УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр мэдээлэл хийв. Тэрээр намын бүлгийнхээ хаврын чуулганы хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудыг тайлагнасан юм. АН-ын бүлэг 2014 оны хаврын ээлжит чуулганаар 18 удаа хуралдаж, нийт 70 гаруй асуудал хэлэлцсэнийг дуулгалаа. Түүнийг ийн мэдээлсний дараа сэтгүүлчид дараахь асуултад хариулт авав.
-Энэ удаагийн хаврын чуулганы өмнөх хуралдаануудаас ялгарах онцлогийг юу гэх вэ?
-Энэ удаагийн хаврын чуулган илүү үр дүнтэй болж өнгөрлөө. Түүнчлэн бид харилцан ойлголцол, зөвшилцөлд илүү ойртсон чуулган болж өнгөрснөөрөө онцлог гэж дүгнэж байна. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг эдийн засгийн ач холбогдол бүхий гол хуулиудыг баталлаа. Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн, Амгаланд баригдах дулааны станцын тоног төхөөрөмжийг холбогдох татваруудаас чөлөөллөө. Гэхдээ чуулганы хуралдсан нийт цагийн 50 орчим хувьд нь Засгийн газар болон сайд нарыг огцруулах асуудлыг ярьж өнгөрөөсөн. Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн орчныг сайжруулах зарим хуулийн төслүүд хэлэлцэгдээгүй орхигдсонд харамсаж байна. Гэсэн хэдий ч намрын чуулганы явцад хэлэлцэн батална гэдэгт найдаж байна. Ирэх намрын чуулганы хуралдаанаар 20 гаруй хуулийн төслийг хэлэлцэнэ. Тухайлбал,Өрийн удирдлагын тухай, Төрөөс төмөр замын тухай баримтлах бодлого, НӨАТ-ын тухай, татварын шинэчилсэн багц хуулиудыг батлах төлөвлөгөөтэй байна.
-Ирэх намрын чуулганаар төлөвлөгдөж буй хуулийн төслүүдийг баталчихвал үүсч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах боломж бүрдэнэ гэж танай бүлэг тооцоолж байна уу?
-Эдийн засгийн хүндрэл зөвхөн өнөөдөр үүсчихсэн юм биш. Өнгөрсөн 20 жилийн туршид бий болсон эдийн засгийн суурин дээр бид бүдэрч байна. Намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслөө батлах юм бол 2015 оноос эхлэн Монгол Улс нийгэм, эдийн засаг улс төрийн шинэ харилцаанд шилжихэд бэлэн болно.Төрийн бодлого цэгцтэй ойлгомжтой байх ёстой. Харин Монгол Улсад гялтайх зүйл байхгүй мэт харагдуулах, хооронд нь талцуулах, иргэдэд айдас төрүүлэх явуургүй улстөржилтөд улс төрийн намууд болон улстөрчид дүгнэлт хийх шаардлага байна.
-“Чингэс” бондын өрийн асуудал хаврын чуулганы хуралдаан гэлтгүй цаашид ч мөн яригдсаар л байх бололтой…
-“Чингэс” бондын өнөөдрийн өр болон өмнөх Засгийн газрын тавьж байсан өрийн хооронд том ялгаа бий. Өмнө нь 2.7 тэрбум ам.долларыг уул уурхайн ордуудыг барьцаалж аваад халамжид тараагаад дуусгасан. Өнөөдрийг хүртэл 17.6 сая ам.долларын хүүгийн алдангийг улсын төсвөөс төлөөд явж байгаа нь үнэн. Харин “Чингэс” бондын мөнгө бүтээн байгуулалт болоод жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжихэд чиглэгдлээ. Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлчилгээнд “Чингэс” бондыг 908 тэрбум, нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд 809 тэрбум, хот хөдөөгийн хөгжлийг хурдасгах төслийн хүрээнд 598 тэрбум төгрөгийг зарцуулсан. Тиймээс энэ бүх өр ард түмний нуруун дээр ирнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт болно. Эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлсэн, тооцоогүй авсан өмнөх өрүүд бидэнд хүнд дарамт болох нь тодорхой. Ирээдүйд авч буй бүх өр улс орны бүтээн байгуулалт, импортыг орлох, экспортыг дэмжих чиглэлд зарцуулагдаж байгаа гэдгийг онцолмоор байна.
-Тодруулаач?
-Төр хувийн хэвшлийн хамтын оролцоог дэмжих, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих ажлуудыг хийсэн. Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, дулааны III, IV цахилгаан станцын өртөтгөлийг Чингэс бондын мөнгөөр санхүүжүүлсэн. 2014 онд хэрэгжих төслийн хувьд 15 тэрбум төгрөгийн эдийн засгийн шууд бус үр ашиг өгнө гэсэн тооцоолол байна. Тиймээс хийсэн бүтээсэн бүхэндээ өөр өөрийн дүгнэлтээ өгнө.Төрийн ямар бодлогыг цаашид хэрэгжүүлэх тухай улс төрийн бүх намтай зөвшилцөнө. Ардын намын гишүүдэд зарим байнгын хороонд орох боломжийг олгосон. Гэвч Ардын намынханд үүнийг хэлэх зориг дутаж байгаа бололтой.
-Валютын ханшийн савлагаа тогтворжихгүй байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Бидэнд учирч буй хамгийн том хүндрэл валютын ханшийн савлагаа, экспортын огцом татралт гэдгийг ойлгож байгаа. Долларын ханш савалгаатай хэвээр байна. Гэхдээ АН-ын бүлэг эсвэл УИХ хуралдсанаараа үүнийг бууруулж чадахгүй. Эрх зүйн орчныг нь бүрдүүлэхийн тулд хууль тогтоол, шийдвэрүүдээ УИХ баталж гаргасан. Одоо Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байна. Валютын ханшийг бууруулах, тогтворжуулах үүрэг нь Засгийн газарт оногддог. Тиймээс эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд бид хамтарч ажиллана. Хаврын чуулганы сүүлийн хуралдааныг зөвшилцөл ойлголцлоор ажил явуулж болно гэдгийг бид харуулсан, нотолсон үйл явдал болсон гэж дүгнэж байна. Бидний гаргасан өмнөх алдаа ч хамтынх. Ирээдүйд гаргасан ололт ч хамтынх байх болно. Тиймээс нэг нэгийгээ үгүйсгэдэг хоосон улстөржилтийг өнөөдрөөс эхлээд зогсоох хэрэгтэй.
-Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн 60 орчим хоног нь өнгөрчихлөө. Засгийн газраас өргөн барьсан эрх зүйн шинэтгэлтэй холбоотой хэдэн хуулийн төсөл өргөн барьснаас хэдийг нь баталсан бэ. Хууль эрх зүйн орчин бүрдэхгүй бол хэнтэй хариуцлага тооцох вэ?
-Засгийн газрын оруулж ирсэн гол үндсэн суурь хуулиудыг УИХ баталж өгсөн. Өрийн удирдлагын тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслүүдийг баталж амжаагүй. Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл 3/2-ын саналаар батлагдах учиртай. Гэвч Ардын намын байр суурь хол зөрж байгаа. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор намууд бүгд зөвшилцөлд хүрсэн. Гэтэл Ардын нам дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэн учраас Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл батлагдаагүй. Засгийн газрын 100 хоног дуусахад валютын ханшны савлагаа болон эдийн засаг тогтвортой болох ёстой гэсэн шаардлагыг манай бүлэг тавьж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд УИХ-аас шууд шалтгаалсан нөхцөл байдал үүсэхгүй гэж бодож байна.
-Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх үед танай бүлэг эвслийн бүлэгтэй санамж бичиг байгуулсан гэсэн. Ямар утга агуулгатай санамж бичиг юм бэ?
-Стратегийн орд байх эсэх дээр бид санал зөрөлдсөн. Тиймээс намрын чуулганаар хэлэлцье гэдэг санамж бичиг байгуулсан. Энэ удаагийн УИХ бүтэц бүрэлдэхүүний хувьд их онцлог. Уул уурхайд хандах хандлага, иргэдэд баялгаас хувь хүртээх талаарх байр суурь өөр өөр байна. Хэрэв шаардлагатай гэж үзвэл стратегийн ордын асуудлаар ард түмнээсээ санал асуулга авахад болохгүй зүйлгүй. Мөн хаврын чуулганаар Газрын тосны тухай хууль батлагдсан. Газрын тосны эрэл хайгуул хийх, ашиглах бололцоо нээгдэж байна.
-Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг сар гаруй хугацаанд сунжрууллаа, сандал ширээтэй зууралдсаар хаврын чуулганыг үдлээ гэдэг шүүмжлэлийг сөрөг хүчин хэлж байгаа. ..
-АН сандал ширээтэй зууралдаагүй. Харин АН-ын сандал, ширээг доголон байлгах гэсэн оролдлого хөндлөнгөөс гарсан. Н.Батбаяр сайдыг огцруулах эсэх тухайд цагаа олоогүй үйл ажиллагаа байсан. Эдийн засгийн идэвхжилийг зарласан энэ үед Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулна гэдэг нь хариуцлагагүй үйлдэл юм. Ирэх наймдугаар сард хоёр хөрштэй хамтарч, том уулзалт зохион байгуулах гэж байгаа. Ийм чухал үед Эдийн засгийн хөгжлийн сайдгүй байж болохгүй. ЭЗХ-ийн сайдыг огцруулах асуудалтай зэрэгцээд АТГ-т гомдол ирж, энэ салбартай холбогдолтой бусад газруудад нэгжлэг хийсэн. Ийм байж болох уу. Асуудалд бид зарчимтай хандах ёстой. Энэ бүхнийг харгалзан үзээд АН Н.Батбаяр сайдын асуудлаар завсарлага авсан. Үүний дараа чуулган завсарлаж таарсан. Бид үүнийг буруу гэж бодохгүй байна. Нөхцөл байдал цаашид яаж эргэх нь намрын чуулганаар шийдэгдэх байх.
-Төмөр замын асуудлаар хаалттай хуралдсаны дараа тогтоолын төслийг хойшлуулсан. Хуралдааны үеэр юу яригдсан бэ. Өнгөрсөн хугацаанд Х.Баттулга гишүүн бүлгийнхээ хуралдаанд хэр суусан бэ. Нийгэмд тархаад байгаа энэ асуудлаар АН-ын бүлэг дотооддоо ярилцсан зүйл байгаа юу?
-Х.Баттулга сайдын хувьд бүлгийнхээ хуралд сууж, төмөр замын асуудлаар байр сууриа илэрхийлж байгаа. Төмөр замын асуудлаар УИХ хаалттай хуралдаж, төмөр замын талаар баримтлах бодлогын асуудлыг түр хойшлуулсан. Хойшлуулсан шалтгаан нь БНХАУ-тай байгуулах транзит тээврийн гэрээ, бусад асуудлуудыг бүгдийг шийдвэрлэсний дараа ямар царигтай байх вэ гэдгээ хэлэлцье гэсэн. Үүнийг зөв гэж үзэж байгаа. Төрд нууж хаах юм бий, ил тод ярих ч юм бий. Эдийн засгийн бодлогоо хоёр хөршийн бодлоготой уялдуулж гаргах нь зүйтэй.
-Байгалийн баялгаа барьцаалж, “Чингэс” бонд босгосон талаар хоёр жил хангалттай ярьсан. Гэтэл та юу барьцаалаад юу босгоод ирсэн гээд тэс өөр юм ярьчихав аа. Бонд ашигтай байсан, эдийн засгийг өөд нь татаж байгаа гэх юм. Үүнд тайлбар өгөөч?
-Өмнөх засгийн үед Оюу толгойгоос зээл авч, Таван толгой болон Эрдэнэт үйлдвэрийнхээ орлогыг барьцаалж, 2.7 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний зээл авсан. Энэ мөнгийг жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжиж, бүтээн байгуулалтад зарцуулахаасаа илүүтэй халамжид зарцуулсан нь өнөөдөр түүх болоод үлдсэнийг бид мартаж болохгүй. Үүнтэй харьцуулахад өнөөдрийн “Чингэс” бондын өр үйлдвэрлэлийг дэмжих, дэд бүтцийг байгуулахад чиглэгдэж байгаа учраас ард түмний нуруун дээр 100 хувь өр болон үлдэхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
-АН фракцитай. Фракциуд нь хоорондоо хөлөө жийлцсэнээс болж бүлгийн чинь хурал хоёр удаа шөнө дүл хүртэл үргэлжилснийг сэтгүүлчид мэдэж байгаа. Фракциудынхаа бодлогыг зангидаж чадахгүйгээс ажил чинь явахгүй байгаа. Энэ асуудалд няцаалт өгч чадах уу?
-Бүлгийн хуралдаан урт хугацаагаар үргэлжилж байгаа. Бүлэг дотроо санал зөрөлдөөнтэй асуудлаар маргалдах мэтгэлцэх нь нээлттэй байдаг. Энэ бол АН-д тогтсон жишиг. Үүгээрээ явна. Фракци хоорондын ойлголцол, үл ойлголцол энэ намд байдаг. Үүнийг нуух юм байхгүй. Гэхдээ бүлгээрээ ярилцаад, олонхийн саналын дагуу асуудал шийдвэрлэгдсэн бол түүгээрээ явах ёстой гэдэг зарчим манай намд үйлчилж байгаа. Удаан хуралдсаныг хардах хэрэггүй. Удаан хуралдах тусмаа асуудалд нухацтай хандаж байна гэсэн үг.
-Танай бүлэг пропорциональ тогтолцоог илүүд үзэж байгаа гэсэн. Сонгуулийн тухай хуулийг ямар байдлаар боловсруулж байгаа вэ?
-Сонгуулийн тухай хуульд АН мажоритар, пропорциональ тогтолцооын харьцааг 50:50 байлгая гэсэн санал оруулсан. МАН 76 жижиг тойрог байя гэдэг санал оруулсан. Бид 2012 оны УИХ-ын сонгуулиар мөрдсөн харьцааг бууруулахгүй байх зарчим баримталж байгаа. Төрийн тогтолцоотой холбоотой асуудлаар улс төрийн намууд ерөнхийдөө зөвшилцөөд ойлголцолд хүрсэн. Намрын чуулганаар хамгийн түрүүнд энэ асуудлыг хэлэлцэж батлах ёстой. Хэрэв Монгол Улс парламентын засаглалтай улс мөн л юм бол улс төрийн намуудын оролцоо бодлогын хэмжээнд байх нь аль ч улс оронд тогтсон жишиг тул бид үүнийг дагахаас өөр арга байхгүй.
-Эдийн засаг хүнд байна. Энэ зун УИХ амрахгүй ажиллах ёстой гэсэн байр суурийг цөөнх илэрхийлж байна. Танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Дэлгэр сайхан зуны улирал эхэлж байна. Монголчууд хавар намартаа хавчигдаж, өвөлдөө зутарч, зундаа амардаг уламжлалтай. Энэ уламжлалыг хэн ч эвдэж чадахгүй байх. Түүнчлэн энэ зун олон сум түүхт 90 жилийн ойн баяраа тэмдэглэнэ. Тэдгээр сумдадаа ойн баярын мэндийг хүргэе. Ардчилсан намын бүлгийн хувьд долдугаар сард үндсэндээ амарна. Гишүүдийн хувьд тойрогтоо ажиллана. Наймдугаар сард ирэх намрын чуулганы бэлтгэл ажилдаа орно гэсэн төлөвлөгөөтэй байна.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