УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.
-Саяхан болсон МАН-ын 30 дугаар Их хурлыг та товчхон дүгнэж юу хэлэх вэ. Их хурлаас ямар үр дүн хүлээж байв?
-Цар хүрээний хувьд нэлээд том, цаг хугацаа ч чамгүй орох зорилтуудын талаар хэлэлцлээ. Тиймээс Их хурлаас дэвшүүлсэн Хөгжлийн бодлогуудыг дотор нь ялгаж, зааглах шаардлагатай. Зарим бүтээн байгуулалтын тухайд хөрс суурийг нь сайтар бэлдэж эхлүүлэхээр байна. Намын Их хурал таван жилд 1-2 удаа болдог. Тиймээс бүрэн эрхийн хугацаанд бүрэн хийж, хэрэгжүүлж болмооргүй томоохон бүтээн байгуулалтын ажлыг ялгаж суурийг нь тавьж эхлүүлэх болно. Шуудхан гардаж хийх ажлууд ч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илтгэлд сэргэн мандалтын шинжтэй томоохон ажлууд олон дурдагдлаа. Монгол Улс цаашид хөгжлийн шинэ шатанд гарахын тулд зайлшгүй эхлүүлэх шаардлагатай үйлдвэрлэл, бүтээн байгуулалтууд, хөгжлийн томоохон бодлогуудаа одооноос хэрэгжүүлж эхлэхгүй бол болохгүй. Өнгөрсөн 30 жил бид улсдаа томоохонд тооцогдож байсан үйлдвэрүүдээ үгүй хийсэн. Үнэн хэрэгтээ аж үйлдвэрээ хувьчлал нэрээр нураачихсан. Одоо аж үйлдвэрийн салбарыг шинэчилнэ гэвэл асуудлыг цогцоор нь харах шаардлагатай. Жишээлбэл, хөдөө аж ахуй, малын гаралтай түүхий эд дээр түшиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх болно. Түүнчлэн Ерөнхий сайд эдийн засгийн суурь, бүтцээ зөв болгох талаар илтгэлдээ дурдлаа. Эдийн засгийн суурь бүтцэд асуудалтай хэдэн зүйл байна. Тухайлбал, манай улс шиг төсөв нь уул уурхайгаас хамааралтай орны хувьд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг дагаад эдийн засаг савладаг. Уг савлагаанаас үүдэн төсвийн алдагдал болон орлогод нөлөөлдөг.
Өөрөөр хэлбэл, нэг салбараас хэт хамааралтай эдийн засаг харагдаж байна. Энэ байдлыг засъя гэвэл том зорилт. Тогтолцоог засна гэдэг тийм ч амар ажил биш. Одоо бид ихэвчлэн хар захын шинжтэй, Хятадаас бараа авч ирээд түүнийгээ шатлаад дамлан зардаг. Энэ байдлаар олон хүн ажиллаж байна. Хар зах дээр суурилсан юм шиг эдийн засгийн бүтцийг бүхэлд нь өөрчлөх ёстой. Үүний тулд бид үйлдвэрлэгч орон болохыг зорьж байна.
Одоо өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй, зөвхөн хүний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг авч арилжих нь өртөг бүтээж чадахгүй шүү дээ. Эдийн засгийн хоцрогдлын нэг үндэс энд байна. Энэ хоцрогдлыг арилгана. Нөгөө талаас үйлдвэрлэлийнхээ түүхий эдийг гаднаас авч байна. Хамгийн наад зах нь сайжруулсан түлшний уутаа ч Монголдоо үйлдвэрлэж чадахгүй, зургаан тэрбум төгрөгөөр Хятадаас авах гэж байна шүү дээ. Тиймээс суурь бүтцийн хувьд гаднаас хамааралтай хүчин зүйлийг багасгах хэрэгтэй байна.
-Тэгэхээр аж үйлдвэрийн хөгжлөө богино хугацаанд ахисан түвшинд гаргах хэрэгтэй гэсэн үг үү?
-Бид аж үйлдвэрээ хөгжүүлье гээд байна. Эхлээд хэрэгцээтэй үйлдвэрүүд юу юу байгаа талаар нарийн сайн судлах хэрэгтэй. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд шаардлагатай түүхий эд, зах зээл иж бүрэн байна уу гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Жишээлбэл, хүнсний ногооны аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар бол хүнсний ногоогоо тарих газар, чадвар, туршлага, хүний нөөц байна уу гэвэл байна. Гэхдээ “бэлэн” юм чинь гээд БНХАУ-аас оруулж ирдэг. Гэтэл цар тахлын нөхцөл байдал бидний бодит үнэнийг өөрөөр харууллаа. Цаашид энэ байдлыг хэрхэн залруулах вэ гэдэгтэй холбогдуулж бодлого төлөвлөлтийн бүтцийг тодорхой болгох үүднээс Эдийн засаг хөгжлийн яам байгуулахаар болсон. Энэхүү яам дотоод, гадаад болон салбар хоорондын уялдаа холбоог нарийн тооцож, зохицуулалт, төлөвлөлтийг бүхэлд нь гаргахгүй бол хамгийн энгийн хийж чаддаг зүйлээ ч чадахгүй хэвээр байх болно. Иймээс тэр бүтцийн асуудлыг бүхэлд нь шийдэх хэрэгтэй.
-Бид эдийн засгаа тэлэхийн тулд зах зээлээ өргөжүүлэх хэрэгтэй байх, тийм үү. Гэтэл өнөөгийн түвшинд уул уурхайн бүтээгдэхүүнээ л хагас дутуу гаргаж байна шүү дээ?
-Манай улс хоёр том хөршийн дунд байрладаг. Энэ нь нэг талаас давуу тал болж, хоёр том хөршийн зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ гаргах боломж байгаа гэдгийг 1990 онд ч, дараа нь ч ярьж л байсан. Улс хоорондын худалдаа чөлөөтэй байвал сайхан болчихно гэж явж байтал нөхцөл байдал өөр болохоо харуулав. Эрээнээр, үгүй бол Алтанбулагаар гадагшаа гарах гарцыг хамагч чөлөөт худалдаа хаагдчихаж байна. Хилийн боомтын хамаарлын асуудал гарч байна. Хилийн боомтын хараат байдалд орсон нь төмөр замынхаа бүтцийг сайжруулаагүйгээс болов. Уг нь үүнтэй холбоотой парламентын шийдвэр аль эрт гарсан л даа. Харамсалтай нь үүнийгээ хэрэгжүүлээгүй. 2010 онд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг баталсан. Тэр бодлого одоо ч хүчинтэй байна. Төмөр зам барих нь гарцаагүй байв. Манайх 16 сая тонн нүүрс үйлдвэрлэж, гадагшаа гаргаж байсан бол одоо 30 сая болчихоод байна. Гэтэл нүүрсээ тээвэрлэх төмөр замаа одоо болтол тавиагүй. Харамсалтай нь манай Засгийн газрын ажил хариуцаж байсан сайдууд өөрсдийнхөө автомашиныг, эсвэл өөрийн хамаарал бүхий компаниудын автомашиныг оруулчихдаг болохоор тэдэнд төмөр зам тавих сонирхол байгаа бололтой. Энэ талаар шийдвэр гарсан. Тиймээс төмөр зам тавих ажилд шууд орох нь зүйтэй. Энэ байдлыг хэрхэн засах талаар Шинэ сэргэлтийн бодлогод боомтын хараат бус байдал хэмээх дэд хэсэгт нэлээд дэлгэрэнгүй тусгасан байна. Одоогийн тээвэр ложистикийн хоцрогдол экспорт, импортод муугаар нөлөөлж байна.
-Үнэндээ манай улс хөдөө аж ахуйн түшиглэсэн улс боловч хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнээ гадагш гаргах, тэр бүү хэл дотооддоо ч хямд үнээр хэрэглэж чадахгүй байна. Энэ салбарт нэлээд доголдол гарчихаад байгаа юм шиг санагддаг юм. Та ямар бодолтой байна?
-Хөдөө аж ахуйн салбарт агуулахын аж ахуй гэж тусдаа аж ахуй байдаг. Энэ манайд огт хөгжөөгүй. Махыг өвөл хөлдөөчихөөд хавар хэрэглэдэг. Уг нь орчин үеийн цахилгаанжсан агуулахын аж ахуйнууд хөгжчихсөн бол дуртай цагтаа хэрэглэж болно. Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбар нэлээд хүнд байдалтай байна. Ардчиллын үед хөдөө аж ахуйн салбарынхан хувийнхан жижиг аж ахуйд шилжсэн явдал өөрөө маш том эндүүрэл болох нь одоо харагдаж байна. Малчид орлогогүй учраас татвар төлөхөд хүнд, даатгуулах мөнгө алга гэдэг. Эндээс иргэдийг халамжилж эхэлдэг. “Зах зээл чөлөөтэй байна, төр оролцоод байх шаардлагагүй” гэж ерөнхий ярихын оронд өөрийнхөө нөхцөлд зах зээлийн харилцааг нийцүүлэх талаас бодсон дээр. Манай улсад гадаад талаас гурван төрлийн эдийн засгийн хамаарал байдаг. Цахилгаан, төмөр зам, шатахуун. Эдгээр хамаарлын асуудлуудыг зохицуулах ёстой. Цахилгааны хувьд бид оросоос хамааралтай байна. Тиймээс Эгийн голын усан цахилгаан станцыг барих тухай шийдвэрийг аль 2010 онд намайг УИХ-ын дарга байхад гаргасан. Гэтэл бас бариагүй 10 жил болж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг 20 жил ярьсан. Гэхдээ ажил болсонгүй. Гадаад хамаарлаас ангижрахын тулд эдгээр үйлдвэрлэлийг барьж байгуулах шаардлагатай.
Эгийн голын станц ОХУ-аас хамаарах зүйл биш шүү дээ. “Манай парламентаас нэгэнт шийдвэр гаргачихсан. Үүнийг хийхээс өөр аргагүй” гээд энэ ажлыг зоригтой эхлүүлэх байсан юм л даа. Манайхан гадаадад очихоор нэг юмыг нөгөө юмаар орлуулаад жишээ нь, “Танай төмөр замыг хос болгочихъё. Дорнод уран гэдэг компани байгуулна. Тэнд чинь тусална, хөрөнгө өгнө” гэх зэрэгт хууртагдаж тавьсан зорилтоосоо ухардаг.
-Хэдийгээр асуудлынхаа гарц шийдлээ гаргаад зорилтоо дэвшүүлээд танилцуулж байгаа нь сайшаалтай ч ажил хэрэг болохгүй байх вий дээ гэсэн болгоомжлол нийгэмд байгаа болов уу?
-Урьд нь ярьж байсан ч хийдэггүй, амлаж л байсан биелүүлдэггүй учраас болгоомжлол байх нь аргагүй л дээ. Нөгөө талаас Шинэ сэргэлтийн бодлого дээр өргөн цар хүрээтэй зорилт олныг дэвшүүлсэн. Бүгдийг нь ойрын хугацаанд хийнэ гэдэг бол бүтэхгүй гэсэн бодол хүмүүст төрнө. Энэ зорилтуудаа дараа дараагийн удаа уламжилж хийнэ гэж үзэж байгаа.
-Гэтэл төрийн бодлогын залгамж чанар алдагдчихсан шүү дээ?
-Хамгийн муу чанар нь бол энэ. Нэг нам гараад Засгийн газар байгуулахад өмнөх бүрэлдэхүүний хийж байсан ажлыг үргэлжлүүлэх залгамж халаа байдаггүй. Тэр ч бүү хэл нэг намын Засгийн газар гарсан мөртлөө “Бид шинэ зүйл санаачилж байна” гээд хуучин дэвшүүлсэн зорилтыг хардаггүй. Үүнээс болж их цалгардсан. Олон жилийн (30-аад жилийн) хуримтлагдсан асуудалдаа дүгнэлт хийж, эдийн засгаа шинэчлэн сэргээе. Тиймээс сэргэлтийн, эргэлтийн шинжтэй ийм арга хэмжээ рүү зорилт дэвшүүлж манай намынхан орж байна. Өнгөрсөн хугацаанд бодлогоо хэрэгжүүлэх нь уламжлал муутай байлаа. Хийнэ гэж зорьсноо тэр болгон гүйцэлдүүлж чадсангүй. Үүнээс гадна онол, үзэл баримтлалтай ч холбоотой. Жишээлбэл, дэлхий дахины хүн бүхэн мэдэх зах зээлийн ерөнхий хуулийн зарчмуудыг ярьж түүгээрээ явна гээд зүтгээд байдаг. Төрөөс эдийн засгийн зохицуулалт байдаггүй юм шигээр бид хатуу ойлгожээ. Компаниуд “Төр туслахгүй байна. Татварын хөнгөлөлт алга байна. Зээлийн хүүг бууруул” гэж төрийн зохицуулалтын асуудлыг ярьдаг мөртлөө “Төрөөс дарамт ирж байна гэж их ярьдаг болжээ. Үнэн хэрэгтээ манай Үндсэн хуульд эдийн засаг төрийн зохицуулалттай байх тухай тодорхой заалт байгаа. Үүнийг харин хэрэгжүүлэхгүй, ойлгохгүй юм шигээр өнгөрч байна. Эдийн засагт төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай. Гэхдээ бизнест яаж үйл ажиллагаа явуулахыг нь зааж, сургаад байх шаардлагагүй. Харин төрийн зохицуулалт нь байх ёстой. Манай улс улс төрөөс гайгүй сайн ангижирч байгаа хэдий ч эдийн засгийн хараат байдал хэвээр байна шүү дээ. Намын их хурал, зорилтууд, хийж гүйцэтгэх арга хэлбэр, гарц гаргалгаануудаа нэлээн сайн тохирч авсан. Үүн дээрээ ажиллах хэрэгтэй. Эхний ээлжинд мэдээж төмөр замаа барина. Шатахууны үйлдвэрээ барина. Эрдэнэбүрэнг, Эгийн голоо барина гэж хэлж байгаа шүү дээ.
-Эгийн гол яг баригдах уу. Сайд нь манай сонинд өгсөн ярилцлагадаа уг станц баривал голын голдрил алдагдах эсэх судалгаа нь 2022 оны долдугаар сард гарна. Үүний дараа барих эсэх асуудал шийдэгдэнэ” гэсэн байна лээ?
-Энэ бол түрүүчийн хийсэн судалгаагаа үгүйсгэж байгаа хэрэг. Тэнд тийм ноцтой зүйл байхгүй гэдгийг тухайн үед тогтоод хөшөө, дурсгалуудыг хамгаамж аваад усан сан бий болгоод, барих техник эдийн засгийн үндэслэл гарч компаниа шалгаруулсан шүү дээ. Гэтэл одоо ТЭЗҮ-ээ дахин боловсруулж, байгаль экологийн үнэлгээгээ дахин хийж, тендер шалгаруулна гэдэг их ажил. Ингээд нэг сайд нь гарч ирээд өөр юм яриад байдаг. Энэ бол ужиг өвчин. Үүнээсээ л салах юмсан. Парламентын шийдвэр гардаг Засгийн газар эс үйлдлээрээ хаячихдаг. Төмөр зам барь гэж байхад авто тээврээр тээвэрлэж байна гэдэг. Тэгэхээр энэ чинь л аюултай үзэгдэл. Ийм үзэгдэл зөвхөн эрчим хүчний салбарт байгаа юм биш.
-Бид хэзээнээс ярьдаг биш, хийдэг улс болно доо?
-Тендерүүдэд их учир бий. Энэ бол хүнд суртлын шинжтэй, том заргууд үүсгэдэг. Яг эдийн засгийн бүрэн тооцоо нь хийгдсэн ТЭЗҮ гарсан зөв гэж үзэж байгаа зүйлдээ Засгийн газар хатуу байр суурьтай зогсох ёстой. Харин хөндлөнгийн эдийн засгийн үнэлгээнүүдийг гаргуулж байх хэрэгтэй.
Манайх авлига, хээл хахуулийн асуудлаа засахгүй бол чиний эргэлзээд асуугаад байгаагийн адил болно. Учир нь эдийн засаг, төр засгийн байгууллагын үйл ажиллагааг бүгдийг нь саармагжуулдаг, төрийн шийдвэрийг замбараагүй, явуургүй болгодог, хүнд сурталд оруулдаг ганц зүйл чинь авлига, хээл хахууль. Тиймээс авлигатай хатуу тэмцэх хэрэгтэй. Авлига хээл хахуулийг засахгүй бол төрийн шийдвэрүүд үр дүнд хүрэхгүй. Тиймээс намын их хурлаар авлига хээл хахууль, албан тушаалын хэрэгтэй онцгойлон тэмцэхээ илэрхийлсэн. Зөв бодлого стратегиар тэмцвэл тодорхой үр дүнд хүрч болно. Ер нь гаргасан шийдвэрүүдийнхээ биелэлтийг нэлээд сайн хянах хэрэгтэй. Бид 30 жилийн хугацаанд ярьсан зүйлээ бүхэлд нь авч үзвэл яриагүй, санаачлаагүй, дэвшүүлээгүй зорилт байхгүй байна. Өнөөдөр ярьж байгаа асуудлуудаа бүгдийг нь ярьсан байна. Харин ажил хэрэг болгодоггүй. Энэ бол төрийн албан хаагчид, түүний авлига, хээл хахууль хүнд сурталтай холбоотой. Заримд нь мэдлэг, ур чадвар дутах юм байж болно. Авлигатай тэмцэхэд хэд хэдэн бэрхшээлүүд бий болж байна. Тодруулбал, төрийн албан тушаалыг буруугаар ашигласан асуудлуудын ихэнх нь “Энэ бол хэлмэгдүүлэлт. Цагаадах ёстой” гэж ухрах болдог. Түүнийгээ бас хүний эрхээр халхавчлаад авлига хээл хахуулийн хэргүүд их мөнгөтэйн талд хөнгөлөгдөн хариуцлагаас мултардаг. Хуулийн санкцуудыг авлигачид маш чадамгай ашигладаг болжээ.
-Зарим нь өөртөө тааруулж ч засаж баталж байна шүү дээ?
-Хулгайч, хууль чангарах тусам тэрнээс илүү аргыг бодож олдог шиг авлигачид өөрийгөө хамгаалах системийг Монголд бараг бий болсон. Тиймээс авлигатай тэмцэж ялахгүйгээр эдийн засгийн том зорилтуудыг шийдэхэд маш хэцүү. Тэгэхээр олон асуудал гарч ирэх нь байна.
-Авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах асуудал нэг зоосны хоёр тал. Танай намын ахмад, залуу, дунд аль ч үед энэ асуудал их байна. Х.Бадамсүрэн, Ц.Нямдорж гуайгаас эхлээд үр хүүхдээ улс төрд оруулчихдаг. Өнөөгийн парламентад ч байна. Өөрөө УИХ-ын гишүүн байж нөхрөө, эхнэрээ аль нэг улсын дипломат төлөөлөгчөөр томилдог, хүүхдээ төрийн албанд дарга болгочихдог. Энэ байдлыг хэрхэн засах ёстой вэ?
-Энэ асуудал бол зайлшгүй засах ёстой зүйл дээ. Энэ бол манай намын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал. Ёс зүйгээ уландаа гишгэсэн намын гишүүдэд заавал хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй. Хүмүүс хэлээд байгаа ш дээ. “Намууд гэдэг авлигачид, албан тушаалтан, гэмт хэрэгтнүүдийг хаацайлдаг. Тэднийгээ өөрсдөө бөөцийлж орогнуулдаг” гэдэг. Үүнтэй холбогдуулж манай намын их хурлаас авилгачидтай шат шатанд шуурхай тэмцье. Авлига, албан тушаалд холбогдсон хүн манай намаас улс төрийн дэмжлэг авахгүй. Төрийн албан тушаалтнуудад эрх мэдэл өгөхгүй. Авлига, албан тушаалынхаа асуудлыг шийдэж байж дараа нь намаас дэмжлэг ав. Энэ зармаа хатуу барина гэж бид намынхаа дүрэмд орууллаа. Ёс зүйн асуудлыг хуульчлах аюултай. Авлигачид бол ёс зүйгүй хүмүүс. Тиймээс ёс зүй, хууль хоёрын ялгаа заагийг сайн зааглаж чадахгүй тохиолдолд тэд хожоо хийдэг.
Өөрөөр хэлбэл, ёс зүйн асуудлыг хуульчлах боломжгүй. Таны хэлж байгаа асуудалд тайлбар хийхэд, Ц.Нямдорж хүүхдээ сайн төрийн түшээ болгохоор сургасан байж болно. Хүүхэд нь албан тушаалд өөрийнхөө чадвараар хүрсэн байж болно. Хамгийн гол нь аав нь өндөр албан тушаалтан учраас түүнтэй хүмүүс холбож ойлгоод байгаа байх. Гэтэл төрийн албанд хүүхэд нь төрийн албаны хуулийн нөхцөл шаардлагуудыг хангаж өөрийн хүч, авьяас, мэдлэгээр хүрсэн, нөгөө талаар хүү томилогдсон ажлыг хийж чадаж байгаа нь үндсэн асуудал шүү дээ. Үүнийг л харин шалгаж үзэх хэрэгтэй. УИХ-ын гишүүн ч бай сайдын ч бай, малчны ч бай чадвартай нь төрийн ажил хаших нь үндсэн зарчим. Энэ зарчим гажуудаад байгаа бол ярьж болно. Энэ бүхэн хуулиар зохицуулагддаг.
-Улс төрд шинэ залуу үеийнхэн орж ирж байна. Бид одоо амьдрал, улс төр, ажлын хувьд ихээхэн туршлагатай хүмүүсийг төрд ажиллуулах шилжилтийн үед яваа юм биш үү. Европын зарим орнууд хөгжлийн тодорхой түвшинд хүрчихээд залуу үедээ зайгаа тавьж өгч байх юм. Манайх тэр үедээ оччихсон юм уу. Азийн ихэнх хөгжингүй орнуудын төрийн тэргүүнд таны үеийн, нас тогтсон хүмүүс улс орныг авч явж байгаа харагдах юм?
Үргэлжлэл бий.