Монголын аялал жуулчлалын холбооны менежер Д.Энхцэцэгтэй ярилцлаа.
-Энэ жилийн дотоодын аялагчдын урсгал хаашаа чиглэж байна вэ?
-Энэ жилийн хувьд олон аймаг, сумын тэмдэглэлт ой болж байгаа учраас дотоодын аялагчид олон байна. Зорин очих газар Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан, говийн аймгууд руу аялагчдын чиглэл нэмэгдэж байна.
-Аялагчдын хэд орчим хувь нь байна гэх судалгаа, тоо баримт гарсан уу?
-Тухайн орон нутагт зорчсон дотоод, гадаадын аялагчдын нарийвчилсан статистик наймдугаар сарын сүүлээр гардаг. Одоогоор хараахан гараагүй. Зургадугаар сараас эхлээд жуулчны баазуудын захиалга дүүрчихсэн. Өчигдөр аймгууд руу холбогдож нөхцөл байдлыг тодруулсан. Баруун аймгуудад дотоодын аялагчид олноор явж байна гэсэн мэдээлэл өглөө.
-Амралтын газар, жуулчны баазууд жуулчид хүлээж авах бэлтгэлээ бүрэн хангасан уу?
-Бэлтгэлээ бүрэн хангаад ажиллаад эхэлсэн. Жуулчид, дотоодын амрагчидаа аль алийг нь хүлээж авч байгаа.
-Энэ жил жуулчид хэр их ирж байна вэ?
-Энэ оны эхний таван сарын байдлаар 42 мянган жуулчин манай улсад ирсэн. Жилийн хоёрдугаар хагасын тоон мэдээг өнөөдрөөс тооцож эхэлж байна. Манай улсад өдөрт дунджаар 1500 жуулчин ирж байна. Тэдний дийлэнхийг Солонгос, ОХУ-ын иргэд эзэлж байгаа.
-Аялагч, жуулчид аялж байхдаа юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Дотоодын аялагчдын урсгал нэмэгдэж байна, зам тээврийн ослоос сэргийлж анхаарал болгоомжтой, хурд хэтрүүлэхгүй, аялахыг анхааруулж байна. Лаазалсан, нэг удаагийн бүтээгдэхүүн бага хэрэглэх, Улаанбаатар хотоос бүх хүнсний бүтээгдэхүүнээ ачиж явахгүй байх, тухайн зорчиж буй орон нутгаас худалдаа хийж, хоггүй аялахыг уриалж байна.
-Хогоо яах ёстой вэ?
-Аялсан бүсээсээ гарахад тухайн орон нутагт хог хаях бүс байдаг. Зориулалтын уутанд хийгээд тухайн газрын хогийн цэгт хаях нь хамгийн зөв. Аялагчид дур мэдэн шатаах, энд тэнд хогоо хаях нь буруу.