Categories
мэдээ нийгэм

Д.Монголхүүгийн ээж А.Хандсүрэн: Хүү минь бусдын төлөө өөрийгөө золиосолж чадах том зоригийг төлөвшүүлжээ

Хууль хүн бүрд тэгш үйлчлэхийг шаардсан “No double standart” хөдөлгөөнийг санаачлагч Д.Монголхүү багагүй хугацаанд цагдан хоригдож, өнгөрсөн пүрэв гаригт суллагдсан юм. Хуульч, өмгөөлөгчдийн зүгээс энэхүү баривчилгааг хууль зөрчсөн, Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрийлэх эрхэд ноцтой халдсан хэмээн буруутгаж байгаа юм. Д.Монголхүүгийн ээж А.Хандсүрэнтэй ярилцлаа. Тэрээр ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан цөөхөн анхдагч эмэгтэйчүүдийн нэг бөгөөд эдүгээ АНУ-д амьдарч байна.


-Д.Монголхүү тэргүүтэй залуусын эхлүүлсэн хууль хүн бүрд тэгш үйлчлэхийг шаардсан хөдөлгөөнд олон залуус нэгдэж байна. Хөдөлгөөний санаачлагчид торны цаана суусан ч үйл хэргийг нь залуус үргэлжлүүлсээр байсан. Энэхүү явдлыг олон нийт нэлээд анхааралтай ажиглалаа. Ээжийнх нь хувьд та хэрхэн харж байв?

-Өнгөрсөн багагүй хугацаанд хүү маань хоригдлоо. Өнгөрсөн өвөл гэр хорооллын дахин төлөвлөлтийг эсэргүүцэж суулт зарлахдаа бас баривчлагдаж байсан юм билээ, Хол байдаг болохоор намайг зовчихно гээд хэлдэггүй юм байна. Өнөөдрийг хүртэл би дуугүй л явж ирлээ. Энэ хугацаанд их юм болж өнгөрлөө. С.Зоригийн аллагын эздийг гурван шатны шүүхээр шийдээд байсан. Тэр хоригдлуудыг өнөөдөр Ц.Нямдорж нарын хүмүүс өөрсдийнхөө эрх мэдлийн давуу байдлыг ашиглаад батлан даалтад гаргачихсан байна. Гэтэл энэ хоёр хүүхдийг гаргахгүй ямар их зовоов. Үүнийг л “double standart” гээд байгаа юм. Яахав, хүүхдийнхээ төлөө уйлж дуулаад Засгийн газрын ордны өмнө өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд явж байсан олон хүмүүс, ээжийг алсаас харж байлаа. Тэдэнд ингэх эрх нь байна. Ийм эрхийн төлөө л бид явж байсан. Үхтэл үр харам гэгчээр хүн алчихсан байсан ч тэр хүний хүүхэд. Тийм болохоор энэ бол бидний шүүх асуудал биш. Харин шүүж шүүмжлэх асуудал нь Засгийн газрын үйл ажиллагаа, гаргасан журмаа Ерөнхий сайдаас эхлэн өөрсдөө зөрчдөг явдал юм. Жишээ нь, тахлын үеийн хорио цээр. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж тэргүүтэй хуулийн байгууллагын нөхөд өнөөдөр гурван шатны шүүхийн шийдвэрийг давсан үйлдэл хийж байгаа нь ялгарал үүсгэсэн. Монголд иргэд нь хууль шүүхэд итгэл алдахад хүргэж байгаа гол шалтгааны нэг энэ. Үүнийг төрийн хоёр нүүр буюу double standard гэж байгаа.

Хүү маань хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх хүний үндсэн эрхийг хамгаалж үзэл бодлоо илэрхийлсний төлөө баривчлагдан хоригдохыг дэлхийгээр нэг харлаа. Миний хүү болон хоригдсон залуусын төлөө олон түмэн тасралтгүйгээр дуугарсаар байна. Ардчиллын үнэт зүйлийг олон талаас нь тайлбарлаж хүний заяагдмал эрхийн төлөө олон нийтийн сүлжээнд хэлж, ярилцаж дуу хоолойгоо хүчтэй нэгтгэж байсан. Энэ тэмцэл, шаардлагын үр дүнд УИХ-ын Хүний эрхийн дэд хороог хуралдуулж Монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаарх асуудалд анхаарал хандуулж чадлаа. Энэ бол нэг алхам. Дүгнэлтийг бид сонссон. Байдал тун хүнд байгааг нотлон дүгнэсэн учир иргэн бүрийн оролцоо чухлыг сануулсан гэж бодож байна.

-Хүүг тань баривчлах үеийн эвгүй үйл явдлыг олон нийт харсан. Биед нь ноцтой гэмтэл учирч, хорих ангид шаналж байсан тухай хамт хоригдсон Э.Одбаяр ярьсан. Та ч бас ихэд зовсон болов уу?

-Эгэмд нь, эрэгтэй хүний зүрх тархи гэгддэг эмзэг эрхтнийг нь өшиглөж гэмтээгээд шоронд тарчлааж байсан нь миний санааг их зовоож байлаа. Хамгийн гол нь Монголын хүний эрхийн цаашдын ирээдүй миний санааг зовоож байна. Энэ улс төр, эдийн засгийн таагүй нөхцөл байдалд айл өрхүүдийн амьдралын наад захын хэрэглээ хангагдаагүй өлөн зэлмүүн байна. Тахлын өвчлөл, үхэлд Засгийн газрын оновчгүй үйл ажиллагаа, төсөв хөрөнгийн буруу зарцуулалт, УИХ-аас Засгийн газарт тавих хяналт үгүй болж, энэ хоёрын эрх мэдлийн байр солигдсоноос үүдэлтэй үр дагавраас иргэдийн үүрэх зовлон бэрхшээл мөд засагдах янз алга. Үүнд Монголын ард түмэн, ээжүүдэд, эгч нарт, гэргий нарт нь, үр хүүхдүүдэд нь хүнд тусч байгаад харамсаж халаглаж сууна. Өөрт хамаатай бүхний өмнө бид дуугаа хураах мөчөөс бидний амьдралын төгсгөл эхэлдэг гэж Мартин Лютер Кинг гэж америк залуу өнгөт арьстан ард түмнийхээ тэгш эрхийн төлөө тэмцэж алтан амиа алдсан эрхэм хүний үгийг залуус өөртөө тусгаасай гэдэг үүднээс хэлэхийг хүсч байна.

-Хуулийн байгууллагын зүгээс жагссан залуусыг хорьсон шалтгаанаа Ковидын үеийн хууль зөрчсөн, хууль сахиулагчийн шаардлагыг биелүүлээгүй зэргээр тайлбарлаж байгаа. Харин нөгөө талд эрх баригчдаас шударга ёс шаардсаныхаа хариуг ингэж авч байна гэж үзэх хүмүүс байгаа?

-Хүний эрхийн дэд хорооны хурал дээр ХЭҮК-ын УИХ-аас сонгогддог бүрэн эрхийн байгууллагын Г.Нарантуяа гишүүний илтгэлийн эхний хоёр өгүүлбэрт бүх зүйлийг багтааж хэллээ. Тодруулбал, Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдал улам бүр хумигдаж байна гэж тодорхойлсныг би давтан хэлмээр байна. Тийм ч учраас өнөөдөр хүний эрхийн төлөө тэмцэж байгаа, цагдаагийн байгууллагад нэлээд олон зүйл ангиар шалгагдаж хоригдсон миний хүү болон Одбаяр хоёрын тэмцлийн ирээдүй нэлээд бүрхэг байна гэж би хэлмээр байна. Тэгэхээр цаашид хүүхдүүдээс золиос шаардах нь, Монголын ард түмний залуу үед нэлээд том сорилт ирж байна гэж харж байна. Нөгөө талаар өнөөдөр залуучууд эх орноо, ирээдүйгээ бүтээдэг цаг үе ирсэн байна. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэдэг. Хэлэх яах вэ, үнэхээр мэдэж зөвшөөрч байгаа бол үүнд хүсэл зоригоо нэгтгэж, үг дуу хоолой тэмцлээ идэвхжүүлж, хуулийг гууль болгодог өөртөө ашигтайгаар урвуулан ашигладаг, баталсан хуулиа эрх ашгийнхаа үүднээс өөрчилдөг, байдлын эсрэг тэмцэж байж өөрчлөхөөс өөр арга замгүй.

-Д.Монголхүүгийн талаар ярихгүй юу. Ямар хүүхэд байв. Та ямар хүмүүжлийг өгөхийг хичээж байв?

