Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Ганбат: Зээлийн хүүг хойшлуулсан нь малчдыг биш, банкны эздийг дэмжсэн арга хэмжээ DNN.mn

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.


-Энэ парламентын отгон чуулганаар Монголын нийгэм, эдийн засагтай холбоотой ямар хууль хэлэлцэгдэх вэ?

-Хаврын чуулганаар УИХын хэд хэдэн сонсгол болно. Үүнээс гадна 2023 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж гишүүдийн тоог нэмж, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар болсон. Тиймээс энэ чуулганаар дараагийн УИХын ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх холбогдох хуулийг хэлэлцэнэ. Уг нь энэ хаврын чуулганаар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж батлах ёстой байсан. Гэтэл олонх хойшлуулж байгаа юм шиг байна. Засгийн газраас оруулж ирсэн ч танхим дотроо нэгдсэн байр суурьт хүрсэн эсэх нь эргэлзээтэй байна.

-Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг УИХ-аар хэлэлцэж байна. Өөдрөг мэдээллүүд танилцуулагдаж байна л даа. Таны хувьд тайлангийн үр дүнтэй санал нийлж байна уу?

-Бодит байдал өөр байгаа шүү дээ. Бензин тос яах нь мэдэгдэхгүй байна. Тог цахилгаан байнга л тасарч байна. Эрчим хүчний хомсдолд орж байна. Эрх баригч МАН найман жилийн хугацаанд нэг ч үйлдвэр завод барьсангүй. Малаас гарч ирж байгаа түүхий эд ашиг шим алга. Зарим бүтээгдэхүүн хог дээр хаягдаж, зарим нь маш хямд үнээр борлуулагдаж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх ёстой.

Хариуцлагагүйн “зуд” хаа сайгүй бий болчихсон байна. “Эрх баригчид хариуцлага тооцох гэж байна. Хууль эрх зүйн орчныг сайжруулж, чангаруулж байна” гэцгээдэг ч бодит байдал дээр алга.

Төрийн хэмнэлтийн хуулийг ковидын үед баталсан. Өнөөдөр хүчин төгөлдөр хэвээр байгаа. Гэвч хэмнэлт алга. 22 яам, 44 сайдтай. 11 байнгын хороотой. УИХ-д суугаа МАН-ын гишүүдийн 70-80 хувь нь даргын албыг давхар хашиж байна. Үүн дээр нэмээд төрийн нарийн, дэд сайд гэхчлэнгээр нэмэгдэнэ. Өндөр цалин, хэрэглээтэй. Гэтэл орон нутагт иргэд малчидтай ойр ажилладаг багийн дарга, багийн эмч нар гэхчлэнгээр бүх ачааллыг үүрдэг төрийн алба хаагчид томилолтын мөнгөгүй, бензин тос хийх боломжгүй байдалд ажиллаж байна. Мөнгөгүй байна уу, үнэхээр хэмнэж байна уу гэхээр үгүй. Сумдад шаардлагатай машиныг шийдэж байна гээд гэнэтхэн машин тараагаад эхэлсэн. Туулах чадвар сайтай машинууд өглөө л гэсэн. Гэтэл бас худлаа үг байсан. Жишээлбэл, Сүхбаатарт 10 машин өгсний зургаа нь 40-хөн км явахгүй эвдэрчихсэн байна гэнэ. Гэтэл өөрсдөө Land cruzer, lexus унаж байна.

“Мянгат малчин, Сайн малчин”-ы шагналыг өгөхөөр 20, 30 жийп очиж байна. Тэнд хэмнэж байгаа зүйл алга. Хоёр хивэг, тэжээл өгөхийн тулд мөн л 20, 30 машинаар аваачиж өгч байна.

Авлигатай тэмцэж байгаа л гэдэг. Шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байна. Дөрвөн их наяд, 40 тэрбум төгрөгийг идчихсэн хүмүүсийн толгойг илж, шүүхээр хэргийг нь угаагаад 40 сая төгрөгөөр торгоод гаргаж байна. Хариуцлага хүлээж байгаа зүйл огт алга. Үүнд иргэд маш бухимдаж байгаа шүү дээ. Ялгавартай, буруу бодлогын урхагаар хохирсон иргэд түрүүчээсээ амиа хорлож байгаа харамсалтай зүйл гарлаа шүү дээ. Тиймээс үүнийг яаралтай хэлэлцэж, сонсгол хийвэл сонсож, эрх тэгш хууль эрх зүйн орчныг батлах ёстой.

-Өнөөгийн чухал сэдвүүдийн нэг өвөлжилт мал аж ахуй болчихоод байна. Та орон нутагт ажилласан байх. Нөхцөл байдал ямар байна. Малчдад чиглэсэн арга хэмжээ байгаа онож байна уу?

-Өвөлжилт маш хүнд байлаа. Хэцүүхэн ч хаврыг туулах юм шиг байна. Монголын Засгийн газар, яам тамгын газрууд өвөлжилтөд бэлэн биш байжээ. Уг нь дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс хамаарч гамшгийн давтамж ойртчихсон. Үүнийг бүгд мэднэ. Зундаа гантай зусаж, өвөлдөө зудтай өвөлжих боллоо. Өнөөдрийн байдлаар таван сая мал хорогдчихсон байна. Малчид төл авах боломж хүнд байна.

Өнгөрөгч хавар дизель, бензин тос тасалдсан. Энэ нь малчдын өвс тэжээлээ базаах ажилд нь саад болсон. Сарын өмнө л гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Гурил, будаа, өвс тэжээлийн гаалийн татварыг багасгахаар УИХ-ын чуулганаар өнөөдөр хэлэлцэж байна. Уг нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлмэгцээ л УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах ёстой байсан. Манай бүлэг энэ саналыг тавьсан ч хүлээж аваагүй. Бараа бүтээгдэхүүний үнэ өнөөдөр дийлдэхээргүй өсчихсөн. Энэ үед цагаа олоод тусалсан бол малчдад нэмэр болох байлаа. Маш аажуу, хожуу хөдөлж байна.

Эрх баригчид хамгийн хямд чанартай гурилыг Монголын ард түмэн хэрэглэж байна гэж ярьдаг. Бодит байдал дээр дэлхийн зах зээлээс 2-3 дахин өндөр үнэтэй гурил, будаа, өвс тэжээл, хивгийг хэрэглэж байна. Үүнийг шийднэ гэцгээж л байна.

-Тэгвэл мал аж ахуйн салбарт ямар бодлогыг хэрэгжүүлбэл үр дүнтэй гэж харж байна?

-Бэлчээрийн мал аж ахуй зардал чирэгдэл багатай ч цаг агаарын нөхцөлд өртөмтгий, эмзэг л дээ. Өнөөдөр малчид ямар ч орлогогүй болчихоод байна. Захиргаадалтын үед малыг 25 сая толгой малаас илүү гаргадаггүй байсан. Ардчиллынхан Монголд хэрэгтэй шийдвэрүүд гаргасны нэг нь малыг хувьчилж, малчдад тараасан. Түүнээс хойш 70 сая боллоо. Өнөөдөр 30, 40-хөн мянган төгрөгийн үнэтэй нэг боодол өвсөөр нэг хонийг сольж байна. Мал ийм үнэ цэнэгүй болчихсон. Дээхнэ үед малын амьсгаанаас бусдыг нь хэрэглэдэг байлаа. Малаас гарч байгаа дайвар бүтээгдэхүүнүүд жалгаар нэг хог болоод хэвтэж байна. Дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах хэрэгтэй байна. Малчдаа даатгалд хамруулахаас гадна банкны зээлийн хүүг анхаармаар байна. Малчид 20, 30 хувийн хүүтэй зээл авдаг. Үүнд анхаарахгүй байж татвар төлөгчдийн мөнгөөр зээлийн хүүг хаах гэж байна. Банк зээлийн хүүгийн эрсдэлээ хариуцах ёстой. Өөрийн эрсдэлийн сангаасаа даах ёстой.

Малчдыг малжуулна л гэж байна. Энэ бол буруу бодлого. Дахиад л банкны мал болгох гэж байна. Зээлийг нь хойшлуулна л гэнэ. Энэ бол өдөр хоногийг аргацаасан, сонгуулийг өнгөрүүлэх гэсэн арга.

Малчид малаа даатгуулдаг, банк эрсдэлээ өөрсдөө хариуцах ёстой. Ямар ч зах зээлийн систем ингэж ажилладаг. Банк эрсдэлтэй гэж үзэж байгаа учраас тийм өндөр хүүтэй зээл олгож байгаа гэж ойлгодог. Ер нь малчдад зээл өгөхдөө малыг ч тэр, зээлээ ч тэр даатгуулсны дараа өгдөг. Гэтэл банкны эздийг дэмжсэн, банкийг дэмжсэн малчдад наалдахгүй арга хэмжээг хэрэгжүүлж байна.

-Гурван ч УИХ-ын сонсголыг энэ хаврын чуулганаар хийх ёстой. Амжих болов уу. Өмнөх сонсголыг харахад хугацаа их орж байх шиг харагдсан. Тиймээс үр дүнгүй болчих вий гэсэн болгоомжлол тодорхой хэсэгт байна?

-Нотлох баримтыг шинжлэн судлах түр хороо байгуулж, сонсгол явуулах зохицуулалтыг Үндсэн хуульд оруулсан. Үүний дагуу хууль батлагдсан. Анхны сонсгол Хөгжлийн банкны асуудлаар хийсэн. Энэ сонсголыг санаачилсан хүний нэг нь би. Тухайн үеийн нүүрсний сонсголын ажлын хэсэгт орж ажилласан. Явцын үед бидэнд авах ч юм байна. Засаж залруулах ёстой ч зүйл байна. Сонсгол бол зохих хэмжээнд иргэдийн мэдэх эрхийг хангаж байна. Нөгөө талаар сонсгол явсан ч дараагийн үр дүн, буруутай этгээдэд хариуцлага тооцож хууль хяналтын байгууллага ажлаа хийхгүй байна.

Эрх баригч намын гишүүн сонсголыг даргалдаг. Тэр нь захиалгын дагуу ажилладаг. Эрх баригч намын гишүүд олонх болоод суучихсан байдаг. Тиймээс харлуулах зорилгоор үзүүлж харуулах мэдээллийг гаргахаас биш, хууль зөрчсөн этгээдүүдийн хэргийг өнгөц харуулж иргэдийн тархийг угаах зүйл рүү чиглүүлээд байна уу гэж харагдсан. Энэ хаврын чуулганаар болох сонсголууд яахыг харж байя. Мэдээж анх эхэлж байгаа ажил алдаа дутагдалтай байдаг. Гол нь хариуцлага тооцох ёстой этгээдүүдэд хариуцлагыг нь үүрүүлж, буруутай бол өмч хөрөнгийг нь хурааж улс орныг хохиролгүй болгох ёстой. Энэ гол ажил нь явахгүй байна. Худлаа л хий хоосон шуугиан дуулиан болгоод байна. Мэдэх эрхийн зах зухыг л хангаж байна. Шаардлагад нийцэхгүй байгаа ч хэлэлцэж байгаа нь сайн хэрэг.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *