Categories
мэдээ цаг-үе

Д.Халзан: Миний шавь нар надаас хэд дахин илүү дасгалжуулагч болцгоосон

1970 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тамирчид

МУБИС-ийн дэд профессор, гавьяат багш Д.Халзантай ярилцлаа.


-Волейболын багш дасгалжуулагч болж байсан түүхээс тань ярилцлагаа эхлүүлье?

-Би нийслэлийн 12 дугаар дунд сургуулийг төгссөн. Тус сургуулийн биеийн тамирын багш нар волейбол сайн тоглодог байсан нь энэ спортод татагдахад нөлөөлсөн л дөө. Я.Дамбасүрэн гэж волейбол их цэвэрхэн тоглодог хүнээр анх заалгуулж энэ спортод хөл тавьж байсан түүхтэй. 1966 онд Биеийн тамирын дээд сургуульд ороод 1968 онд улсын шигшээ багт бэлтгэл хийж тамирчин, дасгалжуулагч болсон.

-Тухайн үеийн Монголын волейболын шигшээ багт гаднын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулдаг учраас хүчирхэг байсан гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Манай баг анх 1966 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Тухайн үед Ардчилсан Солонгосоос Ён Ен Бо гэж мэргэжилтэн ирж Монголын шигшээ багт гурван жил ажилласан. Энэ хүнээс Азийн тоглолтын арга барилыг суралцаж авсан даа. Тухайн үед Монголын волейболчид тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол оролцдог байсан. 1970 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 24 багаас 16 дугаар байр эзэлж байлаа. 1970 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манайхан АНУ-ын багийг ялж байсан түүхтэй. Хожим нь АНУ-ын баг 1988 оны Сөүлийн олимпт түрүүлж байсан.

-Та 1971 оноос волейболын спортын багш, дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн гэсэн. Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Би 1971 онд Дорноговь аймагт волейболын спортыг хөгжүүлэхээр очиж анхны шавь нартайгаа ажиллаж байлаа. 10 жилийн хүүхдүүдийг бэлтгэж улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн. Эхний жилүүдэд хотын багуудыг арай дийлэхгүй ихэвчлэн дөрөвдүгээр байр эзэлнэ. Харин 1978 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд “Алдар” нийгэмлэгийн багийг хожиж анхны хүрэл медалиа зүүж байлаа. Тухайн үеийн “Алдар” чинь байнгын бэлтгэл сургуулилттай хамгийн хүчирхэг багуудын нэг байсан. Дорноговийн охидын баг есөн жилийн хугацаанд улсын аваргаас хоёр удаа хүрэл медаль хүртэж багшийгаа баярлуулсан шүү. Анхны шигшээ багийн гишүүн Базарсад маань Хэнтийн Батширээт рүү очиж хүүхдүүдийг багаас нь бэлтгэж улсын аварга шалгаруулах тэмцээнд ирж мөнгөн медаль хүртэж байсан удаатай. Т.Оюундэлгэр, Я.Энхмаа гээд олон улсын хэмжээний мастерууд чинь Базарсадын гарын шавь нар байхгүй юу. Бид чинь сүүлдээ бэлтгэсэн шавь нараараа өрсөлддөг болсон. Тэр үеэ эргээд бодоход сайхан байдаг юм.

-Та шавь нараа ямар арга барилаар бэлдэж байсан бэ?

-Бид өндөр зэрэглэлийн тамирчныг яаж бэлтгэхийг Ардчилсан Солонгосын багшаас суралцсан, дэлхийн шилдэг багуудтай өрсөлдсөн туршлагадаа тулгуурлаж бэлдсэн дээ. Би шавь нарынхаа зөвхөн спортын ур чадварт нь бус соёл, боловсролд нь давхар анхаарал тавьдаг байсан. Спорт чинь залуу насны ажил. Тамирчин зодог тайлсны дараа олон жилийн амьдрал байдаг учраас эрдэм боловсролд нь анхаарах нь багш хүний үүрэг.

-1979 онд та улсын шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдож ажилласан гэсэн. Шигшээ багаа хэрхэн бүрдүүлж байв?

-Тухайн нөхцөлд улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглоход ур чадвараар тааруу ч цаашид өсөх ирээдүйтэй нэг үеийн залуучуудыг сонгож бэлтгэл хийлгэж шигшээ багаа бүрдүүлсэн. Энэ залуустайгаа 1994 онд Азийн наадамд оролцож байсан.

-1970 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирэхэд нь шигшээ багийг татан буулгасан гэсэн бил үү. Энэ талаар яриач?

-Эрэгтэйчүүдийн шигшээ баг анх 1966 онд байгуулагдаж байсан түүхтэй. Тэр жилийн дэлхийн аваргын өмнө ЗХУ-ын хотуудаар явж нөхөрсөг тоглолт хийж тэмцээний бэлтгэлээ хангаж байсан. Харамсалтай нь багийн гол тамирчид бэртэл авч амжилттай оролцож чадаагүй. 1970 онд Болгарт зохиогдсон дэлхийн аваргад манайхан Герман, ЗХУ, Тунис, Гвиней гэсэн улсуудтай нэг хэсэгт орж өрсөлдсөн. Манайх Гвинейг хожоод Тунист ялагдчихсан. Маргааш нь харин Тунис Гвинейг хожоод манайх хэсэгтээ гуравдугаар байр эзэлж 9-16 дугаар байрын төлөө өрсөлдөх боломж нээгдсэн л дээ. Тэмцээнээ амжилттай өндөрлүүлээд нутагтаа иртэл шигшээ багийг татан буулгах шийдвэр гаргасан байсан. Тухайн үед бөхийн тамирчид ганц нэг медаль авчихдаг байсан учраас медаль авах ёстой гэж хандсан хэрэг л дээ. Ингээд волейбол хөгжиж эхэлж байхад нь шигшээ багийг татан буулгаснаар олон улсад өрсөлдөх боломжгүй болсон. Биеийн тамир, спорт хорооны орлогч дарга Цэрэндаш, дүү Цогнэмэхээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулсан нь татан буулгахад нөлөө үзүүлсэн юм билээ. Цогнэмэх чинь багийн түлхүүр тоглогчдын нэг байхгүй юу. Энэ багт хамт тоглож явсан нөхдөөс маань өнөөдөр гурав нь амьд сэрүүн аж төрж байна даа.

-Эргээд хэдэн оноос олон улсын тэмцээнд өрсөлдөж эхэлсэн бэ?

-Олон улсын тэмцээнд оролцолгүй 24 жил завсарлаад 1994 онд Японы Хирошимад болсон Азийн тоглолтод оролцоход тэнцүүхэн өрсөлддөг байсан багууд маань ур чадвараар хол тасраад явчихсан байж билээ.

-Бэлдсэн шавь нарынхаа талаар ярихгүй юу?

-Би Монголын волейболын спортын үе үеийн шилдэг тамирчдыг бэлтгэж гаргасандаа баярлаж явдаг юм. Миний шавь нар өнөөдөр надаас хэд дахин илүү дасгалжуулагч болоод мандаж явааг нь хараад бахархах сэтгэл төрнө. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Баасансүрэн шавь маань “Эрчим” клубийг амжилттай удирдаж хажуугаар нь шигшээ багийг дасгалжуулж байна. Миний гарын шавь Г.Баярсайхан, Л.Баатархүрээ нар маань Монголын дээд лигийн “Хасу Мегастарс”, “Уурхайчин” зэрэг шилдэг багуудыг дасгалжуулж өнөө цагийн шилдэг тамирчдын залгамж халааг бэлтгэж байна. Мөн хөдөө орон нутагт Г.Баярсайхан, А.Ханддож, Б.Уранчимэг нарын шавь нар маань волейболын спортын хөгжилд гар бие оролцож байна. Ч.Хулан, О.Наранбаатар нар маань МУБИС, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулиудаас оюутан тамирчдыг бэлтгэж байгаа. Р.Тамир гэж шавь маань “Ноён” клубт тоглож байгаад одоо Хэнтий аймгаас шилдэг волейболчдыг бэлтгэж байна.

-Бэлтгэсэн шавь нарынхаа эсрэг өрсөлдөж байсан уу?

-Шавь нарынхаа эсрэг тоглох хамгийн хэцүү. Бэлдсэн шавь нар маань бүрэн боловсроод өөр байгууллагад орж тоглоно. Тэд маань шинээр бэлдэж байгаа шавь нарыг маань “арчаад” өнгөрнө шүү дээ. Тэр үед надад хэцүү байдаг ч энэ зэрэглэлийн шилдэг тамирчдыг бэлтгэж гаргасандаа баярладаг юм.

-Шавь нараас тань танд барьж байсан хамгийн том бэлэг юу вэ?

-2000 онд Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт зохион байгуулагдсан. Энд дасгалжуулж орсон эмэгтэй баг тамирчид маань мөнгөн медаль зүүж намайг их баярлуулсан даа. Надтай хамт дасгалжуулж байсан Японы мэргэжилтний байгуулсан гавьяаг дурдах хэрэгтэй байх. Дэлхийд алдартай Японы волейболын хэв маягийг манай шигшээд суулгаж өгч том гавьяа байгуулсан.

-Та Монголын волейболын спортын хөгжлийг яаж харж байна?

-Америк, ОХУ зэрэг дэлхийд волейболын спортоор тэргүүлэгч гүрнүүд шиг системтэй бэлтгэл сургуулилт хийлгэвэл Монголын баг олимп, дэлхийн аваргын хэмжээнд өрсөлдөнө. Хүүхдүүдийг багаас нь системтэйгээр бэлтгээд өгвөл монголчууд ямар ч спортын төрөлд авьяастай. Эцэг эхчүүдэд өсвөр насны хүүхдийг ямар нэгэн спортоор заавал хичээллүүлж, өөрийн гэсэн сонирхолтой болго гэж зөвлөмөөр байна. Хүүхэд өсвөр насандаа өөрийн гэсэн сонирхолтой байхад аливаа хорт зуршилд татагддаггүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *