“Эрдэнэт” үйлдвэрийн Эдийн засаг маркетингийн хэлтсийн орлогч дарга Д.Галбаатартай зэсийн үнийн уналттай холбогдуулан цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн уналт энэ эрчээрээ удаан үргэлжилбэл улсын төсвийн бүрдүүлэлтэнд хэрхэн нөлөөлөх тухай тоймлон мэдээлсэн юм.
– Дэлхийн зэсийн зах зээлийн үнэ “Эрдэнэт” үйлдвэрийн орлогод шууд нөлөөлнө. Танай компанид өнөөдөр үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдлын талаар та тодруулахгүй юу?
-“Эрдэнэт” үйлдвэрийн борлуулалтын орлого дэлхийн зэсийн зах зээлийн үнээс шууд шалтгаалдаг. Зэсийн үнэ тодорхой үечлэлтэй унах тохиолдол, шалтгаан бий. Өмнө нь үнэ 1998 онд 2600 ам.доллароос 1910 ам.доллар, 1995-2000 онд 1500 ам.доллар хүртэл унасан. 2007 онд 7100 байсан нь 5149 ам.доллар, 2014 онд 8821 байсан бол 2015 оны 1-р сарын 14-ний байдлаар 5624 ам.доллар болтлоо зэсийн үнэ дэлхийн зах зээлд унасан. Сүүлийн ханшаар 5660 ам.доллар байна. Энэ удаагийн зэсийн үнийн уналт дэлхийн эдийн засгийн хямралтай шууд холбоотой. Өнөөдөр Америк, Баруун европ, Орос, Хятадад эдийн засгийн хямрал нүүрлэсэн. Зэсийн үнийн уналт цаашдаа үргэлжилж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ байдлыг “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд шинэ менежментийн баг урьдчилан харж байсан. Өнгөрсөн оны 12-р сарын 26-нд Ерөнхий захирлын тушаал гарч, хямралын үед “Эрдэнэт” үйлдвэр хэрхэн ажиллах талаар бодлогын баримт бичиг боловсрууллаа. 1-р сарын 12-ноос эдийн засгийн хямралын эсрэг бодитой арга хэмжээ авч эхэлсэн.Өнөөдөр дэлхийн зах дээл дээр зэсийн үнэ унасаар 5660 ам.доллар болж буурлаа. Энэ бол зэсийн үнэ 5500 ам.доллар хүрч буурахад хэрэгжүүлэх хямралын эсрэг хөтөлбөрийг эхлүүл гэсэн дохио. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 5800 ам.доллар байхад манай үйлдвэр 36,6 тэрбум, 5500 ам.доллар хүрвэл 100 тэрбум, 5000 ам.долларт хүрвэл 183 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоо бий.
-“Эрдэнэт” үйлдвэр алдагдалтай ажиллавал улсын төсвийн орлоно тасалдана гэсэн үг. Хямралыг даван туулах төлөвлөгөө боловсруулсан. Бодитой арга хэмжээ авч, үр дүнд хүрч байна уу?
-Ямар зардлуудыг хэмнэж энэ алдагдлыг хязгаарлах ёстойг бодлогоор зохицуулсан хөтөлбөр боловсруулсан. Одоогоор бид хямралын 1-р төвшингийн арга хэмжээг хэрэгжүүлээд явж байна. Хямралын нөхцөл байдал арилтал шинээр ажилтан авахыг зогсоолоо, хөлсний гэрээгээр түр ажиллаж байгаа хүмүүсийг тэтгэвэрт гарч буй ажилтны оронд ажиллуулна. Ингэж цалин хөлсний зардлаа хэмнэнэ. Гэхдээ бид ажиллагчдаа цомхотгох бодлого хэрэгжүүлэхгүй. Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн байдал хүнд байхад нэг хүн ч гэсэн ажилтай байх хэрэгтэй. Нөгөө талаас “Эрдэнэт” үйлдвэр Монгол улсын эдийн засагт нөлөөтэй. Зэсийн үнэ 5500 ам.доллар болчихвол “Эрдэнэт” үйлдвэр алдагдалтай ажиллаж, улсын төсөв бүрдэхэд хүндрэл учирна. Монгол улс 2015 оны төсвөө хэлэлцэж байна. Төсөвт зэсийн тэнцвэржүүлэх үнийг 6354 ам.доллараар тооцсон. Гэтэл зэсийн үнэ дэлхийн зах зээлд түүнээс доошоо орчихлоо. Тэгэхээр улсын төсвийн мөнгө орохгүй. Нөхцөл байдал ингэж өөрчлөгддөг учраас “Эрдэнэт” үйлдвэр хатуу бодлоготой ажиллах шаардлагатай. Эдийн засгийн хямралын эсрэг арга хэмжээний хүрээнд бараа материал худалдан авалтыг зогсоолоо. Үйлдвэрийн агуулахад байгаа нөөцөөр 1-2 сар ажиллах бодлого хэрэгжүүлж байна. Шатах тослох материалын хэмнэлтийн горимд шилжлээ. Мөн боловсон хүчний сургалтын, нийгмийн сангийн, урлаг, спортын үйл ажиллагаанд зарцуулдаг зардлыг 50 хувь, удирдлагын зардлыг 20 хувь, томилолтын зардлыг 30 хувь “царцааж” байна. Бүх чиглэлд хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэн “бүсээ чангалж” байж эдийн засгийн хямралыг “Эрдэнэт” үйлдвэр эрсдэл багатай давах юм.
-“Эрдэнэт” үйлдвэрт үйлдвэрлэлийн шинэчлэл хийгдэж байсан. Энэ ажил зогсох уу?
-Нөгөө талаас эдийн засгийн хүнд байдлыг “Эрдэнэт” үйлдвэр борлуулалтын орлогоо нэмэгдүүлж давна. Тиймээс Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг ирэх 5-р сард ашиглалтанд оруулахаар одоо ч барилгын ажил үргэлжилж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр үйлдвэрийн хүдэр боловсруулалт 6 сая тонноор нэмэгдэнэ. Хүдэр боловсруулалтыг дагаад цэвэр зэс үйлдвэрлэл нэмэгдэнэ. Өнгөрсөн 2014 онд ч манай компани эдийн засаг санхүүгийн тогтворжуулалтын бодлогын хүрээнд ажилласан. Борлуулалтын орлогыг 4000 тонн цэвэр зэсээр нэмэгдүүлж, зардлаа хэмнэсэн. Шинэ он гараад эдийн засгийн хямралын эсрэг бодлого хэрэгжүүлээд явж байна. Одоо үүсээд байгаа “эдийн засгийн хямрал” анхны тохиолдол биш. “Эрдэнэт” үйлдвэр эдийн засгийн хүнд хямралыг удаа дараа давсан. Ялангуяа 1989, 1990 онд улс орон зах зээлд шилжиж байхад борлуулалтын орлого 20-30 хувь хүртэл буурч байсан. Тиймээс манай үйлдвэрийн 6000 ажилтан эдийн засгийн энэ хүнд байдлыг “бүсээ чангалж”, ханцуйгаа шамлан ажиллаж хамтдаа амжилттай туулна гэж найдаж байна.
И.ГЭРЭЛ