Хуульч Д.Миеэгомботой ярилцлаа.
-УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцрохыг шаардаж байна. Энэ нь хууль эрх зүйн талаасаа огцрох үндэслэл болж чадах уу?
– УИХ-ын даргыг огцруулах хэд, хэдэн үндэслэл бий. Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, хүндээр өвчилсөн, Үндсэн хуулийн Цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэл гаргаж, түүнийг нь УИХ хүлээн авсан, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдэх тогтоолоор батлагдсан бол УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь огцруулж, чөлөөлж болно. Гишүүдийн шаардлагад энэ үндэслэлүүдээс аль нь ч байхгүй. 60 тэрбумын асуудлыг ярьсан, төлөвлөснийхөө төлөө огцрох ёстой гэж гишүүд хэлж байна л даа. Энэ шаардлага нь хуульд заасан үндэслэлүүдэд алга гэдгийг УИХ-ын дарга хэлж байгаа. Нөгөө талдаа хуульд заасан шалтгаанууд тогтоогдохгүй байхад яасан гэж огцрох вэ гэдгийг ч хэлж байна. Ингээд хууль зүйн хувьд мухардмал зүйл болчихож байна.
-Таны хувьд энэ асуудлыг хэрхэн шийдэх нь зөв гэж харж байна вэ?
-Прокурорын байгууллагаас 60 тэрбумын хэрэг гэх зүйл тогтоогдохгүй байна гэдгийг хэлсэн. Гэхдээ Ц.Сандуй гэх хүн энэ үндэслэлээр албан тушаалаа өгсөн. Тэгэхээр төлөвлөсөн хурал зөвлөгөөн болохын хувьд болжээ гэж харж байгаа. Хэрэв огт байхгүй байсан бол Ц.Сандуй дарга огцрохгүй байсан болов уу.
Мөн 60 тэрбумын талаарх бичлэгийг хулгайгаар хийсэн Г.Доржзодов гэж хүн байж байгаа. Тэгэхээр парламент энэ асуудлаар түр хороо байгуулж, ажлын хэсэг гаргах хэрэгтэй. Парламентад нээлттэй хэлэлцүүлэг хийх чиг үүрэг, эрх бий. Үүнийхээ хүрээнд 60 тэрбумын хэргийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж болно. Ц.Сандуй, Г.Доржзодов нар оролцож болно шүү дээ. М.Энхболд дарга ч өөрөө байж байна.
Мөн зарим гишүүд “Хууль хяналтын байгууллагуудыг М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын бүлэглэл томилсон, тэд нэг талд үйлчилж байна” гэж яриад байгаа. Хууль хамгаалах байгууллагуудад Ерөнхийлөгчийн институцийн нөлөөлөл байсаар ирсэн гэдгийг би хувьдаа хэлсээр ирсэн. Шүүх бол бүрэн утгаараа Ерөнхийлөгчийн мэдэлд оччихоод байгаа. Учир нь 2012 онд Шүүхийн захиргааны хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Уг өөрчлөлтөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийг Ерөнхийлөгч томилдог болчихсон юм. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүх байгуулах, татан буулгах, шүүгч нарыг томилох, огцруулах саналыг гаргадаг. Уг байгууллагын шүүгчдэд нөлөөлөх нөлөөлөл нь их өндөр. Энэ өндөр үүрэг хариуцлагатай, эрх мэдэл бүхий байгууллагыг Ерөнхийлөгч байгуулахаар хуульд заачихсан. Шүүхийн мэргэжлийн хороог байгуулах эрх нь ч төрийн тэргүүнд бий. Үүнээс үүдэн Ерөнхийлөгч шүүхэд эрх мэдлээ бүрэн тогтоочихоод байгаа юм. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Ерөнхий прокурорыг томилдог. УИХ Ерөнхийлөгчийн оруулж ирсэн Ерөнхий прокурорын нэрийг нэг удаа л буцаах эрхтэй. Дараагийн хүнийг буцаах эрх УИХ-д байхгүй. Шууд томилно. Дээрээс нь Прокурорын байгууллагын тухай хуульд зааснаар прокурорын үйл ажиллагаа нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байдаг. Дээд шатны прокурорын даалгаврыг заавал биелүүлдэг. Энэ агуулгаараа прокурорт ч Ерөнхийлөгч нөлөөтэй байсан, байгаа хэрэг. Ингэхээр өнөөдрийн УИХ-д 60 тэрбумын хэргийн хувьд, шүүх эрх мэдлийн буюу прокурорын шийдвэрийг өмнөө барьсан, нөгөө талд нь прокурорыг үгүйсгэж хардсан нэг хэсэг байна. Гуравдагч талд прокурор өөрийн зөв гэж, энэ эцсийн шийдвэр гэдгийг хэлж байна. Хууль хяналтын байгууллагаас тухайн хэргийг тогтоогоогүй ийм дүгнэлт шийдвэртэй байхад яг энэ үндэслэлээр УИХ-ын даргыг огцруулах боломжгүй харагдаад байдаг.
-Таван үндэслэлээс бусад зүйлээр УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ярих нь Үндсэн Хууль болон бусад хуулийг зөрчиж байгаа гэдгийг түүний хуулийн зөвлөх хэлж байсан л даа. Энэ тухайд?
-Тавьж байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлэхгүй байгаад л гацаа үүссэн. Асуудлыг шийдэх, шийдлээ олох л хэрэгтэй.
-ХХААҮ-ийн сайдыг томилох асуудал 21 хоногоор хойшлоод байна. Ерөнхийдөө УИХ-ын үйл ажиллагаа сүүлийн үед багагүй саарч байна гэж харагдаж байгаа. Үүнийг УИХ чадамжгүй болж байна гэж ойлгох уу?
-УИХ-ын үйл ажиллагаа тасалдахгүй явах ёстой. Одоогоор УИХ-ын чуулганы хуралдааныг явуулахгүй байх шалтгаан бол алга. Харин энэ мэтээр асуудал хойшилж байгаа нь ердөө л шалтаг. Тодруулбал, улс төрийн зорилгоор үр дүнгүй, үр өгөөжгүй, хий хоосон асуудлыг хурцатгаж, дэвэргэж зориуд ийм байдал руу аваачиж байна. Энэ нь өнөөдрийн намуудын төлөвшил муу, гишүүдийн ёс зүй, ухамсрын түвшинг л илэрхийлж байгаа юм. Эднээс сайн сайхан зүйл хүлээгээд байх шаардлагагүй нь нэгэнт илэрхий болчихсон.