УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан, нийгэм, улс төрийн судлаач Д.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та Төрийн өндөр албан тушаал хашиж явсан туршлагатай улстөрч, судлаач хүн. Тэр утгаараа удахгүй монголчууд Төрөө төвхнүүлэх ээлжит сонгуулиа явуулах гэж байна. Энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудаас өөр тогтолцоогоор явна. Таны хувьд холимог тогтолцоо болон УИХ-ын гишүүний тоог нэмсэн ач холбогдлыг юу гэж ойлгож байгаа вэ?
-Монгол Улс бүдэрч, будилж явсаар арайхийж төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллагын гишүүдийг сонгох сонгуулийн тогтолцоогоо мажоритар буюу тойрог, бүсийг төлөөлөх болон хувь тэнцүүлэн төлөөлөх буюу пропорционал холимог тогтолцоог сонгож Үндсэн хуульдаа бичиж чадсан.
Мөн УИХ-ын гишүүдийнхээ тоог ч нэмж чадсан. Энэ бүхэн бол зөв шийдвэр, харин энэ шийдвэрийг Монголын төр, засаг буруу хэрэгжүүлбэл мөддөө засагдахгүй ухралт болж, хожим нь хор ихтэй үр дүн гарахыг ч үгүйсгэхгүй.
-Ямар нэгэн зүйл мэдээж хоёр талтай. Та энэ тогтолцооны сайн, давуу талыг нь хэлэхгүй юу?
-Холимог тогтолцоогоор сонгууль явагдсанаар УИХ-ын олонхыг бүрдүүлсэн нам,эвсэл хамгийн багадаа нийт санал өгсөн иргэдийн 50+1 хувийн саналыг авдаг байна. УИХ-ын 2016, 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүд 100 хувь тойргоос сонгогдсон. Эдгээр сонгуулиар МАН санал өгсөн нийт сонгогчдынхоо 43-45 хувийн саналыг авсан ч, УИХ-ын суудлын 81-84 хувийг бүрдүүлсэн. Мөн эдгээр сонгуулийн үр дүнд УИХ-д сул цөөнх ч бүрдсэн.Сул цөөнх гэдэг нь УИХ-ын олонхиос сонгогдсон Ерөнхий сайдтай хариуцлага тооцох хуулийн төсөл санаачлахад хүрэлцэхгүй тооны УИХ-ын гишүүдтэй байхыг хэлнэ. Тэгвэл УИХ дахь цөөнх болох АН-ын бүлгийн гишүүдийн тоо нь 2016 онд 9, 2020 онд 11 гишүүнтэй байв. УИХ болон ЗГ-ын тухай хуульд зааснаар ерөнхий сайдтай хариуцлага тооцох хуулийн төслийг өргөн барих гишүүдийн тооны доод хязгаар нь нийт 76 гишүүний 4-ний нэг буюу 19 гишүүн дэмжсэнээр уг хуулийн төслийг УИХ-д өргөн барих боломжтой. Ардчилсан орнуудад хүчтэй цөөнхгүй парламентыг манайхаар бол шүншиггүй бурхантай ижилхэн гэж зүйрлэдэг нь ийм учиртай. Эдгээр орнуудад эрх баригч болон намын бүлгийн гишүүд нь сонгуульд ялсны маргаашнаас эхлээд цөөнхийн бүлэгтээ хүндэтгэлтэй ханддаг.
-Шалтгаан нь…?
-Сонгуулийн дараагаас эхлэн парламентын цөөнх нь эрх баригчдаасаа хууль дээдлэх болон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг шаардах, баялаг, татвар төлөгчдийн хөрөнгө, байгалийн баялгаас орох орлого гэх мэтийн хуваарилалтын зөв шийдвэрийн төлөө бодлого өрсөлдүүлэх болон гүйцэтгэлд нь хяналт тавих, шүүмжлэх, хариуцлага тооцох зэрэг ажлыг улс, мөн нийт иргэдийн эрх ашгийн үүднээс хариуцдагтай холбоотой. Гэтэл манай улсад олонх, эрх баригч нь гэдгээ бүхнийг захирагч гээд ойлгочихсон. Тэд найман жил тасралтгүй эрх барьж байгаа ч шүүмжлэл сонсохгүй, буруугаа цөөнхөд өгсөөр өнөөдрийг хүрсэн нь үнэн. Тэгээд үр дүн нь ямар байна. Олон улсын холбогдох байгууллагуудын үнэлгээгээр Монгол Улсын иргэдийн аюулгүй амьдрах, хүний эрх, хууль дээдэлсэн эрх чөлөө, мөн бизнес эрхлэх орчин зэрэгтэй холбогдсон өрсөлдөөний бүх үзүүлэлт ухарч, унасаар байна.
-Авлига болон ардчиллын индексээрээ сүүлийн жилүүдэд байнга ухрах болсон нь үнэн. Яг юунаас болж ингэж ухарч байгааг та хэлэхгүй юу?
-Энэ бол маш буруу жишиг, хоцрогдсон муу соёлтой холбоотой. Эрх баригчид нь хуульд ч захирагдахгүй болж ирж байх шиг байна. Хэрэв парламентын засаглалтай оронд “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах”, “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” зэрэг Үндсэн хуулийн заалтууд зөрчигдөж байвал, дарангуйлал тогтож буй орон гэж үздэг. Сануулж хэлэх хүнгүй бол сайн засаг ч ялзардаг гэдэг нь энэ. Ардчилсан эрх зүйт төртэй, хуулийн засаглалтай улсад Үндсэн хууль зөрчсөн ямар ч улстөрч огцордог. Өөрөө огцрохгүй бол нам нь огцрохыг шаардаж огцруулдаг. Шалтгаан нь УИХ болон ЗГ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол төрийн сүлдэнд өргөсөн тангаргаасаа няцсан гэж үздэгтэй шууд холбоотой. Нам нь хариуцлагатай бол Төр, засаг нь хариуцлагатай байна гэх зарчим бол ердөөсөө энэ.
-Үндсэн хууль зөрчсөн улстөрчдөд хариуцлага тооцох битгий хэл тэд уг хуулиа дураараа өөрчилдөг болчихоод байгаа юм биш үү?
-Сүүлийн жилүүдэд Монголын улстөрчид Үндсэн хуулиа зөрчих нь энгийн үзэгдэл мэт болсон. Үндсэн хууль зөрчсөнийг тоолъё гэвэл тоолж барагдахгүй.Нөгөөтэйгүүр УИХ дээрх байдлаар цөөнхдөө хүндэтгэлтэй ханддаггүй хүчирхийлдэг, гүтгэдэг байдал нь УИХ-ын түвшнээс халиад НИТХ-д халдварлаж байх шиг байна. Энэ бол парламентын засаглалд нүүрлэж буй том аюул. Улс төрчид ҮХ зөрчих бүрд улсын болон нийт иргэдийн эрх ашиг, хүний эрх, эрх чөлөө ямар нэг байдлаар зөрчигдсөн байдаг. Тиймээс ҮХ зөрчсөн улстөрч огцордог нь олон улсын жишиг. Монгол Улсын ҮХ-д ч ийм заалт бий. Тиймээс ҮХ зөрчдөг, ҮХ зөрчиж байгаа ЗГ-тайгаа хариуцлага тооцож чаддаггүй амьгүй албат царайлсан намын эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг коммунист бодолтой УИХ-ын гишүүн, мөн ҮХ зөрчиж буй нэр дэвшигчийг битгий дэмжээрэй. Сонгуулийн дараагаас ч гэсэн ҮХ зөрчсөн улстөрч бүрийг намын харьяалал харгалзахгүйгээр хамтдаа тэмцэж огцруулдаг болъё гэж олон түмэндээ уриалах байна. Улстөрчдийн амладаг Хуулийн засаглал ҮХ-иа мөрдөхөөс эхэлнэ. Нэр дэвшигч сонгуулийн үед мөнгө тараасныг нь төрийн эрхийг хууль бусаар авахыг зорьсон, завдсан гэж үзэх үндэслэлтэй. Мөнгийг нь аваад, тэр нэр дэвшигчийг таныг хүнийх нь хувьд доромжилсон, эрх зүйт төрийн зарчим болон бидний хойч үеийн ирээдүйг гутаан доромжилж, Монгол Улсыг интернэтийн хурдаар даяаршсан олон улсад шившиг болгосон хэмээн үзэж эсрэг санал өгөх, улмаар илчилж нэрийг нь татуулаарай гэж хэлэх байна.
Нөгөөтэйгүүр “УИХ-ын гишүүний үндсэн ажил нь хууль тогтоох, хяналт тавих.Тэрнээс татвар төдөгчдийн хөрөнгөөр бариулсан барилга дээр тууз хайчлах, зургаа авахуулах нь УИХ-ын гишүүний хийх ажил огт биш.
-Мөнгө тараах асуудал сонгууль болгоноор л гардаг л даа. Үүнтэй холбогдох байгууллагууд нь тэмцэнэ биз. Тэр дундаа СЕХ асуудлыг анхааралтай ажигллаж байгаа байлгүй дээ…
-Энэ жилийн сонгуулийн мөнгө тараалт эхэлчихсэн юм биш үү. Зарим нэр дэвшигчид мөнгө тарааж байна гэсэн мэдээлэл ч явах юм. Таны хэлдгээр СЕХ нь ямар шийдвэр гаргахыг нь харъя. Хэрэв СЕХ мөнгө тараасан нэр дэвшигчийг нэрийг нь татуулах шийдвэр гаргахгүй бол сонгуулийн кампанит ажил эхлэхээс өмнө бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан нь дээр. СЕХ цаг эвгүй бас өөр болсныг мэдэрч ажиллах зайлшгүй шаардлагатай үе гэж хэлэх байна.
-Нөгөөтэйгүүр сонгуулийн жил УИХ-ын гишүүд тайлан гэх нэрийн дор далд сурталчилгаа явуулах асуудал энэ жил газар авах шиг боллоо. Та улстөрч хүнийхээ хувьд тайлан тавих асуудлыг юу гэж харж байна вэ?
-Юуны өмнө УИХ-ын гишүүд нь 100 хувь тойргоос сонгогддог сонгуулийн тогтолцоо хамгийн муу тогтолцоо гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Учир нь парламент дахь дийлэнх олонх нь нийт санал өгсөн иргэд, сонгогчдынхоо 40 гаруйхан хувийн саналаар сонгогддог. Нийт сонгогчдынхоо олонхыг төлөөлөөгүй УИХ гэсэн үг шүү дээ. Нөгөөтэйгүүр улс төрийг анагаагч сөрөг хүчний гишүүдийн тоо нь хэт цөөн бол эрх баригчиддаа хяналт тавьж чадахгүй болдог. Мөн татвар төлөгчдийн хөрөнгөөс бүрддэг улсын төсөв жижиг тойргуудад хуваарилагдан нохойн замаар орж үр өгөөж нь асар их мууддаг учраас хамгийн муу тогтолцоо гэдэг нь ойлгомжтой байх. Таны хэлж байгаатай санал нэг байна. Одоо энэ сонгууль дөхөхөөр өөртэй нь ямар ч хамааралгүй татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүжиж, дахиад хувийн хэвшлийн барьсан бүтээн байгуулалтын ажлууд дээр УИХ-ын гишүүд очиж тууз хайчлах, эсхүл нойр хоолгүй давхиж байшингийн гадаа олон гоё зураг авахуулж, энэ зургаа зузаан гоё цаастай сэтгүүл дээрээ тавьж, сэтгүүлийн хамт эд зүйлсийн чанартай бэлэг тараадаг марзан, аль хэдийнэ хоцрогдсон үйлдэл хийдэг байдлыг хуулиар хориглож, халах цаг нь болжээ.
-Холимог тогтолцоогоор сонгуулиа явуулах гэж байна. Мөн 126 гишүүнтэй парламенттай болно. Гол зүйл бол нийтийн эрх ашиг гэдгийг л амин сүнсээ болгож эдгээр өөрчлөлтүүдийг хийсэн. Энэ өөрчлөлт, шинэчлэлт бодитой болж чадах уу?
-Холимог буюу пропорционал тогтолцооны давуу талын талаар түрүүн хэлснээс өөр нэг хамгийн чухал зүйл бий. Тэр нь нийт улс, иргэдийн эрх ашгийг бодож хууль тогтоодог гишүүдийн тоо олон болно гэсэн үг. Энэ удаагийн сонгуулиар пропорционал тогтолцоогоор сонгогдох УИХ-ын гишүүдийн тоо нь нийт гишүүдийн 38 хувь буюу 48 гишүүн байна гэсэн. Энэ 48 гишүүн нь жалга, дов жижиг тойргийн эрх ашиг биш нийт улсын эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлж ажиллах учиртай. Мөн УИХ-ын олонхоос сонгогдсон ерөнхий сайдаас хариуцлага нэхэж чадах хүчтэй цөөнхтэй байна гэж бодож байна. Ийм байхад парламентын холимог тогтолцооны сонгуулийн үед эрх баригч намын дарга нь тойргоос нэр дэвшинэ гэдэг бол утгагүй санагдсан. Ийм жишиг өнөөгийн дэлхий дээр ховор байх. Энэ бол зүгээр л нэг популизм гэж хэлэх үндэслэлтэй харагдаж байна.
-Холимог тогтолцоогоор сонгууль явуулах нь бидний хувьд шинэ үзэгдэл биш. Өмнө хоёр ч удаа энэ тогтолцоогоор сонгуулиа явуулж үзсэн. Үүнд ямар алдаа гарсан гэж та үздэг вэ?
-Уг нь 1992 оноос хойш хоёр ч удаа холимог тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулсан байдаг.Сүүлийнх нь 2012 оны сонгууль. Гэтэл 2016 онд холимог тогтолцоо нь ҮХ-д нийцэхгүй гэсэн шийдвэрийг ҮХЦ гаргаж УИХ хүлээж авсан. Үүнд тэр үед олуулаа Засгийн эрх барьж байсан АН ч асар их буруутай. Үр дүнд нь парламентын ардчиллаас найман жил ухарлаа. Ийм нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргадаг ҮХЦ гэж байж болох уу. Цэц шүү дээ. ҮХЦ-ийн хоёр нүүртэй энэ шийдвэр нь улстөрчид, улс төрийн намын дохио зангаагаар ажилладгийг удаа дараалан нотолсоор байна. Иймд дэлхийн улс орнууд улс, нийт иргэдийн эрх ашиг, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хамтын шийдвэр гаргадаг төрийн байгууллагын бүтцийг нам бусчуудаас эсхүл намаасаа 3-5 жилийн өмнө татгалзсан, тухайн салбартаа нэр хүндтэй, нэр хүндээ худалдахгүй нь нотлогдсон хүмүүсээс бүрдүүлдэг болоод удаж байна. Манайд улстөрчид үйлчилж иргэдийн доог тохуу болж, иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулдаг байгууллагууд гэвэл ҮХЦ, СЕХ, МҮОНРТ,сүүлийн үед улс төрөөс хараат бус ажиллах хуультай, эрхтэй боловч тэгж чаддаггүй Монгол банкны удирдлага байна.
-Нэг хэсэг ч Монголбанкны удирдлагууд намын тушаалаар хөдөлдөг, Засгийн газраас хараат бусаар ажиллаж чадахгүй байна гэх шүүмжлэлийг авч байсан л даа…?
