МУИС-ийн профессор Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.
-УИХ-аар Валютын зохицуулалтын тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Энэ хуульд хорь гаруй жилийн дараа гар хүрч байгаа гэж төсөл санаачлагчид тодотгож байна. Судлаачийн хувьд хуулийн төсөлтэй танилцав уу?
-Валютын зах зээл бол хувирамтгай, түргэн хугацаанд өөрчлөгддөг, үр дагавар нь хүнд тусдаг. Энэ зах зээлийг хамгийн шударга явуулах, хууль бус ажиллагаанаас гадуур, элдэв заль мэхнэээс ангид байлгах гэсэн чиглэлийн заалтууд зонхилж байна. Ер нь бол зөв. Хэрэв валютын зах зээл эмх замбараагүй явбал ханш хэтэрхий хэлбэлзэхэд хүрнэ. Ханшийг тодорхой нэг субьектийн зүгээс өсгөе гэвэл тэнд тоглолт хийчихэж болдог.
Жишээлбэл, ханшийг тогтоон барьж байгаад өөртөө ашигтайгаар ашиглаж болдог эмзэг зүйл л дээ. УИХ-аар хэлэлцэж байгаа Валютын зохицуулалтын тухай хууль нь ийм байдал гаргахгүй байх талаасаа эрх бүхий байгууллагууд нь зохицуулалт хийх заалтууд оржээ.
-Тухайлбал?
-“Төв банкнаас ямар зүйлийг зохицуулах уу, Санхүүгийн зохицуулах хорооноос юу юуг зохицуулж, хэвийн ажиллагааг нь хангаж өгөх үү. Засгийн газар валютын зах зээлд ямар зохицуулалттай байж чадах уу” гээд энэ бүхнийг журамлаж өгөх заалтууд орсон байна. Валютын зах зээлийг эмх цэгцтэй явуулахгүй бол эдийн засагт маш их сөрөг үр дагавартай. Иргэдэд хүндрэлтэй, ийм зүйл болж байх учраас валютын зах зээлийн зохицуулалт маш чухал.
-Валютын зохицуулалтын тухай хоёр тусдаа хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан. Нэг нь Ерөнхийлөгчийн зүгээс. Нөгөөх нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын өргөн барьсан төсөл байгаа. Эдгээр субьектээс оруулж ирсэн төсөл нь “Стратегийн ач холбогдол бүхий орд газрыг ашиглаж буй гадаадын хуулийн этгээдийн валютын гүйлгээг Монгол Улс хяналтандаа байлгаж, Төв өөр дээрээ байршуулна” гэсэн заалтууд орж байгаа юм билээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Гадаадын хөрөнгө оруулагчид буюу эдийн засгийн харьяат бус этгээдээс манай орд газруудад оруулж байгаа хөрөнгө оруулалтын орлого болох валютын үйл ажиллагаа нь Монголын банкуудаар явагдаж байгаагүй. Өөрөөр хэлбэл, валютын тооцоо нь бүхэлдээ гадаадын банкаар хийгддэг гэсэн үг. Нэгэнт Монголын нутаг дэвсгэр дээр ажиллаж байгаа бол манай банкуудаар валютын гүйлгээ нь явагдаж байх учиртай. Гэтэл судлаачийн хувьд хүлээж байсан энэ зүйлийг Валютын зохицуулалтын тухай хуульд доголдолтой тусгажээ.
Төв банк гадаадын хөрөнгө оруулагчдын валютын гүйлгээг өөр дээрээ байршуулна, хянана гэдэг бол асуудлыг хүндрүүлж байгаа. Энэ бол хэтэрхий хязгаарлалт хийсэн заалт болж байгаа юм. Болохгүй л дээ. Гадны хөрөнгө оруулагчдад бас л нэг дарамт болно. Нэгэнт манай нутаг дэвсгэр дээр хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулж байгаа бол валютын арилжаа тухайн улсынхаа банкаар явагдана. Тэрийг арилжааны банкинд дансаа нээгээд л явуулж байх ёстой биз дээ. Тэнд ороод ирсэн валютын орлого нь монгол төгрөгт шилжигдээд, гадаад валют манайд байршаад л, нөгөөдүүл нь үйл ажиллагааныхаа зарчмын дагуу монгол төгрөгөөр валютаа солиод явах юм.
-Гадаадын хөрөнгө оруулагчдын орлого, валютын гүйлгээг Монгол Улс хяналтдаа байлгаж, Төв банк хянадаг болно гэхээр хөрөнгө оруулагчид үргэнэ биз дээ?
-Гадаадын хөрөнгө оруулагчид өөрсдөө орлого, валютынхаа гүйлгээг хүнд харуулах сонирхолгүй. Монголын банкуудаар оруулчих юм бол бүх үйл ажиллагаа нь ил болчихно гэдэг. Тиймээс Монгол Улс хяналтадаа байлгана, Төв банк хянана гэж хэлэх нь буруу. Харин “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх стратегийн ордод хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалт явуулж байгаа гадаадын хуулийн этгээдийн валютын гүйлгээ нь харьяатын банкаар явах ёстой” гэж хэлэх байсан юм. Энэ бол олон улсын хэмжээнд байдаг л жирийн үзэгдэл. Гэтэл хуулийн төсөлд “Төв банк хяналтандаа байлгана” гэж өгүүлбэр нь буруу илэрхийлэгдээд байгаа учраас гадны хөрөнгө оруулагчдыг үргээнэ. Жишээлбэл, Оюу толгойн бүх валютын арилжаа гадаадын банкаар явдаг шүү дээ.
-Тэгэхээр энэ хуулийн төсөлд тусгаж байгаагаар бол тэр валютын гүйлгээг нь татаж ирж Төв банк хянана гэж ойлгогдохоор байна…
-Тийм. Хэн Төв банкинд хянуулах гээд явж байх юм бэ. Харин эдийн засгийн харьяатын банкаар явна гэхэд л болно.
-Манай улс валютын ханшийг барьж дийлэхээ больсон. Ам.доллар гэхэд 2500 гарчихлаа. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Валютын зохицуулалтын тухай хууль муу байгаатай холбож болох уу. Шинэ хууль гарснаар валютын ханшийг тогтвортой барьж чадах уу?
-Валютын зах зээл дээрх үнийн энэ хэт хэлбэлзэл нь манай санхүүгийн зах зээл дээрх эмх замбараагүй үйл ажиллагааны нэг илрэл юм. Маш нарийн цэгцтэй, шударга явагдах ёстой тэр үйл ажиллагаа учир дутагдалтай байгааг харуулж байна л даа. Энэ хуулийн төсөлд “Тодорхой субьектийн зүгээс ханшийг хэт өсгөх, эсвэл огт өсгөхгүй байх сонирхлоор хандаж болохгүй. Ийм үйлдлийг хийж болохгүй” гэх зэргээр заагаад өгчээ. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулинд ч ийм зохицуулалтууд бий.
Валютын ханшийн эрэлт нийлүүлэлт нь эдийн засгийнхаа гүйлгээг л дагаж байх ёстой. Ер нь валютын ханшийг тогтоон барих үйл ажиллагаа бол эдийн засгийнхаа төлөв байдал, өсч өндийж байгаа хурдацтай шууд холбоотой. Тэгэхээр манай эдийн засаг 6-8 хувийн өсөлттэй буюу ирээдүйд тийм болно гээд төлөвлөөд байгаа энэ өсөлт бол жинхэнэ бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон өсөлт биш. Энэ өсөлт нь одоо уул уурхайн салбаруудын өсөлтөөр л үүсч байгаа. Тэгэхээр манай эдийн засгийн тулгуур өрөөсгөл, доголдолтой, эмзэг, хэврэг байгаа гэсэн үг. Иймд олон тулгууртай эдийн засагтай болох талаар манай эрх баригчид ажиллах хэрэгтэй байна. Ядаж уул уурхайтайгаа тэнцэж очих хэмжээний ганц салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээ иж бүрэн боловсруулаад өргөн хэрэгцээний бараа, бүтээгдэхүүн болгоод дотоод, гадаадын зах зээлд гаргаж байх ёстой. Эндээс экспортын орлого нэмэгдэнэ. Дотооддоо хүмүүсийн хэрэглэж байгаа өргөн хэрэглээний өсөлтөөс шалтгаалаад импортын бараа буурах эдийн засагт туйлын тааламжтай нөхцөл бүрдэх үндэстэй юм. Ингэж чадвал импортын барааг наад зах нь 50 хувь бууруулах бүрэн боломж байгаа. Өнөөдөр цөөн тоогоор үйлдвэрлж байгаа манай бараа бүтээгдэхүүн гадаадын энэ их үйлдвэржсэн бараанд ялагдаад байна. Иймд массаар үйлдвэрлэж чаддаг том үйлдвэрийн тухай мөрөөдөх ёстой. Тэгэхгүй бол уул уурхайгаас арай хийж орж ирсэн хэдэн валютаа эргүүлээд импортын бараанд өгчихөөд байна шүү дээ. Тэрийгээ тогтоон барих чадвар байхгүй учраас урсаад л гараад байна. Орчин цагт эмнэлгийн бараа гэж их хэмжээний валют урссан ажил болоод байсан. Харин дотооддоо хэдэн сайн эмнэлэг бий болсноор зах зухаасаа гайгүй шинж тэмдэг илэрч байна. Бас боловсролоор их хэмжээний мөнгө урсч байгаа. Үүнийг хумьж чадахгүй юм бол Боловсролын яам гэж төрийн захиргааны төв байгууллага ажиллах шаардлага байхгүй. Үүнийг нь цэгцэлж чадахгүй юм бол сайд байгаад яах юм бэ. Тэгэхээр цэгцлэх арга зам нь бол дотоодын боловсролын системээ сайжруулах. Гадныхныг шууд хуулах биш, хамгийн оновчтойг нь авч нутагшуулах ёстой.
-Валютын ханш чангараад монгол төгрөг үнэгүйдээд байна. Төгрөгийг чангаруулах ямар арга байж болох вэ?
-Валютын ханшийг хоёрхон зүйл тэнцүүлээд байгаа. Ам.долларын ханш унавал төгрөгийн ханш чангарна. Ам.долларын ханшийг сулруулах арга зам бол бүх гүйлгээг төгрөгөөр хийхийг шаардаж байна. Энэ нь нөгөө талдаа долларынхаа нөөцийг бүрдүүлэхэд хувь оруулах, дотоодын зах зээл дээрх төгрөгийнхөө ханшийг тогтвортой барихад тус дэм үзүүлэх үйл ажиллагаа. Хоёрдугаарт, төгрөгийн ханшийг чангаруулахад эдийн засгаа хөгжүүлэх асуудал чухал. Гадны хөрөнгө оруулалтыг дэмжиж оруулж ирэх ёстой. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт эмх замбараагүй явж ирсэн нь биеэ даасан эдийн засгийг бүрдүүлэх, тэнд валютын үйл ажиллагааг зөв явуулахад сөрөг үр дагавар болж байна. Энэ байдал төгрөгийн ханшийг системтэйгээр тогтоон барих буюу өсгөхөд сөрөг нөлөө үзүүлээд байгаа юм. УИХ-д өргөн баригдсан Валютын зохицуулалтын тухай хуулинд монгол төгрөгийг чангаруулахад ач холбогдолтой гэсэн байгаагаас биш нарийн заалт байхгүй. Төгрөгийн ханшийг эхлээд тогтворжуулах, дараа нь чангаруулах шаардлагатай. Энэ нь эдийн засагт орж ирж байгаа валютынхаа хэмжээнээс хамаарна. Эдийн засагт орж ирсэн мөнгө нь урсаад гарчихдаггүй, тогтдог системийг хөрөнгө оруулалт, бүтээн босголт бий болгодог. Тэгэхгүйгээр гаднаас зээл авч, төсөл хэрэгжүүлээд л байдаг боловч эргээд жижиг, сажиг зардлаар гаргаад байвал эдийн засагт валют байршихгүй.
-Төв банк 650 сая ам.долларын интервенци хийнэ гэсэн. Үр дүн байна уу?
-Валютын ханш буурахгүй л байгаа шүү дээ. Ер нь интервенци гэдэг бол хамгийн үнэтэй, маш богино хугацаанд үр дүнгээ өгдөг ийм л санхүүгийн арга хэрэгсэл. Үнэ цэнэтэй гэдэг нь арайхийж олж авсан ам.долларынхаа нөөцнөөс зах зээлд нийлүүлж байгаа. Богино хугацаанд үр дүнгээ өгнө гэдэг маань ханшийг богинохон хугацаанд тогтоон барьж болзошгүй, дахиад тэр ханшийг алдах эрсдэл өндөртэй. Эдийн засагт дахин дахин интервенци хийх арга төдийлөн байхгүй л дээ. Гол арга нь бүтээн байгуулалт хийж эдийн засгаа босгох арга бий. Тэгэхгүй болохоор валютын хомсдолд ороод л олон хүн орлоготой байж чадахгүй байна. Гадаад болон дотоод валютын хооронд баланс тогтож чадахгүй байгаа учраас ханшаа алдаад байдаг. Гадаад эдийн засгийн хэрэгцээний шаардлага илүү өсөхөөр төгрөгийн ханш унаад байна. Гадаад, дотоод эдийн засгийн үйл ажиллагаа зөв баланстай, төгрөг валютын хооронд зөв харилцаа, тэнцвэрт байдал тогтоод явбал ханш алдахгүй байх бүрэн бололцоотой.