-Би хүүгээ зөв хүн болж төлөвшсөн гэж хэлнэ. Багадаа гурван эгчийнхээ хайр энэрэл дунд өссөн учраас зөөлөн зантай. Аав нь алсын тээвэрт явдаг хүн байсан учир гэртээ байхаас байхгүй нь их. Би баяр ёслол, амралтын өдөр ч ялгаагүй ажилладаг үзэл суртлын тэргүүн фронтын байлдагч буюу урлаг соёлын ажилд зүтгэж явсан. Сүүлд нь ардчилсан холбоонд эргэлт буцалтгүй орж, ардчилсан хувьсгалын төлөө 20-иод жил тэмцэж явсан болохоор хүүхдүүдтэйгээ чөлөөт цагаа өнгөрөөх боломж тун бага байлаа. Тиймээс хүү маань тэр үеийн монгол гэр бүлд хүүхдүүд яаж өсдөг байсан түүний нэгэн адил өсч хүмүүжсэн. Энэ хугацаанд миний хүүхдүүд архи ууж, тамхи татаж, шүүх цагдаагийн хаалга татсан тохиолдол гаргаж, ээжийгээ зовоосонгүйд ихэд талархаж явдаг. Энэ төлөвшил нь явж, явж миний хүүд өөрийнхөө бодлоор бусдыг аялдан дагалддаггүй итгэл үнэмшил суусан нь өнөөдөр илүү тод харагдаж байгаа болов уу.

Монголчууд тэр сайн охин, тэр сайн хүү, тэр сайхан айлын хүүхэд, удам судар нь тийм юм шүү гэж ярих их дуртай. Миний хүү шиг өөрийгөө олсон, бусдын төлөө гэж зүрх сэтгэлээ зориулж, бусдад үзэн ядагдах зоригтой, өөрийгөө илэрхийлэх чадвартай, бусдын төлөө өөрийгөө зольж чадах иргэншлийг, ийм итгэл, зоригийг төлөвшүүлж чадсан юм байна гэж бахархаж сууна.

-Та өөрөө ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан хүн. Монголын нийгэм, улс төрийн байдалд ямар байр суурьтай явдаг вэ?

-Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар би бусадтай адил юм ярьж чилээмээргүй байна. Учир нь би өнөөдөр гадаадад амьдарч байна. Өдөр тутам амьдрал ахуйд нь, хамарт нь ус хүрсэн зовлон гачигдал дунд байгаа ард түмэн өөр өөрийнхөө үгийг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нь зөв байх. Түрүүчээсээ миний хүү болон Одбаяр, бусад залуус миний хэлэх үгийг төлөөлж ярьж байна. Түүнийхээ золиосонд ч шоронд ороод олон давхар хэрэгт унаад явж байгаа учир би дахин давтан нуршиж, хүмүүсийн эгдүүцлийг төрүүлж, троллуудын идэш болмооргүй байна. Хууль хүчний байгууллагуудын удирдлагууд өөрсдийнхөө албан тушаал эрх мэдлээ ашиглан хууль зөрчиж хүний эрх, эрх чөлөөнд халдаж иргэдийн ажил амьдрал, амь насаар тоглож байна. Дээр үед санхүүгийн тайлан тооцоог хоёр төрлөөр гаргаж, нэгийг нь жинхэнэ газраа өгч, нөгөөхийг нь дарж санхүүгийн луйвар хийж ашигладаг албан газар албан тушаалтнуудын тухай сонсогддог байсан. Улс болон аж ахуйн нэгжийн давхар тайлантай ажилладаг байсан нь тухайн үедээ тэр л нийгмийн гажуудлын илэрхийлэл байлаа. Гэтэл өнөөдөр ардчилал гараад 31 жил болчихсон байхад Үндсэн хуулиас давсан, өөрийнхөө хүсэл зоригоор хуулиа тайлбарлаж, иргэдээ хэрэгт түлхэж, гэмт хэрэгтэн болгож байгааг бид нар олон үйлдэл дээр харлаа. Үүнийг хүлцэж тэвчишгүй. УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны хурал дээр өнөөгийн цагдаа хүчний байгууллагын удирдлагуудын хэлж байгаа тайлбар, өөрсдийнх нь үзэл хандлагад багтсан үг хэллэгээс Монголын ард түмэн олон зүйл ойлгож авсан байх. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгчээр нэгэнт эрх бүхий этгээдүүдийн өөрсдийнх нь хуулиас давсан үг үйлдэл нь иргэд рүү нөлөөлж, энэ нь явж явж иргэд хоорондын сөргөлдөөн, бүр дайсагналын үндсэн хөрс нь болж байгаад би харамсаж байна.

Миний хүүгийн төлөө, хүний эрхийн төлөө, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байсан, үгээрээ үйлдлээрээ шоронд хамт хоригдож өлсгөлөн зарласан Э.Одбаяр, дэлхийн өнцөг булан бүрээс үзэл бодоо илэрхийлж байсан хүн бүрд гүн талархлаа танай сониноор дамжуулан илэрхийлж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. С.Зориг маань монгол хүний саруул ухаанд итгэдэг гэж хэлсэн. Үүн дээр би Монголын залуу үеийн зүрх сэтгэлд энэ үг асаатай яваа юм шүү гэж нэмж хэлье.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *