Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: ОУВС-гийн 440 сая долларын халхавчин дор 5.5 тэрбум долларын өр тавих гэж байна

АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж төсвийн тодотголоор ажлын хэсэг байгуулсан тухайгаа мэдээлэв. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нарын хүмүүс оролцов.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Өнөөдрийн хуралдаанаар ОУВС-гийн нөхцөлүүдийг төсөвт тусгасан байдлыг дүгнэлт гаргах ажлын хэсгийг гаргалаа. Мэдээж дүгнэлт бодитой байх ёстой. ОУВС-гийн нөхцөлийг биелүүлэхдээ зардлаа ерөөсөө хасаагүй, иргэдээс авах татвараа нэмсэн байна. Бид эрх баригчдаас иргэдийнхээ бодит амьдралыг харсан шийдвэр гаргах байхаа гэж бодож байна. Хэрвээ ингэж чадахгүй ОУВС-гийн 440 сая долларын халхавчин дор 5.5 тэрбум долларын өр тавих асуудал байвал АН зөвшөөрөхгүй.

Ажлын хэсгийг хэн ахалж байгаа вэ, татвар нэмэхээс өөр гарц байхгүй болчихсон юм биш үү?

-Ажлын хэсгийг би ахалж байгаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа болон Я.Санжмятав нар орсон байгаа. Ардчилсан намын үед эдийн засаг ямар байсан бэ гэдгийг ард түмэн мэдэхийн дээдээр мэдсэн. Тэр үед нэг тонн нүүрсний үнэ 30 доллар хүрч байлаа. Нэг тонн зэсний үнэ 3000 долларт хэлбэлзэж байлаа. Өнөөдөр бодит байдал өөрчлөгдсөн. Дэлхийд уул уурхай монголын эдийн засагт ашигтайгаар эргэж байгаа. Тэр үед 30 доллар байсан нүүрсний үнэ одоо 150 доллар руу дөхөж байна. Тэр үед 3000 байсан зэсийн үнэ өнөөдөр 6000 руу дөхөж байна.

Монголд мөнгө орж ирж байгаа. Тиймээс ОУВС-гийн хөтөлбөрт оролцох нь зөв үү буруу юу гэдгийг бид ярилцах ёстой.

Ард түмнийг бүсээ чангал гэчихээд өөрсдөө яагаад төсвийн зардлаа хасахгүй байгаа юм бэ?

-Бид энэ тал дээр асуулгаа гаргаж тавих ёстой гэж бодож байгаа. Ерөнхий сайд төр л бүсээ чангалахаас биш ард түмэн бүсээ чангалахгүй гэж ярьсан. Гэтэл эсрэгээр явчихлаа шүү дээ гэдгийг сануулах ёстой. Тиймээс тодорхой асуудлыг гаргаж тавина гэсэн бодолтой байна. Төсвийн зардал ерөнхийлөн захирагч нар дээр нэмэгдсэн байгаа. Бид үүнийг тоо баримтаар нь гаргаж тавина. Ямар сайдууд дээр яаж нэмэгдсэн талаар тал талаас нь шинжилж үзнэ. Зайлшгүй нэмэх ёстой зардал байсан уу гэдгийг харна.

Ж.Батзандан: Эрх баригчид төсвийн тодотгол хийхдээ зардлын хэмжээг өсгөхгүй гэж хэлсэн. Гэтэл бидний өмнө байгаа тодотголын төслөөр Ерөнхий сайд 2 сая 512 сая төгрөгөөр төсвөө нэмэгдүүлж орж ирсэн байна. ЗГ-ын Хэрэг эрхлэх газар 1 тэрбум 275 сая төгрөгөөр, Зам тээвэр хөгжлийн сайд 160 тэрбум төгрөгөөр, БОАЖ-ын сайд нэг тэрбумаар төсвөө нэмэгдүүлсэн гэх мэтчилэн төсвөө нэмэгдүүлж оруулж ирснийг бид ойлгохгүй байгаа. Засгийн газар зардлаа бууруулж төсвөө хэмнэх бүрэн боломж байгаа. Гэтэл ард түмний халаас руу гараа дүрж байгаад бид харамсч байна. Мөн тэтгэврийн насыг нэмэгдүүлж төсвийн тодотголыг оруулж ирж байгаа. Удахгүй онцгой албан татварыг нэмэгдүүлнэ. Энэ бүхнээ засах ёстой. Мөн хүүхдийн мөнгийг ялгавартай өгч байгаа. Энэ бүхнийг бид залруулах болно.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *