Categories
гадаад мэдээ

Дональд Трампыг нууц мэдээлэл задруулахыг хориглов DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыг 2021 оны нэгдүгээр сард Капитол руу дайрсан хэргийн зарим нууц мэдээллийг задруулахыг Колумб мужийн холбооны шүүгч Таня Чаткан хориглосон байна. “Тэр эрүүгийн хэргээр шүүгдэгч. Түүнд бусад шүүгдэгчдийн нэгэн адил хязгаарлалт үйлчлэх болно. Энэ бол хэвийн зүйл. Яллагдагч улс төрийн кампанит ажилд оролцож байгаа нь тэр бусад яллагдагчдаас илүү эрх эдэлнэ гэсэн үг биш. Тэр бол эрүүгийн хэрэгт шүүгдэгч” гэж Чаткен тэмдэглэн хэлсэн байна.

Тусгай прокурор Жек Смит энэ сарын эхээр Трампыг эрүүгийн хэрэгт татаж байгааг танилцуулан, Дональд Трампыг 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүчингүй болгохыг оролдсон гэж буруутгасан. Түүнийг иргэдийн эрх ашгийг зөрчих зорилгоор бусадтай эвсэж хуйвалдаан зохион байгуулсан, Засгийн газрыг хууран мэхэлсэн, албан ёсны үйл ажиллагаанд саад учруулсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Тусгай прокурорын хэлснээр, 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Трамп болон түүний хамсаатнууд Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардсан гэж худал мэдээлэл тарааж, хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг өдөөн санал хураалтын албан ёсны дүнг хүчингүй болгохыг оролдсон байна. Тусгай зөвлөх Жек Смитийн хэлснээр, Капитол руу дайрахад хүргэсэн гол зүйл нь Трампын худал хуурмаг мэдээлэл байсан гэсэн билээ.

Энэ бол Трампыг буруутгаж буй гурван хэргийн нэг бөгөөд экс ерөнхийлөгчийг порно од Сторми Даниэлст дуугүй байсных нь төлөө төлсөн мөнгөө нуун дарагдуулсан,гэр орондоо улсын нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдийг зүй бусаар хадгалсан хэрэгт буруутгаж байгаа юм. Харин Д.Трамп эдгээр бүх хэргийг үгүйсгэж байгаа билээ хэмээн “DW” мэдээлжээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *