Categories
гадаад мэдээ

Дональд Трамп наанаа ялж, цаанаа… DNN.mn

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч асан Дональд Трамп Айове, Нью-Хэмпшир, Невада, Виржини, Өмнөд Каролин, Миссури, Айдахо, Мичиган мужид болсон Бүгд найрамдах намын анхан шатны сонгуульд ээлжит ялалтaa байгуулав. Харин түүний цорын ганц өрсөлдөгч Никки Хейли “Дональд Трамп АНУ-ын 250 шахам жилийн түүхэнд шүүхийн шийдвэр хүлээсэн анхны төрийн тэргүүн болсон. Трамп ерөнхийлөгчийн сонгуульд Байденыг ялж чадахгүй. Иймээс би тэмцлээ үргэлжлүүлнэ.

Бид энэ янзаараа амьдрах ёсгүй. Бид улс орноо аврах ёстой” гэж мэдэгдсэн байна.

Энэ бүхэн бидний нүдэнд ил байгаа мэдээлэл. Харин цаана нь Нью-Йоркийн шүүхээс Трампыг 354.2 сая доллараар торгож, экс ерөнхийлөгчийг Нью-Йорк муж улсын аль нэг компанид удирдах албан тушаал хаших, тус мужид бүртгэлтэй банкнаас гурван жилийн хугацаанд ямар нэгэн зээл авахыг хориглосон шийдвэр гаргасныг мэргэжилтнүүд Дональд Трампын бизнесийн эзэнт гүрнийг устгаж буйтай адил шийдвэр гэж дүгнэжээ. Учир нь Трамп авсан зээлээ төлөх боломжгүй болж, улмаар зээлийн барьцаанд тавьсан хөрөнгөө хураалгана гэсэн үг гэнэ. Иймээс экс ерөнхийлөгч өөрийн компанийг Нью-Йорк мужаас Калифорни руу шилжүүлэх гэж оролдсон боловч прокурор Трампыг хөрөнгөө шилжүүлэх гэж байгаа талаар шүүхэд гомдол гаргажээ.

Иймээс Трампт дахин ерөнхийлөгч болохыг нь дэмжигч спонсоруудаас нь мөнгө хандивлахыг хүлээхээс өөр арга үлдээгүй бөгөөд харамсалтай нь экс ерөнхийлөгчийн өмгөөлөгчид “мөнгө хандивлах хүн олдсонгүй” гэж шүүхэд мэдэгдсэн байна. Трампын өмгөөлөгчид “Нью-Йоркийн шүүхээс санхүүгийн луйврын хэргээр иргэний нэхэмжлэлийн дагуу төлөхийг шаардсан 354.2 сая доллар Дональд Трампт байхгүй, Трамп ердөө 100 сая доллар барьцаанд тавих боломжтой” гэжээ. Ингэснээр Трампын шүүхэд төлөх ёстой мөнгө өнгөрсөн хоногуудад хуримтлагдсан хүү(өдөр бүр 112 мянган доллар)-ний хамт аль хэдийнэ 454.9 сая долларт хүрсэн аж. Үүний зэрэгцээ Трамп зохиолч Жан Кэрроллыг гүтгэсэн хэргээр давж заалдах шатны шүүхээс гаргасан 83 сая гаруй ам.доллар төлөх шийдвэрийг биелүүлэх, эсвэл энэ хэмжээний мөнгө барьцаанд тавьж, Дээд шүүхэд давж заалдах ёстой болоод байгаа юм байна.

Энэ сарын сүүлээр Дональд Трампыг бусдад хахууль өгөхдөө санхүүгийн залилан хийсэн гэх иргэний бус эрүүгийн хэргийн шүүх хурал болох бөгөөд ирэх сард Дээд шүүх түүнд хамаарах хоёр ч хэргийг хэлэлцэж эхлэх юм. Энэ бүхний эцэст ирэх долдугаар сарын дундуур Бүгд Найрамдах намын их хурал ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ албан ёсоор тодруулж батална. Мэдээж их хуралд Бүгд Найрамдах намын Дональд Трампыг дэмжиж буй энгийн гишүүд бус түүнийг дэмжихгүй байгаа зэвсгийн үйлдвэрийн эзэд болох том спонсорууд оролцоно. Иймд Дональд Трампыг наанаа ялж, цаанаа ялагдаж явна гэхэд буруудах зүйлгүй ажээ.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *