АШУҮИС-ийн Шинжлэх ухаан, технологийн газрын судлаач мэргэжилтэн, дархлаа судлаач, анагаах ухааны доктор Д.Мандахнарантай ярилцлаа.
-Нян буюу бактер, вирусийн ялгааг та тайлбарлаж өгөхгүй юү. Коронавирусийг титэмт вирус, шинэ коронавирус гэх мэтээр нэрлээд байгаа нь ямар учиртай юм бэ. Вирус гэгч юм хүний биед ороод чухам ямар үйлдэл хийдэг юм бэ?
-Дэлхий дээр түүхэн хөгжлийн явцад, 3.5 тэрбум жилийн өмнө амьдрал үүссэн гэж үздэг. Нүдэнд харагдахгүй нэг эст байснаа олшроод олон эст амьтан болдог ч юм уу, тэгээд хүн үүссэн. Энэ хугацаанд зарим амьд биетүүд хоол тэжээлээ олж, өсөж үржихийн тулд өөр амьтдын биед орж, өөр амьтдын биеэр хооллодог болж, ийм бүлэг амьтад үүссэн. Нүдэнд харагдахгүй энэ амьтныг анагаах ухааны хэллэгээр микроб буюу өвчин үүсгэгч бичил биетнүүд гэж нэрлээд байгаа. Дэлхий дээр байгаа бүх микробуудын тав хүрэхгүй хувь нь л хүнд өвчин үүсгэдэг. Бусад нь ерөөсөө хүний биед ордоггүй, хүнд хамаагүй. Тэр таван хувиа л өвчин үүсгэгч бичил биетэн гээд байгаа юм. Өвчин үүсгэгч бичил биетнүүдийг хэмжээ болон биологийн шинжээр нь дөрөв хувааж болдог. Хамгийн жижиг хэмжээтэй, хоорондоо ижил шинжтэйг нь вирус гэж байгаа юм. Вирус бол эс биш. Өөрөө үржих чадваргүй, байгаль дээр байдаг, удамшлын материалаа тодорхой био бүрхүүлээр бүрхсэн тийм байгалийн оршихуй. Вирус байгаль дээр байхдаа өсөж үржиж чадахгүй, зайлшгүй эзэн амьтны биед орж байж, тэр эзэн амьтны эсүүдэд нэвтэрч, эсүүдийнх нь өөрийгөө олшруулдаг уургийн аппарат буюу эрхтэнцэрүүдийг хар үгээр хэлбэл хакердаж өөрийгөө олшруулдаг. Ингэж хакердаж олшруулах явцдаа эзэн эсийг гэмтээдэг. Маш их олшроод эзэн эсийг задална. Нэг вирус орлоо гэхэд хэдэн зуун мянга болоод эзэн эсээ задлаад гараад ирдэг. Тэр хэдэн зуун мянга болсон вирус дахиад тус бүртээ хэдэн зуун мянга болж олширч, халдварласаар байдаг. Вирус ийм механизмаар өвчин үүсгэдэг.
Вирусийн дараачийнх нь бактер буюу бидний хэлдгээр нян. Нян бол амьтан. Бидний эсээс жаахан ялгаатай. Нянгийн эс бөөмгүй. Бидний хамгийн сайн мэддэг нянгууд гэвэл, хоолны хордлого үүсгэдэг нянгууд байна, сүрьеэгийн нянгууд байна. Нянгуудыг эмчлэх арга бол антибиотек эмчилгээ. Нянгийн дараачийнх, нянгаас харьцангуй том, илүү хорон шинжтэй нь мөөгөнцөр. Үүний дараах нь буюу заримдаа нүдэнд харагддаг шимэгч хорхой, хялгасан хорхой. Ийм байдлаар дөрөв ангилж болдог.
-Коронавирусийг ч бас дотор нь ангилж байна уу?
