Улаанбаатар хотоос өмнө зүгт 50 километр, Төв аймгийн нутаг дэвсгэр Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудал 2021 оны долдугаар сарын 4-нд ашиглалтад орсон билээ.
2023 оны долдугаар сард уг нисэх буудал олон улсын 1,157 удаагийн нислэгээр 173,274 зорчигч, орон нутгийн 678 нислэгээр 43,224 зорчигчид үйлчилжээ.
“Шинэ нисэх буудал хүчин чадлын хувьд Буянт-Ухаа дахь хуучин буудлаас 2.5 дахин их бөгөөд жилд 3 сая жуулчин хүлээн авах хүчин чадалтай. Шаардлагатай үед үйл ажиллагааны зохицуулалтаас хамаараад хүчин чадлаа нэмэгдүүлж дээд тал нь 4.5 сая жуулчин хүлээн авах боломж бий.
Аялал жуулчлалын нөөц бололцоог сайжруулах тал дээр Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллана” гэдгийг “Нью Улаанбаатар интернейшнл эйрпорт” ХХК-ийн Санхүү хариуцсан захирал бөгөөд удирдлагын газрын дарга Норико Кишикава хэлж байсан юм.
Харин БОАЖЯ-наас мэдээлснээр оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсад 368,771 жуулчин иржээ. Эдгээр нь агаарын болон авто зам, төмөр замын боомтоор хил нэвтэрсэн статистик мэдээлэлтэй.