлж дордуулж байгаа асуудал газар авч байгаа. Үүнд бид тэвчээртэй хандаж байгаа. Нэг өдөр тэвчээр алдрахыг хэн байг гэхэв. Нөгөө талаар хоёр үндэстэн ястны асуудлыг өөрсдөдөө татаж авчирч, дотроо асуудал үүсгэж болохгүй. Гэхдээ ямар ч улс үндэстэнтэй төв үзлээ барьж, эв түнжинтэй явах хэрэгтэй.

Өнгөрсөн сард Хятадын хоёр иргэн амиа алдахад та болон бусад лам нар очиж ном уншиж өгсөн байсан?

-Хятадын элчин сайдын яамнаас бидэнд хандсан юм. Надад “Бурхны шашинтай хүмүүс бүх л хүнд нинжин сэтгэл үүсгэдэг гэж та бүхэн ярьдаг. Манай хоёр иргэн нас барчихлаа. Очоод ном уншаад өгөхгүй юу” гэхээр нь за гээд очсон. Дашчойлин хийд, З.Санждорж ламын хийд болон манайхаас лам нар очсон. Очоод арваад минут ном уншаад гарч явсан.

Танай эмнэлэг, сургуулийн хоёр том өргөтгөл барих хөрөнгийн эх үүсвэр хаанаас гарсан бэ?

-Ариун цагаан хөдөлмөрийн үр шим. Манай байгууллага Монгол Улсын олон хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулан улсад татвараа ч төлдөг. Бас төрийн тусламж дэмжлэгийг хүртэж, Монголын ард түмний шашин, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт бодитой хувь нэмэр оруулж, бусдын тусыг бүтээж явна.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургийг

Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *