УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хооронд маргаан гарав.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Та нар асуусан асуулт ойлгохгүй байна. Тэгээд битгий дайраад бай. Хууль дагалдуулж оруулж ирж байгаа хуулиуд чинь хуулийн дархлааг байхгүй болгочихоод байна. УИХ-ын дарга аа, би ард түмний эрх ашгийг нэгд тавих болохоос хэн нэгэн хэсэг бүлгийн зааврыг дагаж явахгүй. Би дуугарах ёстой зүйл дээрээ дуугарч, хамгаалах ёстой юмаа хамгаална. Би хэсэг бүлэг хүмүүсийн биш нийт олны эрх ашгийг хамгаалж явна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг дээр Д.Энхтүвшин гишүүн ирээгүй. Ажлын хэсгийн хуралдаанд ч ороогүй хэрнэ асуудал өнгөрсний дараа улс төр хийгээд байгаа шүү дээ. Таныг олон хүн боловсрол, мэдлэгтэй, соёлтой, хувийн хэвшилд ажиллаж байсан туршлагатай гэж харж байгаа. Энэ нөхцөлийг зөв ашиглана шүү. Улс төрд танигдах нэг хэрэг байх. Улстөрч хүн ажлаа хийж үр дүн гаргана гэдэг бас өөр зүйл байдаг шүү.