Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 “…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…”,
Мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 “…Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэмт хэргийг бусадтай санаатай нэгдэж, зохион байгуулж оролцсон…”,
Мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн…” гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн хэргийг өнөөдөр хянан хэлэлцлээ.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг судалж үзээд шүүгдэгч Д.Хаянхярваа нарт холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж,
-Шүүгдэгч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар “…нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял…”,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар “…Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан
-Шүүгдэгч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 23.000.000 төгрөгийн торгуулийн ялд, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 23.000.000 торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 40.000.000 төгрөгөөр торгох ял, нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын нийт хэмжээг 8 жилийн хугацаагаар оногдуулсан торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд нэр бүхий яллагдагч нараас холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хяналтын прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзжээ.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар