Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхантай ярилцлаа.
-УИХ ирэх оны төсвийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Таны хувьд төсвийн асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Монгол Улсын төсөв жилийн жилд л хэл амтай байдаг. Гэхдээ энэ жилийн төсөв их онцлогтой. Өнгөрсөн 2023 он, энэ жилийн төсөв хэд байсан, ирэх оных хэд болсон бэ гэдэг өөрөө асуудал. Энэ жилийн төсөв 27 их наяд төгрөг байсан бол ирэх оны төсвийг бид 35 их наядаар баталсан. Яагаад найман их наядаар илүү баталсан бэ гэхээр бид 90 сая тонн нүүрс борлуулна гэчихсэн байгаа. Их өөдрөгөөр төсөөлсөн гэсэн үг. Гэтэл дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш унаад байна. Ингээд орлого бүрдэхгүйгээс болоод ямар асуудал үүсдэг вэ гэдгээ бид ярих ёстой.
-Ямар асуудал үүсэх вэ?
-Миний хувьд өмнө нь Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Улсын төсөв батлагдангуут буюу арванхоёрдугаар сарын 5-ны дотор аймаг, сумд төсвөө баталдаг. Тэд орлого бүрдүүлэлт гэж бодохгүйгээр батална. Харин улсын төсвийн орлого бүрдэхгүй бол орон нутгийн төлөвлөсөн бүх ажил нурдаг. Мөн төсөв нэмэгдсэний бас нэг нөлөө бий. Мөнгөний асар их нийлүүлэлт хийгдчихээр үнийн өсөлт явагддаг. Өнгөрсөн 2012-2016 онд үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд гаргаж, үнийн өсөлтийг барьж байлаа.
Тэгвэл өнгөрсөн онуудад үнийн өсөлт хэд болсон бэ. Манай аймгийн нэг суманд 2021 онд таван тэрбум төгрөгөөр батлагдсан инженерийн дэд бүтэц өнөөдөр 15 тэрбум болчихсон байна. Энэ хэрээрээ үнийн өсөлт нэмэгдсэн гэсэн үг л дээ. Нөгөө талдаа ард иргэдийн орлого ингэж гурав дахин нэмэгдээгүй байна.
Улсын төсөв ингэж нэмэгдэх нь үнийн өсөлтийг бий болгоно л гэж хэлэх гээд байгаа юм. Төсөв нэмэгдэж байгааг муу гэж байгаа юм биш. Гэхдээ үүнээс болоод ирэх жил инфляци хоёр оронтой тоо руу орох эрсдэл бий болно.
-Сангийн яам, Төв банкнаас инфляцийг нэг оронтой тоонд барина гээд байгаа шүү дээ?
-Монголбанкнаас 2025 оны мөнгөний бодлогыг оруулж ирсэн. Тэр үед би чуулганы хуралдаан дээр энэ талаар асуусан. Манай улс чинь нийтдээ гурван төсөвтэй шүү дээ. Үүнийг хүмүүс мэдэж авах хэрэгтэй. Нэгдүгээрт, улсын төсөв. Хоёрдугаарт, гадны зээл тусламжууд байна. Үүнийг Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр л шийддэг. Өнөөдөр Дархан-Уул, Хэнтий аймгууд руу энэ зээл тусламжууд явдаг гэж ярьдаг. Дараагийнх нь Эрдэнэт, “Эрдэнэс Таван толгой” зэрэг газрууд байна. Ингээд улсын төсөв, гадны зээл тусламж гээд 60 орчим их наяд төгрөг Засгийн газрын мэдлээр гарч байна. Нэмээд арилжааны банкууд, компаниуд, хувийн хэвшлүүд гээд явна. Ингээд нийтдээ мөнгөний эргэлт 100 орчим их наяд болж байгаа юм. Харин улсын төсөв найман их наядаар нэмэгдэнгүүт энэ эргэлт чинь 110, 120 их наяд болчихно. Мөнгө илүүдээд эхлэхээр Монголбанк бодлогоор хүүгээ өндөрсгөөд үндсэндээ хувийн хэвшлээ хаах юм руу яваад эхэлнэ. Б.Лхагвасүрэн захирал чуулганы хуралдаан дээр хатуу мөнгөний бодлого явуулна гэдгээ тодорхой хэлсэн. Үүнээс үүдээд манай улс ямар улс болох вэ гэдэг аюул руу орж ирж байгаа юм.
-Энэ нь юу гэсэн үг вэ?
-Төлөвлөгөөтэй ажилтай явдаг улс болох уу, хувийн хэвшил нь давамгайлсан улс байх уу гэдэг сонголт дээрээс хувийн хэвшлээ шахсан, төрийн оролцоо нь давамгайлсан байдал руу орох гээд байна. Үүнийгээ бид харах ёстой гэдгийг миний хувьд хэлсэн. Уг нь төсвийг багасгах арга байна уу гэвэл байна. Нийтдээ гурав орчим их наяд төгрөг танаж болохоор байгаа. Энэ жилийн төсвийг батлахдаа МАН-ынхан сонгуулийн жил учраас асар их мөнгө тавьсан. Гэтэл ирэх жил чинь сонгуулийн жил биш шүү дээ. Тиймээс багасгаач гээд хэлээд дийлсэнгүй.
-Ирэх оны төсөвт тодотгол хийхээр болсон. Гэвч энэ тодотголоор таны яриад байгаа гурван их наяд төгрөгийг танаж чадах юм болов уу?
-Тодотгол хийнэ гээд л төсвөө баталлаа. Гэхдээ миний хувьд тодотгол хийгээд танасных нь дараа л таналаа гэж хэлье. Түүнээс биш “гөлөг төөрүүлж” байна шүү дээ.
-Та түрүүн яриандаа хувийн хэвшлээ шахаад, төлөвлөгөөт байдал руу явах гээд байна гэлээ. Харин Засгийн газраас хувийн хэвшлээ дэмжинэ. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, тоог нь цөөлнө гээд байгаа шүү дээ?
-Төрийн өмчит компаниудыг цөөлнө гэж огт ярихгүй байгаа. Энэ асуудлыг би бүлгийн хурал, ажлын хэсгийн хурал дээр зөндөө ярьдаг. Нийтдээ 6500 төрийн болон орон нутгийн өмчит компани бий. Эдгээрийн олонх нь алдагдалтай ажилладаг. Эдгээрийгээ алдагдалгүй ажилладаг болгох, эсвэл хувьчлах ажлыг хийгээч гэдгийг хэлээд байгаа. Гэтэл засаглалыг нь сайжруулъя л гээд байгаа юм. Цөөлөх, ашигтай ажиллуулах гэдгийг нь огт ярихгүй байна.
-Засаглалыг сайжруулаад ямар нэгэн олигтой үр дүн гарахгүй гэж үзэж байна уу?
-Засаглалыг сайжруулна гэдэг нь юуг хэлээд байна гээд асуухаар ТУЗ-ийг мэргэжлийн болгоно л гэдэг юм билээ. Ер нь төрийн өмчит компаниуд дээр дорвитойхон арга хэмжээ авч байж төсвийн хэмнэлт бодит болно.
-Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэсэн. Гэтэл эдгээр төслийг хувийн хэвшил дангаараа хийж чадах уу. Төрийн өмчит компаниуд нь хариуцаад явах уу гэдэг асуудал яригдаад байгаа. Таны хувьд өмнө нь улсын хэмжээний том төсөл хариуцан ажиллаж байсан хүний хувьд энэ тал дээр юу хэлэх вэ?
-Ирэх оны төсөв дээр шинэ бүтээн байгуулалт оруулахгүй. Энэ 14 төслийг хэрэгжүүлнэ гээд байгаа. Гэтэл энэ төсөл чинь 2025 оны төсөв дээр байхгүй. Эдгээр төслүүд хэрэгжих шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Гэхдээ энэ дөрвөн жилд эдгээрээс ихдээ л 2-3 төсөл нь хэрэгжих байх. Дотор нь урт хугацаанд явагдах төслүүд ч бий. Ер нь том төслүүд богино хугацаанд үр ашгаа өгнө гэж бодох хэрэггүй. Иймэрхүү том төслүүд багадаа 20-30 жилийн хугацаанд үр ашгаа өгдөг. Тиймээс үр ашгийн хувьд эрэмбэлэх нь зүйтэй. Том төслүүд дээр хувийн хэвшлийнхнийг оруулах нь зөв. Гэхдээ манайд яг орж ирээд ажиллах, аваад явах хэмжээний аж ахуйн нэгж байдаггүй. Маш өндөр босго тавьчихдаг. Түүнд нь хувийн хэвшлийнхэн тэнцдэггүй.
Нийт 10 аймагт дулааны цахилгаан станц барина гээд хэдэн жил болж байгаа билээ. Тэгэхээр энэ тал дээр анхаарах л ёстой. Хууль, журмуудаа сайжруулах ёстой. Дээрээс нь гадны аж ахуйн нэгжүүд иймэрхүү төслүүд дээр орж ирж ажиллах дээр ч анхаарах ёстой юм билээ. Жишээлбэл, Таван толгойгоос Гашуунсухайт чиглэлийн 260 км төмөр зам дээр “Самсунг” гэж компани орж ирээд, нэг км төмөр замыг 2.5 сая ам.доллараар барьж байсан. Гэтэл Таван толгойгоос Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Монголын аж ахуйн нэгжүүд, Зэвсэгт хүчин хамтраад нэг километрийг нь нэг сая ам.доллараар барьсан. Маш их зөрүү байгаа биз. Энэ мэтчилэн асуудлуудаа давхар бодолцох, ярилцах л хэрэгтэй.
-Том төслүүд үр ашгаа олон жилийн дараа өгдөг гэж байна. Үр ашгаар нь эрэмбэлж үзвэл аль төслөө эхэлж явуулах шаардлагатай вэ?
-Зарим хүн төмөр зам яах гэж барьсан юм гээд асуудаг. Гэтэл Таван толгойгоос Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр зам баригдсанаар сайжруулсан шахмал түлшний медлингийг зөөдөг болсон. Өмнө нь том тэргээр зөөдөг байсан. Үүний улмаас Өмнөговь, Дундговийн зам эвдрээд дууссан. Нэг төслийг явуулахын тулд нөгөөхөө ингэж эвдээд байж болохгүй. Мөн төмөр зам баригдсанаар утаагүй түлшний үнэ тухайн үед 30 хувиар хямдарч байсан. Буцаад говь руу олон тонн ачааг хямд зардлаар тээвэрлэж байна. Улаанбаатар хотоос 60 тонн ачааг тийш нь тээвэрлэхэд дөрвөн сая төгрөг байгаа.
Харин төмөр замаар тээвэрлэхэд 700 мянган төгрөг болдог. Үүн шиг одоо ярьж байгаа энэ том төслүүд өнөөдөр үр ашиг гэхээсээ илүү Монгол Улсын эдийн засаг, дараагийн дэд бүтэц, аж үйлдвэр, бүс нутаг хөгжихөд маш том түлхэц болно. Тэр ч үүднээсээ хамтарсан Засгийн газрын гол хамтрал бол том эдийн засгаа харж, том төслүүдээ урагшлуулах юм.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