-Нүүрсний экспортын биет хэмжээ өсөх, мөн нүүрсний зах зээлийн үнэ өсөхөөр ам.долларын эсрэг төгрөгийн ханш чангарч иргэдийн амьдралын чанар овоо сайжрах хандлага гарч эхэлдэг.Гэвч яг энэ үед нь улс төрийн намын даргын дохиогоор ялангуяа сонгуулийн жилд Монголбанкны удирдлага нь зах зээлд төгрөгийг хахаж цацтал нь хэвлэн нийлүүлэх ажлыг хийдэг. Тэр утгаараа сонгуулийн дараа төгрөгийн ханш навсайтлаа унадаг болсоор уджээ. Төгрөг цаас болсон. Тодруулбал, 2016 онд хоёр сая төгрөг 1080 ам.доллартай тэнцэж байсан. Харин 2023 оны хагас жилийн байдлаар хоёр сая төгрөг 580 ам.доллартай тэнцэж байв. Мөн нэг хүнд ногдох ДНБ сүүлийн 12 жилд ам.доллараар дунджаар 4400 ам.долларийн орчимд хэлбэлзсэн бол, төгрөгөөр бараг 5 дахин нэмэгдчихээд байна. Энэ нь төгрөг хэвлэж, эрх баригч намын дарга нарын зарцуулдаг төсвийн зарлагыг жил бүр ялангуяа сонгуулийн жил 30-40 хувиар нэмж ирсний гор нь гарч байгаа хэрэг. Ийм инээдтэй байж болохгүй биз дээ. Энэнээс нь болоод импортын өргөн хэрэглээний бараа ихтэй Монгол Улсад юмны үнэ гурав дахин өсч, авдаг цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй тул залуус маань өдөр бүр гадагш дайжсаар байна. 10 монгол хүний тав нь ядуувтар амьдрах болсон нь олон улсын байгууллагын судалгаагаар тогтоогджээ. Энэ ₮-ийг улс төрийн зорилгоор хэрээс хэтэртэл нь зах зээлд нийлүүлдэг нь нийт иргэдийн эрх ашгийг хохироосон ноцтой гэмт хэрэг тооцогдоно. Монгол банкны удирдлага сонгуульд зориулсан төсвийг хэт их тэлэх бодлогыг дэмжих нь байтугай, үүний эсрэг дуугарч байх эрхтэй, үүрэгтэй. Гэсэн чинь хавтгай мөнгө хэвлэн нийлүүлээд явж байна.Иймд тэр албан тушаалын боол болсон дарга нарыг хамгийн багадаа тэтгэвэртээ гартал нь төрийн албанд ажиллуулахгүй болгодог хууль ч хэрэгтэй болжээ.Дээр дурдсан улсын эрх ашигт чухал нөлөөтэй хамтын удирдлагын төрийн байгууллагын шийдвэр гаргах бүрэлдэхүүнийг улс төрөөс хараат бусаар ажилладаг болгохгүй бол улсын аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх түвшинд ирж байна.Үүнийг чадах нь өнөөгийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх л байна даа.
-Улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулсан. Ихэнх нь залуу хүмүүс байх шиг байна. Мөн эмэгтэйчүүд. Олон улсад ямар байдаг юм бол.Таны хувьд нэр дэвшигчдийн тухайд ямар бодолтой байдаг вэ?
-Ийм асуудал дээр миний санал гэхээсээ илүү судалгаа чухал байна. Судалж үзлээ. УИХ-ын сонгуульд улстөрчийн нэрийг дэвшүүлэх насны тухайд олон улсын дундаж нас 50-52 байна.Харин парламентад сонгогдсон гишүүдийн дундаж нас бол 56-58 нас байна. Монгол хүний дундаж наслалтыг хүйс хамааралгүйгээр бодож үзэхэд 71 орчим байх шиг байлаа. Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн тэгш оролцооны тухайд бол янз янз л байдаг. Сүүлийн жилүүдэд улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх хандлагатай байгаа нь үнэн. Харин сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИТХ-ын гишүүдийн дундаж нас бол харьцангуй залуу байдаг. Энэ удаад эрх баригч МАН-ын тухайд 25-аас дээш 35 нас хүрээгүй залуусыг олноор нь жагсаалтад оруулж УИХ-ын гишүүн болгохоор болсон нь олон улсын хэмжээнд тодоор тэмдэглэгдэж үлдэх байх. Энэ талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Улс төр гэдэг мэргэжил бөгөөд үүнийг хичээл номоор бус амьдралын сургалтаар олж авдаг. Гэтэл дээд сургуулиа бараг төгсөөгүй залуусыг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оруулж ирлээ. Үнэн чанартаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асуудлын мөн чанарыг ойлгох болоогүй кнопчид бэлдэж байна. Тэд дуулгавартай бөгөөд багшийн хэлсэн үгийг дагаж кноп дарна гэсэн үг. Өөрийн үзэл баримтлал, чиг баримжаа нь хараахан төлөвшиж амжаагүй баахан залуусыг оруулж ирсэн нь “Амьгүй албат, мөн кнопчид” бэлдэж байгаа мэт. Харин муу хэлүүлээд байгаа Л.Гантөмөрийн жагсаалт “Хүний хуучин, дээлийн шинэ нь дээр” гэдэг шиг жагсаалт болжээ. АН-ын жагсаалтад ордог нөхдийг хэний нөхөр, хүүхэд, бүр хэний нууц гэдгийг нь хүртэл мэднэ. Ямар үзэл баримтлалтай, боловсролтойг нь ч мэдэх юм. Энэ утгаараа Гантөмөрийн сонголт сайн байв. Тэрээр өвсөнд боолгүй, өөхөнд нуулгүйгээр өнөөх хэдээ гаргаад ирлээ. Байгаа царай нь тэр шүү дээ. Түүний өөрөө жагсаалтад орсон нь ч зөв, бас шудрага байв”гэж хэлсэн. Энэ баавай маань тэг дундуур нь хэлдэг ахмад улстөрч л дөө. Ер нь төрийн бодлогын уламжлалт бөгөөд тогтвортой байдал гэдэг нь холимог тогтолцооны жагсаалтад нэр цэвэр ахмад улстөрчдийг ихэвчлэн оруулснаар хэрэгждэг хэмээн номонд бичсэн байна лээ. Нийгмийн бүлэг, сонирхлын бүлгийн төлөөлөлийг УИХ-д оруулахыг буруутгахгүй. Гэхдээ хөгжсөн орнуудад мэргэжлийн холбоод нь улстөржилгүй сайн ажилладаг тул эрх ашгаа хамгаалж чаддаг. Манайд бол мэрэгжлийн холбоодын удирдлага байтугай, төрийн жинхэнэ алба нь улс төрийн намын удирдлагын болон улстөрчдийн хамаатан, цүнх баригчдаар дүүрсэн байна. Энэ байдал ер нь нэг биш болчихлоо.
-Ардын уран зохиолч, улс төр нийгмийн зүтгэлтэн асан Л.Түдэв гуай нэгэнтээ “Улс төрд бэлтгэгдсэн хүн ирдэг болохоос, хүн бэлтгэдэг газар биш” гэсэн утгатай онч үг хэлсэн байдаг…?
-Яг зөв. Хууль боловсруулна, тогтооно, тогтооход оролцоно, батлалцсан хуулиндаа хяналт тавина гэдэг бол хэн ч хийж болох хариуцлага султай ажил биш ээ.Нэгэнт УИХ-аар батлагдсан хууль улс орон даяар мөрдөгдөхөөс гадна тэр улсын бүх л насны иргэдийн амьдрал ажил үйлстэй холбоотой харилцаанд нөлөөлж бас зохицуулдаг. Тийм л учраас ардчилсан хөгжилтэй орнуудад парламентын гишүүдийнх нь 80 орчим хувийг хангалттай төлөвшсөн 50-60 насныхан эзэлдэг юм байна. Ер нь бол улс төрчийг бэлтгэхэд 8-10 жил шаардлагатай гэж үздэг. Хүн боловсрол болон мэдлэгтэй болох, туршлагаар дамжин ажил мэрэгжлийн бодит ур чадвартай болох, алдаж онож, бас унан босч амьдралын нугачаанд нухлагдан зовлон жаргалыг ээлжлэн амссаар хэвийх насандаа бусдыг ойлгох хүн чанартай болж төлөвшдөг нь бичигдээгүй хууль гэлтэй. Тийм учраас манайд “40 хүрсэн эр, дөрөө дарсан ат” гэсэн онч үг байдаг байх. Би дээрх судалгаа, мөн бусад үндэслэлээр энэ удаагийн сонгуулийн жагсаалтыг монголчууд бид “Олон улсын сайн туршлагыг муу хуулдаг учраас Монгол Улс байрандаа хий эргэсээр байна” гэж дүгнэж хэлэх байна. Энэ чигээрээ бол чадавх сул, бүтээмж тааруу, хариуцлага сул, алдаа оноо ихтэй УИХ болж магадгүй байна. Нөгөө талаас энэ сонгуулийн жил дөрөвдүгээр сарын 1-нээс хойш УИХ элдэв шинэ хууль, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг баталдгийг зогсоох хэрэгтэй. Одоо манай орны хууль эрх зүйн орчин маань цоо шүршүүлчихсэн лааз шиг болчихлоо. Мөн УИХ-ын даргыг сонгогдмогц нь намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлдэг олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхгүй бол намын эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан хуулиуд батлагддаг болсон учраас энэ оронд намын гишүүн бус хүн амьдрахад хэцүүхэн болох шинжтэй. Ер нь энэ сонгуулийн дараа парламентад суудалтай намууд хамтраад намын хатуу гишүүнчлэлээс
татгалзах хуулийн орчин бүрдүүлсэн нь дээр. Хүн ам цөөтэй учраас 100 ямаанд 60 ухна гэдэг болчихжээ.
-УИХ-ын гишүүдийг 126 болгосон нь яг өнөөгийн Монгол Улсад хэр оновчтой шийдвэр вэ?
-УИХ-ын гишүүдийн тоог нэмсний сайн тал нь УИХ нь ЗГ-ын үйл ажиллагаанд хяналт тавих эрх нэмэгдсэнд байх учиртай. Гэхдээ УИХ-ын гишүүд нь гишүүн шиг өргөсөн тангарагтаа үнэнч байх тохиолдолд шүү. 76 гишүүнтэй байх тохиолдолд 20 УИХ-ын гишүүн ЗГ болсон тохиолдолд УИХ-ын ЗГ-таа тавих хяналт чадавх сулардаг нь үнэн. Гэхдээ давхар дээл гээд нэг УИХ гишүүн болон ЗГ-ын гишүүн байж болохгүй гэдэг нь ардчилалын үндсэн зарчмаас гажсан туйлшрал байсан. Танаас сонгогдож, таныг төлөөлж, таны төлөө ажиллана гэдэг нь ардчилсан засгийн үндсэн зарчим. УИХ-ын гишүүн бөгөөд ЗГ-ын гишүүн нь ард түмний шүүлтүүрээр сонгогдсон, сонгуулийн маргаашнаас намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд бэлэн болсон, ихэвчлэн хоёроос дээш сонгогдсон УИХ-ын гишүүн нь ЗГ-ын гишүүн болдог учраас улс төрийн туршлага хуримтлуулсан байдгаараа давуу талтай. Гэхдээ ихэнх оронд ЗГ-ын гишүүдийн 10-20 хувь нь УИХ-ын гишүүн биш тухай салбарын чадварлаг нь тогтоогдсон мэрэгжилтнүүдээс томилогдох тохиолдол бол нийтлэг байдаг.
-Сонгууль болгоны өмнө С.Зориг агсны амь насыг хороосон хэрэг сөхөгдөн гарч ирдэг нь бараг л уламжлал маягтай зүйл болчихлоо. Та улстөрч хүнийхээ хувьд уг хэргийг байн байн сөхөн гаргаж ирж, улс төрд ашиглаж байгааг юу гэж боддог вэ?
-Ардчилсан хувьсгалын манлайлагч С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн гэмт хэрэгтнийг илрүүлэлгүй 26 жил болжээ. Энэ хугацаанд УИХ-ын зургаан удаагийн сонгууль болов. Өнөөгийн эрх баригч МАН нь гол өрсөлдөгч АН-ынхаа эсрэг энэ хэргээр зургаан удаагийн сонгуулийн хар пи арын гол топ сэдэв болгон ашиглаж иржээ. Сонгуульгүй 20 жилд нь болохоор бараг нам жим болчихдог нь хачирхалтай.
-Яагаад энэ хэргийг зургаан удаагийн сонгуулиар пи арын сэдэв болгон ашиглаж улс төрийн хонжоо болгодог юм бол оо. Тэр дундаа танай намын угшилтай хүмүүс үүнд буруутан нь болоод байх шиг…?
-Бүр сүүлдээ 70-аад онд төрсөн АН-ын дарга Л.Гантөмөр, эсхүл 1980-аад онд төрсөн өөр хэн нэгэн Дорж гэдэг хүн улс төрчийнхөө хувьд яахаараа ардчилсан хувьсгалын манлайлагч С.Зоригийн амь насыг балмадаар бүрэлгэсэн хүн амины хэрэгтнүүд, эсхүл захиалагчидтай нь хамаарал бүхий этгээд буюу холбоотон нь болчихдог байна. Энэ нь төстэй үзэл бодолтой, мөн нэг улс төрийн намд харьяалагдаж байсан гэдгээр гүтгэж буй нь орчин цагийн улс төрийн хэлмэгдүүлэлт гэж би хэлнэ. Монгол Улсад сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тохиолдол нэн өндөр хувьтай байгааг НҮБ-ийн хүний эрхийн холбогдох байгууллага онцгойлон тэмдэглэсэн байдаг. Тодруулбал, 2020 онд баривчлах ажиллагааны 99.3 хувь нь, 2021 онд 98.3 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хийгдсэн байна гэдэг. Түүнчлэн Монгол Улсад сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд хүний эрх, эрх чөлөөний индексүүд байнга буурсаар байна. Тодруулбал, хэвлэлийн эрх чөлөөний индекс 2015 онд 54-т байсан бол 2024 онд 109 дүгээр байранд орж, дахин ухарчээ. Энэ нь одоо хэрэгжиж холбогдох хуулиар олон сэтгүүлч, хэвлэлийн байгууллагуудыг гэмт хэрэгтэн болгож, улмаар энэ байдал нь сэтгүүлчид, мөн энгийн иргэдийн үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хаасан, боосон, айдаст автуулсан байдлыг бодитоор бий болгож буйг харуулж байна.Энэ байдлыг нөгөө талаар ард иргэдийг үнэн бодит мэдээлэл авах эрх, эрх чөлөөнд халдаж буй явдал гэж үздэг байна. Зарим хүмүүс дэлхийн дайн, эсхүл дэлхийг хамарсан халдварт өвчнөөр хамгийн олон хүн амь насаа алдсан гэж бодож байж магадгүй. Тэгвэл олон улсын хэмжээнд коммунист дарангуйлагчид 100 хол гаруй сая хүнийг амь насаар нь хохироон улс төрийн хэргээр хэлмэгдүүлсэн бөгөөд одоо ч үргэлжилж байгаа гэсэн мэдээлэл гарсан байна. Монголд ч тухайн үеийн коммунист нам 1922-1939 оны хооронд Оросуудтай хамтарч 30 гаруй мянган иргэнээ хоморголон цаазалсан түүх бичээстэй байна.
-Улс төрийн хэргээр хэлмэгдсэн олон жишээ манайд бий л дээ…?
-Хэрхэн улс төрийн хэргээр хоморголон хэлмэгдүүлж байсан талаар хоёрхон жишээ дурдъя. Ж.Лхүмбэ, П.Гэндэн, Г. Дэмид нарын удирдсан Японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдааны байгууллага гэсэн хэд хэдэн хэргийг зохион байгуулж, 1937-1939 оны хооронд Онцгой бүрэн эрхт комисс гэгч нь 25824 хүний хэргийг шүүж 20474 хүнд нь буудан цаазлах ял өгч байжээ. Энэ хүмүүс дотор гуравны нэг нь лам нар, бусад нь нударган бая (феодал, гайгүй хэдэн малтай малчид)-чууд төрийн албан хаагчид, ардын цэрэг эрс, буриад иргэд байсан байдаг. 1956-1990 оны сэхээтний төөрөгдлийн он жилүүдийг улс төрийн хэлмэгдүүлэлтийн гуравдугаар үе шат гэдэг. Энэ хэлмэгдүүлэлт нь Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэсэн байжээ. 1962 онд Чингисхааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмийн жанжин шугамаас ухарлаа хэмээн Д.Төмөр-Очир, Ц.Лоохууз, Б.Сурмаажав нарын 300 гаруй сэхээтнийг хамруулан нутаг заан цөлсөн байдаг. Ийнхүү Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхний үедээ алан хядах замаар хэрэгжсэн бол хоёрдугаар үедээ аажмаар төрхөө өөрчлөн, нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, хүний нэр төр, нандин чанар буюу хүний эрх, чөлөөнд халдан гүтгэх, үзэл бодлоор хавчин гадуурхах, нэр хоч өгөх, нутаг заан цөлөх хэлбэртэй болсон байдаг. Энэ үед хууль хяналт, прокурорын байгууллагын оролцоотой хэлмэгдүүлэлтээ хэрэгжүүлсэн гэж тэмдэглэсэн байна.
-Тэгвэл үүн шиг өнөө цагийн улс төрийн хэлмэгдүүлэлтэд танай намын угшилтай улс төрчид өртөх нь их байгаа юм биш үү?
-С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хороосон хэргээр АН-н гишүүн Ч.Энхтайван хоригдон сул-лагдаж, захиалсан хэргээр Ардчилсан хувьсгалын манлайлагч Э.Бат-Үүл хоригдон суллагдсан. Харин одоо улс төр нийгмийн зүтгэлтэн, ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болж байх шиг байна. Монголчууд ч, би ч хүний амийг санаатайгаар егүүтгэсэн, эсхүл эсвэл захиалсан хэнийг ч хамгаалахгүй. Мөн хүнийг олноор хядан дайн хийж байгаа ямар ч улсыг дэмжихгүй. Энэ бол монгол хүн бүр мөрдөх ёстой Ардчилсан Үндсэн хуулийн заалт.Нөгөө талаас монгол хүний саруул ухаанд итгэе гэж хэлье.
-Гэтэл энэ хэрэг гарснаас хойш 26 жил өнгөрсөн. Яагаад яг сонгуулийн кампанит ажлын өмнө улстөржүүлж сонгуулийн ашиг хонжоо болгож ирсээр байгаа юм бол оо?
-Ер нь үүнийг олон улсад коммунистуудын хийдэг пропогонда буюу хар пиар, cөрөг суртачилгаанытехнологи. Энэ технологи нь сонгуулийн өмнө аль нэг намыг урьд өмнө тухайн намыг нь удирдаж байсан манлайлагчдыг “Иргэд Сонгогчидоор нь Аймшигтайгаар Үзэн Ядуулдаг Технологи” юм. Тэгвэл Яг өнөөдөр ардчилсан Монгол Улсад юу болж байна вэ.
-Юу болж байна гэж…?
-Бүх иргэд нь гэртээ амарч байх үед таван гэр бүлийг галдан шатааж 25 жилийн ял авсан, таксины жолоочийг алж мөчилж багажиндаа хийж яваад баригдсан гэх Амгаланбаатар гэгч гэмт этгээд Монгол Улсын 800 мянга гаруй өрхийн зурагтаар дамжиж хойморт нь шууд заларлаа. Энэ чинь юу болж байна вэ. Энэ аймшигийн нэвтрүүлгийг нь Монгол Улсын ирээдүй болсон залуус, түүнчлэн 13-18 насны ертөнцийн бүх л үзэгдлийг таньж мэдэх түвшинд аль хэдийнэ ирчихсэн хүүхдүүд хүртэл үзэж байгаа шүү дээ. Ийм ардчилсан, хүмүүнлэг, эрх зүйт төр гэж байдаг юм уу. Нөгөө эрх баригч МАН-ын дарга нарын “хүн биш хууль засаглана”гэсэн амлалт яасан бэ. Гэтэл эрх баригч намын зүгээс энэ нэвтрүүлгүүдээр бол С.Зоригийн амь насыг бүрэлгүүлэх захиалгыг өгсөн хүн нь Ц.Элбэгдорж шүү гээд байгаа бололтой юм. Гэтэл саяхан энэ аймшигт нэвтрүүлгийн дараа Ц.Элбэгдорж гуайд ЦЕГазраас хэрэг үүсгэлээ гэсэн мэдээлэл гарсан. Энэ бас юу болоод байгаа юм бэ гэж гайхах олон хүн байна. Би ч гайхаж байна. Монгол Улс чинь хуультай төртэй. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэн ч мөрдөх ёстой баймаар юм. Хүн амины хэргийг хийсэн болон захиалсан этгээдүүдийг заавал илрүүлэх ёстой, үүнийг хүн бүхэн дэмжинэ. Гэвч 26 жил илрүүлээгүй атлаа таны асуудгаар яагаад УИХ-ын сонгууль болгоны өмнө ингэж аймшигтайгаар улстөржүүлнэ вэ гэдгийг бид хэрсүү ойлгох хэрэгтэй.
-Таны хувьд яагаад энэ хэргийг ингэж улс төржүүлдэг гэж бодож байна вэ. Мэдээж сонгуульд ялах зорилго л явагдаж байгаа нь нууц биш байх л даа…?
-1998 оны үед “Эрдэнэт ХХК-ийн захиралд Ш.О гуайг буцаан томилуулах асуудал” нь Монгол төрийн буюу УИХ, ЗГ-ын үйл ажиллагааг бүхэл бүтэн зургаан сар гацаагаад зогсохгүй Ардчилсан Холбоо эвслийн Ж.Наранцацралт асны зэрэг хоёр ч ЗГ-ыг огцруулах үндэслэл нь болсон гэдэг. АХЭ нь Да.Ганболдыг долоон удаа Ерөнхий сайдад дэвшүүлэхэд нь тухайн үеийн ерөнхийлөгч Н.Багабанди гуай зөвшөөрөөгүй. С.Зориг агсан тухайн үед “Эрдэнэтийн захирлыг буцаан томилох уу гэсэн ЕТГазрын даргынх асуултад нь “Поезд уже ушел- Галт тэрэг аль хэдийнэ хөдөлсөн, зөвшөөрөхгүй” гэж хариулсан. Хэрэг гарсан үеийн ЦЕГазрын дарга нь УИХ-ын сонгуульд ялвал хэргийг илрүүлнэ, энэ хэргийн мөрдөгчдөөс зарим нь тодорхой бус шалтгаанаар амиа алдсан ч зарим нь асар их мөнгөлөг болсон гэсэн мэдээллүүд хөвөрдөг.
-Тусгаар тогтносон орны ганц төрийн өмчит компанийн захирлын асуудал яагаад ийм их үнэ цэнэд хүрч байсан юм бэ?
-Зөвхөн шуналын асуудал байсан уу. Өнөөг хүртэл энэ өнцгөөс нь хэр их шалгаж, ямар үр дүн гарсан бэ гэдэг нь тодорхой бус байсаар байгаа бололтой. Саяхны нэвтрүүлгийн зорилго нь “ардчилсан хувьсгалын манлайлагч, Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж нь С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч байх талтай, АН-ын одоогийн дарга Лу.Гантөмөр нь хоёр дахь Элбэгдорж буюу Ц.Элбэгдоржийн залгамжлагч, АН-ын нийт нэр дэвшигчидийн 80 хувь нь Ц.Элбэгдоржийнх. Тиймээс иргэд сонгогчид АН-ын нэр дэвшигчдийг битгий сонгоорой” гэсэн утга, агуулгатай бололтой. Угтаа АН-ын нэр дэвшигч дотор Ц.Элбэгдоржийн хүүхэд алга, хамаатан бас байхгүй бололтой. Тэр бас АН-д одоо хамаагүй, гишүүнчлэлээ сэргээгээгүй гэдгээ сошиалд бичсэн байсан. Хэрэв Ц.Элбэгдоржийн үед АН-ын гишүүн байсан гэдгээр нь ингэж байгаа бол Монгол Улсад сэхээтний төөрөгдлийн улс төрийн хэлмэгдүүлэлтийн 4 дүгээр үе эхэлжээ гэж хэлэх байна. Тэр үед л Японы тагнуулыг илрүүлж байгаа нэрийдлээр ажил төрлийн болон янз бүрийн холбоотой 25 мянган иргэнийг илрүүлээд улс төрийн хэлмэгдүүлэлтээр цаазалчихсан гэдэг. Өөр өнцгөөс нь харвал хүн амины хэрэгтэй Солонгосын сериал гурван ангит кинотой ч төстэй юм шиг. Хэрэв МАН-ын өнөөгийн дарга нар, улстөрчдийг 1937-1939 оны хооронд олон мянган монгол хүний амийг авч одсон улс төрийн хэлмэгдүүлэгчидийн холбоотон гээд байвал ямар сонсогдох вэ. Ийм байдлаар С.Зоригийг балмадаар хөнөөсөн хүн амины хэрэг нь “МАН-ынудирдлагаас залуу хойч үедээ ярьж өгдөг “Аймшгийн бас Ноцтой Сэдэв” болон хувирчээ. Гэхдээ аливаа юманд хязгаар гэж байдагсан.
ЭРДЭНЭТИЙН 49 ХУВЬ ЭЗЭМШИГЧ ОХУ ХЭВЭЭРЭЭ БАЙСАН БОЛ ӨДГӨӨ ИХ ХЭМЖЭЭНИЙ НОГДОЛ АШИГ НЭХЭМЖЛЭХЭЭС ГАДНА ЭНЭ ХУВИА НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР САНАЛ БОЛГОХ БАЙСАН БОЛОВ УУ
-С.Зориг агсны хэргээс өөр АН руу чиглэсэн таны хэлдэгээр хар пи ар цөөнгүй болов уу. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийн асуудал байна, тийм үү?
-Тийм шүү. Эрдэнэтийн 49 хувийн асуудал бол өнөөгийн эрх баригч МАН Ардчилсан намын эсрэг 2016, 2020, 2024 гэсэн гурван удаагийн сонгуулийн хар пиарын ТОП сэдэв болгон ашиглаж байна. Ямар ч байсан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Монголын нэг хувийн компани 2016 оны зургадугаар сард энэ компанийн 49 хувийг эзэмшдэг ОХУ-ын ЗГ-аас харьцангуй хямд үнээр худалдан авчихжээ гэж ойлгож байгаа. Тэр үед энэ 49 хувийг худалдан аваад ирсэн нь бол сайн ажил хэрэг гэж хэлэх байна. Харин нь ОХУ-аас 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан авахдаа улсын хөрөнгийг ашигласан, мөн хууль зөрчсөн эсэхийг тогтоох зэрэг нь дотооддоо тооцоо бодох, түүнчлэн хууль хяналтын байгууллагуудын үүрэг юм. Хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдвол хариуцлага хүлээх нь ч мэдээж л байх. ОХУ-аас Эдэнэтийн 49 хувийг авчирсны эцсийн үр дүн бол сайн. Цаашдаа ч энэ үр дүн нь улам сайжрах нь тодорхой байна. Тухайлбал, Эрдэнэт ХХК 100 хувь Монгол Улсын Засгийн газрын өмч болсон учраас ковидын үед гэхэд л 1.5 их наяд орчим төгрөг гаргуулж Монгол Улсын нийт өрх, байгууллагуудынхаа цахилгааны төлбөрийг хөнгөлж чадсан. Хэрэв ковидын үед Эрдэнэтийн хувь нь ОХУ-ын өмч байсан бол ингэж чадахгүй байсан болов уу. Ковидын төгсгөлд ОХУ болон Укрианы хооронд дайн үүссэн. Хэрэв өнөөг хүртэл Эрдэнэтийн 49 хувь ОХУ-ын өмч хэвээрээ байсан бол тэд шал өөр байр суурь баримтлах нь ойлгомжтой.
-Ямар өөр байр суурь баримтлах байсан гэж…?
-Шалтгаан нь 2016 оны үетэй харьцуулахад өнөөгийн байдлаар зэсийн зах зээлийн үнэ 1 тн тутамд дунджаар 3.000 ам.доллараар өссөн ба цаашдаа ч өсөх нь тодорхой болсон. Дээр нь Н.Алтанхуягийн ЗГ-ын үед Эрдэнэтийн овоог тойрсон дөрвөн хайгуулын лицензийг хувийн компани авчихсан байсныг хуулийн хүрээнд улсын нөөцөд авах замаар Эрдэнэт ТӨҮГазарт авч өгсөн. Ингэснээр Эрдэнэтийнхэн өөрсдийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц нь нэмэгдэн, энэ ордын насжилт даруй 40 жилээр уртсаад байгаатай шууд холбоотой. Энэ дайны үед Эрдэнэтийн 49 хувь эзэмшигч ОХУ хэвээрээ байсан бол, их хэмжээний ногдол ашиг нэхэмжлэхээс гадна хэрэв 49 хувийг нь Засгийн газар худалдаж авъя гэсэн санал тавьбал хамгийн багадаа 1 тэрбум ам.доллараар санал болгох нь мэдээж болов уу.
-Цаашид Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг яах ёстой гэж та хувьдаа бодож байна?
-Уг нь ингэж найман жил маргаан дэгдээж сууж байхаар Эрдэнэт ТӨҮГазрыг буцааж ХХК болгон хувьцааных нь тодорхой хувийг иргэддээ өмчлүүлчихсэн нь хамгийн зөв гарц байсан. Хэрэв энэ маргаан ийм байдлаар цааш үргэлжилбэл ямар ч асуудал босохыг үгүйсгэх боломжгүй байх. Одоо Эрдэнэт ХХК нь буцаад хаалттай ТӨҮГазар болсон тул тэнд юу болж байгааг энгийн иргэн бид мэдэх боломжгүй. Ер нь гадны компаниас 49 хувийг Монголын хувийн компани худалдан авчраад, улмаар ЗГ авчихсан тул ингэж сонгууль бүрээр улстөржүүлэхийг ойлгохгүй юм. Тэр байтугай дэлхийд томд ордог улсын хөрөнгөөр хайж, нөөц тогтоосон Таван толгойн ордын нөөцийн гуравны нэгээс илүү хувийг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр тасдаад тасдаад хувийн компанид өгчихсөн л байна. Түүнээс гадна улсын хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон стратегийн ордод орох учиртай томоохон ордуудыг ямар нэг байдлаар авчихсан хувь хүмүүс энэ УИХ-д сууж л байна. Энэ нь байдал, бас хандлага нь ялгавартай шударга бус байна гэж хэлэх байна.
ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ ЯВУУЛСАН БИД БААТАР ГЭЖ ЯРЬДАГ ХҮМҮҮС БИЙ. ТЭР ҮЕД УГ ГЭРЭЭГ ЯВУУЛАХГҮЙ ГЭСЭН НЭГ Ч УИХ-ЫН ГИШҮҮН БАЙГААГҮЙ
-Та Уул уурхайн сайд байсан хүн. Оюу толгой төсөл ба Дубайн гэрээтэй холбоотой асуудал дээр маш их улстөржилт явагддаг. Энэ асуудал дээр бас МАН буруугүй. АН буруутай юм биш үү?
– Уг нь тийм биш ээ. МАН, АН-ын гэрээ байгуулахад оролцсон хүмүүс, тэр үеийн хамтарсан ЗГ-ууд буруутай гэвэл хамтдаа буруутай. Бодит байдлыг нь гадарладгийн хувьд тайлбарлая. 2009-2010 онд Оюу толгой Төслийн Хөрөнгө Оруулалтын Гэрээг байгуулах үед МАН УИХ-д олонх, С.Баярын ЗГ, дараа нь Сү.Батболдын ЗГ байсан.
Тиймээс С.Баяр толгойгоороо хариуцна гэдгээ хэлсэн байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Ажлын хэсгийн анхны дарга нь тэр үеийн ЭБЭХЯамны сайд Д.Зоригт гэж хүн байсан. Энэ хүн МАН-н гишүүн. Хүмүүс андуурч магадгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Н.Энхбаярыг 2009 онд ялж, УИХ-ын гишүүн болж байсан байх. Энэ Хөрөнгө Оруулалтын Гэрээний Санхүүгийн Зөвлөхөөр Голдман Сакс Азиа хк(ГСАК)-г сонгон ЭБЭХЯамыг төлөөлж Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал Б.Энэбиш гэж хүн гарын үсэг зурсан байдаг. ГСАК-н 98 хувийг эзэмшдэг толгой компани нь Голдман Сакс ХК (ГСК) нь Айванхоу майнз ХК-ийн найм дахь том хувьцаа эзэмшигч нь байсан. Ингээд Оюу толгойн гэрээ байгуулагдахад Айванхоу майнз ХК-ийн хувьцааны үнэ өсч, ГСКомпани нь хувьцааны үнийн зөрүүгээс 700 орчим сая ам.долларын ашиг хийсэн байдаг. Эндээс л энэ гэрээг байгуулахдаа Монголын улстөрчид авлига авсан байж болзошгүй нь тодорхой харагдмаар юм.Одоо болохоор Оюу толгойн гэрээг явуулсан бид баатар гэж ярьдаг хүмүүс бий. Тэр үед Оюу толгойн гэрээг явуулахгүй гэсэн нэг ч УИХ-ын гишүүн байгаагүй байх. Тийм олон УИХ дамжиж байж шийдэгдсэн гэдэг нь ч худлаа. Энэ гэрээг энэ чигээр нь явуулбал арай дэндэнэ гэж бодсон эсхүл судалсан 7-8 орчим УИХ-ын гишүүн байсныг бол гадарлана. Тэр нь одоо бол дөрвөн аргын тооны үйлдэл ойлгодог хэнд ч ойлгомжтой нотлогдсон байх. Ер нь энэ гэрээнд хөрөнгө оруулагч тал буруугүй, шалтгаан нь улстөрчдийг хүчээр гарын үсэг зуруулна гэж байхгүй.
-Таны хувь Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газарт Уул уурхайн сайдаар ажиллаж байсан байх аа?
-2012 оны УИХ-ын сонгуулийн дараа АН олуулаа болж Н.Алтанхуягийн ЗГ байгуулагдав. Гэвч гэрээ болон ТЭЗҮ-д заасан ил уурхайн хөрөнгө оруулалтын зардлын дөрвөн тэрбум ам.доллар нь долоон тэрбумам.доллар болж 70 гаруй хувиар өсчихжээ. Энэ нь бол С.Баяр болон Сү.Батболдын ЗГХЭГ, Оюу толгойн ТУЗ, Монгол Улсын Засгийн газрын тал зардлаа хянаагүйн гай. Албаар ч хянаагүй юм уу яаж мэдлээ. Тэр үед Австрали улсын нэг сонинд Монголын эрх баригчидтай тохирч гэрээ байгуулахад нэг тэрбум ам.долларыг авлигад төлсөн гэсэн гэх мэдээлэл гарсан нь манай хэвлэлийн мэдээлэлд гардаг байсан. Ийм байдлаар МАН-ын Засгийн газрын үед зардлаа хянаагүй учраас энэ дээр нь АН-ын Н.Алтанхуягийн болон Ч.Сайханбилэгийн Засгийн газар халтирч унасан юм.Би Н.Алтанхуягийн шинэчлэлийн ЗГ-т нь Уул уурхайн сайдаар ажиллаж байсан. Тэр гурван тэрбум ам.доллараар хэтэрсэн зардалд нь аудит хийлгэх ажлын хэсгийг байгуулахыг санаачилсныхаа төлөө хэвлэлээр зөндөө балбуулдаг. Хэзээ нэгэн цагт үнэн ялна гэдэгт итгэлтэй байдаг. Одоо би улс, ард түмнийхээ эрх ашгаас урваагүйдээ сэтгэл уужуу тайван сайхан амьдарч байна.
-Дубайн гэрээ л гэдэг. Яг үнэндээ уг гэрээ сайн, муу эсэхийг нь тогтоосон зүйл гарч ирдэггүй. Таны хувьд уг гэрээг ямар байдлаар дүгнэдэг вэ?
-2009-2010 онд С.Баярын ЗГ-ын үед байгуулагдаж, Сү.Батболдын Засгийн газрын үед баталгаажсан Хөрөнгө оруулалтын гэрээнээс давсан заалт тэр санамж бичигт ширхэг ч байхгүй. Сү.Батболдын ЗГ-ын үед баталгаажсан гэдэг нь 2009 оны 10 дугаар сард УИХ-аас ЗГ-т энэ гэрээг баталгаажихаас өмнө хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж шийдэх хэдхэн үүрэг чиглэл өгсөн. Гол үүрэг нь зэс алтны зах зээлийн үнэ тодорхой түвшнээс дээш гарсан үед эзэн орны газрын хэвлийн баялгийг ашигласнаас авдаг нөөц ашигласны төлбөр буюу “Royalty”-ийг нэмэгдүүлэх байсан. Гэтэл таг, чиг болсон. Ингээд тэр гэрээнд зааснаар алт, зэсний royalty нь 30 жил таван хувь дээр хөдөлгөөнгүй тогтворжсон. Гэвч Эрдэнэт ТӨҮГ зэсийн үнэ нэг тонн нь 8500 ам.доллар орчимд 12-14 хувийн royalty төлдөг. Цаашид 2025 оноос хойш ч юмуу нэг тонн зэсийн үнэ 15000 ам.доллар хүрнэ гэсэн таамаг гарах болов. Сү.Батболдын ЗГ-т Сангийн сайд нь С.Баярцогт, ЗГХЭГазрын дарга нь Ч.Хүрэлбаатар, ЭБЭХүчний сайдаар нь Д.Зоригт нар ажиллаж байсан. Ч.Сайханбилэгийн ЗГ нь МАН-тай хамтарсан ЗГ байсан. Сангийн сайд нь Ж.Эрдэнэбат байв. Ж.Эрдэнэбат нь Сэлэнгээс сонгогдсон МАН-ын гишүүн. Энэ Сангийн сайд нь Ч.Сайханбилэгийг Дубай явахын өмнөхөн Оюу толгой төслийн зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрсөн гэдэг. Н.Алтанхуягийн ЗГ-ын Сангийн сайд Ч.Улаан нь зардлын хэтрэлт дээр хатуурхаад байсан учир ЗГ нь огцорсон байдаг. Бодит үнэн ийм байхад ганцхан АН буруутай, мөн С.Баярцогт буруутай гээд гүтгээд байх нь утгагүй, бас жудаггүй үйлдэл бус уу.
-Яг ямар гэрээ вэ гэдэг тал дээр та тодорхой зүйл хэлэх үү?
-Энэ гэрээ ямар гэрээ вэ гэдгийг олон түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэх болсон. Зүгээр эх орноо гэсэн сэтгэлтэй жаахан туршлагатай ЖДҮЭрхлэгч гэсэн яг ийм гэрээнд гарын үсэг зурахгүй байх. Ер нь бол олон улсын хэмжээнд МУ-ын хөрөнгө оруулалтын орчин өрсөлдөх чадвартай байж, хөрөнгө оруулагчид ашиг ихтэй байж гадаадын хөрөнгө оруулагчдыг татна гэдгийг бол ойлголгүй яах вэ. Тэр тусмаа ийм том төсөл дээр. Гэхдээ бас харилцан ашигтай байх учиртай болов уу. Гэрээг товчхон дүгнэж хэлэхэд, Монгол Улсын Засгийн газар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (АНОАТ) бараг авахгүй болов уу. Энэ ордыг ашиглаж эхэлснээс хойш ААНОАТ гэж олигтой юм төлөөгүй байх гэж бодож байна. Уг нь С.Баярцогтын ярьснаар нэг тонн зэсийн үнийг дунджаар 6790 ам.доллароор тооцоход энэ төслөөс ААНОАТатвараар 14.5 тэрбум ам.доллар, ноогдол ашгаар 8 тэрбум ам.долларыг Монгол Улсын Засгийн газар авна гэсэн урьдчилсан тооцоог хэлж байсан. Энэ тохиолдолд төслийн нийт ашгийн 53.7 хувь нь Монгол Улсын Засгийн газарт орно гэсэн. Энэ урьдчилсан тооцооны хэрэгжилтийн байдлыг нь Оюу толгойн Монголын талын ТУЗ-ын гишүүд нь олон түмэнд тайлагнахгүй юм. Тайлагнахгүй юм бол тэнд Монгол Улсыг төлөөлж өндөр цалин авч байгаад хэрэггүй.Зүгээр Рио Тинто ХК-иас тавигдсан Оюу толгой компанийн гүйцэтгэх захирлын тайланг зурагтаар сонсоход хангалттай. Хамаагүй илүү хариуцлагатай тайлагнах нь ойлгомжтой.Гүйх нохойд Гүйхгүй нохой саад болдог гэдэг ардын зүйр цэцэн үг байдаг даа. Тэр цалингаар нь Монгол Улсын Засгийн газарт зээлийн хүүгээ ч болтугай төлж байвал зохистой.
-Энэ сонгуульд МАН-аас дэвшиж буй Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо саяхан Монгол Улсын Засгийн газар ногдол ашгийг 2040, эсхүл 2050 оноос ч юмуу авч эхлэх байх, ААНОАТ бараг авдаггүй гэж хэвлэлээр яриад байсан. Үнэн юм болов уу?
-Сонгуульд нэр дэвшиж байгаа учир итгэхэд бас хэцүү. Одоо тэр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж буй Оюу толгойн ТУЗ-ын гишүүдээс манай сэтгүүлчид энэ талаар асуумаар юм. Ер нь бол энэ төсөл дээр нийт үйл ажиллагааны зардал, дээр нь хөрөнгийн зардлыг нэмээд энэ дүнгээс нь хөрөнгө оруулагч тал зургаан хувийн менежмэнтийн төлбөр авах гэрээтэй. Ингэхээр чинь Оюу толгой компанийн захирал, ер нь ямарч захирал зардлаа өсгөх сонирхолтой байх нь ойлгомжтой. Тэгээд зардлаа өсгөсөөр байгаад ашиг үлдвэл ААНОАТ татвар авна, үүний дараа ашиг үлдвэл хоёр тал ногдол ашиг авах маягтай юм. Тэр үед энэ гэрээг байгуулахад оролцож байсан С.Баярын ЗГ-ын нэг гишүүнээс “хөрөнгө оруулагч тал нь зардалаар ашигаа хийх гэрээ болчих” гээд байна, ойлгож байна уу гэсэн чинь, тийм юм байхгүй гэж хариулсан, ингээд дууссан. Угтаа бол хөрөнгө оруулагч талын менежмэнтийн төлбөрийг ААНОАТ төлөхийн өмнөх ашгаас өгдөг байхаар гэрээнд тусгасан бол зөв байсан. Энэ тохиолдолд Монгол Улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагч тал хоёрын ашиг сонирхол нэгдэж нэг зүгт урагшлах байсан. Ер нь бол ийм гэрээн дээр санхүүгийн тайлан гол нь орлогын тайлан ч ойлгохгүй, бизнес эрхэлж зовж үзээгүй мөртлөө мангар олон хувьсагч ярьдаг, мөн зузаан цаас барьсан улстөрчид, эсхүл гэрээгээ ч сөхөж хараагүй харсан ч ойлгохгүй мөртлөө хариуцлагыг би хүлээнэ гэдэг улстөрчид оруулдаг нь маш буруу байсан. Мөн том том сургууль төгссөн мөртлөө хувийн хэвшилд ажиллаж үзээгүй залуусыг Оюу толгой компанийн Монгол Улсын Засгийн газарыг төлөөлөх ТУЗ-ын гишүүнээр томилох нь ч тийм зохистой бус. Харин төрийн тусгай албанаас сайн орчуулагч гаргаад УБ хотын аль нэг дүүрэгт байрлах олон жил татварт дарамтлуулсан орлогын тайлан ойлгодог, эх орноо гэсэн сэтгэлтэй, туршлагатай, хүн чанартай, худалч биш ЖДҮЭрхлэгчийг Оюу толгой компанийн ТУЗ-ын гишүүнээр тавиад жил бүр өөрчлөөд байсан нь хавьгүй дээр. Тэр үеийн ЗГишүүд нь Оюу толгой компанийн рестораныг ажиллуулах, бензинийг нь шахах зэсийн баяжмалыг нь тээвэрлэх, компаниудад тэнд ажил олж өгөх зэрэг бизнесийн ард байдаг гэж ярих юм. Хэрэв тийм бол сайн биш байна. Иймд тэр үеийн гэрээ байгуулахад оролцсон улстөрчдийг нам нь улс төрөөс зайлуулсан нь дээр гэж бодож байна. Одоо далд уурхайн санхүүжилт ороод Оюу толгой компанийн нийт зээл 13 орчим тэрбум ам.доллар байх учиртай атал яагаад 16-17 тэрбум ам.доллар гэсэн мэдээлэл яваад байгаа нь анхаарал татаж байна. Ийм үед нөгөө Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж суугаа ТУЗ-ын гишүүд нь олон нийтэд тайлангаа тавьмаар байна.
-Та яагаад сонгуульд нэр дэвшээгүй вэ?
-Аль 2021 онд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Тэр хэвээрээ байгаа. Лу.Гантөмөрийг АН-ын дарга болсны дараахан ч үүнийгээ хэлсэн. АН-аа болон элдэв юманд холбогдоогүй нэр дэвшигчдийг дэмжиж ажиллана. Шалтгаан нь намайг 12 жил иргэд, сонгогчдынхоо итгэлийг дааж УИХ-ын гишүүнээр ажиллах боломжийг олгож байсан залуус маань одоо 40 гарсан ид насны улстөрчид болсон байна.
-Туршлагатай улс төрчийнхөө хувьд улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, сонгуультай жилийн улстөржилт ямар байгаасай гэж боддог вэ. Таны хэлдгээр сонгууль бүрийн өмнө л топ болсон хэдхэн сэдвийн хүрээнд л нэг нэгнээ дайрч, гүтгэх юм. Одоо арай бүтээлчээр, арай өөрөөр асуудалд хандах цаг болсон баймаар юм?
-Улс орны хөгжил дэвшилд чухалд тооцогдох дээр ярьсан Монгол Улсын УИХ-ын сонгуулиудын хар пиарын ТОП сэдвүүдийг сонгуулийн бус үед буюу налайсан гурван жилийн хугацаанд ярьж шийддэг болоосой. Уг нь улс төрийн намууд сонгуулиар эх орныхоо ирээдүйг илүү гэгээлэг болгох гэж мөрийн хөтөлбөр боловсруулж, энэ хөтөлбөрөө өрсөлдүүлж, олон түмнээрээ шүүлгэж сонгуульддаг гэж ойлгодог. Бас эрх баригч нам нь өмнөх хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг үнэн зөвөөр тайлагнах учиртай. Тэгэхээр Гэгээлэг Сонгууль явуулсан дээр байгаа биз дээ. Европчууд аль хэдийнэ Гэгээлэг байхыг дэлхий нийтэд уриалаад эхэлчихсэн. Мөн сонгуулийн жилд сонгуулийн дараа амьдрахгүй юм шиг хуулиа шүршчихсэн лааз шиг болгодог, хэрээс хэтэрсэн их төгрөгийг зах зээлд хэвлэн нийлүүлснээр сонгуулийн дараагаас үндэсний валют төгрөгийн ханш улам муудаж, иргэдийн амьжиргааны чанар доошилдог мунхаг үйл ажиллагаа энэ удаагийн сонгуулиар төгсгөл болоосой гэж бодож байна. Ингээд байхаар чинь улс орны хөгжил маань нэг алхам урагшилж, хоёр алхам хойшилж дөрвөн жилийн хугацаанд нийлбэр утгаараа дороо хий эргэсээр байх юм.
-Хоёулаа нэлээд хүнд сэдвүүдээр ярилцлаа. Бодит үнэний талаар ч та ярилаа. Ярилцлагынхаа төгсгөлд танаас хөнгөн нэг зүйл асууя. Таны цаашдын зорилго юу вэ?
-Миний цаашдын зорилго тодорхой. Би улс төрд олон жил байж үзсэн. Шударга байлаа гээд, хэнээс ч дутахгүй хөдөлмөрлөлөө гээд, төлөөс нь хөлсний бичээчдэд гүтгүүлдэг юм билээ. Тэгвэл одоо Олон нийтийн төлөөх ТББ-аар дамжуулж, энгийн иргэдийн дундаас Үндсэн хууль зөрчсөн улстөрч өөрөө огцордог болгохоос эхлүүлээд, цөөхөн монголчууд биднийг ажиллаж, амьдрах аюулгүй таатай, мөн өрсөлдөх чадвартай орчинтой болгох төрийн үндсэн чиг үүргийг эрх баригчдад нь байнга сануулах, энэ үйлсийн төлөө тэмцэх зэрэг байх болно. Ингэснээр сонгуулийн дараагаас эхлэн улстөрчдөөс иргэд нь эмээж айдастай амьдардаг биш, эсрэгээр улс төрчид нь иргэдээсээ ичиж эмээдэг болдог олон улсын сайн жишиг эх оронд минь нутагшина гэж ойлгож байна. Би бодит үнэнийг ярьсан.Бас ид үе, залуус маань сайн мэдэхгүй байна гэж бодоод коммунизмын улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар жаахан хөндсөн. Аль ч намыг үгүйсгэх зорилго байгаагүй гэдгээ хэлмээр байна. Ер нь бол эрх баригч намын улстөрчид нь соёлтой шүүмжлэлийг хүлээн авч ажлаа сайжруулж байх үүрэгтэй. Тийм ертөнцийн жишигтэй юм шүү. Сонгочид маань хэрсүү болсон. Аль нам нь нэртэй хулгайчдыг илүү олноор нь дэвшүүлсэн байна, эндээс шүүлтээ эхлээрэй гэж хэлье. 1962 оноос 1990 оныг хүртэлх улс төрийн хэлмэгдүүлэлтийг зарим прокурор болон цагдаагийн долоогч удирдлагын гүнзгий оролцоотойгоор хийсэн байдаг. Энэ дижитал зуунд бол тийм боломжгүй тул хууль хяналтынхан болгоомжтой ажиллах учиртай байх. Сонгуулийн зорилго нь Ардчилсан орны иргэдэд хамгийн сайныг нь сонгох боломж олгодог. ”Election is chance to change for the better”. Залуу байхад алдаж ононо. Гэхдээ хуулиа дээдлээд,өвөг дээдсийн сургаалаа бодоод, ямагт гэр бүл үр хүүхэд ач, зээ нарынхаа ирээдүйг бодоод гэлдэрч байхад монгол хүн алзахгүй байх.
Э.МӨНХТҮВШИН