-Коронавирусийн тухайд байгалийн янз янзын ангилал бий. 1960-аад оны үеэс ханиад, томуу үүсгэгч вирусүүдийг нэлээд сайн судлаад ангилж эхэлсэн чинь хэсэг вирусүүд бөөрөнхий бүтэцтэй, гадуураа нарны цацраг шиг уургуудтай байсан. Үүнийг нь нарны титэм гэх нь бий. Тийм болохоор Титэмт вирус гэж нэрлэчихсэн. Удамзүйн хувьд титэмт вирус нь дотроо олон вирус агуулдаг. Удамзүйн хувьд дөрвөн том бүлэг бий. Альфа, бета, гамма, дельта гэж. Энэ дөрвөн бүлэг вирус нь хөхтөн амьтан, шувуу зэрэгт өвчин үүсгэдэг. 2003 онд САРС өвчин үүсэхээс өмнө хүнд томуу төст өвчин, хамрын ханиад үүсгэдэг нь мэдэгдчихсэн байсан. Альфа, бета төрлийн зургаан вирус нь хүнд өвчин үүсгэдэг бөгөөд коронавирусийн дөрвөн дэд төрлүүд нь мэдэгдээд байсан юм. 2003 онд САРС өвчин гарахад “Энэ өвчин коронавирусээр үүсгэгддэг юм байна” гэдгийг тогтоогоод дээрх дөрвөн бүлгийн бета бүлэгт нь хамаарах тав дахь коронавирусээр тодорхойлогдсон. Түүний дараа МЕРС гэж өвчин гарсан, Саудын Арабт. МЕРС өвчнийг үүсгэгч нь мөн л коронавирус байсан.
Тэгээд МЕРСкорона гэж нэрлэсэн. Сая Хятадын Ухань хотоос гарсан коронавирус нь бета бүлэгт хамаарагдах шинэ вирус юм. САРС, МЕРС-ээс өөр вирус болох нь тодорхойлогдсон. Тэр вирусийг юу гэж нэрлэх вэ гэж янз янзаар ярьж байгаад шинэ коронавирус гээд нэрлэчихсэн байгаа. Энэ бол цоо шинэ гэсэн үг биш. Зүгээр л урьд өмнө нь байгаагүй, шинэ төрлийн коронавирус гараад ирсэн гэсэн үг. Удамзүйн холбоо, генетик судалгааг нь үзвэл САРС, МЕРС, шинэ коронавирусүүдийн ихэнх нь сарьсан багваахайнаас гаралтай байна гэж тогтоосон. Сарьсан багваахайн коронавирусүүдтэй удамзүйн хувьд ойролцоо адилхан байна гэж үзсэн. Тэгэхээр энэ өвчин сарьсан багваахайнаас гаралтай юм биш үү гэж үзээд байгаа юм.
-Коронавирус мутацид орчихсон уу?
-Вирусүүдэд удмын материалаа агуулсан био бүрхүүл байдаг гэж дээр би хэлсэн. Удмын материал нь дотроо ДНХ, РНХ гэсэн хоёр өөр бодисоос тогтдог. Нэг бол ДНХ-тэй вирус, эсвэл РНХ-тэй вирус байна. РНХ-тэй вирус нь хувилахдаа алдаа их гардаг. Өөрчлөгддөг гэсэн үг. Нэг ширхэг коронавирус эс дотор ороод 100 мянга болж олшроод гарч ирэхдээ зарим нь өмнөхөөсөө өөр болчихсон байдаг. Тэгэхээр зөвхөн сарьсан багваахайнд байдаг вирус нь өөрчлөгдөөд хүнд халддаг болчихсон ч байдаг юм уу. Үүнийг мутаци гэж нэрлээд байгаа шүү дээ. Хоёрдугаарт, коронавирусийн генийн хэмжээ буюу бодисын хэмжээ нь бусад томуугийн вирусүүдээс хамаагүй том. Хамаагүй олон үсэгтэй гэсэн үг. Тэр олон үсгийг хуулах болгонд буруу бичиж алдаа гаргах магадлал өндөр байдаг. Тэгэхээр коронавирусийн мутаци болох хурд харьцангуй их учраас энэ вирус нь хувьсаад үе үе эвгүй хэлбэр гарч ирчихээд байдаг.
-Тэгээд энэ вирус хэзээ устах юм бол. Хөл хорио тогтоогоод байх уу. Бүр үргэлжлээд цар тахлын хэмжээнд хүрч улам аюултай байдал руу орох уу. Цаашид яах бол?
-Одоогоор хэн ч мэдэхгүй байна. Судалгаа хийж байгаа. Хятадын шинэ коронавирустэй холбоотой маш олон зөвлөгөө бий. Энэ зөвлөгөөнүүд нь хуучин бидний мэддэг байсан коронавирусийн мэдлэг дээр үндэслэж байна. Гэтэл энэ вирусийн талаар мэдэхгүй юм нэлээд байна. Яаж халдаж байна вэ, халдвар нь хэр байна гээд мэдэхээс мэдэхгүй юм нь их байна. Мэдэхгүй юм их байгаа учраас хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй байна. Голомт болсон газарт нь, Уханьд арга хэмжээ авч вирусийг нь дарсан цагт халдвар дарагдана.
-Хөл хорио тавигдангуут л манайхан маскаа зүүхээ болино доо?
-Мэдээж улс орны амьдрал, эдийн засаг явж байгаа учраас карантин тодорхой хугацаагаар л үргэлжлэх байх. Сунжирсан карантин гэдэг бол хэцүү шүү дээ. Тэрийг шийдвэр гаргагчид тодорхой бодлогын түвшинд шийдэх байх. Иргэд тэглээ гээд санаа амарч болохгүй. Коронавирусийн тухай мэдээлэл гарч шуугихад маск булаацалдаж байснаа энэ долоо хоногоос эхлээд маск зүүхээ больж байна. Бараг бүгдээрээ шахуу зүүчихсэн байсан бол одоо 30-аад хувь нь зүүхээ больчихлоо. Нэг хэсэг овоо гайгүй засарч байснаа гадуур нус, цэрээ ил задгай хаях үзэгдэл буцаад сэргэж байна. Зөвхөн коронавирус ч биш Монгол орон бол томуугийн идэвхтэй бүс нутаг. Маш олон өвчин монголчуудын ахуйн ариун цэвэр, ухамсрын доройтлоос болоод үүсч олон хүнийг, нэн ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа. Үүнийг бид ойлгох ёстой. Сошиалаар “Муу сайн хятадуудаас энэ өвчин гарлаа” гэж шуугиад байдаг. Тэр хүмүүсийг хэлэхээсээ өмнө өөрийнхөө байгаа байдлыг засах ёстой. Карантины хугацаа дууслаа ч хувь хүний зүгээс хийж болох арга хэмжээнүүдээ сулруулж болохгүй. Өвчин байсаар л байгаа.
1990 оноос өмнө Монголд ЗХУ, Зүүн Европт боловсрол эзэмшсэн бүхэл бүтэн арми байлаа шүү дээ. Тэр хүмүүс Европын ахуйн ариун цэврийн маш зөв дадлуудыг хэвшүүлж байсан бол зах зээлд шилжсэнээр нийгэм харьцангуй чөлөөтэй болсноор, захиргаадалт үгүй болсны улмаас, шилжилт хөдөлгөөн ихэссэнээс маш бүдүүлэг юмнууд газар авч, энэ нь эргээд хүнд гоё харагдаж биш, бүгдээрээ хамтдаа эрүүл байя гэдэг асуудлыг эрсдэлд оруулаад байгаа. Осол нь тэндээ байгаа юм.
-Монголчуудын дархлаа сайн учир тэр вирус нь орж ирлээ ч тэсэхгүй, тэглээ ч манай орны хүйтэн агаар вирусийг оруулахгүй гэх мэтээр ярьцгааж байна. Та үүнийг мэргэжлийн хүний хувьд юу гэж харж байна вэ?
-Бидний эдийн засгийн бүх оролт, гаралт хамааралтай байдаг хоёр хөршид маань коронавирус илэрсэн учир манайхыг “Сэжигтэй” гэх ангилалд оруулсан болов уу. Нөгөө талаасаа монгол хүний өвөрмөц дархлаа гэх юм байхгүй л дээ. Энэ бол боломжгүй. Хүн байтугай хүн, хулгана хоёрын хооронд багахан ялгаа байдаг юм шүү дээ. Энэ бол вирусийн өвчин учраас тоо баримтыг харахад, өвдсөн хүмүүсийн цөөхөн нь хүндэрч байгаа. Тэр хүндэрсэн хүмүүсээс цөөхөн нь нас барж байгаа. Иймэрхүү магадлалын юм байж болно. Түүнээс биш монгол хүний дархлаа энэ тэр гэсэн зүйл бол хоцрогдсон ойлголт. Тэр бол зүгээр л төсөөлөл.
Ерөнхийдөө ямар ч халдварт өвчин дулаан, чийглэг газарт байх магадлал илүү. Хуурай, хүйтэн газарт бага байх шинжтэй ч бохир хүмүүсийн дунд их байдаг. Цэвэр хүмүүсийн дунд бага байдаг. Япон ч гэсэн чийглэг, дулаан уур амьсгалтай. Гэтэл тэнд яагаад халдварт өвчин бага гардаг вэ. Сая бол аялал жуулчлалын улмаас энэ өвчин гарчихлаа л даа. Манайхтай харьцуулахад Японд гэдэсний халдвараар хүүхдүүд яагаад бараг өвддөггүй юм бэ, яагаад томуу өвчнөөр өвдсөн хүмүүсээр эмнэлэг нь дүүрдэггүй юм бэ. Улс орны хөгжлөөс гадна иргэдийн боловсрол, ахуйн ариун цэвэртэй холбоотой. Тиймээс өөрсдийнхөө бохир заваан байдлыг байгаль цаг уур маань хамгаална гэж ерөөсөө тэгж бодож болохгүй.
-Хувийн ариун цэврээ сахих, нус цэрээ ил хаядаггүй болгох, томуугийн дэгдэлттэй үед бүх нийтээрээ амны хаалт хийдэг сарын аян ч юм уу нэг тиймэрхүү эрүүл ахуй руу нь хандсан соёлын довтолгоо маягийн юм хийх цаг болж дээ?
-Хамраа гаргаад маскаа зүүчихээр ямар хэрэг байх вэ дээ. Маскжуулж болно. Хэцүү боловч үнэгүй маск тарааж болох л байх. Гэхдээ тэр маскийг нь буруу зүүгээд байвал ямар ч хэрэггүй. Энэ бол хэцүү асуулт. Б.Цэнддоо гуайн “Соёлын довтолгоо” гэж ном бий. Тэр цаг үед захиргаадаж болдог байсан учраас захиргаадалт, хүчирхийллийн аргаар дундад зууны нүд хальтрам орныг өдий зэрэгтэй болгосон байна. Одоо бол бүх нийтийг яаж соёлжуулах вэ гэдэг нь тодорхой байна. Яаж хийх вэ гэдгийг мэргэжлийн улсууд харилцан зөвшилцөж байж хийх ажил байх.
Хятад бол нэлээд экстрим арга хэрэглэж байна. Дижитал шорон маягаар. Камераар хараад л буруу юм хийвэл онооноос нь хасдаг. Энэ бол байж болох л юм. Гэхдээ Хятадын систем нэг өөр, манай систем бас нэг өөр. Нөгөөтэйгүүр бидний үлгэр жишээ авдаг ардчилсан орнуудад ч гэсэн нийгмийн хариуцлагаа зөрчвөл шийтгэлтэй байдаг. Тэрийг бид нутагшуулах хэрэгтэй. Өмнөд Солонгос, Японд яадаг вэ. Японд шүлсээ хаявал торгоно гээд л эхэлнэ. Америкт бүр хатуу. Тийм газруудаас сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол ямар нэг юм хэлэхээр “Энэ бол ардчилал” гээд байгаа байхгүй юу. Биднээс дээр ардчилсан орнууд энэ асуудлаа яаж шийдэж байна. Хүн л юм чинь янз янзын хүн байгаа учраас тэрийг тодорхой бодлого, журмаар зохицуулахаас өөр аргагүй.